sonin.mn
Монгол Улс сүүлийн 10 жил газрын доорх баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, гадны хөрөнгө оруулагчдыг урин дуудсаар байгаа. Гэвч уурхайн нөхөн сэргээлт,тухайн нутаг орны хөгжил дэвшлээс гадна эх орныхоо хэвлийг хөндөж, ухаж төнхөж байгаа нь баялгийн хараал хүртэхийн эхлэл хэмээн ярьж, бичиж эсэргүүцэгчид олширч байгаа. Үнэндээ газар доорх баялаг бол ухаж, ашиглаж, дуусах баялаг. Энэ хэлбэрээр явбал нэг л өдөр эрдэс баялгийг нь ухаад авчихсан хоосон нүх, хатсан голын сайр, ангамал хоосон талтай үлдэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс ухаж шавхагдашгүй Монгол ухаан, өвлөж дуусашгүй ардын уламжлалаа хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулвал хөгжлийн “галт тэрэг”-ний хурдыг нэмэгдүүлэх учиртай гэж бодном. 
 
Саяхан даа, “Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн, хүүхдийн номын зураач, зохиолч Н.Эрдэнэбаяр Япон улсын Гадаад хэргийн яамнаас зохион байгуулдаг Олон улсын Манга уралдаанд тэргүүлж, Гран при шагналаа гардсан билээ. Хэдийгээр түүнийг монголчууд сумочид шиг анхаарч, алга ташин хүлээж авахгүй байгаа ч бид авьяасыг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бий гэдгийг Н.Эрдэнэбаяр нотлон харууллаа. Түүнийг дурьддаг нь ч учиртай. Яагаад гэвэл манга бол Японы урлагийн маш эртний төлөөллийн нэг. Тиймээс япончууд манга буюу комик урлагийг Олон улсад түгээн дэлгэрүүлэхийн тулд Засгийн газрынхаа бодлогоор дэмжүүлэн дээрх уралдааныг зохион байгуулдаг аж. Мангаг урлаг судлаачид Шинто шашны ханын зургаас үүсэлтэй гэж үздэг бөгөөд одоогийн хэв маягаа XIX зуунаас олж, Дэлхийн II дайны /1940-өөд оноос/ дараа бүрэн утгаараа хөгжиж эхэлсэн гэдэг. 
 
Мангаг зарим хүн зүгээр л хүүхдийн зугаа гэж боддог. Тэгвэл энэ нь Японы соёлын өвөөс гадна цаанаа аж үйлдвэрийн нэгээхэн хэсэг болон хөгжжээ. Өөрөөр хэлбэл тус улсын Аж үйлдвэрийн яаманд зөвхөн “манга” буюу анимэг хариуцдаг хэлтэс байдаг юм байна. Учир нь 1950-иад оноос манга зохиол нь Японы хэвлэлийн үйлдвэрлэлийн гол салбар болж, жилд 481 тэрбум иений орлоготойд тооцогдох болсон байна. Сүүлийн үед буюу 2012 онд л гэхэд Японы анимэ бүтээдэг компаниудын жилийн орлого 172 тэрбум 500 сая иен буюу 1.72 тэрбум ам.доллараар тооцогдож байжээ. 
 
Бод доо бүхэл бүтэн 1.72 тэрбум ам. доллар шүү. Гэтэл Монголчууд бид 1.5 тэрбумтай тэнцэх “Чингис бонд”-ыг дэлхийн банк санхүүгийн зах зээл дээрээс босгон ирж зам, барилгад зарцуулсаны дараах хэрүүл, тэмцэл өнөөдөр ямар хэмжээнд яригдаж байгаа билээ. Тухайн үед манай улсын үндэсний нийт бүтээгдэхүүн ойролцоогоор 12 тэрбум ам.доллар байж. үндсэндээ япончууд газрын баялаг гэх зүйлгүй ч оюунаа хөгжүүлж, ухаанаа зарж борлуулахдаа гарамгай хүмүүс гэдгээ дэлхий нийтэд мэдрүүлж байна. Тэдний энэхүү урлагийг монголчууд хөгжүүлэн дэлхийд борлуулж чадна гэдгээ ч харууллаа.
 
 “Би” гэж цээжээ дэлдэх бус биет байдлаар харуулж, тархиа ухвал монголчууд амжилтад хүрч чадна гэдгийг энэ удаагийн манга уралдаан тодорхойлсон. Өөрөөр хэлбэл монголчууд бид хөгжүүлж чадвал оюуны өндөр потенциалтай, ур чадварын хувьд хэнээс ч илүү гэдгээ байнга харуулж байгаа. Тэгэхээр ямар ч тохиолдолд газрын баялаг руугаа шууд улайран дайрахын оронд иргэдийнхээ ухааныг зарж, уламжлал, соёлоо дэлхийн брэнд болговол эдийн засгийн хөгжилд бодит ахиц гарах боломжтой гэдгийг Монгол залуус харуулсаар байна. 
 
Бид өнгөрсөн жилүүдэд ЮНЕСКО-д соёлын биет болон биет бус өв маш олныг бүртгүүлсэн. Хамгийн сүүлд шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын өвөөр бүртгүүлсэн нь бас л чамлахааргүй амжилт. Ер нь ухаж, дуусгаж биш ухааны цар, оюуныхаа бядаар олж, цуглуулах арвижуулах цаг болжээ. Өөрсөддөө байгаа хэдэн арван тэрбум ам. доллараар хэмжигдэшгүй оюуны их бяд, боломж бололцоогоо нээн илрүүлж, үр хойчдоо өвлүүлэн, дэлхий нийтэд сурталчилж “мөнгө босгож” яагаад болохгүй гэж. Газрын баялгийг ухаж, авчихаад дараа нь нөхөн сэргээлт хийнэ. Ур чадвартай залуус бол ухаанаа ухаж, зараад өгчихгүй улам бүр баяжуулна. Тиймээс л ухаан хийгээд уураг тархин дахийг урамшуулж дэлхийн брэнд бий болгохсон. 
 
Эх сурвалж: