1. Ингэж 2015 оны 2-р сарын 19-ны өдөр Ноён уулын өлсөгчдийн нэг нь мэдэгдсэн юм. Учир нь УИХ-аас Ноён уулын асуудлыг хойшлууллаа хэмээн мэдэгдсэн боловч 2-р сарын 18-ны битүүний шөнийн УИХ-ын хаалттай хуралдаанаар хоёрхон секундын дотор Ноён уулыг ашиглах асуудлыг шийдсэн хэмээн өлсгөлөнд оролцогчид олон түмэнд тайлбарлаж байлаа. Бараг 400 мянга орчим хүн Ноён уулыг ашиглахыг эсэргүүцэж гарын үсгээ зурсан юм.
 
2. Тиймээ, цагаан сар олдоно. 
Эх орон олдохгүй
Тиймээ тарган ууц, хэвийн боов олдоно
Эх нутаг олдохгүй ээ
Хоёрхон хормын дотор хууль баталж
Хувь заяаг шийдсэн гэв үү?
Хоёрхон хормын дотор кноп дарж
Эх оронг минь худалдсан гэв үү?
Наадам, цагаан сар гэдэг чинь хулгай дээрмийн үе үү?
 
3. 2015 оны 2 дугаар сарын 18-ны битүүний шөнө бүхнийг бөх, битүүн хоёроор саатуулж байгаад битүү олон хууль батлав. Төрийн эргэлт гарлаа. Түмэн олны анхаарлыг бууз, баншинд чиглүүлж байгаад л булхайтай заалтууд батлагдлаа.
 
Боохой борооноор, босуул, шуурганаар, бэлтрэг битүүнээр гэдэг юм л боллоо. Сүхбаатарын төв талбайд “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн бөө нартай бөөлж бөөн юм болж төрийн ордон дээр бөөн хар хэрээ буулгаж, түүнийгээ “Ноён уул” хар шувууны даллагатай, тэрхүү хар шувууд нь төрийн ордон дээр бууж түмнийхээ эсрэг явсан төрийн түшээдийг бут ниргэх гэж байна” хэмээн мэдэгдсэн.
 
Цагдаад хүчээр тараалгасныхаа дараа “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэмцэгч Цэрэннадмид гуай дараах мэдэгдлийг хийсэн. “Боро гоулд" компанийн Монгол улсын засгийн газрыг хариуцсан захирал, тагнуулын төв газрын экс дарга, хошууч генерал Сандаг Ноён уулд хоёр зуун бөө аваачиж уул усны лус савдаг болон уул усаа харамласан монголчуудын хүсэл зоригийг дарж, тэмцлийн галыг унтрааж өгөхийг хүсэж бөөлүүлжээ. Тэр ч байтугай нэг их мэргэн зайранг гурван шавийнх нь хамт аваачиж тэрхүү мэргэн хүн улмаар нас барж маргаан дэгдэх шахсан боловч эхнэрт нь мөнгө өгч асуудлыг зохицуулсан байна. 
 
Гандангийн 1000 ламын уншлагын байр болох зогсож царцсан дуусаагүй барилгыг амилуулж өгье, та нарт номын ид шид байна уу? Та нар ном уншиж монголын ард түмний хэл ам, хүсэл зориг, хүч чадлыг дарж мохоож өгөх боломж байна уу? Ингэж дарж өгвөл барилгыг нь барьж өгье гэж тохиролцоод хоёр өдөр ном уншуулсан сураг байна. Хэрвээ үнэн бол Есүс шүтлэгтэй гадаадын хөрөнгөтний том компаниуд монголын бөө лам нараар хараал хийлгэж монголын ард түмнийг “баллаж” өгөх нь шив.
 
Эх сурвалж "Хөх толбо"