sonin.mn
Авлигаар эхэлж, татвараар үргэлжилсэн хэрэг
 
 
“Саусгоби сэндс”-ийн удирдах ажилтнууд буюу гадаадын иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн. Үүнийг хөрөнгө оруулагч, бизнесийн салбарынханыг үргээхгүй байхад ихээхэн үүрэг гүйцэтгэлээ гэж олон нийт үзэж буй. Гэвч “нэр хугарахаар яс хугар” гэдэгчлэн хууль хяналтныхны байгуулсан шинжээчдийн дүгнэлт хуудуудтай, тус компанийнхан 35 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах шүүхийн шийдвэрийг давж заалдах бололтой.  Учир нь тэд Монголын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ хэрэг анх гурван жилийн өмнө эхэлсэн байдаг. 
 
Гэхдээ анх татвартай холбоотойгоор бус Авлигатай тэмцэх газар “авлига өгсөн гэж” шалгаж эхэлсэн байдаг. Гэтэл авлигын хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдож тухайн үед хэрэгсэхгүй болгож байсан. Тэгтэл Мөрдөн байцаах газраас мөнгө угаасан байж болзошгүй хэмээн үргэлжлүүлэн шалгасан бөгөөд мөн л хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл 6.1 их наяд төгрөг угаасан гэх. Гэтэл энэ хэмжээний мөнгө нь тухайн үедээ Монгол Улсын жилийн төсвийн хэмжээний хөрөнгөтэй тэнцэхээр байгаа юм. Энэ асуудлаар 2013 оны зургадугаар сар болон 2014 оны нэгдүгээр сард мөрдөн байцаагчаас хэрэгсэхгүй болгох санал хоёр удаа гаргасны дагуу прокуророос 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хэрэгсэхгүй болгосон байдаг. 
 
Түүний дараа татварын хэрэгт холбогдох болсон бөгөөд 234 тэрбум төгрөгийн талаар яригдаж эхэлсэн. Гэвч дөрвөн удаагийн шинжээчдийн баг орж ажиллаад анхны 234 тэрбусм нь эцсийн дүнгээр 35 тэрбум болж буурсан юм. Өөрөөр хэлбэл шинжээчдийн баг орох бүрт татвараас зайлсхийсэн гэх мөнгөн дүн нь буурсаар байсан аж. Тодруулбал 2007-2011оны хооронд тус компани 400 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийж 100 гаруй тэрбумыг татварт төлсөн байдаг. Тэгэхээр анх эхлүүлсэн 234 тэрбумыг нэмж тооцвол 300 гаруй тэрбум төгрөг буюу “Саусгоби сэндс” компанийн нийт орлогын 75 хувийг татварт авна гэсэн үг. Ингээд тооцоход дээрх тоо ямар нэгэн тооцоололгүй, зохиомлоор бий болсон гэдэг нь харагдаж байгаа юм.
 
Тус компани 2007 оноос өнөөдрийг хүртэл 700 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийж, улсын орлогод 200 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Тодруулбал тэдний төлсөн татварын мөнгөөр 200 сургууль барих боломтой гэсэн үг. Мөн энэ хугацаанд 1.2 их наяд төгрөгийн дотоодын худалдан авалт хийж, орон нутгийн хөгжилд зориулан 8 тэрбум төгрөгийн хандив, хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Энэ мэтчилэн тэдний хийсэн үйл ажиллагааны зр дүнд ямар хэмжээний хөрөнгө оруулалт явагдаж байна вэ гэдэг нь тодорхой харагдана. Түүнчлэн 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулчихаад хууль зөрчихийг санаархана гэдэг өөрийгөө боомилж буйгаас ялгаагүй хэрэг. Тиймээс “Саусгоби сэндс” Монголын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа дараах байдлаар тайлбарласан байдаг. 
 
Шинжээчид анхан шатны баримтыг үзэлгүй ийм дүгнэлт гаргажээ
 
Нэгдүгээрт, “Саусгоби сэндс”-ийн хэрэг дээр ажил­ласан шинжээчдийн дүгнэлт гаргахдаа бусад бор­луулалтын орлогыг тайланд дутуу тусгасан байна. Тодруулбал, шинжээчид “Саусгоби сэндс” компанийн 683.2 сая төгрөгийн орлогыг дутуу тайлагнасан гэсэн үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, 371.6 сая төгрөгийг “Саусгоби сэндс “-ийн 2009 оны дөрөвдүгээр улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын /ААНОАТ/ тайлангийн "албан татвар ногдох бусад орлого"-д оруулан тайлагнасан байдаг. үүнийг шинжээчид шалгаж үзээгүй аж. Мөн 311.6 сая төгрөг нь тайлагнасан орлого бөгөөд шинжээчид компаниас гаргасан тайлбар, нотлох баримтыг үл ойшоожээ.
 
Хоёрдугаарт, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг /АМНАТ/ худалдан авагчаас авахаар тооцон авлагад бүртгэсэн боловч тайланд орлогоор аваагүй. Тухайлбал, “Саусгоби сэндс”-ийн байгуулсан нүүрс борлуулах гэрээнүүдэд АМНАТ-ийг худалдан авагч хариуцна гэсэн заалт байхгүй. Гэтэл шинжээчид компаний авлагыг 19.900.987.300 төгрөг хэмээн тооцсон байдаг. Ийм мөнгөн дүнтэй авлага байхгүй гэдгийг тус компанийнхан нотолж байна. Шинжээчид шүүх хуралдааны явцад АМНАТ-ийг худалдан авагчаас нэмж авах заалт огт байдаггүйг хүлээсэн хэрнээ дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан өмнөх шинжээчдийн зохиосон хүснэгтийг үндэслэн буруу гаргасан гэж “Саусгоби сэндс” үзэж байгаа юм. 
 
Өөрөөр хэлбэл анхан шатны баримтыг үзэлгүй ийм дүгнэлт гаргасан. АМНАТ-ийг худалдан авагчаас авна гэдэг нь өөрөө Ашигт малтмалын тухай хуулийн 47.1, Татварын ерөнхий хуулийн 12.1-ийг тус тус зөрчих тул шинжээчдийн дүгнэлт үндэслэлгүй болох нь тодорхой гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.
 
Шинжээчид хөндлөнгийн мэдээллээр нотлогдсон гэдэг ч нотлох баримтаа одоо ч үзүүлээгүй
 
Гуравдугаарт, Тайлан балансад бүртгэлгүй хөрөнгөнд элэгдэл байгуулж зардалд оруулан татвар ногдох орлого бууруулсан. Гэтэл шинжээчдийн дүгнэлтэд дурдсан “тайлан балансад бүртгэлгүй хөрөнгө” гэдэг нь Саусгоби сэндс компанийн 2007-2010 онуудад хийсэн 66.8 тэрбум төгрөгийн хайгуулын зардал бөгөөд үүнийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг ногдуулах, нягтлан бодох бүртгэлд бүртгэх зөвлөмжийн 5.4.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайд хийсэн хайгуулын ажлын зардал болон уурхайн эдэлбэрийг ашиглалтад бэлтгэсэн зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд шууд тооцох бус, капиталжуулаад ашигт малтмалын нөөцийн олборлолтын туршид буюу ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд хорогдуулж зардалд тооцно. Ийнхүү зардалд тооцсон дүнг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцно” гэж заасны дагуу элэгдүүлж татвар ногдох орлогоос хасч тооцсон болно. 
 
Ашигт малтмалын хайгуулын болон үнэлгээний тухай Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын (СТОУС) 6-д аж ахуйн нэгж санхүүгийн тайландаа ашигт малтмалын хайгуул, үнэлгээний зардлыг шууд зардлаар хүлээн зөвшөөрөх эсхүл капиталжуулах хоёрын аль нэгийг сонгож болно гэж заасан. Шинжээчид СТОУС-ын дагуу тайлагнасан санхүүгийн тайлан болон татварын хуулийн дагуу тайлагнасан ААНОАТ-ын тайлангийн зөрүүг үл хэрэгсэн буруу дүгнэлт гаргасан.
 
Дөрөвдүгээрт, Шинжээчид 311.6 сая төгрөгийн НӨАТ-ыг дутуу тайлагнасан хэмээн үзсэнийг Монголын шүүх үндэслэл болгон авч үзсэн. Гэтэл шинжээчдийн энэ дүгнэлт асуудалтай байсныг доорх тоо, баримт нотолж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 20.8 сая төгрөгийг доллараар бичсэн НӨАТ-ын падааныг худалдагч, худалдан авагч хоёр тал өөр өөр ханш ашиглаж тайлагнасныг шинжээчид үл ойшоон зөрчил гэж үзсэн байдаг. Мөн 290.8 cая төгрөгийн хувьд шинжээчид хөндлөнгийн мэдээллээр нотлогдсон гэдэг боловч одоог хүртэл нотлох баримтаа үзүүлээгүй. Тиймээс компанийн зүгээс үүнийг ямар нэгэн асуудалтай дүгнэлт гэж үзэж байгаа юм.
 
Орон нутагт тусламж үзүүлсэн нь буруутгах үндэслэл гэв үү
 
Тавдугаарт, Монгол Улсын НӨАТ-ын тухай хуулиар акталж устгасан хөрөнгөд мөн мөнгөн хандивт татвар ногдуулдаггүй. үүнийг шинжээчид шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн. Тэдний дүгнэлтэд дурдсан 34.6 тэрбум төгрөгийн бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн бараа, ажил үйлчилгээ гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь, ашиглах боломжгүй болсноос үүдэн данснаас хасч акталсан үндсэн хөрөнгө 32.9 тэрбум төгрөг. үүнд, шатсан экскаватор, ашиглах боломжгүй болсон дугуй, сэлбэг гэх мэт актлагдсан эсхүл шатаж, устаад ашиглах боломжгүй болсон хөрөнгө багтаж байгаа аж. Мөн орон нутгийн иргэд, байгууллагад өгч тусалж дэмжсэн хандив, тусламжийн мөнгөн дүн нь 1.5 тэрбум төгрөг болж байгаа юм байна. үүнд, 100 хүүхдийн цэцэрлэг, хилийн боомтын ажиллагсадын амьдрах байр, орон нутагт худаг гаргах гэх мэт сайн санааны тусламж дэмжлэгүүд багтдаг. 
 
Зургаадугаарт, Саусгоби сэндс ХХК-ийн толгой компаниас санхүүжилт хийсэн 693.9 сая ам.долларын ханшийн зөрүүний алдагдал болох 83.0 тэрбум төгрөгийг НББ-ийн тухай хуулийн 9.1, 9.2 болон 9.3-д “Санхүүгийн тайлан гаргахдаа гадаад валют, түүгээр илэрхийлсэн авлага, өр төлбөрийн үлдэгдэлийг Монголбанкнаас зарласан, тухайн өдрийн ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлж бүртгэнэ.” гэж заасны дагуу санхүүгийн тайландаа тусгасныг хуурамчаар өглөг өсгөсөн гэж шинжээчид илэрхий алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа юм байна. Уг ханшийн зөрүүний алдагдлыг татвар ногдуулах орлогоос хасаагүй нь Монгол Улсын Сангийн яамнаас баталсан “Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан”-д тодорхой тусгасан байхад шинжээчид уг тайланг үл ойшоож дүгнэлт гаргасан нь манай улсад орж ирсэн, цаашид орж ирэх бүх гадаад хөрөнгө оруулагчдыг гэмт хэрэгт холбогдуулахуйц дэндүү хариуцлагагүй, буруу дүгнэлт болж байгаа юм. Мөн толгой компани нь Саусгоби сэндс ХХК-ийн өмнөөс төлсөн цалин, даатгалын төлбөрийг өглөгт бүртгэснийг хуурамчаар өглөг үүсгэсэн гэж буруу дүгнэсэн нь Иргэний хуулийн үүргийн гүйцэтгэлийг гуравдагч этгээдийн өмнөөс хангаж өглөг, авлагын харилцаа үүсдэг бизнесийн энгийн харилцааг үгүйсгэсэн ташаа дүгнэлт болжээ.
 
Нэг татварыг хоёр удаа төлөх ёстой юу
 
Долоодугаарт, Шинжээчид суутгагчийн аж ахуйн нэгжид (ААН)-д олгосон орлогоос ААНОАТ суутгаагүй гэж үзсэн. Гэвч ААНОАТ-ын тухай хуулийн 17.2.9 /д/-д "Монгол Улсаас эх үүсвэртэйгээр шууд болон цахим хэлбэрээр гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлого" гэдэг заалт 2011 онд шинээр нэмэгдсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтэд дурдсан уг гүйлгээ нь 2008 онд хийгдсэн бөгөөд хуулийг буцаан хэрэглэх нь хууль бус. Мөн суутгагчийн ААН-д олгосон орлогоос НӨАТ суутгаагүй гэжээ. үнэн хэрэгтээ “Саусгоби сэндс” ХХК нь гадаадын компаниас 2009 онд авсан үйлчилгээнд НӨАТ төлөөгүй байсныг 2010 оны зургаадугаар сард нөхөн ногдуулж төлснийг шинжээчид үл ойшоон дахин нөхөн татвар төлүүлэхээр дүгнэсэн. Энэ нь нэг татварыг хоёр дахин төлөхийг шаардсан хууль бус дүгнэлт болох нь илэрхий байгаа юм.
 
Наймдугаарт, Тус компанаийг эрх борлуулсны орлогод татвар дутуу ногдуулсан гэж үзсэн байдаг. “Саусгоби сэндс”-ийн зүгээс тодорхой нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд техникийн мэдээлэл худалдаж, үүнийхээ дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлсэн нь үнэн. Эрх борлуулсан гэж үзсэн ч ААНОАТ-ын тухай хуулийн 4.1.6, 21.5 болон 17.2.7-д заасны дагуу эрх борлуулсны орлогоос худалдан авагч тал нь татварыг төлөх үүрэгтэй байдаг. Тэгэхээр “Саусгоби сэндс” худалдагч тал учраас суутгагчийн үүрэг хүлээхээргүй байна. 
 
Хэнд итгэх бол 
 
Энэ мэтчилэн шинжээчдийн дүгнэлтүүд үндэслэл муутай байсаар атал прокурор, шүүх үндэслэл болгосныг “Саусгоби сэндс” эсэргүүцэж буй хэрэг. Хэдийгээр тус компани 100 хувь гадны хөрөнгө оруулалттай ч ажилчдын 99 хувь нь монголчууд. Гэхдээ 10 ажилтантай байгууллага биш шүү дээ. 400-700 хүн байнгын ажлын байртай байж, харилцан хамааралтай буюу туслан гүйцэтгэгч зэрэг компаниудыг оролцуулан тоолвол дахин хэдэн мянгаар тоологдоно. Тийм байтал тэнд ажиллаж буй монголчууд бүгдээрээ эх орныхоо нэр хүндийг унагаах алхам хийнэ гэж үү дээ. 
 
Тэгээд ч “Саусгоби сэндс” бол олон улсын хоёр ч хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, нээлттэй компани. Нээлттэй компаниуд хувь нийлүүлэгчид нь итгэж болохуйц хөндлөнгийн санхүүгийн аудитын байгууллагаар жил бүр шалгуулах шалгууртай байдаг. Тиймээс дэлхийд нэр хүндтэй PWC, KPMG гэх мэт байгууллагууд хөндлөнгийн санхүүгийн аудитаар нь жил бүр ажиллаж, заримдаа давхардсан хяналт ч хийдэг аж. Тэдгээр байгууллагуудаас татвараас зайлхийсэн тохиолдлыг илрүүлж байгаагүй бөгөөд “Саусгоби сэндс” компанийн хувь нийлүүлэгчид, тэднийг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүд бүх тайлантай нь танилцдаг.
 
Гэтэл манай улсын хууль хяналтын байгууллагуудаас томилогдсон шинжээчдийн баг хэд хэдэн удаагийн дүгнэлт хийж, тэр бүртээ өөр өөр дүгнэлт хийсэн байдаг. Тэгэхээр олон нийт тэр тусмаа гаднахан дэлхий дахинд итгэл үнэмшил төрүүлсэн нэр хүндтэй байгууллагын дүгнэлтэд итгэх үү, Монголд төрийн байгууллагад ажиллаж байгаа ашиг сонирхолын зөрчил бүхий янз бүрийн дүгнэлт гаргадаг шинжээчдийн дүгнэлтэд итгэх үү гэдэг асуудал үүсч байна. 
 
Эх сурвалж: