sonin.mn

Эх орон, газар шорооныхоо төлөө эцсээ хүртэл тулалдсан баатар эрсийн ариун цогцос Орос орон даяар мөнх нойрсож, өршөөх, өрөвдөх, хайрлах сэтгэлгүй немцүүд тэдний дээгүүр алхална. Түймрийн хар утаа уул талыг төөрүүлээд, хөх тэнгэрийг бүрхэж, алтан нарны халуун дулаан илчийг аврал эрсэн хүмүүсээс булаажээ. 1942 оны нэгдүгээр сарын 10-ны өглөө... Хэдхэн сарын өмнө хөгжин цэцэглэж, Зөвлөлтийн жишиг болсон Москвагийн араас нэхэн байсан цэлгэр сайхан хот Сталинградыг одоо хэн ч танихааргүй болж. Үүрийн цагаан гэгээ үй түмэн баатар эрсийн хальсан сүнс, шатсан төмрийн халуун утааг арай ядан нэвтэлж, балгас болсон хотын гудамжийг сохор хүн шиг тэмтэрнэ.

Павших Борцовын талбай, Красный октябрь үйлдвэр, Пролеткультская гудамж, Гоголийн өргөн чөлөө, “Большая Сталинградская” зочид буудал цөм газрын хөрснөөс арчигдаж, овоолсон хагархай тоосго, онгорхой цонх, өнчин хана болжээ. Хотын төвд  байсан бүжиглэж байгаа хүүхдүүдийн хөшөө, усан оргилуур их бууны суманд бутарч, зөвхөн хоорондоо холбоотой зэвэрсэн төмөр болон үлджээ. Энд тэндгүй бие барсан хүмүүс хэвтэж, дайнаас дүрвэсэн хөөрхий хүмүүс өлсөж, ядарсан, туйлдаж цөхөрсөн харцаар бие биеэ ширтэн, эвдэрхий модон тэрэг, чарган дээр юу ч юм бэ түрж, чирч явна. Ижил мөрний ус улаан өнгөтэй байлаа.

Герхартын үйлдвэрийн нуранги дотроос Зөвлөлтийн аугаа их мэргэн буудагч өстөн дайснаа намнахаар наран шаргал винтов бууныхаа хуйг зөөлөн, зөөлөн хөдөлгөж, дуран хараагаар нь эргэн тойрныг нэгжинэ. Хөгшин европ, их Оросын өргөн уудам газар нутгаар дур зоргоороо сэлгүүцэж, бас зугаацсан немцүүдийг  Сталинградын хүйтэн өвөл, домогт мэргэн буудагч Василий Зайцевын тавьсан сум, баатарлаг улаан арми гурав тогтоон барьжээ. Жихүүн жавар исгэрнэ... Немцүүд гэнэтхэн хаанаас ч юм бэ гараад ирсэн энэ аймшигт, өршөөлгүй мэргэн буудагчийн дуран хараанд олон цэрэг, дарга нараа алдсан тул сонор сэрэмж, дүүрэн байдаг болжээ. Василий анхандаа жирийн цэрэг, түрүүч, бага дарга нарыг хайр найргүй унагаж байсан бол дараа нь зөвхөн дайсны офицеруудыг түүдэг болсон юм.

Дайны цагийн мэргэн буудагчийг хэн ч олзолдоггүй, бас хэн ч өршөөдөггүй. Түүнийг хэрэв харсан, олсон тохиолдолд өчиггүй буудан хөнөөх бичигдээгүй хуультай. Үүнтэй яг адилхан цөвүүн цагийн мэргэн буудагч хэзээ ч, хэрхэвч дайснаа өршөөдөггүй, хэнийг ч олзолдоггүй...

Гэнэтхэн дуран дотор бай гарч ирлээ... Зэргэлдээх гудамжны үзүүрт байх хуучин дэлгүүрийн балгасан дотор гурван цэрэг, нэг офицер зэвтэй төмөр торхонд дүрэлзэх галын дэргэд зогсоод гараа ээнэ. Тэднийг нэг, нэгээр нь авлах амаргүй. Учир нь дайснуудыг халхалж байгаа хананд гарсан өчүүхэн нүхээр буудах хэрэгтэй. Магадгүй тэнд илүү олон дайсан ч байж мэднэ. Василий дуран хараагаа Герман офицерийн духанд таарууллаа. Дараа нь хамгийн түрүүнд зугтаж гарах цэргийг, тэгээд түүний араас зүтгэх дайсныг авлах тухай бодож амжжээ.

Хэзээ ч чичирч байгаагүй хуруу нь хүйтэн төмөр гохон дээр хүрч, амьсгалаа түгжсэн мэргэн буудагч энэ өглөөний эхний сумаа тавилаа. Оросыг хэрхэн өмнөө сөхрүүлэх тухай хий хоосон зүйл ярьж, өлссөн, даарсан цэргүүдээ ятган сэнхрүүлж байсан немц офицер цаад ханаа хүчтэй мөргөж, нааш уналаа. Айж, түгшсэн цэргүүд дуу алдан байрандаа нам сууж үлдэхийн оронд ухасхийн гүйж гартал буу дахин дуугарч хоёр дахь нь балгасны дэргэд, гурав дахь нь гудамжинд, дөрөв дэх нь зам дээр унажээ... Василий бууныхаа хошууг үйлдвэрийн нуранги руу түлхэж орхилоо. Ингэхгүй бол олон буудсаны дараа винтовны хошуунаас хөх утаа гарч, дайсны мэргэн буудагчид баригдана.

Челябинскийн цэнхэр хязгаарт хөр цас ханзарч, хүйтэн жавар алгуурхан арилаад, орос хүмүүсийн зүрх сэтгэл догдолно. Хуучин дүнзэн байшингийн жижигхэн цонхны цаана ургасан зулзаган хус нахиалахаар зэхэж, түүний нарийхан мөчир дээр ирж суух болжмор шувуудын жиргээн хөг аялгуу нэмнэ. 1915 оны гуравдугаар сарын 23-ны энэ өдөр эгэл тариачны гэр бүлд Зөвлөлтийн аугаа их мэргэн буудагч Василий Зайцев мэндэллээ. Дөнгөж төрсөн хүүг Орос ёсоор угааж, тосгонд хөл хөөр үүсэв. Үндэсний хөгжим дуугарч, өвгөцүүл нэрмэлд халамцан, охид бүсгүйчүүд бүжиглэсэн тэр нэгэн үдэш цаг хугацааны цаана үлджээ. Василий хүүгийн бага нас эх орныхоо гуниг дотор өнгөрсөн юм.

Төдөлгүй 1917 онд иргэний дайн  гарч, улаантан, цагаантнууд өөр хоорондоо өстөн дайсан болж, жирийн тариачдын амьдрал ахуй улам дордож, өлсгөлөн, ядуурал нүүрлэлээ. Хэдэн он дамжсан үймээн самуун намжиж, Зөвлөлтүүд их Оросыг удирдан жолоодоод, зэргэлдээх улс орнуудыг ч мөн эгнээндээ элсүүлэв. 1930 он гарахад зовлон, жаргалыг амсаж эдэлсэн, сайхан сэтгэлт залуу хөвгүүн Василий Зайцев Магнитогорскийн барилгын ТМС-ийг арматурчин мэргэжлээр амжилттай суралцаж төгслөө. Чингээд ЗХУ-ын социалист бүтээн байгуулалтад гар бие оролцож, барилга барьж, арматур зангидаж, ажиллаж, хөдөлмөрлөв. Шинэ засаг бэхэжсээр...

Аймшигт 1937 он ирж, Зөвлөлт засаг хамаг л хүчирхэг сэхээтнүүдээ өчиггүй намнаж эхэллээ. Оросын бүхий л хот суурингийн гудамж, талбай жаргах нарнаар эзгүйрч, ККБ-ын хар машины бөглүү дуу сонсогдоно. Түгшсэн хүмүүсийн нүдэнд  айдас хургажээ. Василий Зайцев харин энэ үед нам ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, эр цэргийн алба хааж байв. Номхон далайн усан флотын шинэ цэрэг тэрбээр тэнгис далай гэдэг хичнээн гайхамшигтай хийгээд түүнд хөвөх, түүнд шумбах хөлөг дээр үүрэг биелүүлж, арми хэмээх их айлын аятай сайханд дурлаж байлаа. Гэхдээ л дарга нарынх дундаас алга болж байгаа тухай, хожим тэд хувьсгалын эсэргүү байсан талаар цэргүүдийн дунд жиг жуг ярилцах нь чих дэлсэнэ. 

Василий Зайцев хэзээний дам үг, хов живэнд дургүй, эр хүний мөн чанарыг хадгалсан хүн байлаа. Тиймдээ ч тэр асуудалд ордоггүй, дарга нарын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг, сайн усан цэрэг  байв. Төдөлгүй залуу хөвгүүн арын албаны сургуульд элсэн суралцлаа. Ингэхдээ тэр санхүүгийн мэргэжлийг сонгон авч, эдийн засгийн салбарыг ихээхэн сонирхож эхлэв. Төрөлхийн сийрэг толгойтой, овсгоо самбаатай болохоор энэ мэргэжил түүнд нүдээ олсон хэрэг болсон юм. Гэвч амьдрал санаснаар болсонгүй.

1941 оны зургаадугаар сарын 22-ны үүрийн 04-05 цагийн хооронд Германы арми Зөвлөлтийн хил рүү гэнэт довтоллоо. Баатарлаг хилчид тэднийг хэдэн сарын турш тогтоон барьсан ч араас тусламж ирээгүй тул аргагүй хүчин мөхөстөв. Улс орны бүхий л нөөц  фронт руу ачигдаж, танк, онгоц, их буу зөөсөн галт тэрэгний модон бүхээгэнд эх орноо хамгаалахаар зорчих эрчүүдийн цуваа үл тасарна. Немцүүдийн довтолгоон улам ширүүсч, зэвсэг, техникийн илт давуу хүчээр улаан армийг түрж байлаа. Василий Зайцевт дайны эхнээс тулалдах боломж байсангүй. Арын албаны чадварлаг ажилтнаа дарга нар тавих дургүй л байлаа. Тэгэвч Зайцев 1942 он болоход тав дахь удаагаа өргөдөл өгснөөр түүний хүсэлтийг ёсоор болгожээ.

Умарын  салхи Ижил мөрний сэрүүн чийглэг агаартай холилдон түнэр харанхуй дунд үлээж байлаа. Заналт дайсны суманд оногдож амь эрсэдсэн цэрэг эрсийн цогцсууд мөрний мандал дээгүүр аниргүйгээр хөвж, үе, үе хуучин завийг ирж мөргөнө. Сонор сэрэмж дүүрэн байлдагчид эргэн тойрныг чимээгүй ширтэж, түгшүүр дундуур хөвөхүй модон сэлүүр усыг түлхэж байгаа нь сонсогдоно.

Өтгөн харанхуйд улалзан шатаж байгаа Сталинград хотын дүр төрх шинэ цэргүүдийн сэтгэлийг сэртэсхийлгэх агаад алсад асч буй аварга том түймрийн гэрэл Василий Зайцевийн царайг бүдэг бадаг дундаас нэгэнтэй тодруулж, хоёронтой бүдгэрүүлнэ. Тэд эрэгт амжилттай хүрч чадлаа.

Василий анхны тулалдаанд хэн болохоо харуулсан юм. Бидний мэддэг болсон нөгөөх даруу төлөв, санхүүч залуу маань найман зуун метрын цаана гүйж явсан дайсны цэргийг анхны сумаараа унагаж, дараа нь мянган метрын зайнд байсан хоёр дайсныг жирийн винтовоор тун богинохон хугацаанд намнав.

Шинэ цэргүүдийн дундаас хүчирхэг мэргэн буудагч гарч ирсэн тухай мэдээ армийн ухуулах хуудсанд бичигдэж, олны талархлыг хүлээв. Тун хүнд байдалд ороод байсан цэргийн дарга нар Василийг дуудаж “3а отвагу” хэмээх медиалаар энгэрийг нь цоолж, түүнийг мэргэн буудагч болголоо. Энэ үед Василий Зайцев 30 гаруй немцийг аюулгүй болгожээ.

Мэргэн буудагч байна гэдэг жирийн байлдагчаас ангид зүйл. Тэр тусмаа дайсны чадварлаг мэргэн буудагчтай халз тулалдах эгшин бол хүнээс байж боломгүй ур чадвар, суу заль, овсгоо самбаа, тэсвэр тэвчээр шаардсан мөч. Василий Зайцев үүнийг хэнээс ч илүү мэднэ... Тэртээ гудамжинд тэрийн хэвтэх гурван немц, дэлгүүрийн балгасан дотор дахиж хэзээ ч, хэнд ч муу зүйл хийж чадахгүй болсон дайсны офицер  дөрвийг орхиод тэр байрлалаа солилоо. Өнгөлөн далдлалтыг гайхамшигтай хийж чаддаг, асар өндөр чадвартай мэргэн буудагчаас бусад нь үл анзаарам болтлоо өөрийгөө нууцалсан Василийг тийн нэг балгаснаас нөгөө рүү явж байхыг вермахтын цэргүүд олж харж үл чадна.

Зайцев 1942 оны нэгдүгээр сарын 10-аас арванхоёрдугаар сарын 17-ны хооронд 225 дайсныг цааш харууллаа. Тэдний 11 нь немцийн шилдэг мэргэн буудагч байв. Сталинградын хүнд өдрүүдийг даван туулж, Орос орныг бүхэлд нь эзлэхийг мөрөөдөж байсан Гитлерийн фашист цэргүүд Василий Зайцеваас үнэхээр айн дагжиж, бүр чичирч эхэлжээ.

Хэнд ч үл дийлдэхээ байсан, хамаг л шилдэг офицеруудыг нь толгой дараалан хядсан, өршөөлгүй мэргэн буудагчийн өмнөөс эрслэн тулалдаж, түүнийг ялж чадах мэргэн бууч немцүүдэд хэрэгтэй болов. Энэ мэдээ Сталинградаас хальж, Берлинд хүрээд, Рехстагийн босгоор алхаж, ноён Гитлерийг хилэгнүүллээ. Василий Зайцев үнэхээр Адольф Гитлерийн нэг номерын дайсан болжээ. Тансаг модон ширээгээ хэдэнтэй балбаж, хашгичсан Гитлер бүх Германы хамгийн шилдэг алуурчин Кёнинг-ийг Сталинград руу илгээлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

Тагнуулчид амаргүй өрсөлдөгч ирсэн тухай мэдээг Василийд хэлэв. Кёнинг бол бүр хүүхэд байхаасаа дайны машин болж бэлтгэгдсэн, мэргэн буудагчийн бүхий л эрдмийг бүрэн эзэмшсэн, төгс төгөлдөр хөнөөгч байв. Тулаан эхэллээ... Кёнинг, Василийг Сталинградын хаагуур ан хийдгийг эхлээд судаллаа. Василий харин хүчирхэг дайсантай хэрхэн тулалдах тухай бодож байв. Кёнинг хаана отохоо мэджээ. Маузейр бууныхаа дурангаар зэргэлдээх балгасуудыг сэрэмж дүүрэн нэгжих аймшигт мэргэн буудагч Василийг авлахаар тэсч ядна. Гэвч тэр бас сэтгэл хөдлөлөө яаж дарахаа мэднэ. Василий дайснаа хаана нуугдаж байгааг бас мэднэ. Тэд хэн хэнийгээ мэднэ. Гэвч Вася тулааны талбар руу очихгүй л байлаа. Өглөөний нар өндөрт хөөрч, бага үд болов. Тэр чанасан төмс амтархан идээд, их үд ирэхэд хөдлөв.

Жирийн Орос цэргүүдийг юман чинээ тоож, сум гарздахгүй Кёнинг хүлээсээр... Василий түүний бүгж байгаа балгасыг мэдэх боловч яг хаана нь байгааг олох үнэхээр хэцүү байв. Гэтэл Кёнинг ч бас энэ зовлонг эдэлж байжээ. Хэзээ хэзээнээс илүү анхааралтай, амь өрссөн мөчүүд... Тэгтэл их үд хэвийж, нар өндрөөс уруудах яг тэрхэн эгшинд ойролцоогоор зуун метрын цаана байх эвдэрхий байшингийн харанхуй цонхон дотор мэргэн буудагчийн телескофтой дуран гялсхийв. Яг тэр мөчид Василий Зайцев гохоо дарж амжсанд агаарыг хага яран исгэрсэн сум байгаа оносон нь тодорхой боллоо. Төдөлгүй улаан армийн байлдагчид дайсны мэргэн буудагчийн байрлалд ирэхэд хошууч цолтой, офицер үхсэн байхыг олжээ. Василий Зайцевын ялалт бол Зөвлөлийн баатарлаг улаан армийн давшилтад томоохон хөшүүрэг болсон юм.

1943 онд Василий Зайцев газрын мининд өртөн тун харамсалтайгаар сохор болжээ. Энэ мэдээ фронтоос тахал мэт тархаж Оросын ард түмэн гуниглаж байхад харин Германчууд алгаа ташин баярлаж байлаа. Гэвч удалгүй Москвад хүргэгдсэн алдарт мэргэн буудагчийг өнгөрсөн зууны суут анагаагч, зөвлөлтийн нэрт эмч Филатов дахин хараа оруулсан байдаг. Василий Зайцев эмнэлгээс гараад цол ахиж, цэргийн томоохон тушаалуудыг хашив.

Тэрээр эх орныхоо төлөө Донбасс, Днепр зэрэг чухал түшиц газруудад амь хайргүй тулалдсан ч 1945 оны тавдугаар сарын 9-ний баярт өдрийг цэргийн эмнэлэгт угтлаа. Тэр дахиад л шархаджээ... Судлаачид алдарт Зайцевийг Сталинградын төлөөх тулалдаанд 300  немцийг цааш харуулсан гэх боловч энэ тоо бодит байдал дээр хамаагүй их болох тухай түүнтэй мөр зэрэгцэн тулалдаж явсан ахмад дайчид, бусад мэргэжилтнүүд бичсэн байдаг. Зөвлөлт холбоот улсын баатар, Гвардын ахмад Василий Зайцев дайны дараа Украины оёдлын үйлдвэрийн дарга хүртэл ажиллаад гавьяаныхаа амралтанд гарч 1991 онд таалал төгсчээ. Аугаа их мэргэн буудагчаа Орос орон одоо ч гэсэн хайрладаг. Магадгүй мөнхөд түүнийг хайрлах биз ээ.

 

Сэтгүүлч, яруу найрагч  О.Цэнд-Аюуш