sonin.mn
 
 
МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяатай ярилцлаа.
 
-“Чонон сүлд” кино нээлтээ хийсэн цагаасаа хойш монголчуудыг хуйлруулж, нэгхэн сарын хугацаанд 300 сая төгрөгийн ашиг орлого олжээ. Та романыг нь хүчтэй шүүмжилж байсан, харин киноны хувьд ямар үнэлэлт өгөв?  
 
-Би энэ киног интернэтээр үзсэн. Роман нь таалагдаагүй юм чинь кино яаж таалагдах билээ. Гэхдээ би киноны тухай юу ч дуугараагүй. Киноны шүүмж ч бичихгүй, энэ бол тусдаа урлаг. Харин утга зохиол судлаачийн хувьд “Чонон сүлд” романы тухай шүүмж өгүүллийг 2013 онд бичсэн юм.
 
Тухайн үед монголчууд энэ романаар өвчилж, шүтэн бишрэх хандлага руу орсон учраас тэсч ядаад дуугарсан хэрэг. Анх “Чоно тотем” нэртэйгээр монгол бичгээр Өвөрмонголд хэвлэгдсэнийг зохиолч анд маань өгч явуулсан юм. Би Өвөрмонголд гарч буй шинэ содон зохиол бүтээлүүдийг болж өгвөл харчих санаатай байдаг.
 
Тэгээд “Чоно тотем” романыг уншихад сунжирсан муу зохиол байсан учир нэг их ойшоогоогүй. Гэтэл удалгүй манайд “Чонон сүлд” нэрээр хэвлэгдэн гараад энэ ном руу хошуурах байдал хэрээс хэтэрч, энэ зохиол шиг гайхамшиг үгүй, Монголын зохиолчдын бичиж чадаагүйг бичжээ, дэлхийд нүүдэлчин ахуйг тунхаглачихлаа гэж шуугиад, “Чонон сүлд”-ийг уншаагүй хүн хүн биш гэж шүтэн бишрээд эхэлсэн. Тиймээс энэ номны үнэ цэнийг таниулахын тулд “Чонон сүлд ба хонин сэтгэлгээ”, “Чонон сүлд ба үндэсний оршихуй” гэсэн хоёр цуврал шүүмж бичсэн юм.
 
-Та шүүмжээ олон талаас нь баримт, жишээнд тулгуурлан бичсэн байсан. Хамгийн чухал санаа нь юу вэ?
 
-“Чонон сүлд”-ийг манай нэртэй орчуулагч Д.Болдбаатар сайн орчуулсан байна лээ. Өвөрмонголд хэвлэгдсэн номтой харьцуулахад тэгж санагдсан.Орчуулагчийн хөдөлмөр бол тусдаа. Муу орчуулга зохиолыг муу болгодог бол сайн орчуулга муу зохиолыг өөд татдаг. Гэхдээ хэчнээн сайн орчуулгатай байлаа ч муу бол муу гэдэг нь ямар ч тохиолдолд мэдэгддэг. Зян Руны роман гадны уншигчдад монгол ахуйг гаргаснаараа сонирхолтой санагдсан байж болох юм. Харин уран зохиолын мэргэжлийн өнцгөөс харвал Хятадын гайхамшигтай уран зохиолын ертөнцөд энэ зохиол хэзээ ч сайнд тооцогдохгүй. Миний зорилго бол энэ романы ур чадварыг ганцхан жишээгээр хүмүүст ойлгуулья гэж бодсон юм.Зохиолыг шүүж болдоггүй, тухайн үед нь үнэлэх хэцүү гэж ярьдаг. Энэ бол буруу ойлголт. Аливаа зохиолыг сайн муу болсон эсэх, туурьвил зүйн хувьд ямар болж, дүр дүрслэл, уран сайхны онцлог, сэтгэлгээний ямар түвшинд бичсэн гээд уран зохиол шинжлэлийн олон аргаар мэргэжлийн хүмүүс үнэлж болно. Яг л эмч өвчтөнөө оношилж байгаа юм шиг үнэлэх нь судлаачдын хийх ажил. Харин энгийн ямар ч уншигч таашаалаараа тухайн зохиолыг үнэлж болох ч хамгийн чухал арга бол тухайн зохиолыг өвтэйгөө харьцуулж үзэх юм. Манайд Зян Руны романтай ижил сэдвээр бичигдсэн Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” тууж байна. 1960-аад оны дундуур бичигдсэн энэ сонгодог зохиолын дэргэд өнөөдрийн “Чонон сүлд” бол зүгээр л нэг үгэн сувс, усан роман гэдгийг би ойлгуулахыг хүссэн.
 
Өнгөн талаас нь харвал нүүдэлчдийн ахуй, монголчуудын амьдралыг магтан дуулаад байгаа юм шиг хэрнээ сайн анзаарч уншвал улстөржсөн шинжтэй зохиол. Монголчуудын хувьд хошууран гүйлдээд, шүтэн дээдлээд байж боломгүй үзэл санаануудыг шингээсэн зохиол..
 
-Ямар үзэл санаанууд шингэсэн байв?
 
-Нэгдүгээрт, бид тусгаар тогтносон Монгол улсын иргэд. Бид өөрийн сүлдтэй. Бидний сүлдэнд молор эрдэнэ морь байдаг. Гэтэл энэ роман дээр талын чоно, монгол хүн хоёр бол монгол адууны багш юм, тэгэхээр багш нь шавийгаа сүлдээ болгон залж болох уу хэмээсэн үг байдаг. Энэ бол тусгаар монголчуудын төрийн сүлдийг илтэд  гутаасан үзэл санаа юм. Бид морин сүлдтэй байна уу, шонхор сүлдтэй байна уу гэдэг Хятадын захын нэг зохиолчид хамаагүй явдал. Харин тэр хүн тусгаар улсын сүлдийг ёс зүйнхээ хувьд гутааж болохгүй.
 
Хоёрт, монголчууд  “Монголын нууц товчоо”-ноос өөр номгүй гэсэн байна лээ. Бид Монголын алтан ургийн түүх, амьдрал хувь заяаг харуулсан 200 гаруй түүхэн эрхи, товч, судар бичиг, ном товхимолыг өнөөг хүртэл дамжуулан өвлөж ирсэн. Бидэнд ийм бичиг соёлын, уран зохиолын баялаг өв байхад ганцхан Нууц товчооноос өөр унших юмгүй гэж доромжлуулж болох уу.
 
Гуравт, Монголчуудыг бичиг үсгийн соёлгүй гэсэн байгаа. Хүннүгийн үеийн дүрс бичгээс эхлээд түүхэндээ олон бичиг үсэгтэй байсан баялаг түүхтэй ард түмнийг ямар ч бичиг үсэггүй харанхуй бүдүүлэг гэж илтэд гутаасан байна.
 
Дөрөвт, монголчууд болон хятадууд түүхэндээ үеийн үед аян дайн хийж нэг нь нөгөөгөө эрхшээж явсан учраас цус нь холилдсон гэсэн байгаа юм. Энэ бол цусаа цэвэр байлгах гэсэн үзэлтэй монголчуудыг хятад цустай, аль хэдийнэ хятад цустай холилдсон гэж илтэд гутаасан хэрэг юм. Ийм үзэл санаатай зохиолыг бид олноороо алгаа ташин дэмжээд байж  болох уу. Тиймээс би үзэл санааны хувьд монголчуудын эсрэг хандсан түүх, соёлыг нь гутаасан, ур чадварын хувьд тааруухан зохиолыг монголчууд минь битгий дэвэргэн шүтээч гэсэн үүднээс дээрх хоёр шүүмжийг бичсэн.
 
-Магадгүй энэ номоор Хятадын төрийн бодлого, далд санаа агуулагдаж байгаа юм болов уу?
 
-Зян Руны романаар дамжуулаад Хятадын төрийн бодлого явж гэж  хэлж болохгүй л дээ. Гэхдээ тэр зохиолч бол Хятад улсдаа, эх орондоо хязгааргүй хайртай хүн юм. Тэр бүхэн нь зохиолынх нь үзэл санаанаас нэвт ханхалдаг. Тэрээр энэ романаараа Кунзын тогтсон сургааль хэвшсэн шинжтэй болчихлоо. Одоо жаахан араатан шиг болооч. Монголчуудын дайчин чанар талын чонын араншинтай уялдаатай байна. Чонын араншинг хятад хүн өөртөө авч шингээгээд дэлхийн хамгийн хүчирхэг  том чоно болооч. Монголын тал нутгийг битгий талхал, тэр чинь шар шороон шуурганд дарагдаад байгаа Бээжинг хамгаалах экологийн жийргэвч бүс юм шүү гэж бичсэн. Ийм үзэл санаа энэ зохиолын амин сүнс байгаа юм. Монголчууд бид өөрсдийнхөө үүх түүхийг ингэж доромжлуулчихаад хятад хүн улсынхаа хувь заяаны төлөө санаа тавьж бичсэн романыг улс орон даяараа шүтэж, бурхан шиг залаад байж болох уу. Зарим зохиолчид тэр дундаа Д.Намдаг гуайн шавь “Чонон сүлд” миний ширээний ном гэж хэлсэн байхыг харлаа. Уг нь Д.Намдаг гуайн “Хөгшин чоно ульсан нь” ширээнийх нь ном байсан бол тэр хүнийг ойлгох байлаа. Харамсалтай нь тэгсэнгүй. Өнөөгийн залуучууд маань, уншигчид маань Д.Намдаг гуайн “Хөгшин чоно ульсан нь” гэдэг  жижигхэн туужийг уншаад тэр Зян Руний бандгар романтай харьцуулж, талын чонын амьдралын тухай, байгальтайгаа харьцах цэвэр монгол ухааны тухай  таньж мэдээсэй гэж л хүсэх байна.
 
-Ном зохиол, кино бүтээлээр дамжуулаад түүхийг гуйвуулах өөрчлөх байдал ажиглагддаг. Энэ номонд бас энэ байдал байгааг та онцолсон байсан?
 
-Хүчирхэг улс гүрнүүд өөрсдийнхөө төрийн үзэл санааг уран зохиол, киногоор дамжуулаад олон улсад сурталчилдаг. Америкчууд өөрсдийн байлдан дагуулалтаа киногоороо зөвтгөдөг. Америкчууд байлдаж байхад зөв байдаг, америк хүн ариун явдалтан, хүн төрөлхтөний сайн сайхны төлөө америкчууд л явдаг гэсэн үзэл санааг киногоороо хийдэг. Гэтэл Солонгосчууд өөрсдийн түүхийг дөвийлгөж, гоёчилж байгаа нь сүүлийн үеийн кинонуудаас харагдаж байна. Зарим кино нь Монголын нууц товчоо, Чингис хааны идэр залуу наснаас сэдэвлээд хийсэн байна. Энэ мэтчилэн зарим орон жижиг түүхээ агуу болгож харуулах бодлого барьж байхад агуу түүхтэй монголчууд өөрсдийгөө бичиг үсэггүй, Нууц товчооноос өөр номгүй, харанхуй бүдүүлэг ард түмэн гэж доромжлуулаад байж болохгүй л дээ.
 
-Энэ бүхэн монголчуудын оюун санааны дархлаа алдагдаж, сэтгэлгээний доройтолд орсныг илтгэж байна уу?
 
-Монголчууд өөрсдөдөө байгаа сайн сайхныг харахаас илүүтэй гадны нэг их ач холбогдолгүй зохиол, зохиолчид руу хошуурах болж. Энд би дэлхийн сонгодог зохиолын тухай огт хөндөөгүй. Тэр бол тусдаа асуудал. Харин сүүлийн үед монголчуудын даяараа шүтэн бишрээд буй тэр зохиолуудыг л ярьж байгаа юм. Тухайлбал, өнөөдөр манайд Айн Ридийг уншаагүй бол хүн биш, “Чонон сүлд” романыг уншаагүй бол өнөөгийн хүн төрөлхтөний уран зохиолоос хоцорч байгаа шүү гээд л бүгд хошуурч байна. Гэтэл Айн Ридийн Монголд хэвлэгдсэн хэдэн номыг нь уншихад л ямар үзэл санаатай нь харагдана. Тухайлбал, капитализм хүрээгээ тэлэн хөгжихөд  хүн төрөлхтөнийг сайн сайхан болгоход бага буурай ард түмний зан заншил, соёл гээч зүйл гай тарьж байна гэж бичсэн байдаг. Энэ мэтээр өөрсдийнх нь  соёл, зан заншлыг үгүй хийх үзэл санаатай, гутаан доромжилсон зохиол бүтээлийг шүтэн бишрээд, даган дуурайгаад байгаа нь манайд юу нүүрлэж байгааг тодхон харуулж байна. Ердөө сэтгэлгээний хоосрол, доройтолд орсны шинж.
 
-Мэдээлэл авах суваг нээлттэй, олон болохын хэрээр хүмүүсийн мэдлэгийн түвшин буурч, оюун санааны хоосролд орж байгаа нь юутай холбоотой юм бэ?
 
-Улс орон хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийсний тод жишээ. Боддог, сэтгэдэг уураг тархитай бүхнээ гудамжинд хөөгөөд гаргачихсан. Хэн мэддэггүй, чаддаггүй, харанхуй бүдүүлэг нь хамгийн чанга дуугаар хашгирдаг болсон цаг. Тэр харанхуй бүдүүлэг, ичгүүр сонжуургүй агуу ихийн дүрд, мэдлэгтний дүрд тоглогчдоо тойрон хүрээлсэн нийгэм.
 
Зөвхөн ганцхан жишээ хэлье. Крилл бичгийн дүрмийг сайжруулахаар манай урдаа барьдаг дөрвөн эрдэмтэн саяхан дүрмийн төсөл боловсруулсан. Ц.Дамдинсүрэн гуай энэ дүрмээ зохиохдоо хожмын мэргэд сайжруулж засч залруулж явах ёстойг хэлсэн байдаг. Гэтэл шилдэг эрдэмтдийнхээ хийсэн тэр үнэ цэнтэй ажлыг, эх хэлээ хамгаалахад чиглэсэн, үгийн үндсээ эвдэхгүй байхад анхаарлаа хандуулсан тэр чухал  дүрмийн төслийг цахим ертөнцөд дураараа дургигч, онгиргон сагсуу залуучуудын бахираанаас болоод болиулчихлаа. Үүнд би маш их харамссан. Өнөөдөр Монголд энэ дөрвөөс өөр томоохон хэл шинжлэлийн эрдэмтэн байхгүй, цаашид энэ дөрвийн дайны эрдэмтэн төрөх үү үгүй юу гэдгийг мэдэхгүй юм. Өнөөхөндөө бол төрөхгүй. Гэтэл тэдний хийсэн ажлыг унтрааж хаялаа.Энэ мэтээр мэргэжлийн өндөр төвшний хүмүүсийнхээ үнэ цэнийг ойлгохыг хүсдэггүй, аль болохоор тэднийг зайлуулан оронд нь өөрсдийнхөө утсан хүүхэлдэйнүүдийг тавьж нийгэм, оюун санааны орчинд асар их хохирол гарз учруулдаг тийм нэг гаж тогтолцоо бий болчихоод байна л даа.  Энэ гажуудал ойрын 20-30 жилдээ засагдахгүй. Оюун санааны хөгжил маш удаан явагддаг юм.
 
-Уран бүтээлчид ард түмнийг зохиол бүтээлээрээ гэгээрүүлэх, ухааруулах үүрэгтэй юу?
 
-Зохиолчид соён гэгээрүүлэгчид биш. Утга зохиол хүнийг хүмүүжүүлэх үүрэггүй. Уран зохиолын онол зарчмын хувьд урлагийн бүтээл учраас таашаалыг л бий болгоход чиглэгддэг. Энэ цаг үед уран зохиолыг бүгд нэг дуугаар хүлээн зөвшөөрч, бүгдээрээ адилхан таашаал авч, санал нэгтэйгээр толгой дохин зөвшөөрөх боломжгүй. Жинхэнэ сайн уран зохиол бүтээе гэвэл харьцангуй түвшинд байх ёстой. Нэг хэсэг нь таалж байхад нөгөө хэсэг нь үгүйсгэж, зарим нь эргэлзэж байдаг  бүтээлээс л үгийн урлагийн үнэ цэнэ үнэртдэг. Гэтэл манайхан үзэл суртлын нийгэм шигээ санаж бүгдээрээ нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч таашаадаг тийм уран зохиол байх ёстой гэж үзээд байх шиг байгаа юм. Чөлөөт нийгэмд уран зохиол чөлөөт сэтгэлгээн дээр суурилж явах ёстой.  Уран зохиолоос ямар нэг үүрэг нэхэх юм бол уран зохиол амь тавьж, ирээдүйд нь мөхөл нүүрлэх аюултай.
 
Х. Монголхатан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин