sonin.mn
Тус улсад 1924 онд анхдугаар хуулийг баталснаар орчин үеийн жинхэнэ шүүх байгууллага үүсэх нөхцөл бүрдэж эхэлсэн билээ. Түүнчлэн МАХН-ын III их хурал, Улсын II их хурлаар иргэдийн эрх чөлөөг хуулиар хамгаалах, шинэ нийгмийн сахилга батыг тогтоох, хүмүүжүүлэн сургах, хуучны шүүхийн тогтолцоог халах зорилгоор ардын шүүхүүдийг байгуулах ажлыг зохион байгуулах явдлыг Засгийн газар, Шүүх явдлын яаманд даалгасан ёсоор бий болсон шинэ шүүхийн байгууллагуудын анхдагч нь Х.Чойбалсангаар толгойлуулсан цаг зуурын /түр цагийн ч гэдэг/ шүүх юм. 
 
Ардын засгийн газрын 1925 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 42 дугаар хурлын тоггоолоор Засгийн газрын харьяанд “Цаг зуурын ардын шүүх”-ийг бие даалган байгуулж, даргаар нь Х.Чойбалсанг томилжээ. Тус шүүх анхныхаа хурлаа 1925 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр хуралдуулж нарийн бичгийн даргаар нь Цэргийн яамнаа ажиллаж байсан Дамбасүрэн, Засгийн газрын цааз хууль эмхлэх хэлтсийн эрхлэн зохиогч Шишвичикийг авахаар тогтжээ. Цаг зуурын шүүх 1926 оны нэгдүгээр сарын 1-нээс албан хэргээ хөтлөн явуулж эхэлжээ. 
 
Тус шүүх ардын төлөөлөгч буюу анхны гишүүнээр С.Дэлгэрсан, Н.Насанбат нарыг баталжээ. Тус шүүхийн мөрдөх дүрмийг Засгийн газрын 1926 оны нэгдүгээр сарын 8-ны нэгдүгээр хурлаар хэлэлцээд улмаар Улсын бага хурлын 1926 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн тэргүүлэгчдийн нэгдүгээр хурлын нэгдүгээр зүйлээр баталжээ.
 
Цаг зуурын шүүхийн дарга, гишүүдийг Улсын Бага хурлаас томилж байхаар шийдвэрлэжээ. Тус шүүхийн гол онцлог бол таслан шийдвэрлэсэн хэргийг Засгийн газрын хурлаар баталдаг журамтай байжээ. Тус шүүхийн шийдвэрлэх хэрэг нь ихэвчлэн улстөрийн шинжтэй Дотоодыг хамгаалах газар мөрдөн байцаасан хэргийг шийдвэрлэж байсанд оршино. Гэвч эдийн засаг, хүн амины зэрэг онц хүнд хэргүүдийг шүүн тасалж байсныг жар гаруй хэргийн материалаас харж болно.
 
Цаг зуурын шүүхэд шийдэх хэргийг шийдвэрлэхдээ, ДХГ-аас ямар ял оноох саналаа ирүүлэхийг тус шүүхийн дүрэмд  тодорхой тусгажээ. Эл шүүх нь дутуу бүрдүүлсэн хэргийг буцаах, баримтжуулахыг шаардах эрхтэй байжээ. Тус шүүхийн өөр нэг онцлог нь гэмт хэргийг давж заалдах эрхгүйгээр шийдвэрлэж байснаараа Дээд шүүхийн үүргийг давхар гүйцэтгэж байжээ гэж үзэж болно. Энэхүү шүүх Бага хурлын баталсан дүрмээр доорх хэргүүдийг таслан шийдвэрлэх эрхтэй байв. Үүнд:
 
1. Эх орноосоо урвах, төв орон нутгийн эрхийг булаан эзлэх буюу БНМАУ-ын нутаг дэвсгэрийн аль нэг хэсгийг таслан авч эзэрхэхийг хичээх;
 
2. Тус улсын нутагт гадаад улсын зэвсэгт цэрэг оруулахыг хичээх, гадаадын түрэмгийлэгчид, тэдний төлөөлөгчидтэй хуйвалдах;
 
3. Ард түмний санааг урвуулж улсын албан татвараас болон цэргийн албанаас зайлсхийх явдлыгзохион байгуулжхувьсгалын эсрэг хэрэгт оролцох;
 
4. Улстөрийн буюу хувьсгалын эсрэг зорилгоор Монгол ард улсын эрх баригчид, хувьсгалын удирдагчдын амийг хорлох;
 
5. Дайсан этгээдүүдийн өмнөөс тагнуул үйлдэх, хувьсгалын эсрэг болон хувийн шунахай зорилгоор улсын ба цэргийн нууц зүйлийг цуглуулах, задруулах, дайсан этгээдэд мэдээ дамжуулах;
 
6. Хувьсгалын үзэл санаанд харш бичиг зохиол үйлдэх, тараах буюу хадгалах зэрэг хэргүүд багтаж байжээ.
 
Уг шүүхийн гурав дахь онцлог нь хэргийг хамтын зарчмаар, нээлттэй олны өмнө таслах, нотлох баримтыг гол үндэс болгох, хэрэгтнийг хамгаалах хүмүүс буюу өмгөөлөгчийг оролцуулах, хэргийн бичиг баримттай танилцах, хэрэгтэнтэй ганцаарчлан биечлэн уулзах боломжийг хангаж өгсөнд оршино.
 
Цаг зуурын шүүхийг Х.Чойбалсан даргалж, Зөвлөлийн Засагт Холбоот Улсын харьяат Чита хотын 19 настай Барматов Инкетий Николаевич, мөн мужийн тариачин 28 настай Кузнецов Николай Петрович, татаар үндэстэн 26 настай Шарифов Хасан Инусовичь, Сормовын заводын ажилчин асан 27 настай Гурулев Александр Спиридонов, татаар үндэстэн 18 настай Сосиков Айнунтдин нарын хэргийг найман удаа хэлэлцэж хэрхэн тасалсныг авч үзье. 
 
Тэд 1925 оны намар Чита хотын шоронгоос оргож винтов болон гар буу, галт бөмбөг зэргээр зэвсэглэж нэгэн айлыг тонон дээрэмдэж улмаар Монгол улсын хил рүү /Овоо горхи хавиар/ нэвтрэн хил зөрчин орж ирээд орос цэргийг алсан гэмт хэргүүдийг тус тус үйлджээ. Ялангуяа Барматов И.Н. хүн амины хэрэг хийсэн аж. Хэргийг ЗХУ-ын мөрдөн байцаагчид мөрдөн шалгаж оросоор тэмдэглэлээ үлдээсний гадна манай Дотоодыг хамгаалах газрынхан нягтлан шалгажээ.
 
Цаг зуурын шүүхийнхэн гэрч Кузнецовын мэдүүлэг, ял бүхий гэмт хэрэгтнүүдийн сүүлчийн өчгийг сонсоод тогтоосон нь:
 
Нэг. Эдний биес өөрийн харьяат улсын дотроос оргон гарч винтов, гар буу, галт бөмбөг зэргийн зэвсэг авч бүлэглэн дур зоргоор цааз хуулийн зөрчил хийн БНМАУ-ын хязгаарт сэмхнээ шурган ирж хэрэг өдүүлсэн.
 
Хоёр. Барматовын бие Монгол цэргийн эрх баригчидтай зэвсэг хөдөлгөн эсэргүүцэж монгол цэргүүдтэй хамт явалцсан орос улаан цэрэг нэгийг алсан тул Барматовыг хэрхэвч агуу өршөөлийг үзүүлэн алах ялаас хэтрүүлж үл болох тул шууд цаазаар буудан алж, нөгөө Кузнецов Н, Шарифов X, Гурулев А, Сосиков А нарыг тус бүр нэгэн жил гянднаа хорьж, шийтгэвэл зохих тул ялт Николай Кузнецов, Шарифов, Гурулев нарын урьд хоригдсоныг бодож үлдсэн хугацаанд хорихыг хэлтрүүлж БНМАУ-д хортой этгээд болох тул тэд нэрийн биеийг тус улсын хязгаарын цэрэгт авахуулан үлдэн гаргаж Зөвлөлтийн Засагт Холбоот Улсын эрх баригчид шилжүүлэн тушаан өгөхөөр тогтоож нэгэнт ял тогтоосон ялыг өөрчлөхийг гуйж мэдүүлэх эрхгүй болгон шууд таслах учир Засгийн газраас баталсан даруй 48 цагийн дотор энэхүү тогтоосон зүйлүүдийг түр цагийн шүүх таслах газрын гишүүн нэгээр эрхпүүлэн Дотоодыг хамгаалах газар даалгаж гүйцэтгүүлбэл зохино.
 
Шүүх таслах газрын дарга Х.Чойбалсан
 
Гишүүн Насанбат, Дэлгэрсан
 
Засгийн газрын 16 /26/ оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 427 тоотоор Хэрэг эрхлэх товчооны гишүүдийн 73 дугаар хурлаар уг тогтоолыг баталжээ. Дотоодыг хамгаалахын 16 /26/ оны дөрөвдүгээр сарын 17-ны 110 тоотод цаг зуурын шүүхэд мэдэгдсэн нь: “Барматовыг тогтоолын ёсоор гүйцэтгэв. Кузнецов нарын дөрвөн хүнийг Алтанбулаг хотын сайдад хүргүүлж улмаар хязгаар нэвтрүүлэхээр энэ дөрвөн сарын 17-нд цэрэгт авахуулан мордуулав" гэжээ.
 
1926 онд Х.Чойбалсан олон давхар ажилтай учир чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт тавьсны үндсэн дээр 1926 оны зургадугаар сарын 18-ны Засгийн газрын 24 дүгээр тогтоолоор Х.Чойбалсанг чөлөөлж ЦЗШ-ийн даргаар Цээжидийн буюу Ганжуурын Гүрсэдийг томилсон байна.
 
Тус шүүхийг 1930 онд татан буулгаж Дотоодыг хамгаалах газрын дайчлан баривчилж мөрдсөн хэргийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1930 оны хоёрдугаар сарын 1-ний тавдугаар хурлаар байгуулагдсан ДХГ-ын дэргэд байгуулагдсан Тусгай комисс таслан шийтгэхээр болгожээ. Тусгай комиссын даргад Д.Намсрай, гишүүдэд Х.Чойбалсан, Шүүх яамны сайд Ж.Дэндэв нарыг томилж хэрэгтнийг таслан шийтгэхдээ хуралд хэнийг суулгахаа комисс өөрөө шийдвэрлэж байх эрхийг олгожээ.  Комиссын таслан шийтгэх хуралд ДХГ-ын сургагч зөвлөх эрхтэй суух болсон „байна. Энэ бол онцгой бүрэн эрхт комиссын эхлэл болсон бололтой.
 
Элжигэн бух-мялз овогт Ч.Энхдалай
Эх сурвалж: