sonin.mn

Нийслэл хотыг нэгэн цагт удирдаж Хотын намын хорооны даргаар ажиллаж байсан Л.Лантуутай ярилцлаа.

 

-Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталсан. Үүнээс өмнө дөрвөн төлөвлөгөө баталж байсан ч дорвитой үр дүнд хүрээгүй гэж судлаачид дүгнэдэг. Тухайн үед нийслэлийг зорих хүн амын төвлөрлийг тооцоолоогүй нь төлөвлөгөө цаасан дээр үлдэх шалтгаан болсон гэх нь ч бий. Хоттой амьдралаа холбосон хүний хувьд та ямар бодолтой явдаг вэ?

 

-Нийслэлийг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гарсан. Хэрвээ энэ төлөвлөгөөг яг таг хэрэгжүүлээд явбал Улаанбаатар хот сайхан болно. Ер нь Монголд сайн төлөвлөгөө гаргадаг тэр нь хөрсөн дээр буухгүй цаас хэвээрээ үлддэг жишиг тогтвол тун харамсалтай хэрэг л дээ. Би хамгийн сүүлд боловсруулсан ерөнхий төлөвлөгөөг “Маш сайн” гэж дүгнэж байгаа. Нийслэлийг 2030 он хүртэл хөгжүүлэх баримт бичгийн дагуу явбал Улаанбаатар Азидаа гологдохгүй сайхан хот болох боломжтой. Бидний үед Улаанбаатар хотыг ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх ёстой гэсэн ганцхан байр суурийг хатуу баримталж байлаа. Тухайн үед Зөвлөлтийн болон Монголын архитекторууд Улаанбаатар хотыг хөгжүүлэх дөрвөн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, баталсан. Хотыг хөгжүүлэх төлөвлөгөө гэдэг маш чухал баримт бичиг. Тиймээс улс төрийн товчоогоор оруулж батлуулдаг жишигтэй байлаа. Тэр ерөнхий төлөвлөгөөг түшиглэж, өнөөгийн Улаанбаатар хот сүндэрлэн боссон. Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөгөөр бол Сүхбаатарын хөшөөнөөс Богд уул хүртэл битүү ногоон байгууламжтай байхаар гаргасан юм. Намын хорооны урилгаар Монголд ирсэн гадаадын төлөөлөгчид “Танайх маш сайн төлөвлөгөөтэй юм байна” гэж магтдаг байв. Гэтэл сүүлийн үед барилгууд нь нэг газраа шавааралдаад бөгс эргэх зай гүй шахам болчихлоо. Бидний бод-сон, олон сайхан архитекторуудын шил-дэг шийдлүүд үндсэндээ нурж, цаасан дээр үлдсэн гэхэд хилсдэхгүй. Гар бие оролцож явсан хүний хувьд надад бол их л харамсалтай санагддаг. Заримдаа “Хотыг ингэж ч төлөвлөөгөөгүй юм даа” гэж бодох л юм. Нийслэл маань гял цал, шил толь болсон өндөр, өндөр барилга, байгууламжтай болж байна. Үүнийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ хөгжил гэж чухам юу вэ гэдгийг их л уужуу ухаанаар бодох хэрэгтэй болжээ. Тэнгэр баганадсан өндөр барилгатай болсныг хөгжиж байна хэмээн үзэх үү, цаг наргүй их ажлынхаа хажуугаар түр зуур ч гэсэн гэр бүлээрээ амсхийх цэцэр лэг хүрээлэнтэй, ногоон байгууламжтай болохыг хөгжлийн нэг хэсэг гэж ойлгох уу гээд нарийн зүйлс олон бий. Аль ч улсад ерөнхий төлөвлөгөө нь зарим талаараа хэрэгждэггүй зүйл байгаа байх. Биднийг ажиллаж байх үед хотын төлөвлөгөө80 хувьтай хэрэгжиж байсан. Одоо бол хэрэгжилт нь тааруу байгаа байх гэж бодож байна. Гэхдээ хамгийн сүүлд баталсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд явах ажилч хичээнгүй зан одоогийн залуучуудад байгаа гэдэгт итгэж байна.

 

-Нийслэлийн төвлөрлийг сааруулахын тулд Улаанбаатар хотын статусыг өөрчилж, Төв аймгийн Зуунмод, Лүн, Өвөрхангай аймгийн Хархорин хотод шилжүүлэхээр ярьж байгаа. Энэ оновчтой шийдэл мөн үү?

 

-Өвөрхангай аймгийн Хархорин Монгол Улсын төв цэг. Баян-Өлгий аймаг, Халх голоос ирсэн ч яг ижил зайтай байдаг юм. Энэ бол манай ихэс дээдсүүдийн бодож боловсруулсан мэргэн санааны нэг байх л даа. Дээр нь Хархорин том тал газар. Тэгэхээр тэнд нэг сая байтугай нэлээн хэдэн сая хүн амтай томоохон хот байгуулах боломж нээлттэй бий. Хамгийн гол нь усны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болох байх. Одоо шинээр байгуулах хотоо хоёр, гурван сая хүнтэй байхаар тооцоолж болохгүй ээ. Багадаа л арван сая хүн амтай байхаар тооцоолох хэрэгтэй. 1945 оноос хойш гаргаж байсан ерөнхий төлөвлөгөө зарим талаараа хангалттай хэрэгжээгүй нь хүн амын нягтаршил, өсөлтөө буруу тооцоолсноос бас үүдэлтэй байсан. Тиймээс Монголын хүн ам цаашид өснө гэдэг эерэг хүлээлтээр өргөн цар хүрээгээр асуудлыг харах хэрэгтэй болов уу. Баруун европын хотууд нь хоёр, гурван зуун жилийн түүхтэй. Төв нь бараг хэвээрээ хөдлөөгүй. Сэргэн мандалтын үеийн барилгууд олон бий. Тэндхийн оршин суугчид олон жилийн түүхтэй барилга байгууламжаараа бахархдаг. Монголын хувьд мэдээж өөр байх. Гэхдээ шинэ хотоо аажмаар байгуулах хэрэгтэй. Эхний ээлжинд их дээд сургуулийн хотхоныг хотоос гаргах тухай яриад байгааг ажил болгоход буруудахгүй.

 

-Багануур, Налайх дүүргийг хот болгохыг ард иргэдийнх нь олонхи нь дэмжсэн. Ер нь цаашдаа дагуул, хоттой болох талаар та ямар бодолтой явдаг вэ?

 

-Би Улаанбаатар хотыг тойруулаад дагуул хоттой болох ёстой гэж боддог. Энэ тухайгаа бичиж байсан. Дагуул хот байгуулахын тулд тэнд орон сууц, ажлын байр бий болгох шаардлагатай. Дагуул хот байгууллаа гэтэл оршин суугчид нь бүгдээрээ нийслэлд очиж ажил, амьдралаа залгуулдаг байвал хэцүү л дээ. Тиймээс асуудлыг тал, талаас нь шийдвэрлэсэн иж бүрэн хот байгуулах хэрэгтэй. Хамгийн гол нь Улаанбаатар хотыг дагуул хоттойгоо холбосон хурдны замтай байхгүй бол ажил хэрэг болоход амаргүй. Налайхыг нэлээд ухсан. Цөмөрч магадгүй. Өмнө нь Налайхын уурхай усанд автаж байсан. Тиймээс энэ зүйлсийг нарийн бодолцох ёстой. Налайх хөгжөөд, хөгжөөд100-200 мянган оршин суугчаас хэтрэхгүй байх. Тэгэхээр бие даасан том хот болж чадахгүй эсэхэд би хувьдаа эргэлзэж байна. Хотыг төрөлжүүлж байгуулах талаар анхаармаар байна. Аж үйлдвэрийн, оюутны хотхон, шинжлэх ухааны эрдэмтдийн хот гэдэг ч юм уу. Ийм хэлбэрээр дотор нь ангилах ёстой.

 

-Та өнөөгийн хотыг удирдаж байгаа дарга нарын ажилд хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

 

-Дарга нарын зорилго өөр, өөр болж дээ. Нэг хэсэг нь төрийн өндөр албан тушаалд хувийн ашиг сонирхлоор баяжих гэж очиж байна. Нөгөөх нь сонгуульд намаа ялуулах гэсэн зорилготой ажиллаж байна. Энэ бол маш буруу хандлага. Өмнө нь бид ингэж эрээ цээргүй аашилдаггүй байлаа. Бондын мөнгөөр“Гудамж” төсөл гээд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүллээ. Нийслэлийн зам талбай өнгө үзэмж нэмснийг үгүйсгэж болохгүй байх. Гэхдээ хотын барилга байгууламжууд хэтэрхий ойрхон баригдаж байна. Өөрөөр хэлбэл, нэг газраа бөөгнөрч байна гэсэн үг. Аюулгүй байдал, эрүүл ахуй талаасаа энэ их буруу. Дээр нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хаяг, реклам гэж эрээн алаг юм боллоо. Нэг хүн ирээд“Танайх чинь английн колони байсан юм уу” гэж асууж байсан удаатай. Тэгэхээр холбогдох хууль тогтоомжийг нь гаргаад үүнийг цэгцлэх юмсан.

 

-Төвлөрөл дагасан сөрөг асуудлыг шийдвэрлэхийн тулд гэр хороололд дахин төлөвлөлт хийхээр болсон. Энэ ажлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

 

-Монголчууд гэр бүлсэг хүмүүс. Тиймээс нэг гэрт ах дүү, хамаатан саднаараа амьдарч байх нь бий. Миний бодлоор гэр хорооллын гудамж, талбайг эмх, цэгцэнд оруулаад заавал төвийн дулаанд холбоно гэж зүтгэхгүйгээр шийдэж болно. Ер нь усыг нь хамгийн түрүүнд шийдээд өгчихсөн нь оновчтой байх. Иргэдийн орчин үеийн тохь тухтай тансаг газар амьдруулна хэмээн хүлээлт үүсгэхгүйгээр одоогийн орчин нөхцөлдөө тааруулаад шийдэл гаргаад явж болно шүү дээ. Монголдоо зохицсон байдлаар ажлыг хийх ёстой. Европын өндөр хөгжилтэй орнуудыг дуурайж, хөлөө хөлдөөх шаардлагагүй. Манайх дөрвөн ууландаа шахагдсан өвөрмөц газар шүү дээ. Ер нь хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөгөө Монголд таарсан аргаар хийнэ гэсэн үг. Бид Англи, Хятад, Орос биш Монгол шүү дээ. Бидний зан заншил, уламжлал шал өөр.

 

-Таны хувьд нийслэл хотоо хараад эмзэглэж явдаг ямар асуудал байдаг вэ. “Үүнийг л нэг шийдчихэж болдоггүй юм байх даа” гэсэн бодол хааяа төрөх үү?

 

-Нийслэлийн барилга, байгууламж-тай холбоотой зүйлсийг дээр хөндөж ярилаа. Одоо нийслэлийн оршин суугчидтай холбоотой асуудлыг хэлмээр байна. Нийслэлд архидалт гамшгийн хэмжээнд хүрлээ. Энэ байдлыг хараад эмзэглэх юм. Сүүлийн үед залуус гадагшаа сургуульд явж, эрдмийн мөр хөөгөөд иймэрхүү байдал бага зэрэг багасч байна уу даа. Гэхдээ архины асуудлыг цэгцлэхгүй бол Монголын хөгжлөөс их хойш нь татна шүү. Ялангуяа эх орныхоо ирээдүй болсон залуус сархадад дурлаж эхэлбэл түүнээс ноцтой зүйл гэж хаана байх билээ. Эрх баригчид, улстөрчид үүнд анхаарайсаа гэж бодох юм.

 

-Таны үед хотын дарга хэдэн орлогчтой ажилладаг байсан вэ?

 

-Тухайн үед хотын дарга нар гурван орлогчтой ажилладаг байлаа. Төсөв мөнгөний хувьд ч одоогийнхтой харьцуулбал хэд дахин бага байсан. Одоо ч учир нь олдохгүй болж дээ. Зарим нь төсвөөс биш төслөөс санхүүжиж байна л гэх юм. Нийслэлийн хэрэгжүүлж байгаа зарим ажлыг иргэд шүүмжилж байна. Тэр хогны ногоон уут, зун гудамж талбайд цэцэг тарьсан гээд. Уг нь цэцэг тарих ч тийм буруу зүйл биш л дээ. Хамгийн гол нь манайх төсвийн мөнгийг цэцгэнд үрээд сууж байх хэмжээнд хүрээгүй байхгүй юү. Тэгэхээр нийслэлийн удирдлагууд хийх зүйлээ нэг л сайн олохгүй байгаа юм болов уу. Ер нь хогны ногоон уут, өнгийн цэцэгнээс илүүтэй хотын амгалан тайван байдал чухал. Хуучин цагт нийслэлээр шөнө дөл болтол явахад айж эмээх зүйлгүй байлаа. Одоо бол хүүхдүүд нь жаахан оройтвол эцэг эхчүүд нь араас нь утас цохиод санаа зовж байна шүү дээ. Энэмэтчилэн сэтгэл чилээсэн асуудал цөөнгүй бий. Гэхдээ сайн сайхан хөгжиж байгаа зүйлс ч олон байгааг дурдах нь зүйтэй.

 

Ц.Оюунтунгалаг

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин