sonin.mn

“Амны билгээс ашдын билэг”-ийг бодоод сар шинэ өнгөртөл амаа жимийсэн хүн олон байх. Золгуутаар ирсэн хүмүүс өөрийн эрхгүй л өр зээл тавьснаа тэсэлгүй ам алдах. Цалин цуухаа арай ядан хүргэдэг албан хаагчид хэцүүхэн байгаа нь аргагүй. Ялангуяа эмч, багш, цэрэг, цагдаа гээд цалингаас цалингийн хооронд аргацаадаг хөг өнгөрлөө л гэх. Тэтгэврийн хөгшдийн хувьд бүр ч ойлгомжтой. Зээлийн хүүг бууруулах боломж байгаа тухай дээр дооргүй ярьж, хурал цуглаан хүртэл хийгээд авсан болохоор түүнд нь итгээд тэтгэврийн хэдээ жилээр урьдчилж аваад цагаан “сардчихсан” хөгшид ёстой орох байх газраа олж ядаж байна даа хөөрхий.

Ерөнхий сайд маань ам ангайх болгондоо л улс орон дампуурлаа, хүн бүр бүсээ чангал, хэрэглээгээ тана гэх. Төсөөлөн бодвол Монгол Улс маань “ Монгол газар”-ын Мянганбаяртай л адилхан болчихсон бололтой юм. Сайд дарга нар хот дотор том, том жип унахыг хязгаарлах шийдвэр гаргав. Шинэ ч санаа биш л дээ. Л.Гантөмөр гишүүн тэр жил санаачлаад дэмжлэг аваагүй мартагдсан юмдаг. Энэ удаад хэрэгжих эсэхийг бүү мэд. Тэд жижиг машин унахаасаа ичдэг болчихсон улс, арга ядахад өөрсдөө бензинээ хийгээд унах л байлгүй. Оргүйгээс охинтой л юм даа.

Бүх төрлийн татварыг нэмэхээр болсон. Одоохондоо төлж эхлээгүй байгаа болохоор “Сүх далайтал үхэр амар” байгаа нь лавтай. Дунджаар 300 мянга орчим татвар төлдөг байсан нэг иргэн одоогийн нэмэгдлээр 1.3 сая төгрөг төлөх болсон байна гэхийг сонслоо. Цахилгаан, хог, усны нэмэгдэл зэргийг оруулалгүйгээр шүү. За энэ ч дүүрч тансаг хэрэглээ гэж их хурлынхан нэрлээд байгаа машин, буу зэргээ зарна л биз. Харин хонь, малаа боохойноос хамгаалахад хэрэглэдэг малчид ганц бууныхаа, бас нүүдэл суудалдаа ашигладаг портер, фургоныхоо татварыг төлөх гэж хэрдээ л хөөрхөн тэвдэх болов уу.

Үүнээс хэцүү зүйл байна аа. Судалгаагаар манай улсын гурван хүн тутмын нэг нь архаг хууч өвчтэй гэх. Тэдний хэдэн хувь нь эм тарианы мөнгөө хүчрэлгүй хорвоог орхих бол гэхээс дотор шимшрэх. Эзэндээ ээлтэй хонь жилийн босгон дээр ийм муу ёрын зүйл бичиж байх ч гэж. Улсын эмнэлгүүд ирэх дөрөвдүгээр сараас эхлээд эм тариагүй болно гэдгээ оны өмнөөс зарлаад эхэлчихсэн. Тэр ч байтугай, зарим өвчтэй иргэдэд үнэ төлбөргүй өгөх ёстой /дэлхий нийтээрээ л мөрддөг жишиг/ эм тариагаа 2-3 дахин хассан байгаа юм. Дээр хэлсэнчлэн “Сар шинэ болж байхад...” гээд тэсэж суугаа учир хэл ам татлахгүй байгаа.

Чихрийн шижин гэж аюултай өвчин газар авсан талаар байнга л ярьдаг. Манай улсад л гэхэд ийм өвчтэй хүн зуун мянга хол давсан гэдэг. Тэдэнд инсулин гэх тариа үнэгүй өгдөг юм. Дээхэн үед бол инсулин маш ховор бас үнэ ихтэй байсан үед чихрийн шижинтэй хүмүүсийг тариагаар нь барьцаалан гэмт хэрэг үйлдүүлдэг байсан баримт цөөнгүй. Нэг үгээр хэлбэл, хар тамхитай зүйрлэж болно. Тийм учраас уг тариаг өвчтэй иргэдэд үнэ төлбөргүй өгөхийг өдгөө дэлхий нийтээрээ мөрддөг юм л даа.

Энэ талаар цухас дурдсаны учир нь манай Засгийн газар /магадгүй эмнэлгийн удирдлага ч далимдуулсан байхыг үгүйсгэхгүй/ уг тариаг 2-3 дахин танасантай холбоотой юм. Ядаж байхад энэ тариа нь эмийн сангуудад байдаггүй. Яагаад гэхээр үнэгүй өгдөг болохоор ганцхан компани л оруулж ирэх эрхтэй. Ихэнх өвчтөн сардаа 4-5 ампуль тариа хэрэглэнэ. Нэг ампул тариа 36000 төгрөг. Үнэ ч дүүрч. Үхэлтэй нь биш яаж ийгээд авцгаана л биз. Гагцхүү эм тариа нь олддог байхаар зохицуулсаны дараа хасах танахаа хиймээр юм. Бодвол Эрүүл мэндийн шинэ сайд энэ талаар нэгийг тунгааж суугаа байлгүй яав гэж.

Жишээ авсан нь инсулин болохоос биш цаана нь бөөрний дутагдалтай, хорт хавдартай, сэтгэцийн эмгэгтэй, сүрьеэтэй, бруцеллёзтой, ДОХ-той гэхчлэн үнэгүй эм тариа хэрэглэдэг хүн олон бий. Эдийн засаг хямарч, хүндэрч болно л доо. Гэхдээ гуравхан сая хүнтэй, 50 сая малтай, байгалийн асар их баялагтай Монгол Улс хүний эрүүл мэндийг барьцаалан гаргуунд нь хаятлаа хоосорсон гэвэл хүн итгэнэ гэж үү. Эсвэл туйлдуулж байгаад сонгуулийн наана гэнэт сайжруулах шоу яваад байна уу?

Олхонуд Шаабар