sonin.mn
МОСКВА. /svoboda.org/. Орчин үеийн Монгол Улсад ямар чиг хандлага зонхилж байна вэ? Монголчууд хөрш орнууд болох Орос, Хятадтай хэрхэн харилцаж байна вэ? ЗХУ-тай найрсаг харилцаатай байснаа монголчууд санадаг болов уу, тэд Монголын их эзэнт гүрний үеийн түүхийг хэр зэрэг дурсдаг вэ? Энэ талаар “Эрх чөлөө” радиогийн сурвалжлагч Андрей  Шароградский Монголыг судалдаг мэргэжилтэн, Оросын Шинжлэх ухааны академийн Экологи, хувьслын хүрээлэнгийн ажилтан Сурун Сыртыповтой ярилцжээ.
 
-Зөвлөлтийн үед Монгол Улсыг ЗХУ-ын бараг л 16 дахь бүгд найрамдах улс гэж үздэг байсан. Монголчууд янз бүрийн шалтгаанаар ЗХУ-д маш ойр байлаа. Одоо энэ байдал хэвээрээ юу? Эсвэл магадгүй энэ байр суурийг Хятад эзэлж байна уу?
 
-Тэр үеэс хойш маш олон жил өнгөрчээ. Бид өөрсдөө ч маш их өөрчлөгдсөн. Монгол зэрэг олон улсад асар их өөрчлөлт болсон. Мэдээж ийм үед Зөвлөлтийн үед байсантай адил байх боломжгүй. Нэгдүгээрт, Монгол дахь Оросын оролцоо эрс багассан. Хэрэв бид урьд нь 1980-аад оны сүүлээр Улаанбаатарт оюутны дадлага хийж байх үед тус улсын хүн амын тал хувийг оросууд эзэлдэг байсан бол одоо орос хүнтэй тааралдах нь маш ховор болсон. Ихэнх нь Европын орнуудаас ирсэн хүмүүс байна. Тухайлбал, германчууд, францууд, мөн америкчууд олон байна. Оросууд маш цөөхөн байна. Боловсролын тогтолцоо, мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо ихээхэн өөрчлөгдсөн. Хэрэв урьд нь ЗХУ-тай нягт харилцаатай байсан орнуудад тодорхой хөнгөлөлт үзүүлдэг байсан бол одоо ийм зүйл байхгүй болсон. Огт өөр тогтолцоотой  учраас монголчууд 20-25 жилийн өмнөхтэй адил Орост олноороо ирж суралцах боломжгүй байгаа бололтой.
 
-ЗХУ-ын залгамжлагч гэдэг утгаар монголчууд Орост гомдож явдаг тал бий уу? Урьд нь маш их тусламж үзүүлж байснаа дараа нь гэв гэнэт бүх зүйл зогссон байх шүү?
 
-Ямар ч байсан нийгэмд янз бүрийн давхарга байна. Зарим нь оросуудыг хүндэтгэсэн хэвээр байна. Би Орос-Монголын хамтарсан шинжилгээний ангид ажилладаг. Заримдаа бид оросуудтай цуг, орос машин унаад явдаг юм. Энэ үед Монголын ахмад үеийнхэн биднийг маш их баярлан угтаж авдаг. Жишээлбэл, Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэнд надтай хамт ажилладаг нэгэн хүн ярихдаа  “хэрвээ би хятадуудтай хамт явж байсан бол миний асуултад хариулахыг огтхон ч хүсэхгүй, туслахыг ч хүсэхгүй байх. Харин оросуудыг  хуучин ахан дүүс шигээ л угтдаг” гэж байсан юм. Залуусын хувьд хуучны харилцааг сайн мэдэхгүй. Хэлний бэрхшээл бий. 40 –өөс доош насныхан бол орос хэл мэддэггүй. Ихэвчлэн англиар ярьж байна. Англи хэл маш их дэлгэрсэн. Байдал огт өөр.
 
-Та Монголд ирж байгаа европчууд, америкчуудын тухай илүүтэй ярьж байна. Энэ утгаар Хятад хоёрдугаарт орж байна уу эсвэл бүр нэгдүгээрт орж байна уу?
 
-Энд Хятадын хувьд ерөнхийдөө маш нарийн төвөгтэй харилцаатай. Монгол Улс ЗХУ-ын 16 дахь бүгд найрамдах улс байсан бол энэ нь ердийн л үзэгдэл. Харин Зөвлөлтийн үеийн 70 жилээс цааших үеийг харвал нэгдүгээрт, монголчууд одоо гурван сая хүн амтай ч их гүрэн байснаа мартаж чаддаггүй. Тэд мянган жилийн өмнөх түүхээ мартдаггүй. Харин Хятад орныг зургаагаас долоон зууны туршид хятадууд удирдаж байгаагүй. Хятадыг монголчууд 300 жил удирдсан, дараа нь манжууд дахин 300 жил удирдсан. Манжийг монголчууд ахан дүүсээ гэж үздэг байсан. Учир нь тэд гарал нэгтэй ард түмэн. Адилхан алтай язгуурын хэлтэй. Соёлын хувьд ч тун ойролцоо. Бээжинд сууж байсан хаад эхийн талаасаа Чингис хааны үр сад байжээ. Тийм учраас энд бүх зүйл маш төвөгтэй. Хятад болоод хятадуудын тухай ярих үед дургүйцэх байдал илэрнэ. Гэхдээ монголчууд өөрсдөө ч  үүнийгээ мэддэг. “Хэн нэгэн хятад хүн яагаа ч үгүй байхад бид түүнийг хэдийнэ “хараал идсэн хятад” гэж хэлдэг” хэмээн монголчууд ярьдаг.
 
-Монголчууд болон Хятадын Өвөр Монголын өөртөө засах орны монголчууд хоорондоо ямар харилцаатай байдаг вэ? Өвөр Монголд илүү олон тооны монгол хүн амьдардаг биз дээ?
 
-Тиймээ, Өвөр Монголд илүү олон монгол амьдардаг. Гэхдээ тэд 17дугаар зууны үед Чин гүрний үеэс хань болон бусад хятад үндэстнүүдийн хамт амьдарч ирсэн учир тэндхийн монголчууд өөр үндэстэнд ууссан. Үнэндээ өөрчлөгдсөн. Тэд хүнийхээ хувьд өөрчлөгдсөн бөгөөд өөр дадал зуршилтай, өөр хоол хүнс хэрэглэж, өөр зүйлийг илүүд үздэг, мэдээж зан байдал нь ч өөр болсон. Мөн “өөрийн-харийн” гэдэг ялгаа бий болсон. Зай барьж байна. Хойд нутгийн монголчууд тусгаар тогтнолоо хадгалж үлдсэн гэдгээрээ, агуу гүрний үр сад гэдгээрээ бага зэрэг бардамнадаг тал бий.
 
-Монгол Улс бол асар уудам газар нутагтай боловч хүн амын нягтшилбагатай орон. Энгийн хүний нүдээр Монгол нь жижиг уулс толгод, нүүдэлчид, гэрүүдээр төсөөлөгддөг. Монголын талаар ингэж төсөөлөх нь зөв үү? Нэг талд урьд нь тусалж байсан боловч одоо нөлөөгөө алдсан Орос, нөгөө талд таны хэлсэнчлэн монголчууд таатай гэхээсээ таагүй ханддаг Хятад байна гэж та ярьж байгаа бол одоо Монгол Улс хаашаа хөдөлж байна вэ?
 
-Дуртай ч бай дургүй ч бай амьдрах л хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд мөнгө чухамхүү урд зүгээс ирж байна. Хятад бол Монголын урд хөрш, харин Орос хойд хөрш юм. Хятадын бизнес эрхлэгчдийг дэлхийн бүх бизнесменүүд мэддэг. Би энэ сэдвийг хөндөхгүй. Газар нутгийн байдлын хувьд мэдээж Монгол давуу талтай. Энэ бол уудам газар нутаг, мөн монгол гэр юм. Нүүдэлчид болон малчдын тоо жил жилээс жилд цөөрч байгаа, ялангуяа сүүлийн жилүүдэд эрчимтэй буурч байна. Одоо тус улсын хүн амын 70 хувь нь хотод оршин сууж байна. Одоо хотынхны хэд хэдэн үе гэрт амьдарч чадахгүй болсон. Гэрт амьдарна гэдэг бол маш хэцүү. Багаасаа маш хүнд нөхцөлд өссөн хүн л гэрт амьдарч чадна.
 
-Монголчууд Барууны соёл иргэншилд уусч байна уу? Тэд амьдралын ийм хэв маягийг сонирхож байна уу?
 
-Орчин үеийн гэр гэж юу вэ? Мэдээж хэрэг монгол гэр 500, 1000 жилийн өмнөх дүр төрхөө хадгалж үлдсэн. Гэхдээ өнөөдөр монгол гэрт цахилгаан эрчим хүч, зурагт, гар утас бий. Мөн хөдөлгөөнт нарны зай хураагуур байдаг учраас  интернэтэд холбогдох боломжтой. Одоо үүрэн холбооны үйлчилгээний ачаар Монголын хамгийн алслагдмал газар очсон ч байнгын холбоотой байх боломжтой болсон. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа мэдээлэл монгол гэр бүхэнд хүрч байна. Энэ их мэдээллийн хажуугаар зүгээр өнгөрөх боломжгүй нь ойлгомжтой. Мэдээж хэрэг мэдээ мэдээллийн давтамж хүмүүсийг өөрчилж байна. “Хүүхдүүд маань ийм хүнд амьдралаар амьдраасай гэж бид хүсэхгүй байна. Зурагтаар хараарай, тэд яаж амьдарч байна. Миний хүүхдүүд ч бас ингэж амьдраасай!” гэж малчид ярьдаг. Монголын гэр бүл болгоноос дор хаяж нэг хүн Япон, Солонгос, Швейцарьт, АНУ зэрэг өндөр хөгжилтэй хөрөнгөтөн оронд эсвэл дэлхийн аль нэг оронд амьдардаг юм.
 
Д.Жаргал
Эх сурвалж: