sonin.mn

Энэ удаагийн лекцээр Монгол хүний ажиллаж амьдрах боломж болон санаж бодох эрх чөлөөг “олигарх лам” нар болон “нүүрсний олигархууд” хэрхэн боож хааж буй тухай онол болон практикийн жишээн дээр ярилцана.


Улстөр гэсэн ойлголт байхгүй өнөөгийн нийгэмд улстөргүйжсэн иргэдийн тархийг олигарх лам нар угааж харин эрүүл мэнд уушиг зүрхийг нүүрсний олигархууд хордуулж байна даа. Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөг лам нар багалзуурдаж харин тэгш байдал буюу тэгш боломжийг нүүрсний олигархууд устгаж дээдэс доодос үүсжээ.

Ардчилал өөрөө эрх чөлөөг устгаж тэгш байдлыг уландаа гишгэсэн. Үнэхээр ч ардчилал Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд үүссэн шигээ тэр талбай дээр устсан. Одоо тэр талбайн нэр ч устаждээ. Ардчилал дөнгөж үнэртээд алга болж сарнисан 90-ээд оноос хойш алт зэсний олигархуудын дараа гарч ирсэн нүүрсний олигархууд л ганц ажил олгогоч болж хөөрцөглөнө. Аж үйлдвэр устсан газар одоо тэгээд уурхайчин л болждээ. Чанартай нүүрсээ урагшаа гаргдаг нүүрсний олигархууд Улаанбаатар нийслэлийнхэнийг чанаргүй нүүрсээр хордуулж хэзээ нэг цагт энэ хотод эрүүл хүнгүй болгох гэж буй л мэт. Хотын дарга нийслэлийн нүүрсний утаанаас хол оршин суудаг бизээ.

Утаатай нийгэмд утгагүй амьдралаар амьдарч улстөр доод хэмжээндээ очсон болхи бүдүүлэг Улаанбаатар хотод соёлт сэхээтэн иргэн устаж нэг нэгэнийгээ хардаж сэрдэж харааж зүхэж доромжилж баян биш яваа чини чиний буруу гэж том нулимацгаана. Амиа бодоцгоо залуучуудаа, удахгүй социализмын ээж аав чини үхсэн хойно л жаргана гэж намаас төрсөн тэрбумтанууд өнөөдөр тархи угаагчийн ганцхан мэргэжилтэй болжээ. Сонгууль ойртож байна аргагүй бизээ. Социализмыг муулаад байгаа тэр хүн өөрөө социализмын үед гадаад оронд сурч боловсорсон шүү дээ. Хэрвээ социализм буруу байсан бол одоо тэр үеийн дипломоо хүчингүй гэж нийтэд зарлах хэрэгтэй дээ.

Ийм лам гаарч, баян дэндэж үүн дээр бууны нохой бэлддэг улстөрч амиа бодоцгоо гэж гурвуулаа нийлэн жинхэнэ гоё гурвалжин үүсчээ. Иргэнийг амиа бодоцгоо гэж улстөргүйжүүлж төрийг хэдүүлхэнээ эзэмшиж тоглох гэсэн улстөрч гэж өөрсдийгөө нэрлэгчид тэнгэрт гарчээ. Ийм газар мухар сүсэгт улс нийгмээрээ бүрэн бууж өгөлгүй яах вэ дээ. Энд тэнд цугларч агаараас мөнгө төгрөг дуудалгүй ч яах вэ дээ.

Цаанаасаа зурсан зураг, хүн ерөөсөө зурсан зургаар л амьдардаг ч гэх шиг. Тэр ч бүү хэл заяаны хань ч гэх шиг. Хүнд заяа заяаж болноо. Гэтэл муу заяа юу сайн заяа юу? Хэн ирээдүйг мэдэх вэ? Далай лам ч мэдэхгүй. Хэний ч амьдрал зурсан зураг биш. Хэн ч зурсан зургаар амьдардаггүй. Хэн ч заяаны ханьтайгаа учирдаггүй.
Амьдрал бол тохиолдол. Тохиолдол учраас аз жаргал гэж үг байдаг.

Ерөөсөө амьдрал тохиолдол тул хүмүүст өөрийнхөө амьдралаар өөрөө төлөвлөж амьдрах боломж олддог. Боломж байхгүй бол баяр хөөр гэж байхгүй. Тохиолдол бол боломж. Үүнтэй адил муу зураг эсвэл муу хувь заяа тохиосон гэж лам хэлбэл үнэмших хэрэггүй. Харин муу хувь заяанаас сайн шаанс буюу боломжийг гарган авч цааш явах хэрэгтэй.

Хэрвээ хүнийг хувь заяа чини энэ эсвэл чиний хувь тавилан ердөө л энэ гэж лам хэлбэл лам тухайн хүний хийж бүтээх тэр ирээдүйг баллаж буй гэсэн үг. Тиймээс хүн өөрийнхөө бүтээл болж бусдын бүтээл болохгүйг хүсвэл лам дээр битгий очоорой.

Энэ удаагийн лекцээр Монгол хүний боломж, амьдралын тохиолдол болон өнөөдөр Монгол хүнд төр улсаас хэрхэн боломж өгч буй тухай ярилцана. Түүний хажуугаар Гандангийн лам нар заяа төөрөг нэрээр хэрхэн иргэдийг хохироож буй болон радиогоор зүүдийг худлаа тайлбарлаж хүний хувь заяаг хэрхэн алдаатай мэдэмхийрч буй тухай бас ярилцах тул нилээд нийгэм рүү хандана.

Chance гэсэн ойлголтыг Англи хэл дээр unexpected, unplanned, unpredictable event. Орчуулбал ийм юм болно гэж хүлээгээгүй, төлөвлөж зураглаж байгаагүй болон ерөөсөө урьдчилан хэлэх боломжгүй тохиолдолуудыг нэрлэдэг.

Гэтэл Монгол хүн өнөөдөр нийгэм болон улстөрийн хямралаас шалтгаалан 100 хүрэхгүй жилийн өмнөх шигээ заяа төөрөг ярьж, цаанаасаа л зурсан зураг гэцгээнэ. Дэндүү өрөвдөлтэй оюуны ядууралд орсон байдал шүү дээ. 21-р зуун ирчихээд дэлхийн боловсрол ор ирчихэд байхад багш профессор гэлтгүй хуучин хэвээр мухар сүсэгтэн байцгаана.

Мэдээж Монголчууд бичиг үсэггүй сургууль соёл ч байхгүй зөвхөн сүм хийд ноёлож байх 1930-аад оны үед үнэхээр л заяа төөрөгт үнэмшихээс өөр замгүй байсан. Үүнээсээ ч шалтгаалан бие биенээ алж түүнийгээ өнөөдөр хэлмэгдэл гэж нэрлэдэг.

Өнөөдөр 21-р зуунд ламаас очиж заяа төөрөг асууж хэнтэй гэрлэж ямар амьдралаар амьдрах бол гэж асууж буй хүмүүс бол өөрийгөө доромжилж харин ламыг баяжуулж буй баримт. Өөртөө итгэлгүй хувь заяагаа босгож чадахгүй хүмүүс л лам нарт мөнгө өгч лам нарыг баяжуулж өнөөдөр олигарх лам нар олон болжээ.

Эцсийн эцэст хүн амьдралаа гартаа авч өөрийнхөө бүтээл болохын тулд амьдралаа төсөл мэт төлөвлөж зорилготой утга агуулгатай амьдрах л чухал. Зурсан зураг эсвэл хувь заяа гээд тулгаад байвал түүнийг өөрчилж өөрийнхөөрөө явж хожим ээж авдаа харуулах хэрэгтэй. Энэ лекцээр ийм л сэдвээр ярилцаж нилээд Монгол хүний өнөөгийн сэтгэл зүйн асуудлууд руу орцгооно.

Нийгэм болон улстөр ийм хямралтай үед нийт ард иргэд яг адилхан амьдралын боломж байхгүй тул хэсэг хүмүүс баяжиж нийтээрээ утаан дунд хар бараан өглөө угтаж буй явдал бол Үндсэн хуулийн тэгш байдал гэсэн ойлголт алдагдсан. Хамгийн чанартай нүүрсийг цөөн баян эзэмшиж урагшаа хямдхан худалддаг. Харин нийслэлийн ард иргэд хамгийн муу нүүрсийг хүүдийнд хийж нэг нэгэндээ хамгийн үнэтэй зардаг.

Монгол хүн байгал дэлхийн өгсөн сайн нүүрс түлж сайхан амьдарцгаагаарай гэсэн боломжийг хүртэл ашиглаж чадахгүй ёстой л сайн заяагаа муу заяагаар сольжээ.

 

Доктор С.Молор-Эрдэнэ