sonin.mn
Хувийн хэвшилд ажиллагсад сүүлийн үед “гологдсон хүүхэн” гэдэг шиг хүний тооноос хасагдах нь ээ. Уг нь Монгол Улсын үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 14.2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гээд дурайтал заагаад өгчихсөн байдаг. 
 
Өөрөөр хэлбэл ямар ч тохиолдолд ялгаварлан гадуурхаж болохгүй гээд хуульдаа заагаад өгсөн атал яаж ийгээл тэднийг гадуурхаад байгаа нь хачин. Тэгсэн одоо бүр улайм цайм үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчиж, НИТХ-аас шийдвэр гаргахыг харлаа. Тэр нь “Улаанбаатар орон сууц сан”-гаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам”. Ингэхдээ “Улаанбаатар орон сууц сан”-гаас нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдад худалдан авах орон сууцных нь зээлийн урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлэх. 
 
Журамд заасны дагуу нийслэлийн харьяа төрийн байгууллагад гурваас доошгүй жил ажиллаж байгаа, цаашид тогтвор суурьшилтай ажиллах, худалдан авах орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийн 50 хувийг төлж барагдуулах чадвартай, ажил олгогчоос тухайн төрийн албан хаагчид орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг олгуулахаар шийдвэрлэсэн байх, урьдчилгаа төлбөр дутагдалтай боловч харилцагч банк, санхүүгийн байгууллагын зээл олгох бусад шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх шаардлагатай гэх зэргээр зааж өгсөн байна. Үүнийг харсан төрийн албан хаагч нар “ямар гоё юм бэ, ашгүй байртай болох нь”, “хашаа байшингаа заръя” гэх зэргээр баярлаж байгаа бол хувийн хэвшилд ажиллагсад “аль дээрээс л төрийн байгууллагад шургалдаг байж” хэмээн амаа барьж суугаа. 
 
үнэн хэрэгтээ хувийн хэвшлийнхнээс татвар, татаас авахдаа “баялаг бүтээгчид” гэх сүржин нэр зүүж онгироочихоод бусад үед эрхийг нь зөрчиж байдгаа больчихмоор юм. Мэдээж энэ удаагийн шийдвэр ард иргэдийг ялгаварлан гадуурхсан анхны алхам биш л дээ. Өмнө нь цалин нэмэхээр болоход төрийн албан хаагчид гэж тусгайлан заана, тэтгэвэр тэтгэмж гэхээр мөн л нэг удаагийн буцалтгүй тусламжийг багш, цэрэг, цагдаагийн байгууллагынханыг тэтгэвэрт гарахад нь өчнөөн сая төгрөг олгоно, зарим байгууллага нь 13 дахь сарын цалин гэж хүртээнэ гэх зэргээр байнга алагчилж үзсээр ирсэн. Хувийн хэвшилд ажилладаг гэхээр л бүгд байр, орон сууцтай, машин болон цалингийн зээлгүй, баян тарган хүмүүс байдаг юм биш. 
 
Бусадтай л адил амьдрахын тулд хийж буй ажлаа чанартайхан хийгээд түүндээ тохирсон цалин хөлсөө аваад явж байдаг. Төрийн байгууллагад ажилладаг “тусгай” хүмүүстэй яг адилхан хүн. Харин ч тэднийг бодвол цалингаа нэмүүлнэ гэж гоншигнодоггүй, ажил хаяна гэж айлгадаггүй, жагсаж, цуглана хэмээн сүрийг далайлгадаггүй. Өмнөх ажлаа л хийж байдаг, үнэндээ завгүй хүмүүс. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард үндэсний статистикийн газар Монгол Улсын хэмжээнд нэг сая 148 мянган хүн ажил хөдөлмөр идэвхтэй эрхэлдэг. Тэдгээрийн 180 гаруй мянга нь төрийн албан хаагч гэсэн тоо гаргасан байна.  Тэгэхээр төр 968 мянган ажилтныг гадуурхаж байна гэсэн үг. 
 
Төрийн албаныхан “хувийн байгуулагад ажиллагсад гоё юм аа. Байр, машинаар шагнуулдаг, гадаад, дотоодод амардаг.” хэмээн атаархаж буй мэт үгсийг чулууддаг хэрнээ өөрсдөө бол хэзээ ч хувийн компанид ажилд орохгүй. Тэгээд ч тэр хэмжээгээр ажилтнаа урамшуулдаг компани монголд хэд байдаг бол гэдгийг бас бодох л хэрэгтэй. Хэдий ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, ажлын бүтээмжийг нь дээшлүүлэхийг хүсээд ч чаддаггүй аж ахуйн нэгж Монголд маш их байдаг нь нууц биш. Тэр байтугай ажилчдынхаа нийгмийн даатгалыг ч төлдөггүй байгууллага хэдэн мянгаараа бий. 
 
Өнөөгийн нийгэмд өндөр цалин олгож, урамшуулал, бэлэг өгөхдөө ч “том” загнадаг компани тун цөөн. Тэдний хувьд олсныхоо хэрээр цацаж, боловсон хүчнийхээ бодлогыг тодорхойлж, үнэлж чаддагтаа, тийн загнаж буй хэрэг. Харин үйл ажиллагаагаа жигдрүүлэх гэж өөрсдийн мөнчгөрөөрөө зүтгэж яваа дундаж аж ахуйн нэгжүүдийн ажилтнууд хэрхэх болж байна вэ. 
 
2014 оны сүүлээр Монгол Улсын дундаж цалин 758 мянган төгрөг гэдэг статистикийн судалгаа бий. Гэтэл 1-9 ажиллагсадтай 90 мянган аж ахуйн нэгж, байгууллагын дундаж цалин 500 мянган төгрөг байсан. Өөрөөр хэлбэл, улсын дунджаас дээрх 90 мянган аж ахуйн нэгж, байгууллагын цалингийн хэмжээ даруй 43 хувийн хол зөрүүтэй байгаа юм. Ийм байхад төр хувийн хэвшлийг ялгах байтугай хувийн хэвшлийг ч дотор нь ялгахад буруутахгүй байлтай. Эсвэл бүр “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” гэдэг шиг хэн нэгнийг ялгаварлахгүйгээр аливаа шийдвэрийг гаргах хэрэгтэй баймаар. 
 
Хөөрхий ад үзэгдээд байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид ажиллагсад нь төрд төлөх ёстой татваруудаа төлөөд ч ашиг шимийг нь хүртэж чадахгүй, бурхны оронд заларчихдаг тодохиолдол бишгүй бий. Зарим нь нийгмийн даатгалаа төлж байгаад нь баярлана гээч. Тэр нь ядахдаа л цалингийн зээл авах баталгаа болж хувирах юм даа. 
 
Түүнээс биш орон сууц байтугай хашаа, байшин бүр цаашлаад автомашины зээл авъя гэхнээ төрийн албаныхантай л адил төлөх ёстой урьдчилгаа мөнгөө өгч чадахгүй юм чинь. Тийм байтал төр иргэнээ ингэж алагчилж байна. Эсвэл өрх бүрээс хэн нэгнийг нь төрийн албанд заавал авч ажиллуулдаг журам бас гаргачих хэрэгтэй. 
 
Уг нь хувийн хэвшлийнхний буянаар төр өдий зэрэгтэй байгаа гэдгээ мэддэг л баймаар. Элдэв янзын татьар, татаасны ачаар төсвийн орлогоо бүрдүүлж байгаа атал тэнд нь ажиллагсадыг гоочилж байгаа нь яав ч зөв алхам биш гэлтэй. 
 
Үүрэхийг нь хувийн хэвшлийнхэн, аахилахыг нь төрийн байгууллагынхан гүйцэтгэж ирсэн гэвэл хилсдэхгүй л болов уу. Гэтэл “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэгчээр улсад олон жил татвараа төлсөөр ирсэн аж ахуйн нэгжүүддээ хэтэрхий ширүүлж байгаа нь тун тоогүй арга гэхээс яах вэ. Нэгэнт төрд ажилласан хүн л илүү эрх, ямба эдлэх юм бол бүгдээрээ төрийн албанд орж, бүтцийг нь бүр данхайлгадаг ч юм билүү. 
 
Эх сурвалж: