sonin.mn

Миний бие Монголын Үндэсний номын санд 23 жил сууж ном уншжээ. Энэ хооронд 5 захиралын нүүр үзэв. Урт богино хугацаагаар 2 удаа ажиллаж байлаа. Эхний удаад монгол модон бар гар бичмэл номын каталоги хийх ажил дээр эрдэм шинжилгээний ажилтнаар, дараа нь төвд ном судрыг дижитал хэлбэрт шилжүүлэх, дижитал каталоги хийх АНУ-ын ACIP байгууллагын төсөл дээр ажиллаж байв. Энэ хугацаанд номын санд ямар захиралууд байсан, одоо хэрхэн дампууран сөнөж байгаа түүхийг хүүрнэн өгүүлж чадна гэсэн үг. Өнөөдөр номын санд ном унших маш хүндрэлтэй болсон. Модон бар, гар бичмэл номуудыг уншихад балын харандаа цаастай унших ёстой гэсэн дүрэмтэй. Гэртээ хариад л комьпютер дээрээ шивж болно.

Нэг удаа 3-аас илүү ном захиалж уншиж болохгүй. Унших бол заавал захирал юм уу? аль нэгэн даргын гарын үсгээр уншина. Уншихдаа заавал номын агуулгын тухай асуултад хариулна. Өөрөөр хэлбэл хянуулж байгаа хэрэг. За тэгээд номын санд орохдоо хувийн номтой орж болохгүй. Цүнхтэйгээ орж болохгүй. Ер нь заавал магистр болоод доктор биш бол ном судар уншиж болохгүй. Тэнд ерөөсөө ч болох юм байхгүй. Бүгд хориглогдсон, хянагдсан, бас хавчигдсан маягтай ном уншина. Гоё шүү. Ер нь намайг анх 1992 онд уншиж эхлэхэд л Монголын үндэсний номын санд байгаа гар бичмэл, модон барын ном судрыг унших гэдэг олон босго давдаг байв. Туйлын ядаргаатай байсан. Аргагүй л дээ. Оросууд Монголын түүхийг бичиж өгсөн. Монголчууд үнэн түүхээ мэдэж болохгүй учир сүүлийн 500 жилийн оюуны түүхээ зөвхөн эрдэмтэн судлаачид л нарийн цензуртэй унших ёстой гэсэн чиглэл өнөөг хүртэл хүчинтэй байдаг нь үнэхээрийн ”гайхамшиг”. Ер нь дэндүү олон жил өнгөрөхөд ингэж уншсаар байгаад би ч өөрөө энэ дүрэм журамтай эвлэрчихсэн байжээ. Өнөөдрийн оюун санааны хямралд Монголын Үндэсний Номын Сангийн энэ мэт ойлгомжгүй дүрэм журам их бага тодорхой хувь нэмэр оруулсан гэж боддог. 100 гаруй их дээд сургуультай хирнээ ерөөсөө ч номын сан дүүрч байсангүй. Номын санд ном уншихаар үүдээрээ гартал оочер дугаар болчихсон байхыг харсан хүн бий юу? Холын баруунаас болъё. Хөрш хятадаас л жишээ авъя. Хятадад өнөөдөр бүх эрдэмтдийнх нь дессиртаци онлайн байгаа.

Зүгээр баклавр, мастерийн дипломын ажилд тэдгээр эрдэмтдийн оюуны бүтээлээс 3-аас дээш өгүүлбэр эш татсан байхад л бичсэн ажил нь хүчингүй болдог. Шинээр бичигдэж байгаа оюуны хөдөлмөрийг ийм нарийн цензурээр дүгнэдэг. Орос ч энэ ажлыг яг ид хийж байна. Харин манайх бол дессиртаци хориотой унших боломж хомс. Ямар ч аргаар олсон дессиртацинаасаа алд дэлэм хуулсан ч хэн ч мэдэхгүй Яагаад гэвэл нууц далд хорьсноосоо болоод Монголын ШУ дампуурч байна. Зүй нь хэдхэн диссиртаци онлайн болгох бол хурууны ажил л даа. За тэгээд ганцхан л жишээ дурсъя. Энэ жил Өндөр гэгээний 380 жилийн ой болно. Яам нь юу хийхээ мэдэхгүй толгойгоо гашилгаж сууна. Тун удахгүй 4-р сард Унгар улсад Өндөр гэгээнд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Харин өнөөгийн Монгол улсын автор, төрийн алтан соёмбыг зохиогч, Чингис хааны дараах 2 дахь түүхэн энэ хүнд хурал хийх нь байтугай дурсах ч хүн төрөлх Монгол улсад нь алга. Зүй нь Өндөр гэгээнтэй холбоотой бүх түүхэн бичиг баримт зохиол намтаруудыг хадгалж буй Үндэсний номын сан хэвлэж чаддагүй юм аа гэхэд онлайн, дижитал хэлбэрээр уншигч түмэнд хүргээд, судлуулж, сурвалжлуулахын төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэх учиртай юм. Монгол судлал сүйрч байгаагийн шалтгаан нь ч Үндэсний номын сангийн удирдлагын увайгүй байдал. Монгол улсын ерөнийлөгч Ц.Элбэгдорж Монгол судлалыг хэрхэн дэмжиж хөгжүүлэх тухай сайхан сайхан үлгэр их ярьсан. Хөөрхий минь хэдэн жилийн урьд 100 сая төгрөг ч бил үү өгөх нь өгсөн юм. Тэр мөнгөөр нь Эрдэм шинжилгээний уншлагын танхимын хананд хэдэн хүрэн мод хадаж, өөрт нь бэлгэнд өгсөн хэрэгтэй хэрэггүй номоор ханыг нь дүүргэж, ажилладаг ажиллагадггүй нь мэдэгдэхгүй хэдэн комьпютероор ширээг нь бөглөснөөс өөр юу ч ажил болсонгүй. Харин шагналд нь номын санд хараахан ирж чадаагүй хувийн номоо авч ороод унших эрхгүй л болж, унших эрх чөлөө нэг зэрэглэлээр дордов.

Иймэрхүү утгагүй дүрэм журмыг мөрдлөг болгож, амьдрал дээр гардан хэрэгжүүлж буй Үндэсний номын сангийн захирал А.Нансалмаад зарим нэгийг нь хүчингүй болгох санал тавиад 14 хонож байна. Энэ хугацаанд энэ хүнээ бас таних гэж оролдлоо. Н.Цагаач, Ж.Сэржээ, Г.Аким, Х.Чилаажав нар бол бас чиг гэж жин дарахаар захирлууд байлаа. Үндэсний боловсон хүчин. Олонд нэр хүндтэй. Яахав хөөрхий дижитал номын сан, e-library ойлгохгүй ч ямар ч байсан хүний хэлсэн үг ядахнаа ойлгодог хүмүүс байлаа. Харин А.Нансалмаа захирал бол АН-ын томилолтоор Дундговь аймгийн номын сангаас ирж тавигджээ. Ямар ч байсан нэг партизан мартизан ч гэнэ үү? хурдан морины зүтгэлтэн гишүүний уяачийн гал мал хавьцаа л тогоо барьж явсан хүн бололтой. Номын сангийн ухааны докторын зэрэгтэй хүн гэнэ. Дипломыг нь хайгаад олсонгүй. Орос хэл дээр хамгаалсан бололтой. Монгол хэл дээр номын сан болоод соёлын тухай ганц А ч гэсэн өгүүлбэр алга. Тэгээд ийм дүгнэлтэнд хүрлээ. Орост мөнгийг нь төлбөл хэнд ч юу ч өгч чадна. Академич ч болж болно. Энэ хүн орос хэл дээр докторын диплом бичих нь байтугай, орос хэл дээр сайт ашиглаад мэдээ уншчих дайны ч боловсрол алга. БСШУ-ы сайд Лу.Гантөмөр минь ээ? Энэ хүнийхээ диплом энэ тэрийг нь шалга. Ямар зорилготой Монголын Үндэсний Номын сан хэмээх ийм хариуцлагатай байгууллагад ийм хүнийг захиралаар тавьснаа тайлбарла. Өмнөх сайд Ц.Оюунгэрэлээр нь тайлбарлуул. Хэрвээ Үндэсний номын сан хаана байдгийг мэддэг бол олоод ирээч. Утгагүй дүрэм журмуудыг нь уншигч бидний өмнө ураад хаячих. Голдоо сүвтэй, номд элэгтэй, нэртэй нүүртэй, чихтэй чигтэй хүн тавьчхаач. Чадвал их сайн л байна. Гэвч чи чадахгүй дээ гэж би урам хугарч байна. Монгол судлал ч тэр Монголын Үндэсний номын сан ч тэр сүйрч байна. Төгсч байна.

Таныг хүндэтгэн ёсолсон: 23 жил номын санд сууж байгаа, толгойдоо бага зэрэг юмтай, хагас галзуу, хаврын синдромтой Гончигийн Ням-Очир

 

Жич: Унших судлах эрх болоод хойч үеийн судлаачдынхаа төлөө илгээв