sonin.mn
 
Хамгийн анх Фэнг-Шуй буюу “Ус, салхи” гэгч хятадад ихэд түгэн дэлгэрсэн амьдрах ухааны арга технологийг Монголд оруулан ирснээр олны танил болж байсан. УИХ-ын бие даагч гишүүн С.Ганбаатар өнөөдөр намын дарга болж, гэнэтхэн томроод явчихаж магадгүй. Товчхондоо түүний тэргүүлэх Монгол хүний төлөө намыг Улсын Дээд шүүх бүртгэн авбал тэрээр намын даргын хувиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй болох юм. 
 
Нөгөө талаар өнөөдөр 800 хүний гарын үсэг цуглуулж, улстөрийн нам байгуулах нь гудамжны тэмцэгчээр олонд сайтар танигдаж, бас ч гэж УИХ-д гурав дахь жилдээ сөрөг хүчний дуу хоолой болж яваа түүнд тийм ч хэцүү ажил биш гэдэг нь ойлгомжтой. Түүний тэргүүлэх намд мэдээж бие даагч Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун за тэгээд МАНАН-д төөрөгсдийн урт цуваа хүч нэмж болзошгүй. 
 
Мөн гадаадад сургууль төгссөн олон залуу нэгдэнэ гэдгийг С.Ганбаатар гишүүн урьдчилан зарлаж байсан нь саяхны явдал билээ. Хамгийн товчхон ойлгомжтой нь “Үйлдвэрчний эвлэлийн” гэх албан бус тодотголтой С.Ганбаатар гишүүний толгойлох нам нь зүүний чиглэлийн буюу ажилчин, малчин голдуу нийгмийн дундаж давхаргынхны эрх ашгийг илүүтэй хамгаалах, тэдний дуу хоолой болох зорилготой нам гэж тодорхойлж болно. 
 
Хэрвээ өнөөдөр Улсын Дээд шүүх Монгол хүний төлөө намыг бүртгэн авбал С.Ганбаатараас өөр тодорсон лидергүй шахуу, Л.Гүндалайгийн нэг хүний намархуу юм болохыг ч үгүйсгэх аргагүй. Цагтаа Л.Гүндалай “Ганц хүний, галзуу нам" байгуулж Чингисийн талбай дээр баахан бужигнуулаад эцэст нь усанд хаясан чулуу шиг “чол" гээд алга болж билээ. 
 
Харин С.Ганбаатар дарга тэр золгүй тавиланг давтах уу, үгүй юу гэдэг нь жил хагасын дараа нэн тодорхой болох юм.
 
Эх сурвалж: