sonin.mn
МАХН-ын дарга Н.Энхбаярын эх орончдын өдөрт зориулан хэлсэн үгтэй холбогдуулан зарим нэг буруу зөрүү ойлголтыг газар авч гай тарихаас нь өмнө залруулах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь муу үг модон улаатай учир удахгүй баахан хүмүүс “Манжийн хаан бол бидний хаан. Бид хятадын Синхайн хувьсгалын хүүхдүүд гээд орилолдоод эхэлвэл яана. Учир нь экс ерөнхийлөгч маань ”Орхон гол маань баатарлаг гавьяа байгуулж тэр битгий хэл тухайн үед хаад ноёд маань лан мөнгөөр цалин тавьж Орхон голдоо жил болгон ёслол үйлдэж мөнгө, цалин өргөдөг байсан.” гэж хээв нэг бахархалтайгаар хэлэв.
 
Эх орны төлөө үрэгдсэн монгол эрчүүдийн сүнсийг гомдтол гашуунаар хэлэв.Учир нь Манжийн цэрэгт шахагдан Орхон голд амиа алдсан  монгол эрсийн баатарлаг хирнээ харамсалтай түүхийг бүх монголчууд мэднэ.Эрэлхэг баатруудын үхэлд баяссан манжууд Орхон голд хээл хахууль цутгаж түшээ гүн цол олгосон гэдгийг мэдэхгүй монгол хүн байна гэхэд юутай харамсалтай.Манжийн хаан,түүнд бөхөлзсөн ноёдууд бол манай хаад ноёд биш л дээ.За энэ ч яахав андуурсан биз гээд мартая гэтэл ерөнхийлөгч асан маань андуурах учиргүй дахин нэг алдаа гаргав.
 
Тэрээр Франц, Хятад, Монголын  хувьсгалын талаар баахан ярьж Хятадын Синьхайн хувьсгалыг илүү онцлов. Эцэст нь “ Бид бол 5 хувьсгалын хүүхдүүд мөн” гэж дүгнэв. Үүнийг сонссон монголчууд “Бид Хятадын хувьсгалын хүүхдүүд биш” гэж уурсан хэлэх бүрэн эрхтэй. Тэр эрхээ ч эдлэх эрхтэй.Учир нь 1911 оны хятадын хувьсгалын гол зорилго бол Хятадын үндэсний үзлийг сэргээн хүчирхэгжүүлэх явдал байсан.Хятадууд үндэсний үзлээ сэргээж чадсан үед л  мандан бадрах болно гэж үзэж байсан юм.Сунь Ят Сен Хятадын хувьсгалын зорилтыг тодорхойлсон” Ардын гурван зарчим”-даа Франц болон Оросын/1905 оны/ хувьсгалаас манай хувьсгалын ялгаа нь үндэсний хувьсгал байх болно гэж онцолсон байдаг.
 
Гэтэл бид хувьсгал бүхэн адилхан, хувьсгал болгон сайн гэсэн арчаагүй мөчид сэтгэлгээгээр өнгөрсөнөө дүгнэвэл ирээдүйгээ харж чадна гэж үү? Инерцээрээ хөдөлж ирээдүйг бүтээнэ гэж байхгүй л дээ.Ер нь  түүхэн үйл явдлууд монголчуудад ямар эерэг нөлөө, үр дүн үзүүлэв гэдэгт л эн тэргүүнд ач холбогдол өгч түүхэнд хандах хандлагаа тодорхойлох учиртай.Түүнээс бус зөвхөн цар хэмжээг өрөөсгөлөөр чухалчлан үзэж сүрдэх аваас Хятадын хувьсгалын төөрч төрсөн хүүхдүүдийг Монголд олноор бий болгож байгаагаас ялгаа юун. 
 
Хятадын хувьсгал бол  эхнээсээ л Монголчуудын эсрэг байсан./Гэтэл монгол улсын ерөнхийлөгч байсан хүн бид Хятадын хувьсгалын хүүхэд мөн гэсэн утгатай зүйл хэлээд, алга ташуулаад зогсож байх юм/ Үүнийг түүх нотолно.Хятадын хувьсгалт байгууллагын мөрийн хөтөлбөрт орсон “харь угсаатныг устган арилгах” гэсэн заалт нь монголчуудын эсрэг шууд дайсагнасан утгыг ил тод, эрээ цээргүй илэрхийлж байсан.Учир нь хятад ханзаар цюй чү да ло , монголоор харь угсаатныг устган арилгах гэсэн үгийн да ло гэдэг үсгээр манжид эзлэгдэхээсээ өмнө хятадууд монголыг бичиж нэрлэж байсан.
 
Тийм учир тухайн үед монголчууд хятадын хувьсгалчдын энэ уриаг монголчуудын эсрэг гэж үзэж байсан юм.Тэгээд ч хятадын хувьсгалаар төрөн гарсан шинэ,хуучин хүчнүүд олон зүйлээр өөр хоорондоо тэрсэлдэж байсан хирнээ ганцхан зүйл дээр санал нэг,эв нэгдэлтэй байлаа.Тэр нь монголын тусгаар тогтнолыг үл хүлээн зөвшөөрөх.Хятадын хувьсгалчид 1911 оны 10-р сарын 11-нд Хятадын Учан хотод  Хятад,Түвд,Монгол,Уйгар,Хотон гэсэн 5 угсаатнаас бүрдсэн Дундад Иргэн  улс байгуулсаныг тунхаглаж байв.
 
Тийм ч учир энэ хувьсгалаас монголын эх орончид машид болгоомжилж, таашаан үзэхгүй байсан.Өвөг дээдэс маань чонын амнаас гараад барын аманд орохгүйн тулд хувьсгал хийх хэрэгтэйг ойлгосон.Өөрөөр хэлвэл манжаас арай гэж салаад хятадын мэдэлд орвол монгол үндэстэн устаж алга болно гэж мэдэж байсан учир 1911 оны хувьсгалыг хийсэн түүхтэй.Монголчуудын болгоомжлол зөв байсныг  цааш өрнөсөн түүхэн үйл явдлууд хоёрдмол утгагүйгээр нотолдог.Мөнөөхөн монголчуудыг үлдэн арилгах зорилго тавьсан хувьсгалч хүүхдүүдийн нэг болох генерал Сью Шү Жанаар удирдуулсан хятадын хувьсгалт цэргүүд болох гамингуудын гай үүний хамгийн том жишээ.
 
 Хятадын хувьсгалын эсрэг хийсэн монголчуудын хувьсгал бол Үндэсний Эрх Чөлөөний болон Ардын хувьсгал юм. 1911 оны хувьсгал нь мөн чанартаа Манжийн гэхээсээ Хятадын эзэрхийллийн эсрэг илүүтэй чиглэсэн байсан.Үүнийг  гүнзгийрүүлэн судлах нь эх оронч, үндэсний үзлийн төлөвшилд нэн чухал юм.  Эцэст нь монгол хүн бүр доорх зүйлийг чангаар бодож явах учиртайг сануулсу: 
 
ХХ зуунд монголын тусгаар тогтнолын эсрэг явагдсан ил далд санаархал бүгд хятадын Синхайн хувьсгалаас төрөн гарсан юм Хятадын хувьсгалын эцэг Сунь Ят Сен, ерөнхийлөгч Юань Ши Кай,Монгол руу цэрэг оруулах шийдвэр гаргасан Дуань Ци Жуй,Богд хааныг маань ерөнхийлөгчийнхөө зурганд мөргүүлсэн Сью Шү Жан нар бол хятадын хувьсгалын жинхэнэ хүүхдүүд мөн.
 
Монгол орныг гал усны гашуун зовлонд унагасан гамингууд бол хятадын хувьсгалын  төрсөн хүүхдүүд мөн.
Харин бид бол тусгаар тогтнол гэсэн үнэт зүйлээр хүйн холбоотой монголын гурван хувьсгалын хүүхдүүд юм.
 
Д.Өрнөхбаяр /Шинэ үе-шинэ хүчний холбоо/