sonin.mn

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуульд, “төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэнэ” хэмээн төр шашны хэргийг тусгаарласан байгаа ч төрийн үйл хэрэгт шашин, мөргөлийн субъект оролцох болсноор удаж байна. Бурхны шашин, түүний лам нар улс төрийн үйл хэрэгт илтэд хутгалдан явдаггүйг бодолцон үзэж, бөө мөргөлтөн хийгээд бөөлөгч бөө нарын оролцоог дүгнэн авъя үзэхийг хичээнгүйлэн хүсэж байна.

Ингэхийн учир нь “мөнх тэнгэрийн үзал", “тэнгэризм” -ийг орчин цагийн бөө нар нь, хуулиар өмчилсөн өөрсдийнх нь өмч мэтээр хандах болсоор, төр-шашины хэргийг хамтатган, улмаар дангаар атган суухыг улайран тэмцэлдэх болсныг бурхны шашинтан, бөө мөргөлтөн жирийн олны хэн хэн нь мэдэхгүй явна. Улс төрийн эрх мэдэл, шийдвэр гаргах түвшинд бөөлөгч бөө нарын шууд оролцоо нэмэгдхийн хирээр бурхны шашинтан, үүнд санваартнуудыг оролцуулахгүйгээр Монгол улсад улс төрийн сонгуулиар байгуулагдсан төр, засаг бус бөөгийн төр тогтох болуузай хэмээн санаа зовних боллоо.

Энэ нь Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шарын шашныг ивээгч хэмээн ад үзэх болсон, түүний алдаатай ч байж болох бодлогын нэгэн адил нийгэмд уршиг тарьж мэднэ. Улс төрч гэлтгүй ерөөс Монгол улсын иргэн хэний ч болов “шүтэх эс шүтэх эрх” чөлөөнд халдах нь Үндсэн хууль болон бусад хуулиар хориотой тул эл асуудлыг түр хойш тавьж, монголын толгой бөө нарын саяхан өдүүлсэн нэгэн үйлдлийг сонгогчдын олонхийн саналаар сонгогдсон “Монгол улсын Ерөнхийлөгч нь, монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн”-ий хувьд таны болон сонгогчдын тань тунгалаг мэлмийд хүргэж, гэгээн оюунд тань мэдүүлэх гэсэн юм.

Монгол улсын иргэн болж энэ газар нутагт төрсөн биднээр тогтохгүй хилийн чинад дахь монголчууд цаашилбал гадаад улсын зарим иргэдийн бахархал болсон Их эзэн богд Чингис хааны Ордост буй онгонг, монгол улсын иргэн тува, монгол, буриад бөөгийн зайран, удганууд “онго тэнгэр"-ийнхээ хүчээр МНТ-д өгүүлсэн “өрөөсөн оймсыг нь онголов” хэмээсэн Ордос дахь эзэн хороо луу энэ жилийн өвлийн дунд сарын хорин гураврнаа уулгалан довтлох мэт тонон цөлмөлөө.

Энэ нь мэдээж, тэд өөрсдийн биеэр хүсч очиж, дээрэм тонуул хийгээгүй мэт боловч, Ж.Цэвээн, Б.Ринчен нар анх олж мэдсэн их хааны өмсөж явсан тэрхүү өрөөсөн оймс, түүнд шингэж хоцорсон хөлс, хүчийг тэдний хэлэхээр “аравнай", буддистуудынхаар бол “шүншиг’’-ийг нь үгүй хийсэн юм. Үгүй хийсэн гэхийн учир нь аравнайлж, шүншиглэсэн бурхан, тахил, шүтээний олон янз зориулалт бүхий эд, өлгийг байрнаас хөдөлгөх эсвэл сахиус, онгын хүчээр хөдөлгөөнд оруулж тонож авбал тэрхүү бурхан, тахил, шүтээн нь амьгүй болсонтой адил буюу нэгэнт үгүй болсон хэрэг болох юм.

Харамсаад ч барахгүй гаслантай зүйл нь юү вэ гэвэл, тэрхүү оймсыг дахин аравнайлна, шүншиглэх ямар ч боломжгүй болсонд оршино. Яагаад гэвэл, найман зууны тэртээд тэнгэрт хальсан Чингис хаан төрсөн биеэрээ амилан босож, тэрхүү оймсыг дахин өмсөхгүй гэдэг нь сүнсний ертөнцийг гадарлахтайгаа болсон хэнбугайд ч тодорхойгоос гадна, бурханч лам Пүрэвбат зэрэг хуврагуудынхаар бол Чингис хаан нь Очирваань бурхны хувилгаан дүр байсан гэдэгт үндэслэвэл, Очирваань бурхнаас өндөр орон сууринд орших бурхан сахиусны бүрэлбаанууд л тэрхүү оймсыг дахин аравнайлж байж юуны магад.

Гэхдээ төдий зэргийн хэмжээний онго тэнгэрийн бүрэлбаа болон төрсөн бөө байтугай, бурхан хувилгаан лам ч хараахан тодроогүй гэдэг нь тодорхой байгаа гэдгийг тэдгээр толгой зайран, удганууд өөрсдөө хүлээн зөвшөөрцгөөх болсоор нэг, хоёр оныг үдэж байна. Эсгий туургатны “Их Монгол улс”-ыг байгуулсан өвөг дээдсийнхээ онгонг энэ мэтээр тонох, гар хүрч хөндөхииг цээрлэсээр ирсэн ёс (харамсалтай нь археологийн малтан шинжлэх судалгаа огтхон ч биш тул шинжлэх ухаан, танин мэдэхүйд оруулах хувь нэмэр гэх мэтээр ярихын ч хэрэггүй !!!) нь дан ганц монголчууд бус, монгол улсын нутаг дэвсгэр дээр болон хил залгаа бусад аль ч үндэстэн, угсаатанд тэр дундаа тува, уйгур гараптай хэмээн өөрсдийгөө ухамсарладаг Монгол улсын дархадууд буюу соёд, духа нарт ч адил хамаатай хэмээн мунхаглана.

Эрүүл байтугай, сэтгэцийн өөрчлөлттэй хэн хүний санаанд багтах нь бүү хэл, оромгүй, Чингис хааны онгонг тоносон энэ үйлийг үйлдсэн бөөлүүлэгч бөө болон бөөлөгч бөө нарын нэрсийг боломжын хирээр олж мэдсэнээ доор жагсаавал:

1. Дуламын Бум-Очир. (1980 онд төрсөн. Мичин жилтэй.?) МУИС-ийн Нийгэм-соёлын хүн судлалын тэнхмийн эрхлэгч, доктор (РЬ.О).профессор. Духа буюу Ухаа дархадынх гэгдэх “Хармайн хэц”, “Хосын хэц”, “Буриадын хэц”-ний зайран. Энэ нь түүний онго нь өдөр шөнө, өглөө оройгүй ниснэ чиг, шумбана чиг, давхина чиг гэсэн үг юм.

2. Дуутан Жамсранжавын Гэрэлбадрах. МУБИС-ийн Монголын түүхийн тэнхмийн эрхлэгч. Дотор (РИ.О), профессор. “Халхын хэц”-ний эзэн. Газар дэлхийн эзэн гэж бөө хийгээд бөө мөргөлтөн нийтээр хүлээн зөвшөөрсөн онго тэнгэртэй гэгддэг.

3. Хар дархадын Дануугийн Анхбаяр. ШУА-ийн Эзэнт гүрний түүхийн тасгийн ЭША, БНТУ-ын Анкарагийн Их сургуулийн докторант. Хар дархадын Госта зайрангийн ахмад хүү. 15 жил бөөлөөгүй тул улаач.

4. Чулууны Чинбат. (жинхэнэ нэр нь Төмөр-батар? Шарнууд овоггой) 1960 оны хулгана жилтэй. Харын бөө судлалын төв гэх мэтчилэн УБЕГ-т бүртгэлтэй олон бөөгийн төвүүдийг үндэслэгч, анхдагчдын нэг. Хосын хэцний зайран.

5. Дагвадоржын Борбаатар. “Бурхан халдуны эзэн Шинч баян урианхай" гэгч улаач. Бөө болохоосоо өмнө нь, өөрийгөө “morе” хэмээх тамхины нэрээр чамирхсан хочоороо алдаршсан. Чулууны Чинбатын хүргэн. 1978 оны морь жилтэй? 15 жил бөөлөөгүй учир улаач. Бурхны номын үүднээс үүнийг тайлбарлавал “ороолон” болно.

6. Энхбаатар, Батдэлгэр, Гапаарид хэмээн олон янзаар эцгийнхээ нэрийг сольж яваа Энхтүвшин. 1986 оны бар жилтэй. Хэдэн онд угаа авж бөөлж эхэлсэн нь тодорхойгүй. Бурхны номын үүднээс үүнийг тайлбарлавал “ороолон" болно.

7. Боржигон Цэрэндоржын Одбаатар. 1973 оны бар жилтэй. Доктор (РИ.О). Бөөгийн уг үгүй ч бөөгийн дайрлагад өртөж тийрэнтсэн. Тиймээс бөө биш гэж хэлж болно Бөөгийн уггүй хэнийг ч бөө болгож хүний гараар могой байтугайг бариулдгын нэгэн жишээ буюу.

8. Г.Гэрэлмаа. УБИС-ийн Монгол хэлний тэхмийн эрхлэгч. “Аянга” хэмээн өөрийгөө өргөмжилсөн эсвэл бусдаар өргөмжлүүлсэн алин болох нь тодорхойгүй удганы улаач нь юм. Анх лусаар бөөлөөд 15 жил хүрээгүй. Харин Аянга удган нь Ухаа дархад(Тува)-ын хэмээн өмчирхдөг Хармайн хэцний удгадын нэг боловч 15 жил бөөлж амжаагүй байгаа ажээ.

Жич, Хармайн хэцэнд монголын “бөө” улс төрчидийн ихэнхи нь өөрсдийнхөө угийг босгуулж өвөг дээдсээ “өвгөөлж”, эмгээлж” болгон өлгүүлсэн байдгаас Тариатын хүрээний шавь , Нийслэл хүрээний Баруун хүрээний Дашчоймбол дацанд “гавж” мяндаг хүртсэн Раднаасүмбэрэл ламтны хүү, Гончигдорж тэргүүтэнг дурдахад илүүдэхгүй буй заа.

Жаран жарны туршид монгол хаан, ойрадын тайш нарын аль нь ч Ордос дахь Эзэн хороо буюу Чингис хааны онгонд мөргөдөг байснаас гадна, Мин, Чин, тэр ч бүүхэл Маогийн соёлын хувьсгалын үед ч тонуул дээрэмд өртөлгүй ирсэн, өөрөөр хэлбэл халдашгүй дагшин “онгон”-г “мунхагийн харанхуйд оршигч" эдүгээ цагийн “бөө”, дэлхийг дахин эзэлнэ гэсэн хэнээрхлээр хөллөсөн “хар шуурга"-ндаа өртуүлсөн нь энэ ажээ.

Удган, зайран болохдоо “бурхны шашин”-г дайснаа хэмээн үзэж, “мөнх тэнгэр” буюу “онго" болсон өвөг дээдсийнхээ нэрийг барин, тэдний өмнө өвдөг сөгдөн андгай тангараг тавьдаг тэд, шарын болон улааны шашны үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байх монгол лам нар голчлон хурдаг хийдүүдийг ч нэгэн адил цөлмөсөн бизээ гэдэгт эргэлзэх юун.

Хэрэв, үгүй хэмээвээс тэнгэр эцгийнхээ зарлигийг газарт хэрэгжүүлэгчид байсан монгол хаадын эцэг болсон Чингис хааныхаа “онгон"-г юунд ингэж цөлмөж, үгүй хийцгээв ээ?

Хэлмэгдүүлэлтийн “хар шуурга”-нд л тоногдон, түйвээгдсэн сүм хийдүүдийн хувь заяаг дахин давтах гэсэн шиг, монголын бурхны шашинг сталинизмаас илүүтэйгээр өслөсөн, газар газрын эртний сурвалжит хийгээд харц язгууртай хар, шарын бөө нь, алс хол суух халимагаас аваад буриад, дээд монгол, өвөр монгол, буриадаас гадна тува нарын бурхан сахиус, тахил шүтээнийг буртаглан бузарлах нь чухамдаа тэдний хувьд жаргал мэтээр үеийн үед үзсээр ирсэнд оршиж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, монголын бурхны шашинтан, тэр дундаа шарын шашинтангуудыг бүр тэдний гараас будаа идсэн тагтааг хүртэл “жатга” гэцгээдэг хараалын хүчээр үгүй хийхээр улайран бөөлцгөөж байгаа нь сүүлийн үед тухайлбал, 2008 оноос хойш үзэгдэх болсон байгалийн болон нийгмийн гоц, сонин үзэгдлүүд, цаг бусын үхэл олширч, тэр мэт нь гудамж талбай, олон нийтийн газраас салахаа байж, хөвсгөлийн бөө 9 үеийн хараалыг хариулна гэсэн зар нийтлүүлэх болсныг бодоход, түүнийг ч бас бөөнүүд л хийдэг гэдэг нь тодорхой мэт.

Тэр бүхнээ “үнэгүй юм гэж нэгээхэн ч үгүй" хэмээн “гайтуулж”, “хөөтүүлэх” албатай мэтээр гудийхгүй тайлбарлаж байхад, харин бурхны шашны хуврагууд “буян үр”-ийг бодож, авто зам дээр хүртэл гүрэм засал хийсэн телевизийн нэвтрүүлгээс үзхэд лам, бөөгийн ялгаа хэр их вэ гэдэг нь (үүнийг уншигч нэгэн бээр намайг бөө гэж эндүүрүүзэй. Хэрэв, тэгвэл үргэлжлүүлж унших хэрэггүй бизээ) тун тодорхой ажгуу.

Харин бурхны сүсэггэн хийгээд бөө мөргөлтөн олон энэ талаар анзаарах ч үгүй, анзаарсан нэгэн нь хувиа хичээж яваа нь тодорхой тул шашны хямрал нүүрлэчихээд байгааг цаашид өгүүлэх зүйлээс анзаарах буй заа.

Миний бодлоор, монголын шашин мөргөлийн хямрал нь, бидний орой бүр үздэг лалын орнуудын шит, суннитын хоорондын, цаашилбал, жүүд, христийнхэнтэй явуулж буй шашин, урсгалуудын хоорондох тэмцэл шиг гудамжинд гарчих бий вий дээ гэсэнд оршино. Тэдний явуулж буй тэмцэл бол терроризм биш гэдгийг улс төрчийн хувиар бус, шашин судлаачдын дүгнэлт, шашны зүтгэлтнүүдийн тайллуудыг анхааралдаа авч үзэх аваас чухам байдал чухал учрыг тодорхой мэдэж болох болов уу?

Тэгээд ч олон улсын байгууллагуудаас хийлгэсэн судалгааны тайлан, илтгэлүүдэд монгол улс нь шашны зөрчилгүй улс хэмээн онцлон тэмдэглэсээр ирсэн байдгийг нь төрийн болон төрийн бус байгууллагууд ойшоон авч үзээд, хөөрцөглөөд байдгийг эргэн нэг тунгааж үзвэл ямар вэ?Түүнээс гадна үндэсний үзэлтэн гэж адлагдан, зарим нэгэнд нь авралын элч болсоор удаж буй “хас”-аар далбаалсан олон янзын нэртэй, зорилго нь чухам юунд оршдог нь мэдэгддэггүй хөдөлгөөний залуусын зарим ч бөө мөргөлтөн гэдгийг энэ дашрамд дуулгахад илүүц биш гэж бодож байна.

ТВ9 сувгаар намрын улиралд цацагдсан Далай ламын тухай гарсан “Хэн, юу хэлэв?" нэвтрүүлгийн мэдээг, 2014 оны 12-р сард өдөр тутмын хэвлэлээр сүр дуулиантайгаар шинэхэн мэдээ мэтээр цацсан суртал ухуулга явуулж байгаа нь өөрөө цензургүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэлийн эрх чөлөөг ярих энэ салбарт ч бас “бөө” нар шургалсан гэдгийг батлах баримт мөн.

Цаашилбал, mass media-гаар бөө нарын мандан бадрах үе эхэлсэн хэмээн хөөрцөглөж яваа тэд, монголчуудыг бүгдийг нь зарцлаж, өөрсдөө эгээ л отго жинс асаацгаан, хөх, ногоон, бор, хүрэн, зарим нь бүр өөрсдийгөө “атаа тэнгэр” хэмээн цагаан дээлийг ичих ч үгүй улаанаар андуурч эсгэж оёулж өмссөн магнаг, үйтэн, бөс эдээр хийсэн баринтаганд ваадагнуулсан аятай, хэргэм зэрэг шагнуулан, төрийн тамгыг атган сууцгаахыг мөрөөдөж байгаа бөөнүүдийн зарим нь Чингис хааны онгонг тоносон хэрэгт нэр холбогдоогүй хэмээн санаа амар сууцгаах.

Тэд ч мөн адил голдуу улс төрч, хөрөнгө чинээтнүүднийг өөрийн “даатгалын компани”-йн сүлжээндээ гайтуулж байгаад даатгуулан авсан зайран удган болоогүй бөөнүүд(бөөнцөр, улаач. зайран, удган, эзэн г.м) зөндөө байгаа гэдгийг бодохоор дотор харанхуйлмаар. Харин Чингис хааны онгонг даатгаж аваагүй гэдэг нь тодорхой ч тэнгэрт халсны нь дараа тус онгонгсахин, тахиж тайх хэн ч үеийн үед “халдашгүй” дархадуудыг тэд яах гэж байгаа нь бүрхэг.

Тиймээс “мөнх тэнгэрийн үзэл”, “онго тэнгэр” хэмээн халхавчилсан эдүгээ цагийн бөөгийн буюу монголчуудын “дайсан" нь бурхны шашин хэвээр байна уу эсвэл үгүй юү гэдэг нь, тэдний бүхнийг мэдэгч, бүхнийг чадагч “онго тэнгэр" нь ч чухамдаа даанч мэддэггүй гэдгийг л баттай хэлэх байна. Учир нь тэдний “онго" нь “цагийн хүрдний номлол” байтугай “сансрын хүрд"-ний талаар огт төсөөлөлгүй учир, энд нэр дурдагдсан бөөлүүлэгч хийгээд бөөлөгч бөөнуүд нь түүхийн хүрд эргэж, давтагдаж байдгийг мэдэхгүйдээ биш, хүсэхгүйдээ ингэж бидний цөөхөн монголчуудыг шашин, мөргөлөөр нь ялгаварлан талцуулж “жатга” хийж байна гэж үзхээс өөр аргагүй юм.

Монгол улсыг мөхөл лүү нь хөтлөхөөр, жингийн тэмээтэй зүйрлэмээр “гуруу”(хүүдий)-ндаа уралдан update/upload хийцгээж байна. Цаашилбал, Чингис хааны алтан хүүрийг хөндөөгүй юм чинь эд манийг яав л гэж хэмээн бодож суугаа тэд, юу ч хийхээс буцахгүй болсон гэдэг нь бусад олон сэжүүрүүдээс бүр ч их сэжигтэй санагдаад байгаа юм.

Н.Алтанхуягын толгойлсон Засгийн газар “бөө сайд”-тай байсан гэсэн хэл ам, дээр нь ерөнхий сайдын сэлгээг илүү цагаар ажиллан байж хуралдацгааж хийсэн ТВ-ийн бичлэгүүдийг сайтар ажиглавал Н.Батбаяр гишүүн гэлтгүй бусад зарим гишүүд нь хэвийн бус, сүүмийсэн царайтай байсан гэдгийг эргэн санахад илүүдэхгүй. Ингээд бодхоор УИХ, ЗГ-ын гишүүд, тэдний гэр бүл, хамаатан садныг, бөө нар өөрсдийн онго тэнгэр гэцгээсэн “даатгалын компани"-даа даатгачихвал монгол улс зуун жилийн өмнөхөөсөө долоон доор сууцгааж байх бий вий гэхээс хар дармаар.

Монголчууд аа эвтэй байцгаая! хэмээн мянгантаа уриалж, биелүүлэхээр ардчилсан ч бай ардын ч бай, хувьсгалт үзэлтэн ч хичээнгүйлэн зүтгэх нь утгагүйн дээр, хэрэггүй болсон цагийн хүрдийг эдүгээ цагийн бөө нар, бодвол өмнөх цагийн бөө нарынхаа зарлигаар эхлүүлчихээд байгаа нь, өнгөрсөн зуунд “еэ бүү үзэгдэг!” хэмээн уншлагатай болгоны аманд ордог байсан тэр “цөвүүн цаг” дахин эхэлчихэв үү гэсэн эмзэглэлээ энэ хүртэл товч төдий бичлээ.

Жич: нийт бөө мөргөлтнүүд бус, нэг хэсгийн нь хийсэн энэ алдас, гэмийг нь оноож хэлэх муу үгийг монгол хэлний үгийн сангаас эрээд олсонгүй гэдгээ дурдахын ялдамд бусдад тохоож болохгүй нь мэдээж. Хариуцлагыг тус сонины хамт олон бус, бичигч би бээр хүлээнэ гэдгээ хэлэхийн сацуу өдөр тутмын ихэнхи сонинууд тус ил захидпыг нийтлэхээс татгалзсан болно.

Намжилын Сонгуульхүү