sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын иргэн Жастин Капла нарт уучлал үзүүлсэн нь багагүй асуудал дагуулаад байгаа. Тэгвэл Төрийн тэргүүн онц их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр ял сонссон Жастин Капла нарт уучлал үзүүлсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, иргэн Б.Энхбаяр Цэцэд гомдол гаргахаар болжээ. 
 
Тэрбээр энэ талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа бичихдээ “Монгол Улсад төлөх ёстой 35 тэрбум төгрөгийг төлөөгүй. Энэ мөнгөө төлөхгүй хэмээн давж заалдаж, шүүх эцэслэн шийдвэрлээгүй байх үед нь Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн “Монгол Улсад оршин суугаа хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх” үндсэн зарчмыг гажуудуулсан. 
 
Ерөнхийлөгч шүүхийн шүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож нөлөөлсөн, хохирлоо компани нь барагдуулна гэж ард түмэндээ худлаа хэлсэн зүй зохисгүй үйлдэл боллоо гэж үзэж байна. Ерөнхийлөгч шүүхийн анхан шатны шийдвэр гараад давж заалдаж буй иргэнд, тэр дундаа гадаадын иргэнд уучлал үзүүлсэн нь Монгол Улсын хувьд цорын ганц бөгөөд анхны тохиолдол юм. Ядаж шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа зүй нь уучлалын асуудлыг ярих ёстой байтал юунд яарав” хэмээн бичжээ.
 
Ямартай ч тэрбээр ирэх долоо хоногт Үндсэн хуулийн Цэцэд хандах юм байна. Б.Энхбаярын хувьд өмнө нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг өөрийн багцын 50 тэрбум төгрөгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан гэж үзэн АТГ-т шалгуулахаар өгч байсан юм.
 
М.Өнөрөө
Эх сурвалж: