sonin.mn
Нэг. Хүн бол гурван төрөл ухамсарын эзэн. Тэр нь:
а/. ухамсар
б/. далд ухамсар
в/. дээд ухамсар /Сознание, подсознаниз, сверхсознание/
 
Эдгээр нь хүнд жигд биш орогнолтой. Гол зайг ерийн ухамсар эзэлдэг. Далд ухамсар нь шүтлэг үүсэхэд нөлөөлдөг. Дээд ухамсар нь бараг илэрдэггүй.
 
Хоёр. Хүн бол бодис, эрчим хүч, холбоо гурвын эзэн юм. Тэр нь:
а/.бие 
б/.сэтгэл 
в/.оюун  /Физическое, духовное, ментальное/.
 
Эдгээр нь эхнийхээс бусад нь хүн бүрт ижил бус хадгаламж юм. 
 
Гурав. Хүн бол гурван үйлийн эзэн юм. Тэр нь:
а/. хилэнцлэхүй
б/. дайсагнахуй
в/. хөрөнгөжихүй /Зло, вражда, богатство/
 
Эдгээр нь хүнийг боол болгосон.
 
Үүнд: /Хүн хүнээ санаандгүй дээрэлхэх, хорлох, хохироох, зодох зэрэг өөр амьтанд байдаггүйгээр зан нь хувирсан үеийг “хорлохуйн” үе гэж болно. Үүнээс болоод хүн үйлдсэн гай, нүглийнхээ боол болсон.
 
-Хүн тэгээд нэгэн цагт бие биендээ дайсагнах шатанд хүрсэн. Тэрний хамгийн хорлонтой урт настай нь “дайн” юм. Энэ гайтай авираас болж хүн хүнийхээ боол болсон. Хүчтэй нь хүчгүйгээ боолчлоход хүрсэн балаг одоо ч арилаагүй байна.
 
-Хүн нүцгэнээс хувцастай, агуйгаас орон сууцтай, орон сууцнаас чинээлэгжиж цайзтай болсон. Тэгмэгц шуналдаа дийлдэн явсаар хүн эд хөрөнгөнийхөө боол болсон. Одоо дэлхий дээр хамгийн олон боолын эзэн бол эд хөрөнгө юм.
 
Хүн энэхүү биеийн болоод сэтгэлийн буртагнаас салахыг хүсвэл “оюунаар баяжих” арга, хэлбэрт шилжих нь нэг гарц мөн. Ийм гарцыг Энэтхэгийн их сэтгэгч Ганди Мохандас Карамчанд /1859-1948/ юм. Тэрээр гүн ухааны үүднээс сургаал боловсруулсан нь “Гандизм” гэж хожим нэрлэгджээ. Тэрээр “Үл хөнөөл учруулах” /ахимса/, ‘Үл дайсагнах” /сатьяграха/, “үл хөрөнгөжих” /апари граха/ гэсэн гурван сургамж дэвшүүлсэн юм.  Энэ гурвын ачаар хүн төрөлхтөн “ариусана” гэж үзсэн билээ.
 
Гэвч үүнд хүн төрөлхтөн, түүний дотор Энэтхэгчүүд бэлэнгүй байлаа. Нэг нэгэндээ хор үл хүргэх гэсэн нь энэрэнгүй үзлийн амин сүнс атал тэр үгийг дэвшүүлсэн Гандийгаа Энэтхэгийн шовинист үзэлтэн хорлон алсан юм. “Үл дайсагнах” тухайд ч өнөөг хүртэл бараг далаад жил улс орнууд хоорондоо дайтсаар, хүн хүнээ хядсаар байна. “Үл хөрөнгөжих” гэдгийг бол зөвшөөрөх улс байтугай хувь хүн ч бараг алга. Эдгээрийг хэрэгжүүлэх нөхцөл бололцоо ч бүрдээгүй байна.
 
Жич: даяарших (глобализация) үзлийг зөв боловсруулан, даяарших үйлдлийг ухаалаг шударга явуулж чадвал хүн төрөлхтөн бүхэлдээ эвсэг, жаргалтай том айл болоход тус хүргэж мэднэ. Эс чадваас хүн “гурамсан боол” /нүгэл хилэнцийн дайсагналын, хөрөнгийн/ хэвээр байх болно.
 
Зөнчийн үг 
Эх сурвалж: "Дал" сонин