sonin.mn
 
Цэргийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарыг таалал төгссөний дараа нам, засгаас явуулсан арга хэмжээний тухай МАН-ын баримтын төвд хадгалагдан буй хоёр баримтыг сийрүүлэн буулгав.
 
Баримт №1
 
Наснаас нөгчсөн жанжин Сүхбаатарын хүүрт журмыг илэрхийлэх тухай явдлыг хэлэлцүүлэх комисс томилон басхүү бүх цэргийн зөвлөлийн газраас төлөөлөгч ирүүлэх хэргийн учир. Бүх цэргийн зөвлөл ба залуучуудын төв хороо явуулах хуудасний эх
 
Хуудсаар явуулах учир: Сурталын хэлтэсийн өргөсөн нь:
 
Эдүгээ залуучуудын төв хорооноос наснаас нөгчсөн жанжин Сүхбаатарын хүүрт журмыг илэрхийлэх тухай комисс томилон гаргаж хэлэлцүүлэх явдлыг түүгээр гүйцэтгэн шийтгэ хэмээн хоёр тоот бичиг хүргэн ирснийг нэг уг цагаан сарын шинийн зургаан бөгөөд аргын хоёр сарын хорин хоёрын өдөр тус хорооны тэргүүлэгчид хуралдсан 2-р хурлын 8-р зүйлд нэмж хэлэлцээд энэ нь маш зүйтэй хэрэг болох тул хөшөө чулуу байгуулах ба хойдын буяны зэрэгт хэрхэн тусламж үзүүлэх явдлыг өөр хэлэлцэн гүйцэтгэхээс гадна хүүр ясыг хэрхэн удирдан үдэж оршуулах зэрэг явдлыг урьдаар тусгай комисс гаргаж хянан төлөвлүүлэн гүйцэтгэвээс зохих тул залуучуудын төв хорооноос томилсон гишүүд Намсрай, Цэрэнгомбо нарын дээр төв хорооны дарга Данзан, намын сургагч Зоригт нарыг томилон гаргаж басхүү бүх цэргийн зөвлөлд явуулан төлөөлөгч нэмэн гаргуулж төв хорооноос эрхлэн гүйцэтгэхээр тогтов хэмээсний тулд үүнийг бүх цэргийг зөвлөлын газар явуулан хүрмэгц байцаан үзэж хурлын шийдвэрийн ёсоор энэ даруйхан гүйцэтгэн шийтгэх ажаамуй. Үүний басхүү бүх Монголын хувьсгалт залуучуудын төв хороо хойш мэдэгдэн явуулах хэмээн өргөжээ. Үүний тул хуудас илгээв.
 
1923.02.23
 
Баримт №2
 
Жанжин Сүхбаатарын хүүрийг оршуулах тухайд үг зарлан дуулгах төлөөлөгч нарыг томилон гүйцэтгүүлэх зэрэг учрыг засгийн газар, бүх цэргийн зөвлөлийн газар ба залуучуудын төв хороо нар хамт явуулах хуудасний эх.
 
Хуудсаар нарын хамт явуулах учир. Суртлын хэлтсийн өргөсөн нь:
 
Энэ оны цагаан сарын шинийн найман бөгөөд аргын улирлын хоёр сарын хорин дөрвөний өдөр төв хорооны бүгд хурлын гишүүд хуралдсан 1-р хурлын 4-р зүйлд нэмж хэлэлцсэн нь: Жанжин Сүхбаатар агсны хүүр ёсыг хэрхэн гүйцэтгэн үдэх тухай тусгай гаргасан комиссын төлөвлөн ирснийг хэлэлцээд түүний 1-р зүйлд жанжин Сүхбаатар агсны гэрийн гадна үг хэлэх хэмээснийг хэрэгсэх үгүй болгож гагцхүү хүүрийг оршуулах газар жагсаалын дунд Засгийн газар, Оросын төлөөлөгч бүхий цэргийн зөвлөл, нам ба эвлэлийн төв хорооноос нижгээд хүнийг томилон үг ухуулах, зарлах зэргээр гүйцэтгэвээс зохимой. Бас 8-р зүйлд: дурсгасан морийг хар бүсээр чимэхийг хэрэгсэх үгүй болгож улаанаар чимэх, жич хүүрийг хөдөлгөхөд төлөвлөсөн ёсоор энэ аравны өдрийн туулай цагт үдэж ёслоход үүрийн найман цагт нийтээр жагсаан үдэхээс гадна аливаа бэлтгэлд туслалцах ба хуралдагсадын үг зарлах хүмүүсийг удирдан гүйцэтгэх зэргийн хэргийг эрхлэх тусгай комиссыг цэргийн зөвлөлөөс Балдандорж, намын төв хорооноос дарга Данзан, залуучуудаас Дамдин нарыг тус тус томилон гаргуулахаар тогтов хэмээсний тулд уг комиссын төлөвлөсөн хуудсийг хуудас дагалдуулан үүнийг засгийн газар бүх цэргийн зөвлөлийн газар ба залуучуудын эвлэлийн төв хороо нар хамт явуулан хүрмэгц байцаан үзэж хурлын шийдвэрийн ёсоор даруйхан гүйцэтгэн шийтгэж уг өргөдлийг хойш эгүүлэн ирүүлэх ажаамуй хэмээн өргөжээ. Үүний  тул хуудас илгээв.
 
1923.02.24
ҮТА-ын архивч Б.Ринчинноров