sonin.mn

Баянзүрх дүүргийн Ардчилсан намын Шинэчлэлийн хорооны зохицуулагч Б.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Баянзүрх дүүргийн Ардчилсан намын Шинэчлэлийн хорооны зохицуулагч юм байна. Та өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Б.Мөнх-Эрдэнэ гэдэг. Баянзүрх дүүргийн Ардчилсан намын Шинэчлэлийн хорооны зохицуулагч. Саяхан болсон намын үүрийн сонгуульд нэг хороонд нэг мандат олгож хязгаар тавьсан нь зарим гишүүний бухимдлыг төрүүлсэн. Миний хувьд АН-ын гишүүн залуу хүний хувиар сонгуульд өрсөлдөхөөр очиход нийгмийн даатгал байхгүй, материал дутуу гэсэн шалтаг хэлээд хасчихсан. Тиймээс бухимдсан. Бага сага маргалдсан, зарим хүнтэй. Иймэрхүү байдлаас үүдэж, намын шинэчлэлийн хороог байгуулсан.

-Бухимдал чинь шинэчлэлийн хороо байгуулахад хүргэсэн гэлээ. Ингэхэд танай Шинэчлэлийн хороо хичнээн гишүүнтэй, байгуулаад хэд хонож байгаа юм бэ?

-Тэгж ойлгож болно. Тэр сонгуулийн маргааш Шинэчлэлийн хороогоо байгуулсан. Яг төдөн гишүүн байна гэсэн нарийн тоо алга.

-Та нарын зорилго юу юм бэ. Намаа шинэчлэх гээд байна уу, аль эсвэл намын даргаа өөрчлөх гээд байна уу?

-Хэн хүнгүй харж байгаа байх. Бүгд л аливаа асуудлыг ямар нэгэн байдлаар хардалт сэрдэлттэй хардаг болчихож. Тэгвэл бид хэн нэгний захиалгаар намынхаа удирдлагатай хариуцлага тооцох гэсэн юм биш.

-Тэгээд яах гэж Шинэчлэлийн хороо байгуулсан юм. Бас хэнтэй ямар хариуцлага тооцох гээд байгаа юм бэ?

-Баянзүрх дүүрэгт ардчилал, Ардчилсан намын үзэл баримтлал алга, нэг хүний дарангуйлалд орж байна гэсэн үүднээс шинэчлэхээр зорьж байна. Ганцхан сонгуультай холбоотойгоор ийм асуудал үүсээгүй. Өмнө нь иргэд ганц нэгээрээ гомдол гаргахад дарчихдаг байсан юм билээ. Өөрт нь хандахаар аятайхан аргалаад явуулчихдаг гэсэн. Хяналтын хорооноос гаргасан шийдвэрт тухайн хүний хийсэн үйлдэл нь маш олон зүйл заалт зөрчсөн тухай бий. Бараг бүгдийг нь зөрчсөн байгаа юм.

-Та тэгдэг гэнэ лээ, гэсэн гэж их ярих юм. Ямар шийдвэрийн алъ заалтыг зөрчсөн талаар баримттай ярих хэрэгтэй байна?

-Яг одоо энэ гээд гаргаад ирэх баримт алга. Гэхдээ олон шийдвэрийн бараг бүх заалтыг зөрчсөн талаар баримт олдоно гэж бодож байна.

-Д.Пүрэвдавааг хувь хүнийх нь хувьд хэр сайн мэдэх вэ. Гишүүд, дэмжигчдийнхээ дунд хэр хүрээлэлтэй хүн бэ?

-Д.Пүрэвдавааг хувь хүнийхээ үүднээс муу хүн гэж бодохгүй байна. Хийж буй алхам, шийдвэр, намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэлт зэргийг нь дэмжихгүй, эсэргүүцэж байгаа. Мэдээж, залуу хүн алдаж онох зүйл гарч л таарна.

-Таныг “Шонхор” фракцын төлөөлөл гэх юм?

-Тийм. Ардчилсан хүчний холбооны гишүүн. Энэ талаар үүнээс өөр зүйл яримааргүй байна.

-УИХ-ын гишүүн Д.Арвин, Уул уурхайн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нар Шонхор фракцынх. Тэд ямар байр суурьтай байгаа бол?

-Мэдээж биднийг дэмжиж байгаа. Учир нь, дүүргийн намын хорооны нөхөн сонгуульд “Шонхор"-оос төлөөлөл оруулаагүй. Тиймээс бухимдаж байна, нуух юм байхгүй. Гэвч одоогоор үүнээс өөр юм яримааргүй байна.

-Ингэхэд та Баянзүрх дүүргийн Ардчилсан намд хэдэн жил ажиллаж байна вэ. 2008, 2012 оны сонгуульд яаж ажиллаж байсан бэ?

-Саналаа өгч оролцсон. Ер нь удаа дараагийн сонгуульд санал өгч л оролцдог.

-Шинэчлэлийн хорооноос гаргасан шаардлагын нэг хэсэг нь Д.Пүрэвдавааг огцруулах. Гэтэл Д.Ганхуяг гишүүнийг Баянзүрхийн Ардчилсан намын дарга болно гэсэн яриа бас гарч байна?

-Ганцхан сонгуультай холбоотойгоор ийм асуудал үүсээгүй. Мэдээж, Д.Пүрэвдавааг огцруулбал, намын дараагийн даргын асуудлыг ярина. Д.Ганхуяг гишүүнийг намын дарга болохыг үгүйсгэхгүй.

-ҮЗХ Д.Арвин, намын дарга Д.Ганхуяг... ингээд Баянзүрх дүүргийн Ардчилсан нам шинэчлэгдэх үү. 2016 оныг яаж харж байна вэ?

-Ардчилсан намын зорилго нь зөвхөн зөв зохион байгуулалтад ороод намаа сонгуульд ялалт байгуулах биш. Мэдээж, сонгуульд ялбал намын бодлого тодорхойлох нь өөр асуудал.

Д.Лхагва
Эх сурвалж: