sonin.mn
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулын бүсэд орших Гацууртын алтны үндсэн ордоос Монгол Улсын олох ашгийн талаар Уул уурхайн сайд Р.Жигжид, УИХ-ын гишүүн С.Ганбаатар хоёр өдөр, шөнө, тэнгэр, газар шиг зөрүүтэй мэдээлэл хийж ард түмний толгойг эргүүлж гүйцээд байна. Уг нь 70 тонн алтны нөөцтэй гэгдсэн Гацууртын ордоос олох нийт мөнгөний 81 хувь нь Монголд үлдэнэ гэж Р.Жигжид сайд тайлбарлаад байгаа. Түүнийхээр харьцангуй үндсэн ордын хувьд нөөц ихтэй Гацууртын ордын баталгаат нөөц нь 50 тонн.
 
Тодорхой нөхцөлд ашиглах боломжтой нөөц нь 26 тонн, нийтдээ 76 тонн гэсэн. Тэрээр “Ялангуяа манай улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайн биш байгаа үед алтыг хурдан эдийн засгийн эргэлтэнд оруулах, Монголбанкинд тушаалгах явдал их чухал байна. Хүннүгийн үеийн түүх дурсгал, соёлын зүйл нь одоо олборлолт хийх гэж байгаа талбайгаас баруун урагш 7-8 км-ын зайтай. Өөрөөр хэлбэл, Ноён уулын сүжигтэй, зурамт гэсэн гурван аманд байдаг. Яг гацууртын аманд одоогоор тийм олдсон зүйл байхгүй. Орон нутаг нь өөрөө орон нутгийн тусгай хэрэгцээнд 129 мянган га газрыг авсан. Тэр дотор нь бас ямар нэгэн булш, бунхан, шарил ороогүй байдаг. Ганцхан Сүжигтэй, Журамт, Хужирт гээд гурван аманд олон янзын олдворууд байгаа” гэж тас мэлзсээр байгаа. 
 
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар ”“Сентерра гоулд” Гацууртын ордоос 200 сая ам. долларын ашиг хийнэ гэж байгаа нь ердөө л таван тонн алтны цэвэр ашиг. үндсэндээ 70 тонн алтнаасаа Монголчууд ганцхан тонн алт авах нөхцөл бүрдчихлээ. 
 
Гацууртын ордын 20 хувь буюу 40 сая ам. доллар гэдэг бол ганц тонн хүрэхгүй алтны үнэ. Бид 69 тонн алтаа “Сентерра гоулд”-д Бороогийн ордоос 50 тонн алтаа татваргүй алдсан шигээ алдах гэж байна. Ийм луйврыг яагаад ч тэвчихгүй. Тэмцэх болно” гэсэн. Товчхондоо дээрх хоёр эрхмийг Монголчуудын өмнө шахаанд оруулж хэн нь улайм цайм худлаа яриад байгааг тодруулъя. 
 
Эх сурвалж: