sonin.mn

Эх хэл,  эх оронтой байх нь хэн нэгэн байхын зайлшгүй нөхцөл. Эсрэг нь харин хэн ч биш болохын хүрэлцээтэй нөхцөл. Эгэлхэн энэ утгыг эрхэмлэсэн нь хэн нэгэн байх.  Умартсан  нь харин хэн ч биш болох. Ийм хэн ч бишүүд доройтлын үед мөн их элбэгшив, энэ улсад. Тэдний үүх, түүх их ижил, дүр зураг их адил.

Харцандаа харууслын нулимс хурааж, нүүрэндээ гүн гуниг тээсэн нэгэн бүсгүй “Таныг их хүлээлээ, танаас зөвлөгөө авах гэсэн юм”  гэж зогсох.  Ихэд хүлээснийг нь хүндэтгэн  зөвлөгөө өгөхийг хичээн, түүнд бага зэрэг цаг гаргав. Яриа ийнхүү өрнөв.

“Би Англи  улсад коллеж төгссөн. Монголд ирээд удаагүй байна. Би хаана ажилд орох  эсэхээ мэдэхгүй байна. Ямар боломж байгаа талаар та надад зөвлөгөө өгөөч” гэж тэр бүсгүй надад Англиар хэлэв. Тэгэхэд нь би “Та Англиар сайн ярьдаг юм байна” гэж сайшаан “Аль улсын иргэн бэ” гэж лавлахад, тэрээр “Би Монгол улсын иргэн“ гэх.  Ингэж хариулахад нь би түүнийг ихэд өрөвдөж дотроо “хэн ч биш” гэж шивнэн яриагаа ингэж өрнүүлсэн юм.

“Та монгол хэлээр сайн ярина биз дээ” гэхэд түүний царай ихэд барааж “Үгүй, би монголоор ярьж чадахгүй” гэж тэрээр их гутрангүй харуулав. Ингэж харуулахыг нь  би дотроо өмнө нь гадарлаж байсан тул  хариулт  нь бус  харин  түүний бараасан царай, гутрангуй дуу хоолой надад ихийг өгүүлж байсан юм.  Би цааш нь “Та ийм байдалд яагаад орчихов оо. Монгол хэлээр өөрийгөө бусдад чөлөөтэй илэрхийлэгч  л монголд аж төрж ажил хийнэ шүү дээ” гэхэд тэрбээр, уртаа санаа алдан “Аав, ээж маань 1991 онд  Англи улсад сургууль оруулчихсан юм. Тэгээд би Англи улсад бага, дунд, ахлах, их, дээд сургуулийг дүүргэсэн.  Миний боловсролын бүх баримт бичиг английнх  шүү дээ. Тэнд хүчинтэй. Гэвч их сургуулиа төгсөнгүүт л Англи улсад оршин суух эрх (виз) дуусаж би Монголдоо буцахаас өөр аргагүй болсон юм. Эх орондоо баяртай ирсэн ч эх хэлгүй дээ их харамсаж явна. Монгол хэлийг сурахгүй юм шиг байна аа...” гээд бараг л уйлж байсан юм.  Тэгэхэд нь түүнд би зөвлөгөө юм шиг атлаа зөвлөгөө угтаа огт биш харин гашуун ийм нэгэн үнэнийг үнэнээр  хэлсэн юм.  

“Танд ажил олохоор өөрийгөө энд сорьж болох хэд хэдэн боломж байна.  Гэхдээ энэ боломж бодит болно оо гэдэг би хувьдаа их эргэлзэж байна” гээд эхний боломжийг хуваалцав.

“Та Монгол улсын иргэнийхээ хувьд энэ улсын хаана ч, ямар ч байгууллагад ажиллаж болно. Гэхдээ та эх хэл монгол хэлээрээ чөлөөтэй ярьдаг, бичдэг, харьцдаг байх ёстой. Англиар тийм байх нь харин огт албагүй юм л даа, энд. Энэ боломжийг бодит болгохын тулд та танил тал гэхээсээ илүүтэй нэгэн зүйлийг их эрхэмлэн хийх хэрэгтэй. Монгол хэлээ эхнээс нь сур. Түүнийг сурсан, судалсан, эзэмшсэн гэснээ шалгуулсан баримт бичиг ав. Үүнийг монгол хүүхэд ер нь бол 10-12 жилд багтаан хийдэг юм” гэж хэлэхэд түүний царай их урвайсан байв.  

“Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ЮНИСЕФ, ЮНЕСКО, Азийн сан зэрэг олон улсын байгууллагаар ажил хайх. Энэ бол танд байгаа хоёрдахь боломж. Тэнд таны англижсан байдал тань үнэ цэнэтэйд тооцогдох нь мэдээж. Гэхдээ тэдэнд бас монголчуудтай чөлөөтэй харьцаж чадах монгол хүнийг ажилд авах сонирхол их байдаг юм. Тэгэхээр танд бас нөгөө эх хэл монгол хэл тань хэрэгтэй болно доо” гэж түүнд хоёрдахь боломжийн сул, давуу талыг ярив. Үүнийг сонсож суухдаа тэрбээр “монгол хэлтэйгээ  байсан ч яав даа” гэж гаслаж байх шиг санагдсан юм.

“Монгол улс гишүүнээр элссэн олон улсын байгууллагаар ажил хайх нь танд байгаа гуравдахь боломж. Тэдний заримд таны англижсан байдал тань цэнэтэй ч, үнэндээ ингэж англижсан нь ганцхан та биш юм, тэдэнд. Тэнд монгол, англи, орос гэх зэрэг элдэв хэлийг энд тэнд сурсан олон олон залуус өрсөлдөн зогсох нь мэдээж. Монгол хүнийг ажилд авах тохиолдолд магадгүй  монгол хэлтэйг нь илүүд үзэх биз ээ” гэж зөвлөхөд тэрбээр “монгол хэлтэйгээ ч байх нь яав даа” гэж дотроо халаглаж байх шиг бодогдсон юм.

“Танд эх орондоо иргэн хүн шиг ажил хийж, аж төрж суух өөр аятай боломж  бараг алга даа, одоо. Харин адгийн нэг муу боломж байна. Тэр нь тэнүүлчдийн хэллэгээр “харлах”.  Харлах нь  хар бараан болох, цагаан биш явах гэсэн үг шүү дээ. Ихэнхи хүн гэгээн, цагаан явахыг хичээдэг. Иймд би танд харлан бараантах замыг зөвлөмөөргүй байна даа” гэхэд тэрбээр “би Англид Монгол хүн, Монголд Англи хүн болчихож. Би хэн биш болжээ” гэдгээ оройтсон хэдий ч их гүн ухаарсан мэт ихээр ихэр татан уйлж байв.

Харцандаа харууслын нулимс хурааж, нүүрэндээ гуниг, шаналал тээсэн  энэ бүсгүйн  хэн ч биш болсон энэ үүхтэй эв ижилхэн түүх энд тэндгүй элдэв янзаар санаатай, санаандгүй байдлаар хорлосон хайр, харлуулсан халамжийн золиос болж бүтээгдсээр байна. Хэн ч биш ийнхүү олширсоор байгааг харахад нэн харамсалтай, мэдрэхэд бүр ч их өрөвдөлтэй.
Эх хэлээ умартсан, эх орноо мартсан, эх соёлоо үл тоосон нь эцэстээ ингэж л хэн ч биш л болох. Эсрэг нь харин харьцах эх хэл, ондооших эх соёлыг  тээгч, аж төрөх эх  оронтой эрхэм эгэл иргэн байх.

Ц. Лувсандорж