sonin.mn
Эрдэнэтийн Авто вокзал дээрээс Улаанбаатар явах нэг таксинд суулаа. Жолооч залуу надаас уучлал хүсч, таниас гадна гурван хүн олж суулгана, жаахан хүлээх байх шүү гэв. Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд жижиг тэрэгнүүд дөрвөн зорчигч суулгаад хүн тус бүрээс 25 мянган төгрөгийн зардал аваад үйлчилгээ үзүүлдэг ажээ. Урд суудалд суусандаа жаахан олзуурхан, “ах нь яараагүй байна, гурван хүн удахгүй суух байлгүй дээ” гээд жолооч дүүг тайвшруулав. 
 
Удсан ч үгүй 2-4 насны хоёр хүүхэдтэй нэг залуу эмэгтэй ирж суулаа. Сахилгагүй ч моньднууд бололтой. Гэтэл 20 гаруй насны хоёр залуу бас суух гэснээ “Хоёр жаахан хүүхэд байна шүү дээ, замдаа уйлаад өвөр дээгүүр дамжаад ядаргаатай байдаг юм” гээд машинд суухаас татгалзав. Ээ хөөрхий. Насанд хүрсэн хүмүүс байж ийм ч богинохон бодолтой" байх гэж дээ. 
 
Өөрсдөө ч эхээс төрөхдөө л одоогийнх шигээ ийм ганган залуучууд байгаагүй. Энэ хоёр нялх амьтан шиг жаахан хүүхэд байсан л байлгүй. Нялх хүүхдээс сэжиглээд ч байгаа юм уу, яагаад байгаа юм. Тэр нялхас өвөр дээр дамжиж эрхлэх, уйлалдах байтугай өвөр дээр минь гулгиж бөөлжсөн ч би л лав сэжиглэхгүй байлаа. Нялх хүүхдэд бузар байдаггүй юм. 
 
Нөгөөтэйгүүр нялхас хажууд уйлж, элдэвлэж, шулганаж л байвал чөтгөр үргэдэг гэж нэг үг байдаг даа. Тэр хоёр залуугийн өмнөөс нүүр байтугай хөлийн таваг, гарын алга хүртэл улайсныг энд өчсүү, би.
 
Ц.Мөнх
Эх сурвалж: "Нийслэл таймс"