sonin.mn
 
Банкныхан, үндэсний үйлдвэр, компаниуд , томоохон дэлгүүр, зоогийн газар, зочид буудал , төрийн олон байгууллагууд, эмч багш нар гээд л Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх  ПОЛИСИ төвийг сайн мэддэг болжээ. Нэр дэвшигчид болоод сонгуулийн менежерүүд  ч Г.Эрдэнэгэрэлийг андахгүй. Учир нь тэдэнд  имиж бүрдэлт, сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө өгдгөөрөө тэрээр тодорхой хүрээнд алдартай. Тиймээс ч МЗХ-оос жил бүр зохион байгуулдаг “Залуу Хүн 2015” цуврал лекцийн анхны зочноор уригдсан нь лавтай. Ингээд “ПОЛИСИ” төвийн захирал Г.Эрдэнэгэрэлтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. 
 
-Амжилтын тухай та юу гэж боддог вэ?
 
-“Амжилт гэдэг амжихыг хэлнэ “ / Успех-это значит успеть/ гэж оросын яруу найрагч Марина Цветаева хэлсэн байдаг. Ер нь анзаарч байхад бүтээлтэй, мөнгөтэй, нэр хүндтэй яваа нь бусдаас түрүүлээд ихийг сурч, олныг бүтээсэн хүмүүс байдаг. Эдгээр хүмүүсийн нийтлэг шинж нь цагийн менежмент сайтай, бага цагт их бүтээмжтэй ажиллаж хэвшсэн нь анзаарагддаг. Тиймээс амжилт гэж бусдаас түрүүлж сэтгэдэг юм юманд амжиж хүрсэн хүмүүсийн тогтвортой үйл ажиллагаа болов уу.
 
-Та өөрийгөө амжилтад хүрсэн хүн гэж тооцдог уу?
 
-Ердөө ч үгүй. Миний үеийн залуучууд ихэнх нь наад зах нь хоёр хэлээр чөлөөтэй ярьдаг. Англи, хятадаар илтгэл тавьдаг, герман, япон хэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа бичин ном гаргасан хүмүүс эргэн тойронд зөндөө бий. Миний хувьд тэдгээр залуучуудыг үүнийг уншаад сууж байхад өөрийгөө амжилтанд хүрсэн хүн гэж хэлэхэд ичмээр санагдаж байна. Учир нь би тэдэн шиг мундаг хэлний мэдлэггүй олон эрдэм шинжилгээний ажил бичиж төр түмнийхээ нэр хүндийг олон улсад гаргаж амжаагүй тэгэхээр би олон юмыг амжуулаагүй гэж өөрийгөө голдог.
 
-Амжилтын эздийн сэтгэл зүйн дүр төрх таны ажигласнаар ямар байдаг вэ?
 
-Би бодохдоо амжилтад хүрсэн хүмүүс ихэнхдээ дотроо бодолтой, тооцоо сайтай, хүний арга эв олдог, авхаалжтай, сэргэлэн зан чанартай байдаг. Бидний аав ээжийн үед өмнөх нийгмийн үед шүү жаахан хөдөлгөөнтэй, наймаанд сайн, аж ахуйч хүнийг дамчин, зальтай гэж ад үздэг байлаа. Гэтэл тийм хүмүүс өөрийгөө төдийгүй бусдыг өөд нь татаж, нийгмийг урагш нь хөдөлгөхөд нөлөөлсөн. Хоёрдугаарт тэд тэвчээртэй. Аз, амжилт хэнд ч нэг л өдөр хүрээд ирдэггүй . Олон жилийн уйгагүй оролдлого, амжиж бүх юманд оролцсон хөдөлмөрийн үр дүнд хүн амжилт олдоод байгаа харагддаг. Гуравдугаарт амжилттай яваа хүмүүс дандаа өөдрөг сэтгэлтэй хүмүүс байдаг. Гүйж яваад унасан ч шороон дээр хэвтээд байдаггүй, босоод цаашаа гүйнэ. Сүүлд нь хэлэхэд тэд байнга хөгжиж суралцаж байдаг. Дөрөвдүгээрт өрсөлөх чадвар, тууштай байдал гэж би хувьдаа ойлгодог.
 
Өрсөлдөнө гэдэг нэгнийгээ өрсөж унагахын нэр биш 
 
-Өрсөлдөх чадвар гэдэг дээр нэг зүйл асуухад та өөрөө бас чамгүй олон бизнес байгууллагад зөвлөх багшаар ажилласан хүн Монголын бизнесменүүд соёлтой, шударга өрсөлдөж чаддаг болов уу?
 
-Өрсөлдөнө гэдэг нэгнийгээ өрсөж унагахын нэр биш. Манай улсын хувьд өрсөлдөөн гэдэг ойлголт сонгодог утгаараа бизнесийн салбарт бол төлөвшиж л яваа харьцангуй сайн соёлтой байгаа гэж бодож байна. Гэхдээ илүү сайн болох ёстой, уулын мод урттай богинотой шүү дээ. Ер нь аливаа бизнест ашигаа эн тэргүүнд тавьж, бусдыг өрсөлдөн булаацалдагч гэж хялайн харж, нэгнийхээ алдаан дээр дөрөөлж дээшээ мацвал хол явдаггүй гэж ойлгодог. Мөн өрсөлдөнө гэдэг нэгнийгээ үгүйсгэнэ гэсэн үг бас биш гэдгийг би ЛЭДИ төвийн захирал Р. Лхагвадулам багшаасаа сайтар ойлгож байсан юм. Анх ажлынхаа гарааг ЛЭДИ төвөөс эхлээд нэг удаа Маркетингийн төслөө танилцуулж байгаад Р. Лхагвадулам захиралд хандаж манай өрсөлдөгч “Лектор” төвөөс ялгарах менежментийн алхмуудыг авч үзье гээд л яриагаа эхэлтэл Р.Лхагвадулам багш, “ тэд манай өрсөлдөгч бишээ” гэж их цочмог дуугардаг юм байна.
 
Зах зээлд танигдсан брэндийг авч хэлэлцэхгүй, их амбийцтай, бардам хүн байх нь гэж би бодож суулаа. Гэтэл Р. Лхагвадулам захирал, “Манай хоёр компани Монголын зах зээл дэх бүх байр суурийг эзлэх боломж байхгүй. Нөгөөтэйгүүр хувь хүний хөгжил байгууллагын маркетинг менежментийн чиглэлээр тасралтгүй зөвлөгөө сургалт өгч,  чанаржин жавхаажиж хувь хүн байгууллагын бүтээлч зөвлөх үйлчилгээг үзүүлэн Монголынхоо төлөө үйлчилдэг учраас бид хамтрагчид” гэж хэлэхэд л би өрсөлдөөний орчин үеийн хэрнээ цоо шинэ ухагдахууны тухай бодож эрэгцүүлэх сэжүүр эхэлсэн юм. Р. Лхагвадулам багш харин бидний өрсөлдөгч бол хүмүүсийн өсөж өндийн хөгжиж тэмүүлэх хүсэл эрмэлзлэлд дөрөөлөн чанаргүй үйлчилгээ үзүүлж ядмагхан санааг тулгаж, тулга тойрсон агуулга бүхий сургалт зөвлөх үйлчилгээ өгч мөнгө олж байгаа хүмүүс байх ёстой гэж хэлсэн нь санаанаас ер гардаггүй юм.
 
-Та сүүлийн 7 жил бизнесийн салбарт зөвлөгөө өгч ажилласан хүний хувьд шинээр бизнес эхлэх гэж буй залууст хандаж юу хэлэх вэ?
 
-Юуны өмнө тухайн салбараа сайн судлах хэрэгтэй. Таны сонгосон бизнес хэр зэрэг эрэлт хэрэгцээтэй , бүтээгдэхүүн, үйлчилгээ тань юугаар ялгарах ёстойг нарийн судлаарай. Бизнесээ сүйрэлд хүргэхгүйн тулд бүх талын мэдээлэлтэй байх хэрэгтэй. Санаанд чинь багтсан хэдий ч мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө ав, мэдээлэл цуглуул. Өртгөө сайн тооцоолох хэрэгтэй байх. Ер нь бол хэмжиж чадахгүй байна гэдэг хянаж чадахгүй байгаа хэрэг. Харин хянаж чадахгүй бол удирдаж чадахгүй.  Тиймээс бизнест тооцоотой хандах хэрэгтэй.
 
-Та өөртөө хэзээ хамгийн их таалагддаг вэ?
 
-Ёстой бодож байгаагүй юм байна. Хүмүүс сургалтын үеэр хүмүүсийн шимтэж сонсон тасралтгүй тэмдэглэл хөтөлж, сургалт дуусахад хүмүүс тоглолт үзээд дуусан юм шиг тасралтгүй алга ташиж бүгдээрээ бүчиж ирээд асуулт асууж байх тэр үе юм шиг байна. Мэдээж ээж эмээ хоёр маань хүүгийнхээ талаар хүний амнаас сайн үг сонсоод түүнийг надад хэлэх гэж яарч надруу залгаад сонин болгож ирээд ярих тэр үед би бараг ганцаараа мундаг нь юм шиг л санагддаг.
 
Полиси төв залуучуудын хөгжил, залуучууд судлалаар дагнан ажиллаж үндэсний хэмжээний хүлээн зөвшөөрөгдсөн хөгжлийн төв болох ёстой
 
-Та дээр дурдахдаа хүн өөрийн сайн мэддэг салбартаа л хүч үзэх хэрэгтэй гэж байсан. Та өөрөө сургалт судалгааны ПОЛИСИ төвийг удирдах шийдвэр гаргахдаа энэ дүрмийг баримталсан уу?
 
Би дөнгөж дээд сургуулийн гуравдугаар курст байхдаа байгууллага хувь хүнд сургалт судалгаа, зөвлөх үйлчилгээ өгөөд найман жилийн туршлага хуримтлуулсан оюунлаг эрч хүчтэй чадварлаг хамт олон дунд орсон. Даруухан хэрнээ бүтээлч нэр хүндтэй залуучуудын дунд байсан зургаан жилд хүн байнга өөрийгөө хөгжүүлж, зогсолтгүй уншиж,суралцаж байх ёстой гэдгийг ойлгож авсан. Ер нь анхны байгууллага, хамт олон нь цаашдынх нь амьдралын зорилго чиглэлийг тавьж өгдөг байх. Тэнд олж авсан сургагч багшийн ур чадвар, ярих илтгэх дадал, судалгаа хийх аргачлал, бичиг баримтанд анализ, дүн шинжилгээ хийх арга барил, хэрхэн зөв хүн байх аливаад сэтгэлээсээ хандах зэрэг одоогийн миний ажилд асар их хэрэг болдог. Тиймээс би өөрийгөө энэ салбарт хүч үзэх эрхтэй бас үүрэгтэй залуу хүн гэж боддог.
 
- Жаахан хуучинсаг асуулт тавья. Та юугаар бахархдаг вэ? 
 
- Бизнесийн хүчирхэг хүмүүстэй ойр байж, байнга уулздаг ажлаараа бахархдаг. Мөн сүүлийн 8 жил хамтран ажилласан одоог хүртэл амжилттай ажиллаж улс эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж яваа 700 орчим аж ахуйн нэгж байгууллагууд миний бахархал.
 
-ПОЛИСИ төвийн цаашдын үйл ажиллагааны стратегийг хэрхэн харж байна вэ? 
 
Нэгдүгээрт дээрх компани байгууллагуудын захиалгыг чанартай болж өгвөл хүлээлтээс давуулан гүйцэтгэхийг ямагт эрмэлзэж ирсэн. Хоёрдугаарт зөвхөн бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулахдаа биш, өөрийн гэсэн тогтмол хэрэглэгчидтэй байлгах.
 
-ПОЛИСИ төвийн цаашдын зорилго юу вэ?
 
-Байгууллагаа тэлж, сургалт судалгааны үйлчилгээгээ хөгжүүлж боловсон хүчнээ чанаржуулах нь нэн тэргүүний зорилго. Мөн МЗХ-ны дэргэдэх байгууллага гэдэг талаасаа залуучуудын хөгжил, залуучууд судлалаар дагнан ажиллаж үндэсний хэмжээний хүлээн зөвшөөрөгдсөн хөгжлийн төв болох ёстой.
 
-ПОЛИСИ төв залуучуудад улам их хүрч тэднийг хөгжүүлэх ажилд илүү ойроос хүртээмжтэй ажиллах ёстой байх. Цаашид зах зээлд тэлж олон салбартай болох талаар төлвөлсөн зүйл бий юу?
 
МЗХ-ны зүгээс улам олон залуучуудад хүрч ажиллах чиглэл өгч байгаа. Гэхдээ би хувьдаа ойрын хугацаанд өөр аймагт ПОЛИСИ төвийн салбарыг нээе гэж бодохгүй байна. Учир нь үйл ажиллагаагаа механикаар өргөжүүлэх биш улам сайжруулан гүнзгийрүүлье гэж бодож байна. Байгууллагын үйл ажиллагааны латерал, вертикаль хөгжил гэж байдаг даа. Хөдөө хотгүй олон салбар нээж, олон хүнийг механикаар хамруулах хэцүү биш. Харин сургалтын үйл ажиллагаагаа илүү шинжлэх ухаанч, илүү хүртээмжтэй, илүү бүтээлч болгохыг зорих ёстой. Аливаа сургалт судалгаа зөвлөх үйлчилгээний байгууллагын амжилт хүний хүчин зүйлээс хамаардаг. Хүмүүсээ байнга дадлагажуулан сургаж, тэдэнд аль болох их оюуны хөрөнгө оруулалт хийж хөгжүүлээд дараа нь салбар нээх тухай бодоход оройтохгүй гэж боддог.