sonin.mn
Дэлхийн хоёрдугаар дайнд орос, германы фронтын гол гол чиглэлүүдийг удирдаж байсан зөвлөлтийн цэргийн нэрт жанжинууд К.К.Рокоссовский, Г.К. Жуков, И.С.Конев нар цэргийн даргын амьдралаа монголд тодорхой хугацаагаар өнгөрөөж, манай ард түмний төлөө тулалдаж явсан нь тохиолдол гэхээсээ илүүтэй хувь тавилан гэлтэй. Эдгээр маршалуудаа монголчууд манай маршалууд гэж бахархан ярьдгийн нэг нь маршал К.К.Рокоссовский юм.
 
Германы барон, Оросын генерал, Богд хаант Монгол улсын хошой Чин ван Унгерн фон Штернберг гэгчийг монголын гүн хэргэмтэй язгууртан хүн баривчилан, улаан цэргийн нэрд гараагүй нэгэн даргад хүлээлгэн өгсөн нь Польшийн язгууртан гаралтай, Варшав хотын төмөр замын машин ч Ксаверий Юзефович Рокоссовскийн хүү, ирээдүйн нэрт жанжин, маршал К.К.Рокоссовский байлаа.
 
Ийнхүү 1921 онд монголын нутагт Барон Унгер түүнд амьдаараа баригдан, монгол хүний буянаар улаан цэргийн залуу дарга анх удаа Зөвлөлтийн улс төрийн дээд удирдлагын хараанд өртөн, Улаан тугийн одонгоор шагнуулж байсан бол, 1943 оны 01 дүгээр сарын 31-нд германы 6 дугаар армийн командлагч, генерал-фельдмаршал Фридрихфон Паульс гэх өөр нэгэн герман язгууртан Сталинградад /Халимаг улсын нийслэл Элстэй хотоос холгүй/ К.К.Рокоссовскийд штабтайгаа бууж өгсөн нь Германы түүхэнд анх удаа фельдмаршал цолтой хүн дайсандаа амьдаараа баригдсан тохиолдол байлаа. 
 
Дайсныхаа нэг фельдмаршалыг амьдаар нь буулган авсан Рокоссовский, тэр жилийнхээ зун бас нэгэн фельдмаршал болох Эрих фон Манштейнийг Курскийн цүлхэнд цохилтын чиглэлд нь гүн цуваа хориглолт байгуулан тамирдуулж, давшилтын районд цэргээ хуралдуулж байхад нь артилерийн галын цохилтыг урьдчилан өгч бут цохисноор, Гитлер германы хамгийн том цэргийн онолч гэж үздэг хайртай фельдмаршалаа албан тушаалаас нь зайлуулав. 
 
Дайсандаа амьдаараа баригдаж үзээгүй гэгддэг германы бүх фелдмаршалууд хожим баригдан ял эдэлсэний дотор Манштейн ч мөн багтсан бөгөөд тэрээр дайны дараа “Алдагдсан ялалт" номоо хэвлүүлсэн бол маршал К.К.Рокоссовский “Цэрэг эрийн үүрэг “ хэмээх дурсамжийн номоо гаргасан нь монгол хэл дээр ч бий.
 
Гэхдээ ирээдүйн маршалын зам дандаа дардан байсангүй. Язгууртан гарал, польш удам угсаа нь 1937 оны их хэлмэгдүүлэлтийн жилд Рокоссовскийг польшийн тагнуул, ардын дайсан хэмээн баривчилах хангалттай шалтгаан байв. Эндээс ч Рокоссовский мөн л амьд мултарч, 1940 оныг хүртэл Ленинградын шоронд 3 жил хоригдоод маршал Тимошенкогийн ачаар суллагдсан, хошууч генерал Рокоссовский механикжуулсан корпусын захирагчийн хувиар дайныг угтав. 
 
Дайны эхний өдрөөс л барьц алдалгүй, нөхцөл байдлыг хяналтдаа авч чаддаг Рокоссовскийд Тимошенко итгэл үзүүлсэн нь зөв болж, тэрээр бүслэлтээс гарсан цэргүүдээр бүлэглэл үүсгэж хориглолт зохион байгуулж чадав.
 
1941 оны Москвагийн төлөө тулалдаанд түүний командалсан 16 дугаар армийн хошууч генерал Панфилов захирагчтай 316 дугаар дивизийн монгол огтор нэхий дээлтэй дайчид Волокаламскийн зам дээр германы танкуудыг зогсоож чадсан бол генерал Доваторын морин дивизид монгол морьд унасан цэргүүд Москвагийн төлөө тулалдаж байлаа.
 
Рокоссовский эхлээд Брянскийн фронтыг дараа нь Сталинградад Доны фронтыг командлав. Рокоссовскийн санаачилгаар дайн эхэлсэнээс хойш анх удаа бууж өгөхийг шаардсан тулган шаардах бичгийг дайралт эхлэхээс өмнө дайсандаа гардуулав. Ялалтдаа бат итгэсэн жанжин хүн л дайралт эхлэхээс өмнө бууж өгөх сонирхолгүй дайсандаа бэлтгэл хийх бололцоо олгох ийм эгзэгтэй шийдвэрийг зоригтой гаргаж чадах билээ. Хэрэв ажиллагаа нуран унавал тулган шаардах бичиг гардуулах санал гаргасан хүнд цэргийн шүүх ямар ял оноох нь ойлгомжтой.
 
К.К.Рокоссовскийн өөртөө итгэлтэй зан, хариуцлага үүрэх зориг зүрхийн үлгэр жишээ ганц энэ тохиолдол биш юм. Түүний жанжины авъяас чадвар хурц тод илрэн гарсан байлдааны операци нь Рокоссовский, Жуков, Васельевский нарын боловсруулж Дээд Ерөнхий Командлагч И.В.Сталины баталсан Белоруссийг чөлөөлөх “Багратион” ажиллагаа байлаа.
 
Тухайн үеийнхээ бүх цэргийн онолтой зөрчилдсөн, нэг бус хоёр чиглэлд гол цохилт өгөх К.К.Рокоссовскийн санааг байлдааны төлөвлөгөөг боловсруулахад оролцсон бүх генералууд Жуков, Васильевский нар ч эсэргүүцэж байв. Гэвч Константин Константинович өөрийнхөө байр сууринд бат зогсож байсан тул “Багратион” төлөвлөгөөг гурван удаа буцаасны дараа Рокоссовскийн саналыг Дээд Ерөнхий Командлагч хүлээн авч цохилтыг хоёр чиглэлд хийхээр болов.
 
Герман 1941 оны 6 дугаар сарын 22-нд ЗХУ-д довтолсон бол Рокоссовскийн боловсруулсан “Багратион" ажиллагааг 1944 оны 6 дугаар сарын 22-нд эхэлснээр дайсандаа хариуг нь барив. Долоо хоногийн дараа хоёр чиглэлд цохилт өгөх санаа ямар том санаа байсныг ухаарсан Сталин 1944 оны 06 дугаар сарын 29-нд армийн генерал К.К. Рокоссовскийд ЗХУ-ын маршалын одыг гардуулсан бол үүнээс сарын дараа 1944 оны 7 дугаар сарын 30-нд түүнд ЗХУ-ын баатрын анхны Алтан таван хошууг нь зүүж өгсөн юм.
 
Зөвлөлтийн арми “Багратион” ажиллагааны үр дүнд германы 105 мянган цэргийг олзлон авсан нь Сталинградад олзлогдсон цэргээс даруй 15 мянган хүнээр их байлаа. Москвагийн гудамжаар германы олзлогдсон цэргүүдийг жагсаалаар явуулах Сталины тушаалыг биелүүлсний дараа дэлхий дахин энэ ялалтад итгэсэн юм.
 
“Багратион” ажиллагааны дараагаас Сталин Рокоссовскийд үлэмж хүндэтгэлтэй ханддаг болсон бөгөөд түүнийг Константин Константинович хэмээн бүтэн овог нэрээр нь дуудах болов. Урьд өмнө Сталин зөвхөн маршал Шапошниковыг л ингэж овог нэрээр нь дуудан хүндэтгэн харьцдаг байжээ. И.В.Сталин улс төрийн холын хараатай удирдагч хүний хувьд заримдаа хайртай жанжинаа өөрийн эрхгүй гомдооход хүрдэг байлаа. 
 
Ийм явдал Сталин, Рокоссовский хоёрын дунд 1944 онд болсон гэдэг. Белоруссын 1 дүгээр фронтын командлагч Рокоссовскийд Сталин өөрөө утасдан, түүнийг Белоруссын 2 дугаар фронтын командлагчаар томилж, түүний оронд Г.К.Жуковыг тавьж байгаагаа мэдэгдсэн байна.
 
Польшийн цагаачлалын засгийн газар Лондонд үйл ажиллагаагаа явуулж, зөвлөлтийн талтай зөвшилцөлгүйгээр Варшавт бослого эхлэн, польшууд өөрөө өөрсдийгөө чөлөөлөхийг хүссэн нь Сталин Польшийг чөлөөлөх үүргийг Рокоссовскийд, өөрөөр хэлбэл польш хүнд даалгах бололцоогүй болгосон байна. Польшийг чөлөөлөх, Берлинийг эзлэх операцуудыг орос жанжинд даалгах нь улс төрийн үр дагавар , багатай гэж Сталин үзсэн байна. 
 
Ийм ч учраас Берлины операцийг Белоруссын 1 дүгээр фронтын /Хуучин К.К.Рокоссовскийн командалж байсан фронт/ командлагч Г.К.Жуков, Украйны 1 дүгээр фронтын командлагч И.С.Конев нарт даалгасан юм. Рокоссовскийд Польшийг чөлөөлөх, Берлиныг эзлэх хувь улс төрийн шалтгаанаар олдоогүй ч Сталин чухамхүү түүнд л 1945 оны 6 дугаар сарын 24-ны Ялалтын парадыг командлах нэр хүндтэй үүргийг ноогдуулсан билээ. 
 
Энэ нь Сталины зүгээс К.К.Рокоссовскийн жанжины авъяас чадварыг зүй ёсоор үнэлсэн үнэлгээ төдийгүй, Зөвлөлтийн жанждын дотор түүний эзлэх байр суурийг зааж өгсөн үйлдэл байсан гэж үзэж болно. Г.К.Жуков парадыг хүлээн авсан юм. 1945 оны Ялалтын парадыг нэг нь командалж, нөгөө нь хүлээн авч байсан хоёр маршал 1955 онд НАТО-гийн эсрэг социалист улсуудын цэргийн эвсэл байгуулах Варшавын гэрээнд гарын үсэг зурахад К.К.Рокоссовский Польшийн Үндэсний батлан хамгаалах яамны сайд, Польшийн маршалын хувьд гарын үсэг зурж байв.
 
Польшийн зургаан маршалын нэг, ЗХУ-ын маршал, магадгүй дэлхийд цорын ганц ч байж мэдэх хоёр улсын маршал, ЗХУ-ын хоёр удаагийн баатар, Монгол улсын Сүхбаатарын болон Байлдааны гавъяаны улаан тугийн одонт энэ жанжины мэндэлсний 120 жилийн ой 2016 оны 12 сарын 21-нд тохиох юм.
 
Орчуулагч, судлаач Хотгойд Мандаагийн Баярмагнай
 
Эх сурвалж: "Соёмбо"