sonin.mn

Эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд байгаль, цаг уурт тохируулан биеэ хэрхэн авч явахаас бидний эрүүл мэнд ихээхэн шалтгаалдаг. Өвгөд дээдэс, эрдэмтэн мэргэдийн маань үлдээсэн  их өв болох ном сударт цагийг танин  барьж, нар сар од эрхсийн өөрчлөлт хүний бие махбодод хэрхэн нөлөөлж байгааг тун гярхай судалсан билээ.


Орчин үед ихэнх улс жилийг өвөл, хавар, зун, намар гэж дөрвөн улиралд, зарим дулаан оронд хуурай болон борооны гэж хоёр улиралд хуваасан байдаг. Харин монголын уламжлалт анагаах ухаанд монгол орны байгаль цаг уурын өөрчлөлтөд бие махбод дасан зохицох хийгээд өвчнөөс сэргийлэх хэмнэлийг зургаан цаг буюу  улирлаар тооцсон байдаг нь тун сонирхолтой юм. Энэхүү 6 цаг буюу улирлын эхлэх дуусахыг ялган мэдээд уг цагийн явдалд бие махбодио хэрхэн авч явахыг эрдэмтэн мэргэд маань сургасныг орчин үеийн бид амьдрал ахуйдаа хэрэглэвэл их л зохистой санагддаг шүү. Ер нь монголчууд бид од эрхсийн хөдөлгөөний дагуу өөрийн орны онцлогт тохируулан зохиосон 6 улирлын дагуу идээ ундаа, явдал мөрөө зохицуулан амьдарваас аливаа өвчин эмгэгээс сэргийлэн эрүүл саруул амьдрах боломжтой юм.


    Монголын уламжлалт анагаах ухаанд тооцсон 6 цаг буюу улирлыг харуулбал:


•    Өвлийн эхэн сар:


10-р сар (миндүг) гахай сар
11-р сар (миг) хулгана сар


•    Өвлийн адаг сар:


12-р сар (жал) үхэр сар
1-р сар (чү) бар сар


•    Хавар:


2-р сар (бо) туулай сар
3-р сар (наг) луу сар


•    Дэгжрэл:


4-р сар ( са га) могой сар
5-р сар (норон) морь сар


•    Зун:


6-р сар (чү дод) хонь сар
7-р сар (дрошүн) мич сар


•    Намар:


8-р сар (түм дод) тахиа сар
9-р сар (жүг) нохой сар


    Одоо энэ зургаан улирлаас хаврын улиралд идээ ундаа, явдал мөр, сэтгэлийн үйлээ хэрхэн зохицуулах талаар өгүүлсэн сургамжийг авч үзье.
    Юуны өмнө уламжлалт анагаах ухаанд эрүүл мэндийг “хий, шар, бадган гурван махбод, долоон тамир, гурван хир харьцангуй тэнцвэртэй орших” гэж тодорхойлсон байдаг билээ.
    

Олон сарын турш хүйтэн байсан цаг агаар дулаарч, газар гэсэх үеэр хүний бие махбодид дээр өгүүлсэн тэнцвэртэй байдал алдагдаж өвлийн цагт хурж байсан бадгана хөдөлсний улмаас хүн их ядардаг. Нүүдэлчин монголчууд өвөлжөөнөөсөө нүүж хаваржаандаа бууж, хүрээ хийдийнхэн боломжтой бол чийг бамаас зугтаж хөдөөг зорьдог байжээ. Ер нь бид зун, намрын налгар цагт бус болж өгвөл хаврын хахир улиралд ээлжийн амралтаа авч биеэ тордон амарч байвал зохистой юм. Эрүүл мэнддээ анхаардаг хүмүүс хаврын цагт “ Улаанбаатар”, “Оргил”, “Хужирт” гээд монголын бүх л сувиллыг дүүргэж байгааг амьдрал дээрээс бэлээхнээ харж болно.


    Хаврын улиралд явдал мөрийг хүчилж, хөдөлгөөн сайн хийж байх талаар ном сударт олонтаа бичсэн байдаг. Өглөө эрт босч  явган алхаж, гүйж байгаа хүмүүс олширч байгааг хархад таатай байдаг.  Амралтын өдрүүдэд Богд Цэцээгүн рүү тогтмол алхах хүмүүс хэдэн мянгаараа болж, үндэсний амралтын хүрээлэнгийн гүйлтийн зам дээгүүр залуучууд олноороо гүйж байгаа нь харахад  урамтай. Эрүүл мэнддээ энэ мэт анхааран хаврын энэ хахир цагт гүйх, алхах хүмүүс улам улам олшроосой гэж хүсч сууна.


    Монголын уламжлалт анагаах ухааны нөгөө нэг сургааль бол хаврын цагт дулаан хувцаслаж, халуун дулаан орчинд ажиллаж амьдрах, даарч хөрөхгүй байх юм. Нимгэн болоод шилэн трикотой охид бүсгүйчүүд, толгой нүцгэн, энгэр заам задгай хөвгүүдийг хараад энэ талаар залуучууд маань тун ч тааруу байна даа гэж харамсах сэтгэл төрдгийг нуух юун. Дулаан хувцаслаагүйгээс, даарч хөрснөөс уламжлан ханиад томуу бөөрний өвчлөлд их өртөж байна. Хаврын улиралд бадгана хөдлөж бадганы сэрүүн чанартай  ходоод, бөөр, уушигны өвчнөөр өвдөх магадлал эрсдэл маш өндөр болдог. Иймээс  маш дулаан хувцаслах, даарч хөрөхгүй байхад анхаарах нь чухал юм.


    Ходоодны галын илчийг сэргээх, хамгаалахын тулд шар тостой сүүтэй цай, эсвэл цагаан гаатай буцалгасан сүү, ширгээсэн устай зөгийн бал  зэргийг ахмад үе маань хэрэглэж ирснийг бас бодууштай юм. Хаврын улиралд идээ ундааг хэрхэн зохицуулах талаар өмнөх дугаарт хэвлэгдсэн “Дөрвөн улирал хийгээд идээ ундаа” өгүүлэлд дэлгэрэнгүй дурдсан тул энд товч дурдсу. Ходоодны ерөнхий галын илч буурч өвлийн цагт хэрэглэж байсан идээ ундааг шингээж дийлэхгүй болдог тул улаан  /махан/ идээг багасгаж шар (шар, цагаан тос, өөхөн тос, чөмөгний тос, сүү, тараг, өрөм зөөхий) идээ, сонгино, сармис, арвай, шар буурцаг, амин дэм бүхий жимс ногоог голлон хэрэглэх нь зүйтэй юм.


Хаврын олон зантай тэнгэрийн аашийг даган байгаль цаг уур өөрчлөгдөж бие махбод тэр бүрийд дасан зохицож чаддаггүй. Иймээс биеийн дасан зохицох чадварыг сайжруулдаг алтан гагнуурын үндсийг хаврын цагт буцалгаж уух нь их тус нэмэр болдог. Алтан гагнуурын үндэс олдохгүй бол эмийн сангуудад байдаг алтан гагнуурын хандыг зааврынх нь дагуу хэрэглэвэл их л тустайдаа.


    Хавар бие махбод ядарч биеийн  эсэргүүцэл суларч дархлааны тогтолцоо хямарч эхэлдэг. Иймээс “ маний уудаг мана шитан, ноёдын уудаг норовтүнтэн” гэдэгчлэн “мана-4”, “норов-7” танг буцалган уурыг нь гэр орондоо тараах, бие ядарсан эсвэл ханиад хүрсэн бол эдгээр танг уудаг байжээ. Мөн Солонгосын хүн орхоодойн бэлдмэлүүд, Словений “Иммунал”, эх орны “Салимон”, чацарганы төрөл бүрийн ундаа, барагшуны үрэл зэрэг дархлаа сайжруулах бэлдмэлийг хэрэглэвэл ханиад томуунаас сэргийлж, “ус  хүртэл эцдэг” урин боловч хатуу хахир хаврыг эрүүл саруул давахад нэмэр болох буйза.      

Лувсангийн Хүрэлбаатар