sonin.mn
Монголын улстөрийн хоёр том “Энх” ХVII жарны “Галзууруулагч” хонь жилийн анхны золголтоо хийж, хөөрөг зөрүүлж жигтэйхэн найртай суусан нь ажлын эхний өдрийн гол дуулиан байв. 
 
Гэхдээ МАХН-ын дарга Н.Энхбаяртай гар зөрүүлэн золголт хийх аз тохиодоггүй юм бол, холхноос ч болтугай гэгээн дүрийг нь тольдож, хийморь лундаагаа сэргээчих хүсэлтэй олны хөлд намынх нь жижигхэн цагаан байшин дайвалдаж байсныг бусад албан газруудад хамаатуулан бодвол ажлын эхний өдрийг олигтой үр бүтээлтэй өнгөрүүлэгсэд тоотойхон байсан нь дамжиггүй. 
 
МАХН-ын цагаан байшинд Н.Энхбаяр даргыг гүнээ хүндэтгэж, энэ цагийн амилсан бурхан шиг сүсэглэн дээдлэхээр цугласан олны дунд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, БСШУ-ны дэд сайд Б.Тулга, ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдорж, МХЕГ-ын дарга асан Д.Батмөнх, Монгол Улсын Ардын жүжигчин А.Энхтайван, Гавьяат тамирчин Н.Бүргэдаа гээд түүнийг бараадан дагасныхаа хүчинд ажил, амьдралтай залгасан нөхөд, үнэн сэтгэглээсээ бурханчлан шүтэгчид гээд нийгмийн бүх л анги давхрагын төлөөлөл цугларсан байв. 
 
Өглөөний 11:00 цаг хараахан болоогүй байхад эхэлсэн золголт 13:00 цаг хүртэл үргэлжилж, одоо л дуусах нь дээ гэж байтал гаднаас МҮАН-ын дарга, Монгол Улсын сайд М.Энхсайхан өөрийн үнэнч дагуул дэд дарга Б.Цогтгэрэл, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Дэлгэрцогт хоёрыг дагуулчихсан харайлгаад ороод ирдэг байгаа. 
 
Үнэндээ 2012 оны УИХ-ын сонгуульд "Хөх Монголын баялгийг ардад нь буцааж өг, Хаан Чингисийн төрийг Монголд нь буцааж өг" уриатай оролцсон МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн удирдлагуудын нэг, өнөөдөр Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийж байгаа хэлэлцээрийг ахалж суугаа М.Энхсайхан сайдыг ингээд харайлгаад ороод ирэх юм гэж Н.Энхбаяр даргаас эхлээд олон хүн огтхон ч тооцоолоогүй болохоор сүүлийн үед тун их моодонд ороод байгаа “Элбэгдорж харц”-аар төөнөх шиг л болно лээ. 
 
М.Энхсайхан сайдын хувьд хэзээний л байдгаараа сүрхий инээдгээрээ инээчихээд улстөрийн хамтрагч гэхээсээ илүүтэй хэн нэгнийгээ битүүхэн хянагч, хазгай гишгэвэл түлхчихэж ч мэдэх барилдлага муутай түншдээ хадаг гарган тохой зөрүүлж харагдсан.  Яах аргагүй энэ цагийн Монголын зангаргатай хоёр улстөрч, хэн хэн нь, хэнийг ч, хэзээ ч эргээд ноцож чадах шазруун, хонзогногч гээд хүчирхэг хувь улстөрчдийн заяагдмал хэв шинжийг нэгэн биедээ цогцлоосон удирдагчид гэдэгтэй маргах хүн төдий л олон гарахгүй. 
 
Хэдийгээр МАХН-ын дарга Н.Энхбаярын царай төдийлөн сайжраагүй, ядруухан харагдах ч барилдлага муутай түншийгээ сүрхий бядтай тэвэрч байгаа нь анзаарагдаж байна лээ. М.Энхсайхан сайд ч яах вэ дээ, хэзээнээсээ Н.Энхбаяр түншээ дэргэд нь байвал болж л өгвөл бурханчлан шүтэж, бараг л адис авчих гээд байдаг зантай. Тэгээд ч тэрбээр сэтгэл нь догдолсон үедээ нүдээ алга болгож байгаад, байдгаараа инээж чаддаг нэгэн билээ. 
 
Хоёр намын дарга, зангаргатай түншүүдийн хаврын тэргүүн сарын золголтыг хажуунаас нь ажиглахад хуучны тийм л нэг танил дүр зураг ажиглагдаж байсан. Хоёр их түншид аминчлан ярилцах сэдэв, хэн хэндээ анхааруулга өгөх зүйл мундахгүй их байгаа.  Тэр ч утгаараа хөөрөг зөрүүлэх тэрүүхэн агшинд ямархан нэгнийг нухацтайхан хэлцэж эхлэнгүүт бараа бологчид нь хажуугаар нь орж ирж анхаарлыг нь сарниулаад байхыг харахад өөрийн эрхгүй “Урагшгүй албатууд”-ын үлгэр санаанд орж ирээд байна лээ. 
 
Хоёр “Энх”-ийн ам руу нь орчих шахан айраг, идээ барин гүйлдэх бараа бологчдыг харахад Боролдой, Долдой хоёр л санаанд орж ирээд байгаа юм.  Гэхдээ хоёр “Энх”-ийг тойрон эргэлдэгч Долдой нараас илүүтэй тэдний санааг зовоосон, яаралтай уулзаж халуухан ярилцах сэдэв маш их байгаа нь “Зууны мэдээ” сонинд Н.Энхбаяр даргын өгсөн сар шинийн мэндчилгээнээс тодорхой харагдсан. 
 
Н.Энхбаяр дарга тэрхүү ярилцлагадаа “Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг далимдуулан ард түмний баялаг болсон ОюуТолгой, Тавантолгой зэрэг стратегийн баялгуудыг үрэгдүүлэн шамшигдуулахыг бид хэзээ ч зөвшөөрөх ёсгүй. Миний бие энэхүү ард түмний өмчийг хамгаалах үүргээ биелүүлэхийн тулд УИХ, Засгийн газар дахь өөрийн намын төлөөллөөрөө дамжуулан шат дараатай арга хэмжээ авч ажиллах болно” гэсэн нь Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийж байгаа хэлэлцээрийн Монголын талын ахлагч М.Энхсайхан сайдад шууд хандсан үг гэж ойлгож болно.
 
Тэгвэл ярилцлага бүртээ “Мега төсөл маш амархан хагардаг. Түүнийг улстөр, бизнесийн бүлэглэлүүдийн нөлөөнөөс хол байлгах ёстой” гэсээр байгаа М.Энхсайхан сайд бараг л эцсийн цэгийг нь тавихад ойрхон очоод байгаа Тавантолгойн гэрээг чадлаараа хамгаалах нь тодорхой. Түүнийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цээжээрээ хамгаалах нь тодорхой бол улсын нэгдүгээр хүн ч битүүхэн, тэгэхдээ шаргуухан дэмжиж таарна. 
 
Асуудлыг энэ талаас нь аваад үзвэл өчигдөрхөн “Галзууруулагч” жилийн золголтоо хийсэн Монголын улстөрийн хоёр том “Энх”-үүд тун удахгүй Оюутолгой, Тавантолгойг тойруулан хавирга нэвтлэн жиндүүлсэн энэ хаврын синдромыг эхлүүлэх нь тодорхой болж байна.  Н.Энхбаяр даргыг УИХ-ын бие даагчид, за магадгүй Г.Уянга, бүр саяхны Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг улайран дэмжиж, золигтохыг ч үгүйсгэх аргагүй. Чухамдаа тэр тун эвгүй цагт, тун эвгүй бэлэгтэй эх орондоо морилон ирсэн нь тодорхой болж байна. 
 
Монголын улстөрийн хоёр том “Энх” хөөрөг зөрүүлээд жигтэйхээн. 
 
Эх сурвалж: