sonin.mn
Шийдвэр гаргагч эрх мэдэлтний түвшинд эх орон, иргэдийн төлөө эерэг өөрчлөлт гарах, гаргах бодит боломжгүй нь дараалан батлагдсан тул үтэр орхиж иргэний нийгмийн хөдөлгөөн, байгууллагууддаа анхаарлаа төвлөрүүлцгээе. Иргэний нийгмийг тусгай үзүүлэлтээр судалж 10 гаруй жил болсон ч “дэлхийн үлгэр жишээ ардчилсан улс” гэж хошигруулдагтай тэс зөрчилдөж байгаа нь илт юм. 1990 оноос хойш хүмүүнлэг, шудрага, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан байгуулна гэж хошигруулаад хамгийн бүдүүлэг, эрээ цээргүй капиталист нийгэм байгуулсан нь бодит байдал билээ. Нийгэм үндсэндээ дарлагч олигарх капиталист анги, хууран мэхлэгдсэн ард иргэд буюу дарлуулагч ангиас тогтож байна.
 
Баян ядуугийн харьцаа хяналтгүй тасарсан, хэсэг цөөхүүл олонх иргэдийн өмч баялгийг хуульчлан хулгай хийсэн, луйвардсан, эрх мэдэл, хууль хүчийг гартаа атгасан өнөөгийн туйлын шудрага бус нийгмийн онцлог үед иргэний нийгмийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг роль онцгой чухал билээ. Одоогийн нийгмийн тогтолцоо үргэлжлэх хэрээр баян ядуугийн харьцаа улам холдсоор, улс орны тогтвортой байдал улам суларсаар, улсын тусгаар тогтнол улам бүдгэрсээр байх нь гарцаагүй. Үүнийг шийдвэрлэхэд нийгмийн идэвхтэй иргэд, иргэний хөдөлгөөнүүдийн оролцоо, шудрага үйл ажиллагаа шууд хамаарах юм.
 
Иргэний нийгмийн байгууллага, хөдөлгөөн нь “Нам” толгойтой Төр засаг эсвэл хөрөнгөтнөөс санхүүжиж, ашгийн төлөө ажиллаж эхлэх цагаас иргэний нийгмийн мөн чанараа алддаг бөгөөд эргэж эрүүлжих, чинхүү иргэний хүсэл тэмүүлэл, үзэл зорилгоор нэгдэн ажиллах үндэс суурийг алддаг болохыг тэмдэглэе.
 
Дарлагч олигарх ангийн эсрэг ард иргэдийн эрх ашгийг хамгаалсан иргэний хөдөлгөөнүүдийн талаар албан байр суурийг томъёолвол “хөгжлийн гол дайсан, шантажчин, зандалчин” гэж олон нийтэд харагдуулахад чиглэсэн байна. Гэрээт буюу хөрөнгөтний хэвлэл мэдээлэллийн суртал ийм байна.
 
Өнөөдөр янз бүрийн туг тэмдэг бүхий олон арав, зуун иргэний хөдөлгөөн, байгууллага байна. Ихэвчлэн цөөн хэдэн хүнтэй, бутарч сарнисан нийтлэг зураг ажиглагдана. Тэмцэж дуугарч байгаа сэдэв зорилго бүгд адил төстэй дээр хамтран дэмжих олон цэг байгаа хэдий боловч засч залруулах, алдаа дутагдалтай зүйл бүр их байгааг зөвшөөрцгөөе. Ойлгомжтой байх үүднээс энгийн тайлбарлая.  
 
Улс орны төлөө тэмцлийг өрнүүлэхэд ямар нэгэн ТББ-ийн туг тэмдэг дор бүгдээрээ нийлэн тэмцэх хүндрэлтэй бөгөөд тэмцлийг өмчилж авах, үйл ажиллагааны “брэнд” бүтээгдэхүүнээ болгохыг зорих нь эцийн амжилтанд хүрэхэд сөрөг хүчин зүйл болж байна. Иргэний байгууллагын лидерууд олны анхаарлыг өөр дээрээ татах, өөрийн үнэлэмжийг өсгөх, харилцан үл ойлголцох шинж ажиглагдаж байгаа нь олон нийтэд таагүй нөлөөлнө. Тэд улс төрийн тэмцлийн үүднээс онцын үр дүнгүй, алсын хараа тактик чамлалттай, ойрын зайн шоу тоглолтонд багагүй цаг зарцуулж байна. Бодит байдалд дүйцэхгүй зэвсэгт тэмцлийн үеийн дайнч устгагч уриа лоозон, суртал ухуулга нь нийгмийн зарим хэсгийг нэгдлээс хөндийрүүлэхээр байна.
 
Эх орны эрх ашгийн эсрэг Төр засгийн улс төрийн буруу шийдвэрийг эсэргүүцэн тэмцэх явдал бол мөн чанартаа улс төрийн үйл ажиллагаа буюу улс төрийн акц юм. Иргэний нийгмийн тэмцэгчид үүнийг ухамсарлаж, сэтгэл хөдлөл, уур хилэнд захирагдалгүй, өндөр сэрэмж болгоомжтой үйл ажиллагаагаа зохион байгуулахыг цаг хугацаа шаардаж байна.  
 
Хоорондоо зохих хүндэтгэл үгүй, эвлэлдэн нэгдэх боломжийг хязгаарласан хүнд хэлбэрийн “вирус”-ын халдвар иргэний нийгмийн байгууллага, хөдөлгөөнд тархсан байгаа оношлогдлоо. Эцсийн эцэст улс эх орон, ард иргэдийнхээ тусын тулд гэдэг чин зорилго тэмүүлэл байгаа л бол тус бүртээ дотоод дархлаа шүүмжлэлээ өрнүүлж, өөрөө өөртөө сайтар вакцинжуулалт хийх нэн шаардлагатай байна. Ам нээвэл бусдыгаа харлуулах үг өгүүлбэрийг цээрлэвэл зохистой. Тодорхой зохион байгуулалтанд орсон иргэний хөдөлгөөн, байгууллага дотор дээрхийг өдөөгч гаднаас оруулсан эсвэл халдварлагдсан дотоодын вирус байгааг мөн анхаарах. Эх оронч, эрүүл саруул, үзэл бодолтой тууштай иргэдийг түргэн журмаар нэр хүндийг унагах, итгэл алдуулах ажиллагаа идэвхтэй явагдсаар байна. Энэ бүгдийн үр дагавар эв нэгдэлд бодит саад болж байна.
 
Урьдаас зохион байгуулалттай үйл ажиллагааг уяах, хорьж боох, салан тусгаарлах ажлууд хийгдсээр байна. Угтдаа эх оронч иргэд, иргэний хөдөлгөөнүүд бүгд дутуугаа гүйцээж хамтран ажиллах, тэмцэх бүхий л боломжийг тасралтгүй эрэлхийлэх чухал юм. Ялангуяа хөрөнгөтний эрх ашгийг хамгаалсан хүүхэлдэйн Төр засагтай тэмцэнэ гэж фронтын нэг талд цугтаа гарсан л бол онцгой анхаарвал зүйтэй. Улс орон, газар шороогоо булаацалдаж зарах гээгүй бол, сайд дарга нарын суудлыг булаацалдах гээгүй л бол даруй нэгдэхэд саад болох үлэмж шалтгаан огт үгүй юм. Төр барьж буй “нам” нэртэй эдийн засгийн бүлэглэлүүд албан тушаалаа булаацалдах хэдий ч иргэдийг хууран мэхлэж, улс орныг зарах дээр хүрэхэд эвлэлдэн нэгдэж нэг хөнжилдөө ордог туршлагыг хангалттай харж байна.     
 
Иргэний хөдөлгөөний лидерууд ганц хоёроор УИХ-д нэр дэвшиж гишүүн болсон ч эцсийн дүндээ хүссэн өөрчлөлтийг үл авчрах бөгөөд харин ч хөрөнгөтний авлигын торонд өртөх боломжийг нээхийг онцгой анхаарах хэрэгтэй. Иргэний хөдөлгөөнөөс төрсөн нэг биш улс төрч өнөөдөр хууль тогтоох Төрийн дээд байгууллагад цөөхүүл болж хүчин мөхөсдсөөр байна. “Популист”нэрээр дуусалгүй, үнэхээр олонхийн эр хашгийн төлөө үйлчилье гэвэл олуулаа болохоос өөр гарц үгүй юм. Иргэний лидерүүд эх орныхоо төлөө зүтгэх чин зүрх сэтгэлтэй бол ганцаар биш, цөөхүүл биш харин хамтаараа, олноороо фронтын нэг талд нэг нэгнийгээ өргөн түшиж, нэгдэн тэмцэхийг ухааран ойлгож манлайлах ёстой.     
 
Иргэний нийгмийн эх оронч иргэд ээ. “Төрийн минь сүлд өршөө”, “Төрөө дээдэлдэг монгол хүн” гэхмэтчилэн өнгөрсөн үеийн улбаа ардчилсан хөрөнгөтний тархи угаалтаас үтэр түргэн салцгаая. Төр гэж зөвхөн хөрөнгөтний эрх ашгийг хамгаалдаг механизм болоод 25 жилийн нүүрийг үзэж байна. “Төрийн гурван өндөрлөг “гэдэг ойлголт мөн тэдний тархи угаалт, иргэдийн дээр байдаг, иргэд гуйж, аргадаж, өлсөж байдаг зүйл огт биш юм. Эцэг өвгөд нь энэ улс орныг байгуулсан, сурвалжит хаад ноёд ч бүр биш юм. Өндөрлөг гэсэн гурвыг бидний төлөө ажил хий гэж ард иргэд сонгосон юм. Төр засаг гэж юу ч байсан бай, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд хоёр ижил тэнцүү эрхтэй, хүчтэй байх бөгөөд бүхний дээр зөвхөн хууль орших ёстой. Үндсэн хуульд тунхагласнаар Төр засаг нь хуулиндаа хөдлөшгүй захирагдах ёстой юм.  
 
Хэрэв Төр засаг нь хуулийг дагахгүй, хуулиа биелүүлэхгүй, өөрсдийн эдийн засгийн бүлэглэлийн эрх ашгийн төлөө хуулийг дураар өөрчилж, савлуулж, эрх мэдлээ хэтрүүлэх аваас хатуу шаардах, хариуцлага тооцох бүрэн эрх мэдэл иргэний нийгмээс өөр юунд ч үгүй болно.      
 
Ардчиллын 25 жилд Монгол улс нэг биш шилдэг эх оронч иргэдээ алдлаа. Нам толгойтой бизнес бөгстэй олигарх хөрөнгөтөн одоо улам хүчтэй, зальтай болсон. Эх оронч шудрага иргэд нэг нэгээрээ бол үрэгдсээр байх эрсдэлтэй. Хамгийн сайн нэг лидерээ шилж гаргаад дагаад явчих мэт эмзэг төөрөгдлөөс үтэр салцгаая. Хэнийг ч хороосон үр дүн гарахгүй нэжгээд олуулаа “зангидсан нударга” шиг байж чадах аваас эцсийн амжилтанд хүрэх гол нөхцөл бүрдэнэ.
 
Нэг дор байхын гол нөхцөл бол нэг л зорилго бөгөөд "Монгол орноо шудрага, иргэний, хүчтэй улс шиг улс болгох, Монгол хүний амь, эрх чөлөө, шудрага олсон эд хөрөнгийг хамгаалах, аз жаргалтай амьдруулах явдал болно". Нэгэн туган дор эвлэлдэн тэмцэх хамгаас чухал бөгөөд  тэр туг нь Монгол Улсын Алтан соёмбот далбаа юм.
 
Монгол улс мандан бадрах болтугай!
 
Эмч, уулчин Л.Баярсайхан