sonin.mn

1. Вьетнамд “Ази-Номхон далайн орнуудын яруу найргийн II их наадам” болох гэнэ гэж сонсоод инээд хүрээд болсонгүй. Очиж очиж Вьетнамд шүү. Вьетнам хэлээр шүлэг дуудан унших санаанд нэг л буухгүй байсан юм. Хуучны нэг онигоо байдаг даа. Вьетнамд хүүхэд төрөөд, эцэг эх нь хүүхэддээ нэр өгөх болохоор түмпэн шанагаа газар унагаад, “түн” гэж дуугарвал “Түн”, “тан” гэж дуугарвал “Тан” гэдэг нэр хайрладаг аа гэж. Энэ ч үнэн болохыг англи хэл сурч байгаа (бидэнд хөтөч хийж үйлчилсэн) оюутнуудад англи хэл дээр хэвлэгдсэн номон дээрээ гарын үсэг зурж бэлэглэхдээ мэдсэн юм.
-Нэр чинь хэн бэ?
-Түн, эсвэл Тан. Эсвэл Хан бас Ян гэх мэт.
Вьетнамд үнэхээр “Ази-Номхон далайн орнуудын яруу найргийн II их наадам” 2015 оны 3-р сарын 1-7-ны өдрүүдэд болдог л юм байна. Бүр вьетнам хэлээр их наадамд оролцсон 43 орны 150 гаруй яруу найрагчийн шүлгийг тайзнаа чанга дуугаар дуудан уншиж болдог ажээ. Уг нь би энэ мэтийн аян замын тэмдэглэл маягийн юм бичихгүй гэж бодож байсан юм. Эхнэр маань “Эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй хэдэн юм нийлж шүлэг шиг юм хаа нэг газар уншсан тухай бичих нь хэнд хэрэгтэй, хэн тоож унших юм бэ?” гэж зэмлэсэн болой. Нээрээ ч бодоод байхад, бүгд л мөнгө төгрөг, албан тушаал, эд баялаг гэж улангассан энэ цаг дор Ази болоод Номхон далайн орнуудын яруу найраг, вьетнам хэлээр шүлэг хэрхэн уншсан тухай бичиж суугаа минь инээдэмтэй, эмгэнэлтэй, шог ч юм шиг. Гэтэл мөнөөх аялгуу сайхан монгол хэлт, агуу баялаг түүх цадигтай улс орны маань дэргэд 43 орны яруу найрагчдыг цуглуулж, ард түмэндээ бүтэн долоо хоног яруу найраг сонсгон, ерөнхийлөгч нь ордондоо олон улсын 150 найрагчийг тусгайлан хүлээн аваад уулзаж байдаг Вьетнам улс агуу ч юм шиг.

2
Миний бие өмнө нь вьетнамуудыг машины халцарч холцорсон сэв энэ тэрхнийг засдаг бүдүүн баараг улс гэж боддог байлаа. Хүүхэд байхдаа ширэнгэн ойд америкиудтай амь хайргүй тулалдаж байгаа атигар жаахан хүмүүс, нисдэг тэрэгнээс хайр найргүй пулемётоор гал нээх америк цэргүүд бүхий хар цагаан кино, “Империалистууд Вьетнамаас савраа тат” гэх уриа лоозон. Хожим нь Юань улсын үед Аннамын ширэнгэн ойд заан унасан төлгүүдтэй зууралдан тэмцэж ялсан морьтон монголчууд. Юун яруу найраг энэ тэр. Дорно дахины яруу найраг гэхээр нанхиад, энэтхэг, япон гэсхийгээд дуусдаг байлаа.

3
Монгол хэлнээ Вьетнамын алдарт найрагч То Хыугийн шүлгийн номыг өөрийн шавь Монголын ганц Вьетнам судлаач Дашцэвэгтэй хамтран орчуулсан, Ардын уран зохиолч Т.Галсан абугай, МЗЭ-ийн гадаад харилцаа, цахим орчныг хариуцсан ажилтан, орчуулагч, яруу найрагч Г.Дэлгэрмаа, Ховд аймгийн Мөнххайрхан сумандаа ажиллаж, амьдран, зохиол бүтээлээ туурвигч МЗЭ-ийн шагналт яруу найрагч С.Бүрнээ, Монголын хүүхдийн ордны захирал, яруу найрагч П.Анхтуяа гэсэн бүрэлдэхүүнтэй “Гарын 5 хуруу” баг хоёрдугаар сарын 28-ны орой Ханой хотын Но-бэй нисэх онгоцны буудлаа хөл тавьжухуй.

4
Ханойд нэмэх 25 хэм. Вьетнамчууд малгай толгойгоо бүчилж, хамаг үс ноостой, аль зузаан дулаан хувцсаа давхарлан өмсчээ. Тэдний хувьд бороотой зэврүүн жихүүн өвлийн улирал нь. Харин мань мэт шиг хасах хорин хэмийн хүйтнээс очсон улсад манан хөллөснөөс цаашгүй бүрхэг, бүгчим зун л гэсэн үг. Ямар сайндаа зуны цамц, богино өмднөөс салалгүй явсаар ирэх билээ дээ. Хасах гучин хэмээс очсон Саха-Якутын шүлэгчид сав л хийвэл бидний буудалласан Вьетнамын Батлан хамгаалах яамны “Зэвсэгт хүчин” буудлын усан сангаас салахгүй байсан болой.

5
Юуны түрүүнд бүтэн долоо хоногийн үйл ажиллагааны хөтөлбөртэй танилцав. Өглөө 7.00 цагт зочид буудлын зоогийн газарт цай ундаа барьснаар шинэ өдрийг угтах аж. Орой 23.00 хүртэл элдэв уулзалт, хурал зөвлөгөөн, үзвэр, хүлээн авалтыг нягт сайнаар суулгаж өгчээ. Бүтэн долоо хоногийн турш шүү дээ. Гээд яахав. Өнөөдөр МЗЭ-ийн гадаад харилцаа ямархуу байдалтай байгааг шүлэг зохиол оролддог хүн болгон л гадарлах байх. Дөчин гурван орны зохиолчдын байгууллагатай ямар нэг байдлаар холбоо тогтоох сайхан боломж энд л байна. Вьетнамд.
ОХУ-ын Зохиолчдын хорооны гадаад харилцааны хэлтсийн дарга Олег Бабыкин нэгэнтээ надад “Наад вьетнамчууд чинь хятадуудтай эв түнжин тааруу байгаа. Монголчуудтай харилцах их хүсэлтэй байна лээ шүү” гэж хэлсэн бүлгээ. Мөн “ЗХУ задран унаснаас хойш дэлхийд ийм цар хүрээтэй утга зохиолын үйл ажиллагаа явуулах улс Вьетнамаас өөр үлдсэнгүй” гэж мань Бабыкин Вьетнамын ерөнхийлөгчтэй уулзахдаа онцлон хэлж байсан нь ийм учиртай байж. Хөрөнгө мөнгө гаргаад, үзэл сурталд баригдаагүй уран зохиолоо дэмжих улс энэ дэлхийд хуруу дарам цөөн ажгуу.

6
Вьетнамын уран зохиолын гуравдугаар чуулган, Ази-Номхон далайн орнуудын яруу найргийн хоёрдугаар их наадмын хүндэт зочид гуравдугаар сарын нэгний шөнө дөл болтол орон орноос цугларч, албан бус оройн зоог бариад, хоёронд нь хоёронтаа нээлт хийсэн бөлгөө. Өглөө нь Вьетнам улсын Соёлын нөхөрлөлийн ордон буюу манайхаар СТӨ-нд Вьетнамын утга зохиолын III чуулган болж, 43 орны хүндэт төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс тус бүр нэг төлөөлөгчийг улс орнуудын төрийн далбааг ирийтэл жагсаасан индэрт залан суулгав. Монголоо төлөөлж эрхэм яруу найрагч Сүрэнгийн Бүрнээ хүндэт индэрт гарсан билээ. Орой нь Ханой хотын Дуурийн ордонд Ази-Номхон далайн орнуудын яруу найргийн хоёрдугаар наадмын нээлт болж, Ардын уран зохиолч Т.Галсан абугай тайзнаа Монгол хэмээх нэрийг дуудуулан гарвай. Эзэн Чингис хааны нэрийг дурдах төдийд зөгийний үүр шиг дүнгэнэлдсэн их театрын танхим нам гүм болж, “Өгсүүр замын дуу” хэмээх шүлгээ дуудахуйд, алга ташилт нижигнэх нь бахтай. Ханой хотноо Оросын уран зохиолын музейг байгуулсан орчуулагч Толя хэмээх вьетнам нөхөр эл шүлгийг вьетнам хэлээр дуудаж, орчуулагч Г.Дэлгэрмаа англи хэлээр уншин эрхэм зочдод сонсгов. Ийм маягаар 43 орны 150 яруу найрагчид шүлэг зохиолоо уншваас хэдэн өдөр ч багадах тул төлөөлүүлэн уншуулсан нь тэр буюу.

7
Мөн өдөр Вьетнамын уран зохиолын музейд зочилвой. Ханой хот төв дүүргүүддээ манай улсын хүн ам шиг олуулаа, нийт хот даяараа бол хоёр дахин олон буюу долоон сая хүн аж төрдөг чигжүү барилгатай, шигүү суурьшилтай газар юм. Гэхдээ л, хотынхоо төв хавилдуу газарт дөрвөн давхар том барилга тусгайлан барьж, утга зохиолынхоо үүх түүхийг үзэгчдэд толилуулжээ. Гэрэлт бамбар байрлуулсан баганат танхимаас эхлэх уг музейд уран зохиолын эртний түүхийг үзүүлэхдээ домог болсон найрагчийн дүр, багш шавийн бичиг үсэг зааж буй байдлыг биетээр урлан, бийр янтай тэргүүтэн эртний сурвалжит үзмэрүүдийн ихэнхийг дуурайлган үйлдэж, үзмэр болгосон байх бөгөөд дөрвөн давхар том барилгын ихэнхи агуулгыг 20 дугаар зууны голдуу ном, хэвлэмэлийг жаазлан дүүргэжээ. Манайх шиг эртний их түүх, аман уламжлалтай, арван хэдэн бичиг үсэг зохиож хэрэглэсэн бичгийн соёлтой улс бол ийм сайхан том савыг ёстой хахтал нь дүүргэж, ангайтал нь гайхуулна даа, үгүй ядаж ийм чинээний музей босгоё гэвэл нэг зохиолчийн номын сангаар ч ийм музей хийчихэд болохгүй юмгүй хэмээн бодогдож явлаа. Манай зохиолчдын эвлэлээс Монголын Уран зохиолын музей байгуулахаар төлөвлөж буй учир харин атаархаж, барьцах сэдэл төрсөнгүй.

8
Хаа газар болсон элдэв яруу найргийн уншлага энэ тэрхэнд Монголоос Г.Мэнд-Ооёо хэмээгчийн нэртэй цуг Хадаа Цэндцоо гэгчийн нэр тасралтгүй дагах болжээ. Вьетнамд ч мөн адил. Дөчин гурван орны 150 яруу найрагчийн зураг хөргийг нэр устай нь Уран зохиолын сүмийн хана дагуу байрлуулсан самбарт орон орны төрийн далбаатай нь цуг залахад мөнөөх Хадаа гуайн зураг С.Бүрнээ найрагчийн оронд заларчихаж. Миний л мэдэхийн, хятад монгол нь мэдэгдэхгүй энэ нөхөр Македонд ч тэр, Солонгост ч тэр, Литвад ч тэр Монголыг төлөөлөн их л явж байна. Харин энэ удаад манай багийн найрагчийн нэр, зураг алга болоод, оронд нь түүний зураг сэлт залаастай буйн учрыг асуухад Вьетнамчууд тодорхой хариу хэлж мэдсэнгүй. Бөөнд нь явуулсан бидний танилцуулгаас яахаараа нэг нь хасагдаад өөр нөхөр зураг хөрөгтэйгөө орчихдогийн учрыг ёстой Хадаа нь л мэдэж байгаа байх. Бодвоос, МЗЭ ийм юманд оролцох биш хэмээн, хорооны нэр барьж оролцох санаатай, хошуу дүрж, холион бантан хутгасан юм даг уу даа. Энэ Вьетнамд “Мартсанаас мал мэнд үү” гэгчээр мөнөөх яруу найргийн наадам хэсч явдаг эмгэд, өвгөдийн нэг японы яруу найрагч Кэй Морико гэгч авгай Мэнд-Ооёотонд мэнд дамжуулсан шүү. Хаа газрын соёлын үйл ажиллагаанд унааныхаа зардлыг дааж очоод, улсын нэр барьж даналздаг хүмүүс Мэнд-Ооёо, Хадаа мэтээр шувтрах болтугай. Энэ хүмүүс хичнээн наадамд оролцсон тухайгаа аян замын тэмдэглэл байтугай “А” гэж дуугарахгүй нь чухам л улсын нууц гэлтэй. Тэгэхээр цөөхөн хэдэн уран зохиол шимтэн сонирхогчиддоо (эхнэрийнхээ үгэнд оролгүйгээр) аян замын хуучаа хөөрөх нь зүйтэй гэж мунхагламой.

9
Вьетнамын Уран зохиолын сүм гэдэг тансаг сайхан газар Ханой хотноо байна. Жуулчид, зочид төлөөлөгчдийг ганц аваачдаг газар юм даг уу даа. Бэлэг дурсгалын дэлгүүр энэ тэр ч олонтой. Уран зохиолын сүмийн хана туургаар дүүрэн сонгодог шүлгүүдийн мөр шадыг шигтгэн урлажээ. Чухам энэ сүмд л урд хойно нь оруулан хоёр тайз засаж, яруу найрагчид зэрэг зэрэг шүлгээ уншицгаав. Үзэгчид хоёр хуваагдан орж гарч, аль орны шүлэг сонсохоо тусгай самбарт байрлуулсан хуваариас харж шимтмой. Хуваарийн дагуу С.Бүрнээ найрагч бидэн хоёрдугаар тайзан дээр шүлгээ дуудаж, Монгол шүлэгчид ямар гал цогтой шүлэг уншдгийг үлгэрлэн харуулж, унтаа уйтгартай уншлагыг амь оруулав гэвэл онгирсон болох байх даа. Бидний уншлагын дараа АНУ-ын яруу найрагч, зохиолч Ларри Хэйнэман гэгч мөрөө давсан урт цагаан үстэй, сахал үсэндээ баригдсан нөхөр шүлгээ уншив. Хэйнэман гуай анх 1967 онд Вьетнамд анх ирж байлдаж явжээ. Танкчин. Дараа нь 1990 онд зохиолчийн хувиар уригдан ирж байсан аж. Тэгтэл одоо Утга зохиолын сүмд шүлгээ дуудаад зогсож байдаг. Дашрамд сонирхуулахад, Вьетнамын зохиолчдын хорооны дарга Хыу Тинь найрагч бас танкчин байсан бөгөөд тэртээ 1967 онд энэ 2 танкийн механик жолооч өөд өөдөөсөө танкийн шагайвчаар онилж, байлдаж явсан гэж байгаа. Т.Галсан найрагч Чикаго хотод суудаг хүүдээ Хэйнэман найрагчаар мэнд дайж, С.Бүрнээ найрагч ч мөн Зүүнбаянгийн цэргийн ангид мөн танкийн жолооч байснаа дурсан, найзархана билээ. Өдөржин шүлэг уншиж, тайзнаа бужигнасан яруу найрагчид орой нь Ерөнхийлөгчийн ордонд морилж, ерөнхийлөгч Чён Тан Шаньд бараалхан, уран зохиолын тухай яриа өрнүүлж, дурсгалын зураг татуулцгаав.
10
Вьетнам ч үндсэрхэг үзэл нь дэндсэн газар юм байна. Жирийн оюутнаас эхлээд зах зээлийн газар наймаа үсэргэх эмгэн хүртэл хятадуудыг үзэн яддаг гэнэ. Харин Монгол гэхээр андахгүй, Вьетнам-Америкийн дайн, хятадтай хийсэн дайны үед их тусалж байсан гээд сүйд. Хойд Солонгост явж байхад захын цайны газарт ороход л “Дайны үед идэж байсан монгол адууны мах мөн ч амттай байсан шүү” гээд дотночилж байсан нь Ханой хотноо санаанд орвой. Энэ жилийн яруу найргийн наадамд Бээжингийн зохиолчдын хорооноос дөрвөн найрагч, Юннаний зохиолчдын хорооноос найман найрагч ирсэн байна. Тэднийг шүлэг зохиолоо унших болоход Вьетнамын хэд хэдэн найрагч нөхөд “хятадууд гэртээ харь” хэмээн хашхиралдаад сүйд хийх дөхөв. Хятадууд нь ч хашрахгүй улс юм. Тайзан дээр аль нэг орны зохиолч төрөлх хэлээрээ шүлгээ хэлж дуусав уу, үгүй юу, хөтөлбөрт багтсан багтаагүй хамаагүй, өөрсдийн орчуулагчаа дагуулан тайзан дээр гарч ирээд, эхлээд хятадаар, дараа нь англиар, тэгээд вьетнамаар орчуулуулан уншуулж цаг идэх нь яршигтай. Ерэн сая вьетнамчуудыг америк ч дийлээгүй, хятад ч дийлээгүй. Хэн ч дийлэхгүй гэдэг нь үнэн бололтой. Оросын зохиолчдыг тэргүүлж яваа О.Бабыкин бээр “Дэлхийд хэн ч ялж чадаагүй хоёрхон улс бий. Вьетнам, Афганистаныг хэн ч ялаагүй” гэж хэлсэн билээ.

11
Энэтхэгийн яруу найрагч Рати Сахена нэгэн өглөөний цайн дээр “Ийм яруу найргийн наадам байдаггүй юм. Хятад, Япон хоёр оролцохоор л олон улсын наадам болчихдог юм биш. Миний оролцож байсан яруу найргийн наадмуудаас хамгийн гайгүй нь Колумб улсад болдог наадам байлаа. Өдөр бүр шүлгээ уншаад л. Энэтхэгт миний санаачлан зохион байгуулдаг наадам энэ вьетнам наадмаас шал өөр. Танай улсад ямар наадам зохион байгуулагддаг вэ? Намайг заавал уриарай. Би ч бас та нарыг Энэтхэгт болох яруу найргийн наадамд уринаа” хэмээн дуржигнуулах нь өнөөх Хятадын зочдын улигт уншлагаас төвөгшөөснийх, мөн урлаг, уран сайхан нь Вьетнамын коммунист намын үзэл сурталд баригдсан мэт санагдсаных буй заа. Эдийн засаг нь капитализмд шилжээд, хүн болгон шахуу мухлагтай наймаачин, үйлдвэрлэгч болсон энэ улсад хаа очиж хятад шиг хатуу социализм, коммунизмын гэрэлт ирээдүйг магтан дуулах зарчим урлагт үйлчлэхээ больсныг урьд нь Вьетнамын зохиолчдын хорооны урилгаар ажлын айлчлал хийж байсан Г.Мөнхцэцэг, Х.Чилаажав нар надад хэлж байсан нь мөн сэтгэлд зурсхийв.

12
Наадмын дараагийн нэгэн өдөр биднийг Вьетнамын нэрийн хуудас болсон Халонь бэй хэмээх амралт зугаацлын оронд аваачив. “Аватар” кинон дээр гардаг “нисдэг уулнууд” мөн дүрээрээ манан хөллөсөн далайд дүнхийнэ. Т.Галсан гуай талд тэмээ хариулж явсан хүн гэсэндээ өнөөх далайн гадаргаас овон товон, гозойн шовойн бүртийлдэх хясаа цохиодыг “Чулуун тэмээд” хэмээсэн нь монгол хүний сэтгэлд аргагүй л буух юм. Харин вьетнамчуудын хувьд талд бэлчих мал сүрэг гэж мэдэхгүй улс хойно, далайн мандалд бөөр нийлүүлэн тогтсон хоёр хөөрхөн хадыг “Азарган тахиа”, “Эм тахиа” хэмээн өхөөрдөн нэрлэсэн нь вьетнамчуудынхаа хувьд бас л оносон хэрэг. “Аватар” гэснээс уг киноны хэлээд хэсгийн зургийг энд авснаас гадна нэгэн том хадан хясааны доторхи хүнхэр агуйд алдарт “Жеймс Бонд” цуврал киноны зургийг авч байжээ. Халонь буланд зугаацахаар ирсэн төдий бус, ирсэн оройноо тус мужийн төв театрт яруу найргийн уншлага үргэлжилж, вьетнам, олон орны найрагчид ээлжлэн шүлэг уншсаар шөнө дунд хүргэсэн буюу.

13
Энэ наадмын үеэр Ази-Африкийн зохиолчдын холбоо хэмээх хуучны байгууллага эргэн амилж, үйл ажиллагаагаа сэргээж байгааг бид мэдэв. Социализмын үед хөгжиж буй орнуудад тус байгууллагын хурал ээлж дараалан болж, “Лотус” буюу “Бадам” гэдэг сэтгүүл эрхлэн гаргадаг байсныг тухайн үеийн “Утга зохиол, урлаг” сониноос уншиж байсан санагдана. Одоо энэ холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Мухамед Салмави гэдэг Египетийн зохиолч ажиллаж байгаа юм байна. Ирэх зургадугаар сард Йорданд тус холбооны зохион байгуулалтын хурал болох ба Колумб, Куба, Монгол улсын зохиолчдын байгууллагууд гишүүнээр элсэх болсныг баяртайгаар дуулгамуй. Ингэснээр тус холбоо нь зөвхөн Ази, Африк бус Латин Америкийн зохиолчдын байгууллагуудыг нэгтгэсэн холбоо болж өргөжиж байгаа ажээ. Мөн ирэх 12-р сард Каир хотноо хуралдан, үйл ажиллагааныхаа чиглэл, дүрэм журмыг нарийвчлан батлах ба “Бадам” сэтгүүлийг англи, араб, испани, франц хэлээр хэвлэж, дахин өлгийдөх баярт мөч ч тохионо гэнэ. Энэ олон улсын сэтгүүлд өмнө нь Монголын зохиолчдын бүтээлүүд хэвлэгдэж, бүр “Оны шилдэг Лотус шагнал”-ыг хүртэж байсныг нөхөр Бабыкин бидэнд сануулсныг дурдах юун. МЗЭ-ийн гишүүн зохиолчид маань “Лотус” сэтгүүлд бүтээлээ хэвлүүлээд хурал, зөвлөгөөн, найр наадамд нь оролцоод байж дээ.

14
Ази-Номхон далайн орнуудын яруу найргийн II наадмын сүүлчийн өдөр. Нийт оролцогчид Вьетнамын их яруу найрагч Ца Чин Кватын төрж өссөн тосгонд очиж, найрагчийн гэр-дурсгалын цогцолборт зочлов. Энэ найрагч нь хар бага наснаасаа унаган авъяас нь тодорч, хааны ордонд уригдсан ч эсэргүү шүлэг бичин цөлөгдөөд, уран яруу шүлгийнхээ хүчээр дахин хааны хүрээлэнд уригдаж, “Найргийн хаан” хэмээн өргөмжлөгдөж явахдаа ард олны амьдрал тэсэхүйеэ бэрхийг харж, зүрх шимшрэн, тариачны бослогыг удирдан тулалдаж яваад амь үрэгдсэн ажээ. Хаан эсэргүү найрагчийн гэр бүлийг гурван үеэр нь хүйс тэмтэрч, шүлэг зохиолыг нь устгасан ч, шадар нөхөд, ард олны дунд 1000 гаруй шүлэг нь үлдэж, ам дамжиж хоцорсон гэх. Бороо уйлагнасан өдөр эл дурсгалын сүмд орон орны яруу найрагчид хүж уугиулан ёслол үйлдээд, яруу найргийн уншлагаар үргэлжиллээ. Тэртээ 1840-өөд онд нас нөгчсөн яруу найрагчийн сүнсийг орон орны хэл дээрхи шүлэг найраг амирлуулсан буй заа. Манайхаар бол Данзанравжаа лугаа адил нөхөр шиг санагдсан шүү. Англиар орчуулсан шүлгийг нь үзээд “Хэрэв зээ, Монголд олон улсын яруу найргийн наадам зохиовоос Хамрын хийдэд яруу найргийн уншлага заавал хийх юм шүү” хэмээн бодогдож байв. Мөн Ца Чин Кватын нэрэмжит шагналыг вьетнамын нэгэн зохиолчид гардуулах хүндэт ёслол болжухуй.

15
Ийнхүү олон орны нутаг орондоо нэртэй цуутай олон найрагчид нэгэн дор цуглаж байхуйд улс орны элчин сайдын яамныхан өөр өөрийн нэртэй төртэй үгийн урлаачиддаа хүндэтгэл үзүүлэн, залж авч одохыг олонтаа харав. Ингэхэд манай багт Ардын уран зохиолч, СГЗ Т.Галсан абугай маань яваа. Үзсэн туулсан, уншсан туурвиснаараа төдийгүй наян гурвыг давсан нас сүүдэр, намба сүрээрээ ч энэ олон улсын наадамд аргагүй хүндлэгдсэн болой. Гэтэл улсын маань элчин байдаггүй дээ. Уг нь ирсэн даруйдаа утас цохиж мэдэгдсэн боловч учрыг ойлгоогүй бололтой. Хүйтэн жавраас халуун агаарт очсон Галсан абугайн маань бие чийг баманд яльгүй чилээрхэж, элчин яамандаа хандахаас аргагүйд хүрсэн ч, харин “Гадаадынхан үзүүлдэг эмнэлэгт хандахгүй юу!” гэж хэлүүлж, ам руугаа нэг алгадууллаа даа. Дэлхий дахинаа “дипломат” хэмээх элчин ёсыг үүсгэн тогтоож, төрт ёс, гадаад харилцааны дэг ёсыг буй болгосон их хааны эзэнт гүрний хойчис харь улсад элчин амбангаар суухдаа элэг нэгтнүүддээ иймэрхүү ёозгүй, ёсгүй ханддаг болсон юмсанж.

16
Бүтэн долоо хоног үргэлжилсэн яруу найргийн наадам яруу найргийн уншлагаар өндөрлөв. Монголчуудыг энэ оны 10-р сард болох Олон улсын яруу найргийн наадамдаа Саха-Якутын найрагчид урив. Р.Гамзатовын гарын шавь, тус улсын Ардын уран зохиолч, зохиолчдын хорооны дарга Магомед Ахметов 11 дүгээр сард Дагестаны Махачкала хотод болох “Цагаан тогоруус” наадамдаа бас урьж байна. Колумб улсад долдугаар сард болох Дэлхийн яруу найргийн чуулга уулзалт наадамд Колумбын найрагч, Меделлиний олон улсын яруу найргийн наадмын захирал Фернандо Рендон урьж байна. Япон улсад болох яруу найргийн наадамд МЗЭ-ийн төлөөлөгчдийг урих албан урилга араас ирнэ гэсэн. Ирэх оны 5-р сард Куба улсад болох олон улсын яруу найргийн наадамд бас урьж байна. Монголын уран зохиолыг орчуулж, хөрвүүлж хэвлэе, нийтэлье гэнэ. МЗЭ-ийн гишүүн зохиолчид минь, Б. Явуухулан найрагч нэгэнтээ “Хүлэг минь, шүлэг минь, чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэж хэлсэн шүү дээ. Урагшаа! Улс гүрэндээ олон орны найрагчдыг урин залж, уянга шүлгийг нь сонсох сайхан цаг ойрхон байх болтугай!

Б.Галсансүх

Үндэстний ТОЙМ сэтгүүлд хэвлэгдсэн