Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Х.Бээжинтэй ярилцлаа.
 
-Ноён уулыг аврахаар өслгөлөн зарлаад байсан та бүхний үйл ажиллагааг албадан буулгаснаас хойш нэлээд хэд хонолоо. Хэсэг хугацаанд нам жим болсон болохоор тэмцлээ зогсоочихсон юм биш биз гэх хүмүүс байна?
 
-Өлсгөлөнг цэрэг, цагдаагийн хүчээр албадан буулгаснаас хойш хүмүүс маань биеэ жаахан тэнхрүүлж амарлаа. Мэдээж өвлийн хүйтэн өдрүүдэд 13 хоног өлсөнө гэдэг бол бие махбодийн хувьд сайн зүйл яавч биш. Нөгөө талаас бид Монгол Улсын Ерөнхийлөгчид “Ноён” уулыг төрийн тахилгатай болгооч гэсэн хүсэлт тавьсан. Мөн бидний болоод өвөг дээдсийнхээ булш бунханыг хөндөхгүй байх, УИХ-ын шийдвэрт хориг тавих байх гэсэн найдлага байсан учраас түүний байр суурийг нэлээд харлаа. 
 
Гэвч тэгсэнгүй. Бидний тэмцэл дуусаагүй. Энэ тав дахь өдрөөс эхлээд дахиад л Хэлмэгсдийн хөшөөнийхөө дэргэд суултаа хийнэ. Ерөнхийлөгчийн одоо гаргаж байгаа үйлдлийг харахаар биднийг дэмжиж гарын үсгээ зурсан 22 мянган хүний гарын үсэг бүхий хүсэлтийг хүлээн авсангүй гэж ойлгогдохоор байна. Учир нь өнөөдрийг хүртэл бидний тавьсан хүсэлт, шаардлагад ямар нэгэн хариу ирүүлсэнгүй. Уг нь Ерөнхийлөчийн өрөөний үүдэнд “Иргэдээ сонс, Иргэдээсээ асуу, Иргэдээрээ шийдүүл” гэсэн уриа байдаг. Гэтэл энэ хүний ам, ажил хоёр алд дэлэм зөрүүтэй байгаа нь харагдлаа. Тиймээс бидний энэ хүнд итгэх итгэл нэгдүгээрт алдарсан, хоёрдугаарт төрийн тэргүүн байж Үндсэн хуулийг зөрчсөн учраас түүнийг суудлаас нь огцрохыг шаардаж байна. 
 
-Ерөнхийлөгч өөрийн байр сууриа хэвээрээ байгаа гэдгээ саяхан хэлсэн биз дээ. Та бүхэн огцруулах асуудлаа ямар үндэслэлээр тавьж байгаа юм бэ?
 
-Бид түүний хэлсэн үгэнд итгэхүй байна. Яагаад гэхээр 22 мянган хүн гарын үсгээ зураад “Ноён уул”-ыг битгий ухаач, уулзах гээд байхад иргэдээ тоохгүй байгаа шүү дээ. Худлаа хэлж байгаа юм. Сонгуулийн үеэр нутгийн ирэдэд “та бүхэн ухуулахгүй гэвэл би дэмжихгүй” гэчихээд одоо тэгээд амлалтаа биелүүлээч. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 49.2,50.2 гэсэн хоёр заалтыг зөрчсөн. Нэгэнт хууль зөрчсөн нь тодорхой учраас энэ өөрөө огцрох үндэслэл болдог. 
 
Үүнийг Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн хоёрт заагаад өгчихсөн. Хууль гэхээр зөвхөн хуульч хүн мэддэг юм биш. Тийм учраас бид Үндсэн хуулийн Цэцэд албан ёсоор өргөдлөө өгч байгаа юм. Улс дамнасан луйварчин компанид “Ноён уул”-аа ухуулахгүй ээ. Мөн урт нэртэй хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх ёстой гэдгийг уул уурхайн компаниудад хэлмээр байна.
 
-Та бүхэн газар дээр нь очиж байдал ямар байгааг харсан байх. Энэ талаар мэдээлэл өгөөч. Зарим нэг нь Сентерра гоулдынхныг хашаа хатгачихсан гэж хүртэл хэлэх юм?
 
-Бид Мандал суманд очиж ажилласан иргэдийнх нь санал бодлыг сонссон. Нутгийн иргэд энэ ордыг ашиглах асуудлыг огт дэмжихгүй байгаа. Түүнээс гадна Мандал сумын гурван иргэн бидний үйл ажиллагаанд нэгдэж 13 хоног өлсгөлөн зарласан шүү дээ. Тэнд маш том хэмжээтэй торон хашаа татсан байгаа. Тэр олборлох гээд байгаа газар нь арав гаруй жил уул уурхайн үйл ажиллагаа явуулсан эвдэрсэн газар гэж Сентерра гоулдынхан хэлээд байдаг. Өнөөдөр тэр газар нь байгалийнхаа жамаар нөхөн сэргээгдсэн мод ургамалтай газар. Харин ч энэ компанийнхан 2009 оноос хойш зориудаар мод зэргийг огтолж устгасан. Тэгэхээр бүр зорилготой үйл ажиллагаа гэдэг нь харагдана.
 
-Энд нэг зүйлийг тодруулмаар байна. Маргалдаж байгаа хоёр тал ганцхан тогтоогдсоноор 70 тн алтны тухай л яриад байх юм. Гэтэл тэнд чинь үүнээс өөр ашигт малтмал байхгүй юм уу?
 
-Археологичдын хэлж байгаагаар тэр алт бол өнгөн хэсэгт байхгүй. Тэгээд Сентерра гоулдынхнаас “Та бүхэн гүнд нь ямар нэг судалгаа явуулсан уу” гэхэд огт хариулт өгч чадахгүй байгаа юм. Нөгөө талаас өнөөдөр Монголд газрын гүнд нь ямар ашигт малтмал байна гэдгийг судалдаг багаж байхгүй. Муугаар бодож Сентеррагийнхан ухлаа гэж бодоход “тэр дор булш бунхан олдвол түүнийгээ үнэнчээр Монголын төрд тушаана гэж үү. Ийм хүүхэд ч итгэхгүй юм ярьж монгол төрийг үймүүлж байдаг. Тэд үндсэн ордоо 200 метрийн гүнд ухна гэж байгаа. 
 
Тэгээд тэр их чулуугаа байгаль дээр гаргаж ирээд овоолго хийнэ. Итгэхийн тулд тэсэлгээ хийх нь ойлгомжтой. Чулуулга бүхий хөрсөнд тэсэлгээ хийхэд хичнээн киломерт доргилт мэдрэгдэх, дуу чимээ гарах, ургамал амьтан сүйдэх, дүрвэх зэргээс эхлээд маш олон сөрөг нөлөө гарна. Энд хамгийн анхаарал татаж байгаа зүйл нь тэр байгаль дээр гаргаж байгаа болон алттай шороо нь сульфит гээд химийн маш хортой элемент агуулж байгаа. Чулууг овоолго нь есөн сая метр байх юм билээ. Бороо ороод сульфиттай чулуу, шороо нь уусаад урслаа гэхэд байгаль экологийг их хэмжээгээр хордуулна. 
 
Хараа голд орвол загас жараахай устахаас эхлээд Ерөө гол цаашлаад Байгаль нуур хүртэл заналхийлнэ гэсэн үг. Ерөө гол чинь Байгаль нуурын 67 хувийг тэтгэж байгаа гээд бод. Харин Байгаль нуур дэлхийн цэвэр усны 20 хувийг тэтгэж, Оросын цэвэр усны хувийг хангадаг. Ингээд бодоод үзэхээр ганцхан манай асуудал биш хойд хөршийн эрх ашиг ч хөндөгдөнө. Энэ мэтчилэн аваад үзэхээр Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй ногоон терроризм хийж байгаа нь харамсалтай. Байгаль экологи талаас нь аваад үзэх юм бол тэнд 650 төрлийн эмийн ургамал ургадаг.
 
О.Ууганжаргал
Эх сурвалж: "Нийслэл таймс"