sonin.mn
Бид өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд Сонгинохайрхан дүүргийн XXү хорооны нутаг дэвсгэрээс анх занданшуулсан шарил олдсон тухай мэдээлж байсан билээ. Завхан аймгийн харьяат иргэн энэхүү онгоныг худалдаалахаар интернэтэд зар тавьснаар хууль хяналтын байгууллагынхан анх мэдэж, тусгай ажиллагаа явуулан баривчилж, шарилыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгснөөс хойш өдгөө даруй хоёр сар болох гэж байна. 
 
Энэхүү онгон нь Цэвээн-Арашийн Чүлтэмжамц /ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн хувилгаан/-ы баруун гарын шавь цорж Санжжавынх болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон төдийгүй хуучин байсан ор нь онгойгоод үлдсэнийг орон нутгийн цагдаагийн байгууллагынхан баталсан. Ийнхүү хаанаас авсан, хэний онгон болох нь тодорхой болсон. 
 
Мэдээж нэгэнт олонд ил болсон учраас онгоныг судлах ажлын хэсэг байгуулсан бөгөөд үүнд Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Хууль зүйн яамныхан хамтран ажилласан.  Албан бус мэдээгээр бол Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн Батсайхан гэгч ажлын хэсгийг ахлан ажиллажээ. Түүнтэй хамт Бурханч лам Г.Пүрэвбат, Шинжлэх ухааны академийн Архелогийн хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албаны хүмүүс байсан байна. 
 
Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагынхан мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа хэмээн тайлбарлан, мэдээлэл өгөхийг төвдөхгүй байгаа. Энэхүү онгоны талаар зөвхөн монголчууд ч биш гадаадын улс гүрнүүдээс ч анхаарал хандуулсаар байгаа билээ. Тэр ч байтугай “шинэ мэдээлэл гарвал бидэнтэй хуваалцаарай” хэмээн хүссэн нь ч бий. Харамсалтай нь онгоны тухайд өнөөг хүртэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хаалттай “үзмэр” болсоор байгаа юм. 
 
Учир нь энэхүү онгоныг одоо бол Архелогийн буюу шинжлэх ухаан талаас нь бүх судалгааг хийсэн гэнэ. Тус хүрээлэнгийн зүгээс хүн судлал буюу нас, өндрийг нь тодорхойлох зэрэг ажлаа хийж гүйцэтгэсэн гэж үзэж байгаа аж. Манай архелогчдын хувьд нарийвчилсан байдлаар томмографын аппаратад оруулж судлах нөхцөл бол байхгүй. Тэр талын тоног төхөөрөмж байдаггүй. Тиймээс Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн томмографаар харах гэж оролдоод бүтэлгүйтсэн байна. Суугаа байрлалтай учраас онгоны хөл нь тулаад байгтаагүй тухай мэргэжилтнүүд нь хэлж байсан юм. 
 
Түүнчлэн одоо энэхүү онгоныг хэн хариуцах нь ч тун тодорхойгүй байгаа аж. Уг нь Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас хэнд хариуцуулахаа шийдвэрлэх ёстой. Гэвч өнөөг хүртэл хэрхэхийг тогтоогүй бөгөөд хэрэг шийдвэрлэгдээгүй гэдэг үг хэлдэг юм билээ. Нэгэнт хийх ажлаа гүйцэтгэсэн учраас шинжлэх ухааны байгууллагынхан дүгнэлтээ гаргаад өгчихсөн гэнэ. Хаана, хэзээ амьдарч байсан болон хаанаас авсан нь тодорхой учраас тэдний хувьд цорж Санжжав нь 40-50 эргэм насандаа нас барсан гэдэг дүгнэлтийг өгсөн байна. 
 
Онгоныг анхнаасаа мэдэж байсан нь шашныхан. Тэд хаана, хэний онгон байгааг ерөнхийд нь мэддэг бөгөөд уламжлал, сүсэг, бишрэлээ дагаад тэр бүр зааж өгдөггүй. Түүнчлэн олон нийтэд ил болгосонд ихээхэн дургүйлхэж байгаа юм. Монголын тал нутагт өөрийн эрхтэй болон эрхгүй занданшсан бие олон бий. Тэдгээр нь олны өмнө гарах цаг хугацаатай. Тэр үедээ л гарах жанцантай хэмээн үздэг. Тиймээс энэ удаагийн өөрийн эрхгүйгээр занданшсан цорж Санжжавын онгоныг хугацаанаас нь өмнө гаргасан бөгөөд буцаан залах талаар яригдаж эхэлжээ. 
 
Өөрөөр хэлбэл онгоныг шашныхан болон орон нутгийнхан хэрхэн залахаа шийдвэрлэхээр болоод байгаа бололтой. Бурханч лам Г.Пүрэвбатын хэлснээр Гэсэр ламын ойрын шавь. Одоогоос 200-гаад жилийн өмнөх хүн. Битүү хар хууз сахалтай, 70 орчим настайдаа таалал хураасан болов уу гэмээр тэмдэгтэй. Өндөр монхордуу хамартай. 180 см орчим өндөр биетэй хүн байсан юм билээ. Цорж гэдэг нь номын богд, орон хийдийг даасан том лам мяндаг тушаалтан гэнэ. Өөрийн биеийг өнөөг хүртэл хадгалагдах хэмжээнд занданшсан байгаа нь цорж Санжжав тодорхой хэмжээгээр бясалгалын шидийг олсон номтой хүн хэмээгдэж байна. 
 
Гэтэл өдгөө нийслэлд паартай байшинд энгийн байдлаар хадгалагдсан хэвээр байна. Хариуцах эзэнгүй болчихоод байгаа учраас ингэхээс ч аргагүй. Магадгүй цагдаагийн байгууллага хэргийг нэг тийш шийдвэрлэвэл асуудалд хандах хандлага нь арай өөр болох байх.  Угаас Очирхайрхан ууланд орших багш, шавь хоёрт нутгийн иргэд болон сүсэгтнүүд эртнээс сүсэглэсээр ирсэн ажээ. Уулын бэлээс орой хүртэл машинаар явахад нэлээд бэрх замтай бөгөөд ихэнхдээ алхаж очдог. Тэнд очсон хүмүүс ажил, үйл, ахуй амьдралаа даатгадаг тухай нутгийнхан нь хуучилдаг.  Харин одоо бол сүсэгтэн олон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн даргын арын өрөөгөөр сэм эргэлдэх болжээ. Нэгэнт ил гаргачихсан, барьж үзэж ч болохоор шахам байхад тийн хошуурахаас аргагүй биз. 
 
Даргын арын өрөөнд орвол метр орчим өндөртэй дөрвөлжин зүйл дээр онгоныг байршуулсан байх бөгөөд шар дурдангаар ороож, өвөр дээр нь цэнхэр хадаг тавьсан байна лээ. Түүнчлэн хажууханд нь түшлэгтэй сандал тавьж, түүн дээр нь нэлээд олон өнгийн хадгийг дээр, дээрээс нь өрж, өмнө нь арц, хүж уугиулан орхисон байх юм билээ. Тэгэхээр очсон хүмүүс түүнд мөргөж, зан үйл үйлдэн, хадаг залдаг нь тодорхой байгаа юм.  Гэхдээ шашныханы тайлбарлаж буйгаар энэхүү онгон нь одоо бол сэвтсэн гэнэ. Байх ёстой газраас нь зүй бусаар авч ирсэн нь онгон дагшин байдлыг нь алдагдуулдаг. Тиймээс буцаан залсан хойно нь сүсэглэн залбирч бол болно. Түүнээс одоо хулгайгаар очиж улам бүр хилэгнүүлэх хэрэггүй л болов уу хэмээж байлаа. 
 
Уг нь албан бус эх сурвалжийн хэлснээр энэ сарын 15-нд буюу өнгөрсөн ням гарагт хуучин байсан Очирхайрхан ууланд буцаан зална хэмээж байгаад больжээ. Учир нь сумандаа суварга босгож, ёс төртэйгөөр залах тухай яриа гарч, тендер зарлаад байгаа гэнэ. Энэ талаар Архангай аймгийн Цахир сумын Засаг дарга Д.Галбаатартай утсаар холбогдон тодруулахад “Буцаан зална. Гэхдээ хэрэг нь шийдэгдээгүй учраас хугацаа нь тодорхойгүй байна. Очирхайрхан ууландаа эргүүлэн оршоох байх. Түүнээс суварга босгох талаар яригдаагүй” хэмээсэн юм. 
 
Юутай ч бид түүх, архелогийн эртний олбортой байлаа ч түүнийгээ судлах боломжгүй, шашны олдворууд байсан ч зөв журмаар нь шүтэж чаддаггүй хүмүүс гэдгээ энэ удаа харуулав бололтой.  Ийнхүү 200-гаад жилийн өмнө амьдарч, ард олны тусын тулд өөрийн эрхгүйгээр занданшсан нэгэн бие өдгөө Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд байсаар байна. 
 
Эх сурвалж: