Монголд төдийгүй дэлхий даяар шуугиан дэгдээсэн “Чоно сүлд” роман Францын нэрт найруулагч Жан Жак Анногийн найруулгаар дэлгэцнээ амилан үзэгчдэд хүрч эхлээд байгаа. Долоон жилийн хугацаанд 100 гаруй сая ам.долларын өртгөөр бүтсэн уг киног монголд гаргах эрхийг “Гэгээ паблишинг” компани авчээ. Ингээд “Гэгээ" коллежийн зөвлөх багш, доктор, профессор Д. Болдбаатартай ярилцлаа. Түүнийг “Хуаньжу Гэг”, “Цаст уулын нисдэг үнэг”, “Чингис хаан” зэрэг дэлгэцийн бүтээлүүдээс гадна “Чонон сүлд” романыг орчуулснаар нь уншигчид мэдэх билээ.
 
-Зян Руны “Чонон сүлд” номыг орчуулах тухай санаа хэрхэн төрсөн бол. Энэ романы юунд та татагдаж байв?
 
-2010 оны эхээр Дэлхийн банкны байгаль орчныг хамгаалах төслийнхөн надад уг номыг орчуулах албан ёсны санал тавьсан. 2004 оны сүүлчээр Хятад даяар уг ном маш их шуугиан тарьсан л даа. Би өөрийн зав чөлөөгөөр хятадын нийгэмд болж байгаа үйл явдлыг анхаарч, сонирхож байдаг хүн.
 
“Чонон сүлд” ном хэвлэгдээд удаагүй байтал “Тус ном сарын хугацаанд 50 мянган хувь зарагдлаа”, “Хэвлэгдэн гараад дөрвөн өдрийн дараа хуурамч ном хэвлэгдлээ”, “Жун Нань Хай ордныхон буюу хятадын төрийн томчууд бүгд нэг нэгийг гараасаа салгахгүй уншиж байна” гэх зэргээр хятадын хэвлэлээр шуугиад эхэлсэн. Тэгээд хятад судлаач хүний хувьд нэг хувийг олж аваад уншсан чинь тун өвөрмөц бүтээл болсон нь илт байсан л даа.
 
-Таныг уг романыг орчуулж эхэлж байхад өөр хэдэн хэдэн хүн орчуулж байсан гэдэг юм билээ?
 
-Намайг анх орчуулж байхад өөр дөрвөн хүн нэгэн зэрэг уг романыг орчуулж байгаа тухай сураг сонсогдож байсан л даа. Тийм болохоор би нэлээд яаруу буюу 25 хоногийн дотор орчуулсан хэрэг. Сүүлд Баабартай уулзаад ярилцаж байхад “Непко”-ийн шугамаар л гэхэд хоёр янзын орчуулга хийж байсныг дурсч байсан. Нэг нь Өвөрмонголд гарсан эхээс шууд кирилл үсэгт буулгасан маягтай, нөгөөг нь ГХЯ-ны англи хэлний залууг хөлслөн орчуулуулсан гэдэг.
 
-Орчуулсан Доржсүрэнгийн Болдбаатар гээд л олон киноны төгсгөлд таны нэрийг сонсдог. Орчуулсан томоохон хэмжээний дэлгэцийн уран бүтээлүүдээсээ дурдахгүй юу?
 
-“Хуаньжу гэг”, “Чингис хаан” зэрэг нийт 1200 гаруй анги кино орчуулж, хятад, англи, япон хэлний толь бичгүүдийг эрхлэн хэвлүүлээд байна. Миний орчуулсан бүтээлүүдийн нэг болох “Чонон сүлд” романаар хийсэн кино монголд нээлтээ хийх гэж байгаад баяртай байна.
 
-Өмнө нь гаднын олон зохиолч монголчуудын тухай бичиж байсан. Зян Руны роман тэднээс юугаараа онцлог юм бэ?
 
-Юуны өмнө тус номын зохиолч арав гаруй жил Өвөрмонголын Зүүн үзэмчин хошуунд амьдарч байсан. Тухайн үед ажиглаж мэдсэн зүйлээ, монголчууд хэдэн арван мянган жилийн турш чоныг өөрсдийн өвөг дээдсээ хэмээн шүтэж, тахин, түүнээс суралцаж байсан нь амьдрал ахуй, зан заншилд нь нэвт шингэж ирсэн зэргийг уран сайхны аргаар онц сонирхолтой үзүүлснээрээ онцлогтой юм.
 
-Энэ номыг орчуулж байх явцад бэрхшээл тулгарч байв уу?
 
-Маш нягт нарийн ур шингэсэн бүтээл болохоор туйлын амаргүй ажил байсан. Хоёрт, уг бүтээл орчуулагдсан дэлхийн гуч гаруй үндэстний орчуулагчдын дунд хамгийн хүнд үүрэг оногдсон нь би байсан болов уу гэдэгт эргэлзэхгүй байна.
 
Монголчуудын тухай, монгол чонын тухай уг бүтээлийг хятад хэлнээс монгол хэл рүү орчуулах болсон гэдэг утгаар ярьж байна л даа. Тийм болохоор тун сайн орчуулах хэрэгтэй гэдэг хатуу шаардлагыг өөртөө тавьж ажилласан.
 
-Зохиолч Зян Рун гэж ямар хүн байдаг вэ. Та зохиолчтой уулзаж учирч байв уу?
 
-Энэ хүнтэй хоёр удаа уулзаж байсан л даа. Зян Рун зохиолч тун нууцлагдмал хүн гэдгийг хятадын хэвлэлүүд байнга бичдэг. Сэтгэл зүрхээ монгол ахуй, соёлд бүрэн зориулсан хүн болох нь нэвт шувт ажиглагдаж байна лээ. “Монгол найз нөхдийнхөө дунд очихоор л жинхэнэ өөрийгөө олох шиг санагддаг” гэж ярьдаг хүн байна лээ. Энэ үзэл бодлоосоо болоод хятаддаа маш их ад үзэгддэг хүн шүү дээ.
 
-Чонон сүлд хэмээх ухагдахууны талаар та юу хэлэх вэ?
 
-Энэ ном монгол ахуй соёлыг дэлхий дахинаа үнэ төлбөргүй сурталчилж өгсөн маш буянтай ажил болсон гэдэгтэй хэр баргийн хүн маргахгүй байх аа. Би “Чонон сүлд”-ийг орчуулахдаа эхлээд нэрийн учир утгыг нарийн судлаж үзсэн л дээ. “Тотем” гэдэг нь сүлд гэсэн утгатай индиан үг юм билээ.
 
Тэгэхээр монгол ахуй соёлын тухай романыг орчуулахдаа монгол хэлэнд байдаггүй энэ үгийг хэрэглэх нь зохимжгүй гэдэг үүднээс “Чонон сүлд” нэрийг оноосон нь хүмүүст харин хурдан хүрсэн байх.
 
-“Чонон сүлд” кино дэлхийн нээлтээ саяхан хийлээ. Монголд авчрахад хэр их адал явдал туулав?
 
-Намайг кино орчуулахаас өмнө дөрвөн хүн орчуулж байсан гэж түрүүн хэлсэн. Сая киногоо оруулж ирэхэд мөн адил дөрвөн компани өрсөлдөж байсан. Тэгэхээр хэр зэрэг өрсөлдөөнтэй байсан нь харагдаж байгаа байх.
 
-Зохиол дэлгэцийн бүтээл болж амилахдаа зарим нэг жаахан өөрчлөлтүүд орсон гэж сонссон?
 
-11 өөрчлөлт орсон байна лээ. Тухайлбал, Галсмаагийн чонотой улаан гараараа ноцолдож байгаа хэсгийг жаахан өөрчилсөн байна. Хүүхэд чононд хазуулдаг хэсгийг их хурцаар үзүүлсэн.
 
-Кино рейтингийн хувьд Азидаа дээгүүр байрт явж байгаа гэсэн. Энэ талаар яриач?
 
-Энэ кино 700 сая юань буюу маш өндөр өртөгтэй. Гэсэн хэдий ч өдөр тутам 100 сая юаний орлого Хятадын зах зээлд олно гэхээр ашгаа хурдан нөхөх байх. Мөн Хятад гэлтгүй АНУ, Японы зах зээлд гарна.
 
-“Чонон сүлд” кино бүтсэн талаархи ном гарсан байсан. Манай жүжигчин Р.Анхнямын талаар сонирхолтой зүйл бичсэн байна уу?
 
-Р.Анхнямын талаар нэг бүлэг байна. Гарчиг дээрээ “Монгол бүсгүйн эр зориг, эелдэг зөөлөн зан чанар, нинжин сэтгэлийг харуулсан” гэж тэмдэглэсэн байна лээ.
 
-Нууц биш бол уг киног авчрахын тулд хэр их мөнгө төлсөн бэ?
 
-Нэлээд өндөр өртөг төлсөн. Бусад Холливудын киног оруулж ирдгээс хэд дахин өндөр. Хятадтай зэрэгцээд нээлт хийхийн тулд их мөнгө төлөх шаардлагатай байдаг юм билээ. Гэхдээ яах аргагүй уг бүтээлийг орчуулсан орчуулагч, гол дүр бүтээсэн жүжигчин нь нэг баг болж эх орондоо гаргахаар хөөцөлдсөн учраас нааштай шийдэгдлээ.
 
-Маргааш нээлтээ хийхээр товоо зарласан байгаа. Киноны нээлтэнд уран бүтээлчдээс ирж оролцох болов уу?
 
-Цаг маш тулгамдуу болчихлоо. Тийм учраас хараахан амжихгүй. Харин Хятадад нээлтээ хийхэд нь уг кинотой холбоотой үзэсгэлэн гарсан. Энэ үзэсгэлэн нээлтийн үеэр дэлгэгдэнэ. Кино маань Тэнгис, Соёмбо, Өргөө кинотеатрт 17:00 цагаас зэрэг нээлтээ хийх юм. Монголын үзэгчид энэхүү киног цахар монгол буюу өвөрмонгол аялгуугаар хүлээн авч үзэх боломжтой болсныг нэмж хэлмээр байна.
 
А.Халиун
 
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин