sonin.mn

УИХ –ын гишүүн,  Монгол-Францын парламентын бүлгийн дарга   Н.Батцэрэг БНФУ-д албан томилолтоор ажиллаж байна.  Учир нь  Монгол, Францын  хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой  энэ онд  тохиож буй бөгөөд  уг ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн дэд даргын хувиар ийн ажиллаж буй аж.
Уг айлчлалын хүрээнд  тэрээр Парис хотноо алдарт тэрбумтан Алан Дюкассийн ресторанд Францын Үндэсний хурлын гишүүн, Үндэсний хурал дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга, ноён Ж.Шартьетэй   уулзаж, хоёр орны хамтын ажиллагаа, улс  төр, эдийн засгийн харилцааны талаар саналаа  солилцохын сацуу  50 жилийн ойн хүрээнд   хоёр орны хооронд хийх парламентийн айлчлал болон бусад зохион байгуулахаар төлөвлөж буй  ажлуудын талаар ярилцжээ.


Ноён Ж.Шартьегийн засаг даргаар ажилладаг Домон хотноо жил бүр Монголчуудын Наадмыг зохион байгуулдаг ба энэ жил урьд урьдын жилүүдээс илүү онцлогтой  тэмдэглэж, зохион байгуулахаар төлөвлөж буй аж. Уг хотноо жил бүр БНФУ-ын ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгодог Олон улсын циркийн наадам зохион байгуулагддаг төдийгүй, энэ жил тохиох ээлжит наадамд Монгол Улсын циркийг урьж оролцуулахаар болсон байна.


Мөн Ж.Шартье, Н.Батцэрэг нар  Домон хот болон түүний хөрш зэргэлдээ Шантий хотуудыг Монгол улсын  Хөтөл, Хархорин хотуудтай нөхөрлөлийн гэрээ байгуулан, ах дүү хот болгох санал гарган, ажиллаж буй бөгөөд энэ тухайгаа санал солилцжээ.


М.Гал