sonin.mn

МҮОНРТ-ээс зохион байгуулсан “Ээждээ бичсэн захидал” Улсын 7-р уралдааны Дэд байрт шалгарсан шалгарсан захидлыг хүргэж байна.

Сайн байна уу, ээжээ

Таньдаа хэлье гэж боддог ч хэлж чаддаггүй чин сэтгэлийн үгсээ захидал болгон илгээхээр шийдлээ. Арын сайхан хангай нутагт минь хүйтний эрч суларч байна уу ээжээ? Улаанбаатар хотод сэрүүхэн хүйтэн салхиар үлээгээд л  хэд  хоногоос дулаарах сурагтай. Өчигдөрхөн буюу гуравдугаар сарын 3-ны өдөр “Ижийдээ бичих захидал” уралдааны рекламыг дундаас нь үзээд захидал тэрэлж сууна даа...

Хөөрхөн гурван дүүг минь төрүүлж, аавыг минь өдий зэрэгт авч яваа таньдаа "хойд эх" гэх тодотголоор хандаж, ээж минь байсан бол гэж битүүхэн гуниглаж суудгийг минь өршөөгөөрэй. Хүн гэдэг амьтан өөрт байгаа жаргалаа анзаарахгүй, хэзээ ч хүрэхгүй жаргал руу хүсэж тэмүүлэх юм даа. Хэзээ би ухаан сууж, хэзээ би таныгаа дэндүү ихээр ойлгосон бэ? гэвэл охин тань өөрөө эх болсон тэр л өдрөөс хойш юм шүү.

Нэгэнт хорвоог орхин тэнгэрийн амгаланд нойрсож байгаа ээж минь таныг надад өөрийнхөө оронд илгээснийг би чинь хожуухан ч гэсэн ухаарч чадсандаа баяртай байна. Охин тань амьдралдаа алдаж анхны үрээ гаргана хэмээн өөрөө шийдвэр гаргаж, сайн хүргэн дагуулж ирэлгүй, ах дүү, танил нөхдийн тань дунд бардамнах, бахархах сэтгэлийг тань дутаасанд уучлаарай ээж минь. Хэдийгээр хүү Булганхангайтайгаа хамт байхыг маш их хүсдэг боловч миний нөхцөл байдлыг надаас илүү ойлгон хүүг минь халуун хайраар өсгөж байгаад дэндүү, дэндүү ихээр талархаж байна даа ижий минь.

Хүү минь та нартай хамт байдаг болохоор охин нь энд сэтгэл амар, ажлаа хийж байгаа шүү. Булганхангайгийн маань бие сул ойр ойрхон ханиад хүрээд байгаад сэтгэл минь энд хий тавгүйрхэх ч та минь эмнэлэгт ажилдаг, манай гэр бүлдээ хүндэт доктор нь болохоор тайвшрах юм даа. Та бүхнийхээ ачийг би сайн ажиллаж, сурч, боловсорч, эрүүл саруул байж, сайн ханьтай учран гялалзаж, гялтганаж явах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Та минь миний сайхан ээж.

Таньдаа удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Ажлын хамт олонтойгоо сайхан баярлаарай. Таньд мартын 8-ны бэлэг авсан. Аймаг явах шуудангаар удахгүй явуулна аа. Сэтгэл минь сайхан болж, дотор минь онгойлоо.

Таньдаа маш их хайртай шүү.

Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодол охинд чинь бий шүү.... Үнсье. Хайрт охин Удвалаас чинь.