sonin.mn
Төрийн жинхэнэ мэргэшсэн албан хаагчид ажиллах ёстой яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, хэлтэс, газрын дарга нарын намчирхсан томилгоо, халаа сэлгээ Монгол Улсын төрийн захиргааны ажлыг үндсэнд нь дампууруулж, ямар ч бодлого, төлөвлөлт, залгамж чанаргүй болсноос ард иргэдийн итгэл ор мөргүй замхарлаа. Саяхныг болтол төрийн захиргааны албан хаагчдын халаа, сэлгээ, томилгооны тохиролцоо “МАНАН”-д төөрөн алга болдог байсан бол Шинэчлэлийн Засгийн газраас хойш МАХН-ынхан мөчөөгүй өгөлгүй хутгалдах болсноос хойш “МАХАН” таташ болж, өнөөдөр Монгол Улс жинхэнэ утгаараа засаглалын хямралд живж байна. Өнөөдөр МАН, АН, МАХН-ынхан юунаас ч ичиж, эмээх зүйлгүй болж, тэдний дээр зөвхөн эрх мэдэл, хөрөнгө мөнгөнд ямар ч аргаар хамаагүй хүрэхээр улайран наймаалцах, тохиролцох бараан хар үүлтэй, ёозгүй тэнгэр л хялмаалан харанхуйлж байна. 
 
Ялангуяа эрх мэдэл, хөрөнгө санхүүгийн төлөөх цусгүй тулаанд МАХН-ынхан үхэлдэн хутгалдаж, эрээ цээргүй аашлах нь хэрээс хэтэрлээ. Хамгийн сүүлд 100 хувь төрийн өмчит “Монгол шуудан” компанийн захирал Ц.Батсайханы оронд ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан Т.Дуламдоржийг улайран зүтгүүлж, ажилчдынх нь хүчтэй эсэр­­гүүцэлтэй тулгарсны ард Шадар сайд асан Д.Тэрбишдавга зогсож байсныг олон нийт хэнээр ч заалгахгүй мэднэ. Д.Тэрбишдагвыг УИХ-ын гишүүн байхад туслахаар нь ажиллаж байснаа Шадар сайд болонгуут нь 2014 оны 10 дугаар сарын найманд ОБЕГ-ын даргын суудалд тухалсан Т.Дуламдорж ОБЕГ-ыг багагүй самарсан нэгэн. Архангай аймгийн Эрдэнэ­мандал буюу Д.Тэрбишдагвын төрсөн сумаас 16 хүнийг ОБЕГ-т шургалуулж, жинхэнэ мэргэшсэн албан хаагчдыг нь гудамжинд гаргаж байсан үйлдлээ “Монгол шуудан”-д давтахаар санаархсан ч энэ удаа бүтэлгүйтэв.
 
Тэгвэл Шадар сайд асны бас нэгэн “татаасны хүн” Д.Батмөнх 2014 оны нэгдүгээр сарын 11-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүньбазарын оронд томилогдсон байдаг. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг үндэслэн таван сарын дараа Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг зургаадугаар сарын 18-ны өдөр захирамж гаргаж Засгийн газрын Тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Д.Батмөнхийг жинхлэн томилж байв. Харин тэгтлээ хэл ам татлаагүй Д.Батмөнх дарга өнгөрсөн хоёрдугаар сарын нэгэнд өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгсөн. Түүний оронд УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Ш.Раднаасэд томилогдсон нь Шадар сайд У.Хүрэлсүхийн хүчин зүтгэл гэдгийг усан тэнэг л биш бол хэн ч гэсэн ойлгох асуудал билээ. Д.Тэрбишдагвын “халаасны” дээрх хоёр дарга үндсэндээ наймаалцлын албандаа жил ажилласан байх тул “Жилийн тохиролцоотой дарга” нар гэхээс өөр үг олдохгүй. Жилийн тохиролцоотой дарга нарын урт жагсаалтыг О.Магнайгийн суудалд тухалсан Шадар сайд У.Хүрэлсүхийн дотно анд Т.Аюурсайхан, за тэгээд Ш.Раднаасэд гээд улстөрийн томилгоотнууд үргэлжлүүлнэ.
Гэтэл сайндаа л жилийн настай улстөрийн томилгоо бүхэн эцэстээ хэн нэгнийг шоронгийн хаалга руу түлхэх ашиг хонжоо, хулгай, луйврын шат дамжлага болсоор байгаа нь өнөөдрийн эмгэнэл мөн. Тухайлбал Төрийн өмчийн “Эрдэнэс Таван­­толгой” компанийн ТУЗ-ийн 2012 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн хуралдаанаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан Гүйцэтгэх захирал Б.Энэбишийн оронд УИХ-ын гишүүн асан Я.Батсуурийг захирлаар томилсон байдаг. “Нам санал болговол юу ч хамаагүй хийхэд бэлэн байна” гэсээр тэрхүү ажлыг авч байсан Я.Батсуурь захирлыг 2015 оны хоёрдугаар сарын 25-нд буюу хоёр жил дөрвөн сарын дараа АТГ-ынхан саатуулж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсноос хойш хоёр сар болох гэж байна. Түүнийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлсээр өнөөдрийг хүрч байгаа. Өнөөдөр Я.Батсуурь хилсээр хоригдож байгаагаа мэдэгдэн өлсгөлөн зарлахаар болоод байгаа ч биеийнх нь байдлаас шалт­­гаалан хүчээр шахуу хооллож байгаа дуулдсан. Тэгвэл хачин жигтэй, бүр Засгийн газрыг ч шантажилж сана­­сандаа хүрдэг бусармаг томилгоонууд ч хийгдсээр байна. Жишээлбэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2014 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдрийн хуралдаанаар нэгэн хачирхалтай томилгоо хийгдсэн нь хоёр жил АН-ыг шантажлан сайдын суудал нэхсэн Л.Гүндалайг Боомтын нэгдсэн захиргааны даргаар тавьсан явдал байв. Харин Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Боомтын нэгдсэн захиргааг татан буулгаснаар Л.Гүндалай найман сар Боомтын нэгдсэн захиргааг “саасан” болоод дахин ажилгүй болж, гэртээ суусан билээ.
 
 
Гэхдээ гандан буурдаггүй түүний АН-д бас дахин гомдсон сэтгэл нь шинэ нам байгуулах ээлжит зоригийг нь бадрааж, ажилдаа орчихоод манаргаж яваа. Л.Гүндалайгаас ялгарах юмгүй намтар түүхтэй нэгэн буюу Ч.Чимэдсүрэн гэгч нь МАХН-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад УИХ-ын дэд дарга Л.Цог, Шадар сайд асан Д.Тэрбишдагва нарын хүчин зүтгэл, түлхээсээр 2014 оны дөрөвдүгээр сарын 27-нд Алтанбулагийн худалдааны чөлөөт бүсийн захирагчаар томилогдож байв. Энэ чухал ажлыг аваад хоёр сарын дараа буюу зургаадугаар сарын 22-нд Алтанбулагийн чөлөөт бүсийн нээлтийг хийх үеэр халамцуухан захирагч уурлаж бухимдсан иргэдтэй барилцаж авах нь холгүй бужигнуулсан гээд Ч.Чимэдсүрэн багагүй балаг тарьсан. Гэвч Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэ­­чил­­­­­сэн най­­руулга 2015 оны хоёр­­дугаар сарын 12-ны өдрийн УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдан, мөрдөгдөж эхлээд байгаатай холбогдон Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын 2015 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 56 тоот тушаалаар “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Чимэдсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөсөн. Мань эр алба ажлаа хэл амгүйхэн гүйцэтгэж байсан гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. 2015 оны хоёрдугаар сарын наймны өдөр дээрээ маяктай том хар жийп хөлөглөн давхиж явахдаа шаардлага тавьсан замын цагдаад томорч, цахим ертөнцөөр нэг шуугиан тарьж, Замын цагдаагийн газраас тусгай дуут дохио ашиглах эрхийг нь цуцалж байсан. Тэрээр баахан бужигнуулчихаад усанд хаясан чулуу шиг л алга болчихсон. Бодвол Алтанбулагийн чөлөөт бүсийн нээлтийн үеэр согтуурхан иргэдтэй маргалдаж явсан Ч.Чимэдсүрэн том хар жийп унах хэмжээнд өөрийгөө болгочихсон тул нэг хэсэгтээ бүгэх нь дээр гэж үзсэнээс зайлахгүй. “МАНАН” хөшилдөж, “МАХАН” таташ үргэлжилсээр улстөрийн бохир томилгоо хийгдсээр хамгийн сүүлд Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хад­­галамжийн төвийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Хан-Уул дүүргийн МАН-ын дарга Ж.Алдаржавхланг, Батлан даалтын сангийн захирл­­аар Санхүү­гийн зохицуулах хорооны дарга асан Д.Баярсайхан нарыг тус тус томилжээ. Тодруулбал дээрх хоёр нөхрийн ам руу ээлжит амттай бялууг нь халбагадаж өгсөн хүн нь энэ удаа Сангийн сайд Ж.Эрдэнэбат байсан. Удахгүй Монголын Хөрөнгийн биржийн захирлыг чөлөөлөх асуудал ч яригдана. Тэнд энэ удаа АН-аас аз нь шовойсон аавын хүү очихоор яригдаж эхлээд байна. Хамгийн гол нь намуудын тохиролцоо, толхилцооны ард төрийн алба эзэнгүйрч, “Ямар дарга ирээд, яаж бужигнуулах бол” гэсэн айдастай албан хаагчид нь ажлаа ч олигтой хийсэн юмгүй өдөр хоног аргацааж суудаг болжээ. Жишээлбэл Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарыг чөлөөлж, өмнө нь даргаар ажиллаж байсан Ц.Нанзаддоржийг эргүүлэн томилсон ч бас л удалгүй тойрохоо зуруулсан. Хэл ам, хэрүүл тасардаггүй Төрийн өмчийн хорооны даргыг өнөөдөр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Солонго орлон ажиллаж байгаа нэртэй. 
 
 
Ганцхан жилийн настай, улстөрийн наймаалцал, тохиролцоо, томилгоогоор очиж байгаа захирал, дарга нар Монголын төрийн захиргааны байгууллагуудыг бүрмөсөн дам­пууруулж, хоёр гарыг нь өргүүлэх өдөр ойртсоор л. Харин 10-20, түүнээс ч олон жил төрийн захиргааны байгууллагад ажиллаж туршлага, мэдлэг, чадвар хуримт­­луулсан жинхэнэ мэр­гэшсэн албан хаагчид нь улстөрийн хавчлагад өртөн гудамжинд гарсаар л. Энэ их намчирхал, талцал, хоосон улстөржилт Монгол Улсыг улам л хурдан цөлмөж, тонон дээрэмдэж, хуваан хулгайлсаар тартагт нь тулгах нь ээ. 
Эх сурвалж: