sonin.mn
МОСКВА. /yoki/. Монголын өмнөд нутагт оршдог Тавантолгой нүүрсний уурхайд олборлолт явуулах эрхийг Хятадын “Чайна Шэньхуа энержи”компани авчээ. Тус компани уг ордыг ашиглах эрх олгох сонгон шалгаруулалтад дэлхийд томоохонд тооцогддог Америкийн “Peabody Energy Corporation” компанийг ялсан байна. “Сонгон шалгаруулалтын дүнд Америкийн компани дургүйцэж байгааг”, мөн “монголчууд мега төслүүдийг хэрэгжүүлэх туршлагагүй учраас алдаа гаргаж байна” гэж Монгол дахь АНУ-ын Элчин сайд Пайпер Энн Уинд Кэмпбелл мэдэгджээ.
 
Геополитикийн буруу сонголт хийлээ хэмээн Америкийн Элчин сайд Монголыг буруушаагаад эдийн засгийн талаар хараат бус байх хэрэгтэй гэж мэдэгджээ. “Тоглогчид бүгд ижил дүрмээр тоглосон үед АНУ ялах боломжтой байдаг” гэж тэрбээр хэлсэн байна.
 
Монголд бизнесийг чөлөөтэй эрхлэх нөхцөл бололцоо байхгүй гэж АНУ-ын Элчин сайд хэлсэн нь хэр үнэний ортой вэ гэдэг талаар Орчин үеийн Афганистаныг судлах төвийн шинжээч Дмитрий Верхотуров “Правда” сонинд ярилцлага өгөхдөө дүгнэлт хийжээ.
 
“Монголын тодорхой бүс нутагт ялангуяа говьд нүүрс олборлох тал дээр Хятадын компани хангалттай хэмжээний туршлагатай. Үүнээс гадна, Монголын өмнөд нутгийн замыг бас хятадууд тавьсан. Тэгээд ч Монгол нь Орос, Хятадын дунд оршдог. Үнэндээ тэдэнд өөр сонголт байгаагүй бөгөөд нүүрсийг  хаашаа ч гаргасан Хятадын нутаг дэвсгэрээр л дамжуулна. Тийм учраас энэ нь бизнес эрхлэлтэд ямар ч хамаагүй юм” гэж Д.Верхотуров хэлсэн байна.
 
Монголчууд үнэхээр мега төсөл хэрэгжүүлэх туршлагагүй юу? гэдгийг “Правда” сонины сурвалжлагч лавлажээ. “Өнгөрсөн 60 жилийн хугацаанд монголчууд Зөвлөлт, Хятад хоёрын тусламжтайгаар багагүй бүтээн байгуулалт хийсэн, тэд томоохон үйлдвэрлэлийг сайн мэддэг” гэжД.Верхотуров онцлон дурдсан байна. Оросын компаниуд сонгон шалгаруулалтад оролцсон эсэх талаар “Правда” сонины сурвалжлагч тодруулжээ.
 
“Оросын компаниудын хувьд улс орных нь нутаг дэвсгэрт өөрийн гэсэн нүүрсний ордууд бий. Ер нь нүүрсний нөөц багатай говь нутагт хэн ч байсан тийм их хэмжээний хөрөнгө оруулахыг зүрхлэхгүй. Өөр улс орон, газарзүйн хувьд төвөгтэй байрлалтай бүс нутагт хөрөнгө оруулах нь ашиггүй” гэж Д.Верхотуров хариулсан байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: