sonin.mn

/Тэмдэглэл/

...Ойрын өдрүүдэд улс орноороо л хямрал ярьж, бухимдаж, санаа сэтгэл зовсон улс боллоо. Бас цомхотгол тэтгэврийн үүд хаалга гээд байгууллагынхан ч түвшингүй байна. Тэгж байтал хүнд бэрх үе бараан үүл салхинд туугддаг шиг сарнин алга болж нар гийнэ биз ээ. Цомхотгол гэснээс ер нь хүний хүчин зүйл гэж юу юм бэ гэж зурвас бодогдоход нэгэн нөхрийнхөө тухай эрхгүй санаж билээ. Ер нь чадалтай эрдэмтэй хүн л жинхэнэ үнэ цэнэтэй "капитал" мөн юм уу гэж ойлгодог. Хэдэн диплом хэдэн солих костюмтай байх нь хамаагүй юм шиг ээ. Өөрийнхөө тухай “хашгирч” явдаг хүн олон байдаг. Тэр хашгирах нь янз бүр. Гэтэл байгаа үгүй нь мэдэгдэхгүй ч ус, агаар шиг тустай хүн ч байна. Одоо популизм гэж их ярих болсон энэ үед хашгирагчид “зорилготой” хашгирсаар Монголоор дүүрч байна аа. Тоогүй.

Үг дуу цөөтэйнүүд нь бараг гишгэгдээд хоцорч мэдэх үе юм. Хүний хүчин зүйл гэдэг нээрэн хэдэн диплом хэдэн костюмтайгаас үнэхээр өөр байх аа. За нуршихаа орхье. Нэгэн нөхрийнхөө тухай залуучуудад ярьж өгье. Би сайн мэддэг хүн. Манайд цаг зав л олдвол загасчилна гээд гардаг хэдэн нөхөд бий. Тэдэн дундаа бүр их хорхойсдог нэг анд маань байна. Гарал угсаа гэж хөөвөл Хөвсгөлийн хүн. Нутаг нь загас жараахайтай. Энэ анд нөхрөө зүгээр нэг загас жараахайд хорхойсдгоор нь биш харин их мөрний дөлгөөн ус шиг намуухан, тэгсэн хэр нь их эрдэмтэй гэж хүндэлдэг учир мөрөн голын загастай зүйрлэж холоос яриагаа эхэлж байна.

Нэрийг нь Хасбаатарын Мэргэн гэдэг.Үнэндээ бол бас "улаан" загасчин л даа. Тэр яахав эр хүн ангийн хорхойтой. Би хувьдаа Мэргэнийг их эрдэмтэй гэж хүндэлдэг. Гэтэл гаднаасаа ер тэгж нүдэнд тусдаггүй. Зүгээр л нэг номхон дөлгөөн эрхэм. Бид наяад оны дундуур танилцсан хоёр. Мэргэн маань тэр үед Зохиолчдын Хороонд алба хашдаг байлаа. Би өөрөө Үндэсний Телевизийн нэвтрүүлгийн хэлтэст киноны төлөвлөгч, орчуулгын редактор албатай байв. Манай албаны дарга маань нэг удаа Зохиолчдын Хорооноос тэр Мэргэнийг яаж ийгээд авчрах юмсан гэв. Үнэндээ тэр үед сайн орчуулагч ус, агаар шиг хэрэгтэй байсан цаг. За тэгээд тэр гүн цээлийн ёроолд байх мэргэн загасыг яаж дэгээдэх билээ гэж боддог болгочив. Загасыг сайн өгөөшөөр барьдаг. Сахиж сууж байгаад барих арга ч бий, тор тавьдаг нь ч бий. Манай телевизийн киноны албанд социалист орнуудаас хоёр долоо хоног тутам шуудангаар олон арван кино ирдэг байв.

Кино нь тайлбар бичигтэйгээ ирнэ. Миний ажил эндээс эхэлнэ. Юу гэвэл уран сайхны болон баримтат кинонуудаас хүнд, хөнгөнөөр нь ялгаж /орчуулахад/, хэлтэй сайн хүмүүст хуваарилж өгдөг байв. Тэр үед манайх идэвхтэн орчуулагчдын групптэй, тэднээрээ юмаа хийлгэдэг байсан. Ингээд Мэргэн гэдэг далайн гүний том акулд нэг, хоёроор өгвөл яах бол гэж хэрдээ “ухаан” зарав. Утас залгаад уулзах хэрэгтэйгээ хэллээ. Дороо л яваад ирсэн. Мэргэн залуу хүн гэхэд орос хэлэнд мундаг, манай урдаа барих сайн орчуулагчдын энд лавтайяа хүрсэн чадварлаг орчуулагч байв. Ингээд анхны ажлыг шууд санал болгож Зөвлөлтийн Төв телевизээс ирүүлсэн олон ангит кино өгөв. Ирэх долоо хоногт зарласнаа шууд л хэлсэн. Мэргэн ч түргэн авч тэр дор нь “нухаж” надад авч ирсэн. Орой суугаад үүрээр дуусгаж билээ хэмээн надад бас дурсдаг юм. Над мэтийн хэлний дутуу боловсролтой албан хаагч Мэргэний орчуулгад гар хүрнэ гэвэл дэмий.

Харин харж суралцахад их завшаантай хэрэг л болох байв. Анд нөхөртэйгөө ингэж ойртсон. Аажимдаа хоёр сар болоод л нэг кино өгдөг болов. Бараг жил шахам ингэж явсан. Бас орчуулгын хөлс гэж чамлахааргүй хөөрхөн юм бичих. Мэргэн төвөгшөөдөггүй хүн тул хүнд, хөнгөн гэлгүй кино аваад л явж байлаа.Тэгж ингэсээр байтал бараг идэвхитэн орчуулагч маань болов. Энэ завсар өөрчлөн байгуулалтын давалгаан дор Монголын нийгэм доргиж их үйл хэрэг эхэлсэн юм. Бид ажлаа махран хийж л байв. Нийгэм ч солигдож, юм юм бүхэлдээ бужигнан, дээр доор орчихлоо. Улсын албан байгууллагуудын зарим нь үүдээ барьсан. Үйлдвэрүүд хаагдаж ажилчид мянга мянгаараа гудамжинд гарлаа. Дунд сургуульд биеийн тамир, зураг хөдөлмөрийн багш залуучууд нь ганзгын наймаанд гараад л талийж өгөв.

Хар үүрээр галт тэрэгний вокзалд өлөн зэлмүүн уур уцаартай хүмүүс дайн дажинтай үеийнх шиг дугаарлаж эх орон эмх замбараагаа алдсан цаг байсныг санаж байна уу. Идэх уух юм хомсдож нийтээр картын бараанд орсон. Зохиолчдын Хорооны өнөө сайхан буцалдаг ажил хурдан хөрч тэнд хоосорч эхлэв. Ингээд Х.Мэргэн маань манай телевизэд орж ажиллах болсон юм. Ингэж нэг ангуучилъя гэж бодож байсан том загас маань ашгүй өөрөө баригдсан. Дугарын Жаргал дарга бид хоёр их баярлаж билээ. Аргагүй. Кино хийгээд мэдээ бол телевизийн программын тулах багана. Тэгээд тэр том орчуулагч манайд ирж ажиллах болсон нь бахархмаар байв. Мэргэн ерөөс илүү дутуу зангүй хийх ажлаа хийгээд л явах болсон залуу. Олонтой тэгтэл бужигнаад явах ч хүн биш. Бичгийн хүний нэг тийм томоотой даруу зан байдаг.

Түүнээс хойш бараг хориод жил Монголын Үндэсний Телевизийн /2006 оноос Олон нийтийн гэгдэх болсон/ Кино программын алба маань Монголдоо урдаа барих сайн орчуулагчаар энэ үй олон киногоо үзэгчдэд хүргэжээ. Мэдээж манайд Ганчимэг, Тэгшээ, Мягмар, Гэрэлчимэг Амарсайхан гээд олон сайн орчуулагч бий. Гэвч Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгссөн, эгэлгүй эрдэмтэй, даанч даруу энэ орчуулагчийг бүгд дотносон хүндлэхээс аргагүй. Энэ бол бидний бахархал. 90-ээд оны дундуур “Халтар царайт” олон ангит кино үзэгчдийг байлдан дагуулж байхад ихэнх ангийг нь Х.Мэргэний орчуулгаар үзлээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл орчуулсан киног нь тоолбол тэнгэрийн од, усны жараахайнаас олон болох биз. Мэргэнтэй холбож болох бас нэг ийм явдал бий. Энэ зурагтаар гарч байгаа залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх Робокон гэж тэмцээн байгаа. Анх 1999 оны өвөл бараг нэгдүгээр сард байх, намайг өрөөндөө сууж байтал бичгийн цаасны талд хүрэхгүй цаас үзүүлээд –Сая Ази Номхон далайн орны телевизүүдийн хуралд суугаад ирлээ. Нэг япон нөхөр энийг өгсөн гэв. Үзтэл - Робокон тэмцээнийг үзэгчдэдээ танилцуулъя гэвэл бид бүх талын дэмжлэг үзүүлнэ. Монголд хөгжих бүрэн боломжтой гэж үзэх үндэслэл бий.

Видео хальсанд энэ яаж явагддаг тухай бичлэг хүргүүлэв гэсэн юм байсан. Ингэж л “Робоконы” тухай анх дуулгаж тэрнийг нь бид хэд өвөл, хаваржин болохгүйгээс болох хүртэл баахан таваргаж гадуур дотуур гүйлдэж билээ. Тэгээд л бүтсэн. Гэхдээ манай телевиз биш эхлээд 25-р суваг телевизийн Д.Халиуныг гуйж хэд хэд үзэгчдэд үзүүлснээр залуучууд мэддэг болсон. Загачны морь усгүй гэдэг шиг би өөрийнхөө эфирээр эхэлж гаргаж дөнгөөгүй л юмдаг. Хоёр жилийн өмнө би Х.Мэргэнтэйгээ баримтат киноны зураг авахаар Хөвсгөл далайг зорив. Уг нь бид  хоёр их эрт төлөвлөсөн юм. Коридорт тааралдах болгонд хоёр биенээ хоргоон зогсож далай руу гарна гээд л яриагаа эхлүүлдэг байлаа. Тэгснээ айлын хоёр авгай шиг хэрэгт хэрэггүй юм баахан ярьж зогсох. Гол төлөв уран зохиол, киноны тухай л ярина. Тэгээд л салахдаа Хөвсгөл явна аа л гэдэг байв. Эцэстээ нэг бүтсэн юм. Явахын өмнөхөн мань эр ажил ихтэй байсан.

Үндэсний Телевизээр “Сайхан Серафима” кино гарч байв. Сайн кино байсан. Үзэгчид ч их сонирхсон. Х.Мэргэний орчуулгаар айл айлд хүрсэн юм. Орос хэл гаргуун мэдэхээс гадна орос хэлц үг зэргийг монгол үзэгчийн санаад яв цав буутал хөрвүүлнэ гэдэг үнэхээр орчуулагчийн эрдэм л дээ. Сайн буулгаж дээ хэмээн нөхрөөрөө бахархсан. Гэтэл бас болоогүй ээ. Биднийг очих үед Хөвсгөлийн театр Английн жүжгийн их зохиолч В.Шекспирийн “Шуурга” жүжгийг сургуулилж байв. Жүжгийн орчуулгыг Х.Мэргэн маань эх хэлнээс нь хийж. Монголын хөдөө нутгийн театрт аугаа их Шекспирийг тавихаар сургуулилж байна гэвэл англичууд итгэхгүй ээ. Монголчууд бид Азийн орнууд дотроо сонгодогт харин ч эрт ойртсон улс. Улсын Драммын Академик театр В.Шекспирийн “Хамлет” эмгэнэлт жүжгийг мөн л Х.Мэргэний орчуулгаар тавьсан. Үүнээс өмнө Х.Мэргэн маань Ромео Жульетта киног орчуулсан гэж байгаа.

Тэгэхээр зиндаа нь хэр зэрэг вэ гэдэг аяндаа тодорхой байна. Телевизэд бараг 25 жилийг хамт өнгөрүүллээ. Өглөө хорооллын байрныхаа гадаа сагсгар жижиг хаваа /Өнгөрсөн жил нохой нь тэнгэрт хальсан / салхилуулангаа сүүний бидон санжигнуулан яарамгүй алхаж явна. Зүй нь “хауст” сууж, “хаммер” унаад давхисан ч багадмаар үнэ цэнэтэй хүн баймаар. Би хааяа тэгж цаашлуулдаг. Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу гэж үнэн. Энэ хавар аугаа их орны дайны ялалтын баяраар манай телевиз “Цэргийн эцэг” гэж Зөвлөлт гүрний домог болсон мундаг кино гаргасан юм. Тэр киног бид хэрэг болгон хойноос /Орос улсаас/ авчирч, зориуд Х.Мэргэндээ өгсөн билээ. Бас болоогүй ээ. Зөвлөлтийн киноны түүхэнд хэл ам дагуулж хаагдсан олон арван кино байдаг. Үзэл суртлаас гэх үү.

Тийм нэг бүтээл болох Алексей Германы “Проверка на дорогах” болон өөр нэг сайн бүтээл эмэгтэй нэрт найруулагч Лариса Шепитькогийн “Восхождение” зэрэг хэд хэдэн төвөгтэй кинонуудыг орчуулсан. Ер манай Х.Мэргэний орчуулсан кино өнгөрсөн жилүүдэд лав мянга дөхсөн байх гэж бодно. Олон ангит кинонууд тасралтгүй цувсан жилүүд байлаа шүү дээ. Телевизийн дэлгэц гэрэлтүүлэх гэж хэдэн зуун хүн ажиллаж байна. Янз бүрийн мэргэжлийн хүмүүсийн хөлс хүчээр орой болгон танай гэрийн зурагт тантай ярьж, зовлон жаргалаа хуваалцаж, баярлуулж бухимдуулж, ухааруулж гэгээрүүлдэг. Олон хүний хөдөлмөрөөр бүтдэг амаргүй ажил.

Тэдний нэг нь кино орчуулагч. Орой болгон кино гарна. Тэр бүгдийг толгой өндийлгүй сууж, гар нүдээ чилтэл бичиж, хөрвүүлдэг нь орчуулагч редакторууд. Ийм сайн орчуулагч эрдэм чадалтай хүн байгаа нь Үндэсний Телевизийн тулах багана болдог. Тэрний нэг нь манай Х.Мэргэн. Дуртай ажлаа хэн хүнээс илүү хийвч, даруухан чимээгүй явдаг өргөн их мөрний чамгүй том “акул” юм даа манай Мэргэн. Цаг дулаарахаар загасанд явахаас гадна эх орны дайны сэдэвтэй гэж болох нэг юм байгаа шүү хамт явна л гээд байгаа. Дорнод аймагт очно. Могильный толгой гэж нэг юм бий. Тэнд хөшөө биш юм гэхэд овоо ч болох нь ээ босгоно. Жирийн орос цэрэг өчнөөнөөр халуун амиа золиосолсон. Мартаж болохгүй гэж ярьж байгаа. Нэг өдөр л замд гарах байх даа. Манай Мэргэн ер нь бас сонин хүн шүү. Дуугай царайлж нуг нуг инээж байгаад хааяа час хийсэн юм хэлчихдэг хүн дээ.

Соёлын Гавьяат зүтгэлтэн Г.Золжаргал