sonin.mn
Бэлчээрийн мал бол байгалийн хараат баялаг
Монголын бэлчээрийн мал аж ахуй нь онгон дагшин байгалийн унаган бүтээгдэхүүн. Хурмаст тэнгэрийн ивээл, шимт газрын цэвэр хишиг арвин өгөөж учраас мах нь онцгой амт чанартай. Сүүнийх нь амт, үнэр ч тэжээлийн малынхаас тэс өөр. Гадаадын элч төлөөлөгч, эрхэм дипломатууд монгол малын махны амтанд автсан тухай ном сониноос олонтаа уншдаг. 
 
Манайх мал мах, ноос арьс ширээ XX зууны 1930-аад оныг хүртэл Хятад, 1930-1990-ээд онд Оросод (ЗХУ-д) л борлуулж, гурил будаа, цай тамхиар арилжиж байсан. Гэхдээ ЗХУ мал болон мах, ноос, арьс шир авах захиалга буюу шаардлагаа жил жилээр нэмсээр сүүлдээ сүргийн нөхөн үйлдвэрлэлийн тэнцвэрийг алдагдуулахад хүргэсэн юм.
 
Миний бие 1960 болон 1980-аад онд аймгийн Худалдаа, бэлтгэлийг удирдах газрын даргаар ажиллаж нэгдлүүдийн зовлонг сайн мэдэх болсон юм. Хаврын (тавдугаар) сард бэлтгэсэн бүх махыг экспортод гаргадаг. Баруун бүсээр Цагаан нуур, төв чиглэлээр Сэлэнгийн Цагаан эрэг, Хөвсгөлийнх Ханх, зүүгээр Эрээнцавын боомтоор зунжин, намаржин хонь, үхрийн сууриуд ээлж хүлээн хавтайж байдагсан. 
 
Улаанбаатарын мах комбинат байнга ажиллаж махаа хойш нь ачуулна. Улсын төвлөрсөн бэлтгэлийн махнаас дотооддоо хэрэглэх нь хатуу тогтоосон хязгаартай. Хот гэдэс толгойгоор хүн амынхаа хэрэгцээний голыг нугал гэнэ. Аймгийн төвийн махны хэрэгцээг нэгдлүүдээсээ гэрээгээр авч хангах тогтоолтой. Нэгдлүүдэд аймагтаа борлуулчих эр, сувай мал байхгүй. Нэгдэлжихээс өмнө хаврын бэлтгэлийг шүдлэн хонь, үхрээр гүйцэтгэдэг байсан. Нэгдлүүд 1960-аад оноос эр малын нөөцгүй болж, төлөг, бяруугаа бэлтгэлд өгөх болсон. 
 
Төвлөрсөн бэлтгэлд авдаггүйгээрээ адуу, тэмээ арай гайгүй. Говийн аймгууд бол тэмээ, хангайд адуугаар дотоодын бэлтгэлийн ам хаана. 1968 оны зургадугаар сард Н.Даваахүү Говь-Алтайгаас Хөвсгөл аймгийн намын хорооны нэгдүгээр даргаар очихдоо дэлгүүрт цайх өөхгүй адууны хар махнаас өөр, ядаж цувдай, толгой шийр байхгүйг үзээд нэгдлийн дарга нарт үүрэг өгснөөр аймгийн төвд хонь, үхрийн мах үзэгдэхтэй болж байсан юмсан. 1980 онд Булганд аймгийн наадмаар дэлгүүрт ямааны голцуу туранхай махнаас өөр юм байхгүй. Капрон шиг хальстай зовлогоор наадмын зоог барилаа гэж худалдааг шүүмжилж байв.
 
Намрын гэгч өвлийн мал нядалгаа
Далаад оноос намрын мал бэлтгэл гэгчийг бий болгосон. Тэр нь өвлийн гар нядалгаа юм. Зөвлөлтөд нийлүүлэх махны даалгаврыг хаврын бэлтгэлээр дийлэхгүй болоод өвөл хөлдүү мах ачуулах гэрээ хийжээ. Орон нутагт намрын бэлтгэлээр мал нядлах нь өдөртөө -5 градусын тогтмол хүйтэн нөхцөлд хийгдэх заавартай. Тэр нөхцөл нь арванхоёрдугаар сараас наашгүй. Ингээд сумын төвийн бүх хүнээ дайчилж ярга хийлгэдэг боллоо. Тэрэнд өгдөг нь хаврын нялх төлтэй байсан эх малууд л байна. 
 
Бой (ярга) хийгчид нь сумын төвийн хэдэн албан хаагчид. Тэд ихэвчлэн эмэгтэйчүүд. Алж яргалахыг нь хэдэн эрчүүд гүйцэтгэж, арьс махыг салгаж, гэдэс дотор цэвэрлэхийг хэдэн хүүхнүүд хийнэ. Мах шороодохгүйн эрхэнд битүү цас, мөсөн дээр бой хийж, хөөрхий турьхан бүсгүйчүүд маань нус нулимсаа цувуулан бээрэх нь зүрх шимшрэм байдагсан. Тэр хүнд ажил, хахир хүйтнээс болж бие нь муудаж, аажмаар амиа алдсан хүн ч цөөнгүйдэг. 
 
Тэр нүгэлт ажлын эзэн нь ХБУГ-ын дарга нар. Намрын мал бэлтгэлийн төлөвлөгөөг биелүүлэхээр аймгийн намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны хоёр даргын гарын үсэгтэй томилолттойгоор бүх сумаар тойрч давхина. Энэ “бэлтгэл" бол нэгдлийн дарга нарын сэтгэлийг гонсойлгодог зүйл. Тэд энэ золигт хамаг эх малаа өгөөд сүргийн бүтэц эвдэрч, ирэх жилийн мал өсгөх төлөвлөгөө тасрах болно. Энэ нядлуулж байгаа чинь хэдхэн сарын дараах хоёр толгой мал шүү дээ гэж үглэцгээдэг байв. 
Энэ нь нийтийн харуусал болж, нэгдэлжихийн өмнөхөн 25 сая болоод байсан улсын бүх мал 21 саяас дээш гарахаа больсон юм. Тэр үед улаанбаатарчууд өвөл хаврыг хурга, ишигний махаар өнгөрөөж байсан юм. “Төл малыг бордож таргалуулдаг Төв аймгийн Алтанбулагийн туршлага” гээд хурга ишиг нядалж хотын хэрэгцээг хангадаг байлаа.
 
Бэлчээрийн малын өсөлт нь үүлэн чөлөөний нар мэт
Уул, талын бэлчээр цэлийж налайгаад байж л байсан. Удам удмын малчид бие хайргүй зүтгэж, нойр дутуу зүдэрсээр л ирсэн. Яагаад өдий зэргийн малтай болоогүй юм бол?
 
-Манжийн засгийн үеэс алба татвар, авлага дайчилгаа их байжээ. Бас ган, зуд тохиолдох, малын өвчин ихээс суурь сүргээрээ хиарч цөөрдөг байжээ. Малын олон төрлийн өвчин байснаас төрөл бүрт оноосон хараал хүртэл гарчээ. Тэмээг гувруу, адууг сөдрөг, үхрийг мялзан, хонийг хорхироо, ямааг годрон гэж хараадаг байв. Мал эмнэлгийн албаны буянд тэдгээр халдварт өвчин толь бичигт л үлджээ. 
 
Бас чоно ч их хороодог байж. Социализмын үед мал өсөөгүйг дээрх бэлтгэлийн тогтолцоо нотолно. Ерэн оны хувьсгалаас хойш гадаадын өрд өгөхгүй болсноор мал өсөх нөхцөл бүрдсэн юм. Одоо 50 гаруй сая толгойд хүрч байгаа нь шинэ төрийн үеийн өсөлтийн хоёр дахь дэлбэрэлт юм. Мал хувьд очоод арван жил болоход 30 саяд хүрч, эзэндээ очсоны ач буян гэж шагширч байсан. 
 
Гэтэл 2001 оны төмөр могой жилийн улаан ган зүүн гурван аймгаас бусад нутгийг хамарч гудайлгасан юм. Улсын хэмжээгээр монгол үхэр, адуу хоёр устах дөхөж. Ямаа шогдойгоод, хонь эрс цөөрсөн. Угийн тоо цөөтэй тэмээ, сарлаг хоёр хорогдсон ч ган, зудад гайхамшигтай тэсвэртэйгээ харуулж танагтай үлдсэн. Ер нь урд жилүүдийн нөөц тарга хүчээрээ хоёр жилийг давж тэсвэрлэсэн мал л 2002 оны ногоотой залгасныг малчид мэднэ. 
 
2009 оны шороон үхэр жилийн ган ихэнх нутгийг хамарсан ч ханатай өнгөрсөн. Тэр намар хотын ойролцоох Батсүмбэрт айлд очиход нохойд баригдсан тарваганы ходоодонд хэдхэн дэвхрэгнээс өөр юмгүй хоосон байв. 2001, 2009 оны гангийн дараах хавар нь олон газар ичээнээс гарах тарвагагүй болсон байдаг. 2009 оны намар Ховдын зах дээр эр хонины үнэ 25 мянган төгрөгт буутлаа унасан байлаа. 
 
Улаанбаатарын зуслангуудад суурь сууриар ирсэн хонь борлогдохгүй байсныг бид мэднэ. Малчид зуны ганг мэдэрч өвлийн үхлээс нь урьтаж малаа мөнгө болгох гэж өрсөлдөөд ханшийг нь унагадаг нь зах зээлийн хууль. Сүүлийн таван жилийн зун нь хур ногоогоор элбэг, өвөл нь өнтэй тарган байснаас мал суга өсч буй нь энэ. Ган болоход өвөлд бэлтгэж хадах өвс нь ургахгүй юм чинь яах юм бэ. Газар хатуу, тэнгэр хол гэдэг энэ. Ган, зуд болохгүй гэх баталгаа байхгүй ээ.
 
Ер нь малыг маллаж, өсгөхийн зорилго нь баян, мянгат гэж магтагдах төдийд биш. Өөрийн болон улс орны хэрэгцээг хангахад л оршино. Үхэр, хонь бол хэзээнээс хэрэглээний цөм мал. Ямаа бол одоо л 200 грамм ноолуураараа гайхуулж байгаа болохоос махны чанар муутай, хөдөлмөр зарцуулалт ихтэй, бас зудад ч тэсвэргүй мал. Тэмээ бол тээврийн үндсэн хэрэгсэл байхдаа шүтэгддэг сүрэг байсан. 
 
Нэгдлийн үеэс эмнэгшсэн тэмээ бол байхын барааны л мал болсон. Эмнэг тэмээний 4-5 кг ноосыг салгаж авах гэж яаж дайтдаг билээ. Авто тээвэр хөгжсөн өнөө үед тэмээ маань зөвхөн мах, өөхний л амьтан болжээ. Урд олонхи нутагт тэмээг идшинд хэрэглэж заншаагүй байсан. Одоо ч мах голох сөхөөтэй хүнгүй болж дээ.
 
Эзэн хүн эмнэг олон тэмээ-нээсээ зах зээлд борлуулахыг татгалзахгүй биз ээ. Хөрш орнуудын саналыг хэр зэрэг хэрэгжүүлж, махны экспорт аль хэр байгааг олигтой мэдээлэхгүй юм. Мал нэгэнт хувьд байгаа учир гадаадад гаргаад малаа хорогдуулчих вий гэж болгоомжлох хэрэггүй. Малчид хотоо харлатал зарж үрэхгүйгээ мэднэ ээ. Харин үнэ нь хаашаа байдаг юм бол. Малчид малаа таваарын эргэлтэд оруулснаар амьдрал нь улам дээшилж тохижих болно. 
 
Зохих хэмжээний валютын урсгал орж ирвэл улсын эдийн засаг, төгрөгийн ханшны тогтворт хэрэгтэйсэн. Бэлчээрийн мал маань байгалийн эрхшээлд байгааг мартаж болохгүй. Эх малаа хорогдуулахгүй л бол монгол мал нөхөн үйлдвэрлэлээ хэвийн явуулж чадахдаа л чадна.
 
МЗЭ-ийн гишүүн Ц.Дандар