sonin.mn

Дэлхийн боловсрол Монгол ухаарлаар дутаж, Монгол ухаан ёс зүйгээр хагсажээ  

 

Монгол хэлний үгсийн сангийн 75 орчим хувь нь нүүдэлчин ахуй, байгаль цаг уур, ертөнцтэй холбоотой... Үлдсэн 25 орчим хувь нь хүн хоорондын харилцааны үг хэллэг.

 

Монголын хүн ам 3 сая болсон.. Улаанбаатар болон бусад хот сууринд 2 саяас илүү нь амьдарч байгаа бол 150 шахам мянган иргэн гадаадад явна. Хөдөөд 900 мянга орчим иргэн амьдарч байна. Өөрөөр хэлбэл хүн амын 3-ны 2-оос илүү хувь нь хот сууринд буюу Монгол хэлний үгсийн сангийн 25 хувийг хэрэглэдэг эгнээнд аль хэднийн орчихсон байна. Монгол хэлний үгсийн сангийн 75-аас 80 хувийг огт хэрэглэхгүй байна гэсэн үг.

 

Морь мэдэхгүй хүнд ергүүлэх, хатируулах, шогшуулах тухай, эмээл хазаар, чөдөр ногт, өнгө зүсний тухай яриа огт байхгүй. Нүүдэл мэдэхгүй хүн чөрхлөх, тэн тааруулах ч юмуу хоог, сөөг тухай яриа байхгүй... Хэн юу хэрэглэж байна. Ямар ажил хийж байна. Түүнийгээ л ярина.

 

Би гар утас хэрэглэж байгаа учир утастай холбоотой үг ярина. Тэр нь самсунг, алкател, Моторола, нока, iPhone, андройд, мэссэж, сим модем, аппликейшн, хатон, мобимедиа, роуминг гэх мэт. Би компьютер хэрэглэж байна. Компьютертэй холбоотой юм л ярина. Процессор, принтер, сканер, канон, сев, дельта, формат, вирус, программ, вэб сайт, блог, тивтер, фээспүүх, эмайл гэх мэт. Би машин хэрэглэж байна. Машинтай холбоотой юм ярина. Ланд, лексүс, эксель, аксент, приус, королла, верна... гэх мэт. Эд анги ярина. Гупер, кирло, копуд, акумулатор, радиатор, кондишн, хроп, гидро, трубин... гэх мэт.м Ер нь бизнес, маркетинг, менежментярьдаг болсон Жаргалсайхан ингэж л Монгол хэлийг хэрэглэж, хадгалаж, баяжуулж байгаа бодит жишээ энэ.

 

Хүүхдүүд Компьютер тоглоом тоглож өсөж байна. Тоглож байгаа тоглоомоо л ярина. “ПС” тоглоом бол тэдний хэлний хөгжил, орчин нь мөн болсон. Дота тогловол Вангард доминатараа угсар, Наадахаа даагердаач, би сайлнисдчихсан байгаа шүү, гэх мэт. Коунтэр страйк тоглоовол. Снайвпирдаач, клашаа хаячих, бомбоо тавь гэх мэт. Тоглохгүй хүүхэд хүүхэлдэйн кино үзэж байгаа. Хүүхдийн нэвтрүүлгийн суваг нь Дрем боок, гарч байгаа кино нь бүгд гадаад, дүрүүдийн нэр нь бүгд гадаад.

 

Төрийн засгийн мэдээллийг парламентын сурвалжилагч нар импорт, экспорт, геополитик, инфляци, валют долларын ханш, лекц семинар, эдийн засгийн коридор байгуулна, ипотекийн зээл гэх мэтээр ярина. Түүнийг нь хэвлэл мэдээлэл нэгэн хэмээр давтан үзүүлнэ. Яаж, ямар аргаар, хэзээ, хэн хамгаалах юм бэ, энэ Монгол хэл бичгийг чинь?

Ерөөсөө л Монгол хэлээ тас мартъя. Хүүхдээ шууд англиар хэлд оруулаад дэлхийн боловсролтой иргэн болгоно гэдэг үзэлтэй эцэг эхийн тоо хязгааргүй болсон. Зөвхөн үзэл бодол ч биш хэрэгжүүлж байгаа нь хязгааргүй. Цаашид ч бүр ихээр нэмэгдэнэ. Хасагдахгүй.. “Хүүхдээ л хэлтэй болгочих юмсан” гэх аав ээжтэй л би байнга таарч байна. Тэдний итгэл үнэмшил, зорилго, амьдралынх нь утга учир нь хүүхэддээ ямар нэг гадаад хэл эзэмшүүлэх. Хэлтэй болчихвол л хоолоо олж иднэ. Амьдралаа залгуулна гэсэн итгэл үнэмшил хүн бүхэнд байна. Дарга цэрэг, малчин, тариаланч бүгдэд нь байна. Тэр бүү хэл Монгол хэлний хууль санаачилсан боловсруулсан, монгол хэлээ хэрэглэе, уйгаржин бичиг сур гэж шахаж байгаа хүмүүс ч бүгд тийм байна.

 

Танай хүүхэд зөвхөн монгол хэл эзэмшээд сайхан амьдарч чадна гэж хэлэх дарга, эрдэмтэн өнөөдөр Монголд нэг ч байхгүй... Монгол хэлийг бусад хэлнээс илүү зөв эзэмшиж чадсанаараа сайхан амьдарч байгаа хүн ч алга. Яах вэ дундаж маягаар л амьдарч байгаа. Монгол хэлний багш 400-500 мянгын цалинтай байхад, англи болон бусад хэлний багш нар саяас дээш, магадгүй мянган доллараас дээш цалинтай байна. Монгол хэлний сургалт бараг байхгүй байхад бусад хэлний сургалт гурав, дөрвөн зуун мянга байна. Хэн нэгэн ажилд орохоор очиход гадаадын хэдэн хэл мэддэг тухай эхэлж асууж байгаа болохоос биш Монгол хэлний мэдлэг боловсрол ямар вэ гэж огт асуухгүй байгаа... тэр бүү хэл соёлын урлагийн газар ажилд ороход ч Монгол хэлний тухай асуухгүй байна. Миний амьдрахад, оршин тогтоход, эдийн засагч Монгол хэл чухал биш учраас мартагдаж, хаягдаж байна.

 

Өнөөдөр монголд сая гаруй хүн интернэт хэрэглэж байна. Интернэт хэрэглэж байгаа хүмүүсийн 5 хувь нь монголоор, дүрэм журмаа баримталж байна уу гэдэг нь эргэлзээтэй... үүнийг хэн хянаж, яаж засах юм. Ямар ч боломжгүй зүйл. Бодит байдал ийм байхад бид монгол хэлтэй байх, монгол хэлээ хамгаалах тухай яриа бол хаданд хашхирсан цуурай шиг хэрэггүй зүйл болж байна. Нөгөө талаар үерийн ус шиг нөмрөн орж ирсэн гадаад хэл соёлыг гарынхаа алгаар хаах гэж оролдож байна. Үерийн усыг гарын алгаар хааж дийлэх үү...

 

Хэлийг хэрэглээгээр нь хамгаална. Хамгаалах гэж байгаа бол шүү дээ. Түүнээс биш хамгаалъя гэсэн үг, эрдэмтний том том номоор хамгаалахгүй. Тэр бүү хэл хуулиар ч хамгаалахгүй. Ном бол ерөнхийдөө гарын авлагын үүрэг гүйцэтгэхээс биш хамгаалах үүрэг гүйцэтгэхгүй. Хэрэглээнд байгаа үг л үлдэж хоцрохоос биш хэрэглэхгүй үг хэллэг, зан үйл мартагдаж, ойлгоход гадаад үгнээс ч төвөгтэй болдог байж мэдэх юм.

 

 Монгол хэлний доголдол, эрлийзжилтийн тухай үеийн үед яригдсаар иржээ. Бараг л бичиг үсэгт булт олноороо тайлагдаж эхлэхтэй зэрэгцэн “зөв бичих, зөв ярих” тухай эрдэмтэд онолдсоор ирсэн хэрэг.Сүүлийн үед Монгол ёс заншил, хэл соёл, монголоороо байх гэх мэтээр ярьдаг, цэцэрхдэг, сурталддаг хүн хаа сайгүй болсон. Тэд монголоороо байх тухай ярих мөртлөө чухам монголоороо байхын тулд юу хийх ёстой, яах учиртайг, ямар аргачлал, боломж байгааг хэлсэн нь үгүй. Зүгээр л цээжээрээ Монгол гэж хашгираад л байгаа... энэ хашгираан цаашид ч үргэлжлэх нь мэдээж.  

Монгол хэлний хууль гарлаа, гадаад үгийг монголчлох баг байгуулсан тухай яриа сонссон. Аль аль нь хэрэггүй зүйл. Би энгийн жишээ хэлье. Микрофон гэдэг үгийг монголчлоод “дуун цацруулагч” гэж нэрлэсэн. Үнэн хэрэг дээрээ бол микрофон нь дуу цацруулдаг биш амнаас гарсан авиаг пүүлт рүү шидэж өгдөг хоолой юм. Пүүлт дахин хувиарлалт хийж өсгөгч рүү өгч өсгөгч нь цацруулж байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл монголоороо байх гэсэн өвгөн шинэ үеийн техник, технологийг ойлгохгүй байгаа жишээ юм. “Амьжиргаа цагаан” гэдэг жижиг машин байна. Энэ нэрийг хэн өгсөн бэ гэвэл тэр машиныг зардаг наймаачин өгсөн хэрэг. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл. Хэн юу хэрэглэдэг, хэн юуг хамгийн сайн мэддэг байна тэр л оносон “хөрвүүлэг” хийж чадна гэсэн үг. Хятадын жижиг улаан тракторыг пад пад гээд нэрлэчих, цавууг наалдан пад гэдэг шиг.

 

Монголоо хамгаалах уу, ингээд бүр хаях уу гэсэн асуулттай нүүр тулна. Хамгаалмаар л байна. Гэхдээ боломжгүй... яагаад гэвэл хамгаалах ганцхан арга байгаа. Түүнийг хэрэглэх боломжгүй. Хэрэглэхэд тэр нь олон жил шаарддаг. Бид тийм төртэй болох гэж зүдэрч байх хугацаанд Монгол хэлээ бүрэн алдах бололтой.Цаг цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж төр, хувцас, унаа, байраа сольж болно. Хэл нэг солигдсон бол эргэж сурах боломжгүй... сайн төрийг бий болгоход 4 жил хангалтай байж болох, сайн хэлийг бүтээхэд 400, магадгүй 4 мянган жил хэрэг болох байх...

 

Механик үеийн эрдэм, боловсрол автомажсан эриний хүүхдийг хүмүүжүүлж чадахгүй нь бодит жишээг бид биетээр үзэж байна...

 

 

Зарим үгийг монголчууд дуудлагаараа монголчлох нь бий. Жишээнэ:

 

-Club -Клубыг -Хөлөөв,

-Graj -Граж -Гарааш,

-Botica-Ботинки -Бажийнх,

-Chemodan -Чемодан -Чумдаан

-Pidjak Пиджак -Пинжээк

-Kostyum -Костюм-Гонжоом

-Tumbochka -Тумбочка -Түмбүүчиг

-Butsi -Вуци -Пүүз

-Palito -Пальто -Пальто

-Amortizator -Амортизатор -Амаржийн

-Condensator-

Годенсатор -Ганжинсаатар

-Nasos -Насос -Ноцоос

-Prujin -Пружин –Пүрш

-Katushka -Катушка –Дамар

-Ryuksack –Urzialk -Урзаалк \үүргэвч\

-Calibr -Гальбр -Халиавар

-Vagon Вагон -Вогоон

-Divan -Диван -Буйдан

-Pecheni-Печени –Бичээн \жигнэмэг\

-Domkrad –Домкрад –Данхраад

Chenj –Ченж –Панз, \дамчин\

-Diputat -Депутат –Дивтаат

-Radio -Радио –Араажав

-Dizeli -Дизель -Үүзэл... цаашилбал:-Имийж, дэбийл, түнээл, оргинаал, лийдэр, лоодор, паакт, аакт, оофис, сээкс, бараак, дураак, нариадчиг, балиалшэг, каарт, шоорт, жийнс, пээнс, наар, баар, шипрээц, скооч... гэх мэтээр үг бол тоймгүй...

 

 

Тал бичээч Да.Жаргалсайхан