sonin.mn
УИХ-ын дарга З.Энхболд Үндсэн хуулийн Цэцэд дуудагдаж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Ерөнхийлөгчийг гадны иргэдэд уучлал үзүүлэхэд академич, хуульч С.Нарангэрэл гуай “Одоо хэн нэгэн зоригтой аавын хүү Цэцэд гомдол гаргадаггүй л юм бол асуудал босч ирэхгүй” хэмээж байв. Харин энэ зоригтой аавын хүү нь нэгэн цагт Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг гэх эрхмийг АТГ-т өгч шалгуулж явсан хуульч Б.Энхбаяр болж таарсан. 
 
Тэрбээр Төрийн тэргүүнийг хариуцагчаар татсан гомдлыг Үндсэн хуулийн Цэцэд гаргаад байгаа юм. Ингэхдээ дан ганц гадны иргэдийг уучилсан асуудлаар Цэцэд хандаагүй. Тодруулбал, түүнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Цэцэд өгч, шалгуулах гурван ч үндэслэл байгаа гэсэн. Үүний нэг нь Төрийн тэргүүний ажлын тайлантай холбоотой. Энэ талаар тэрбээр “Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч жил тутмынхаа ажлын үр дүнг УИХ-д тайлагнах учиртай. Түүнийг нь УИХ албан ёсоор хэлэлцэх ёстой. Гэтэл энэ үүргээ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаанд нэг ч удаа биелүүлсэнгүй” хэмээн тайлбарлаж байлаа. 
 
Уг нь Ерөнхийлөгч ажлаа хэрхэн тайлагнах талаар хуульд тодорхой хэд хэдэн заалт байдаг юм байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 7.1-д "Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцаж жил тутам үйл ажиллагааныхаа талаар танилцуулж байна" гэж заасан байдаг бол Үндсэн хуулийн 35.1, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд Ерөнхийлөгчийн УИХ-д ажлаа хариуцах тухай заалтууд байгаа юм. 
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны долдугаар сарын 10-наас эхлэн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Харин ийнхүү бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш УИХ нэг ч удаа ажлын тайланг нь сонсоогүй байгаа юм. Угтаа Дэгийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажлын тайлангаа жил бүр УИХ-д ирүүлэх бөгөөд уг тайланг чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг сарын дотор сонсох ёстой байдаг бөгөөд Ерөнхийлөгчийн тайлантай холбогдуулж гишүүд асуулт асууж болох талаарх зохицуулалт ийнхүү цагаан дээр хараар бичээтэй байна. 
 
Харин Төрийн тэргүүн саяхан энэ талаар ярихдаа “Ер нь Үндсэн хууль дээр ажлаа хариуцна гэж нэг үг бий. Ерөнхийлөгч ингэж ажиллалаа гэдэг тайланг жил бүр хүргүүлдэг. Үүний дагуу би тайлангаа хүргүүлж байгаа. УИХ дуудаад тайланг чинь сонсъё гэвэл очно шүү дээ” хэмээн тайлбарласан. Гэхдээ ингэж ярих үедээ тэрбээр өнгөрсөн оныхоо ажлын тайланг УИХ-д хүргүүлээгүй л байж. 
 
Өөрөөр хэлбэл, ийнхүү асуудал босч, өөрийг нь Цэцэд дуудуулахад хүрэхтэй зэрэгцээд тэрбээр 2014 оынхоо ажлын тайланг УИХ-д албан ёсоор хүргүүлжээ. Харин түүний өмнөх жил буюу 2013 оны үйл ажиллагааны тайлангаа 2014 оны долдугаар сарын 28-нд УИХ-д хүргүүлж байжээ. Ийнхүү түүний хүргүүлсэн ажлын тайланг УИХ сонсоогүй, бас гишүүд асуултгүй байсаар өнөөдрийг хүрсэн байх юм. Ямартай ч Цэцэд дуудагдах сургаар Төрийн тэргүүн ийнхүү өнгөрсөн оныхоо үйл ажиалагааны тайланг үлсэн байна. 
 
Энэхуү тайланд мэдээлснээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнгөрсөн онд нийтдээ 114 ялтан уучлал хүссэн захидал хүргүүлсэн байна. Үүнээс тэрбээр бүрэн эрхийнхээ хүрээнд тавд нь л уучлал үзүүлсэн аж. Түүнчлэн 37 хүний уучлал хүссэн захидалд татгалзаж, 51 ялтны хүсэлтийг “Хуульд нийцээгүй байна” хэмээн буцаажээ. Харин 21 хүний уучлалыг өөртөө үлдээн, судалж байгаа юм байна. Мөн тэрбээр хуульд хориг тавих эрхтэй байдаг бөгөөд энэ эрхээ 2014 онд эдлээгүй
аж. 
 
Товчхондоо, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн онд нэг ч хуульд бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавиагүй юм байна. Ийнхүү Ерөнхийлөгчийн ажлын тайлан УИХ-д хүрсний дараа түүнийг Цэцэд өгөхөөр болоод байгаа хуульч Б.Энхбаяр ‘‘Ямартай ч Ерөнхийлөгчийг Цэцэд өгсөн асуудлын эхний эерэг үр дүнгүүд гарч эхэллээ. Ерөнхийлөгч маань ажлынхаа тайланг УИХ-д Цэцэд хандсаны дараа хүргүүлжээ. Ер нь нэг зүйлийг энэ дашрамд хэлчихье. 
 
Зарим хүний андуу ташаа ойлгоод байгаа шиг ерөнхийлөгчийг Цэцэд өгсөн нь Ц.Элбэгдорж гэж хувь хүний мууд дурлаж буй хэрэг огтхон ч биш. Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хуульд заасанчилан төрийн дээд институтийн нэг. Тэрхүү институт Үндсэн хуульд заасан тэр хүрээ, раманд л бүрэн эрхээ хэрэгжүүлэх учиртай. Энэ бол засаглалын хууль ёсны шинж чанарын тухай асуудал юм. Ц.Элбэгдорж, дараа нь хэн Ерөнхийлөгч байхаас үл хамаарч энэхүү институт Үндсэн хуульд заагдсан тэрхүү үүргээ биелүүлж ажилладаг. 
 
Ерөнхийпөгч ч бай, жирийн иргэн ч бай үүргээ биелүүлэх тухайд хуулийн өмнө адил тэгш байх тухай л асуудал, зарчим юм. Тэгэхдээ асуудал дуусаагүй байна. Хэрэв Ерөнхийлөгч хуулийн дагуу ажлын тайлангаа УИХ-д ирүүлдэг юм бол “Тайланг ирүүлснээс хойш УИХ сарын дотор хэлэлцэнэ” гэх хуулийг яагаад УИХ-ын дарга хэрэгжүүлэхгүй, тайланг нь дараад хууль зөрчөөд байгаа юм бэ гэх асуудал одоо хөндөгдөж эхэллээ” хэмээсэн. 
 
Ямартай ч Ерөнхийлөгч хэдийгээр хугацаа оройтсон гэж өөлөхгүй л бол жил тутмынхаа ажлын тайланг УИХ-д албан ёсоор хүргүүлдэг болж таарлаа. Тэгэхээр түүний ажлын тайланг нэг сарын дотор УИХ хэлэлцэх ёстой гэдэг хуулийн үйлчлэл хаачив. Өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд хоёр дахиа сонгогдон ажиллаж байгаа. 
 
2009-2013 оны хоорондох дөрвөн жилийн ажлын тайланг нь УИХ хэлэлцээгүй. Тэгэхээр тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл УИХ-аар хэлэлцүүлээгүй болж таарч байна. Түүнчлэн одоогийн УИХ-ын дарга З.Энхболд ч Төрийн тэргүүний ажлын тайланг УИХ-аар хэлэлцүүлэхгүй хав дараад байгаа гэсэн үг үү. Ямартай ч олны дунд байсан эргэлзээ ийнхүү тайлагдаж, № 1  худал хэлсэн биш, №2 хууль зөрчсөн байж магадгүй болоод байна. . 
 
Хэдийгээр ийм эргэлзээ үүсч байгаа ч хуульч С.Нарангэрэл гуайн хэлсэнчлэн энэ асуудлыг мөн л ямар нэгэн хуулийн субъект гарган тавьж, гомдол гаргахгүй бол мөн л асуудал тэгсхийгээд намжина. Хуулийг хууль чигээр нь, түүнийг дарга цэрэг хэнбугай ч байсан мөрдөх учиртай гэж үздэг нэг иргэн энэ асуудлыг тусгайлан судалж, Цэцэд гомдол гаргаж болох юм. Академич, хуульч С.Нарангэрэл гуайн тодорхойлсноор “Зоригтой аавын хүү" болж таарсан хуульч Б.Энхбаяр ч энэ удаад дахин зориг гаргаж мэдэх юм. 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: