sonin.mn
 
 
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр Төрийн ордонд Тавантолгойн асуудлаар хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Эрдэнэс-Тавантолгой компанийг гэрээний оролцогчоор оруулах шаардлагатай” хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр хэлэхдээ, "Эрдэнэс-Тавантолгой компани 2010 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулахдаа сүүлийн 3 жилд нь тасралтгүй ашигтай ажилласан. Энэ оны эхний улиралд 1,8 сая тонн нүүрс экспортлож, монголын хамгийн том экспортлогч болоод байна. 2012 оны сонгуулийн өмнө Чалько компанитай гэрээ байгуулж, урьдчилгаа зээл авч бэлэн мөнгө авснаас өнөөдрийг хүртэл энэ компани олборлолтоороо Чалькогийн өрийг төлсөөр байгаа. Өнөөдөр энэ компани 1 тонн тутамд 5,8 долларын цэвэр ашигтай ажиллаж байна. Бид өчигдрийн АН-ын бүлгийн хуралдаан дээр Эрдэнэс-Тавантолгой компанийн өмнөх болон одоогийн захирлын мэдээллийг сонссон. Ингэхэд 2014 онд  буюу одоогийн өргөн бариад байгаагаас өөр хувилбар болох Эрдэнэс-Тавантолгой дангаараа 51 хувь эзэмших төсөл боловсруулсан байсан. Гэтэл энэхүү төслийг Засгийн газарт хэлэлцүүлэхээс 20 хоногийн өмнө гэнэт зогсоосон байдаг. Энэ талаар сайд М.Энхсайханаас асуухад тодорхой мэдээлэл алга гэсэн хариулт өгсөн. Хамтарсан хөрөнгө оруулагчаар Энержи ресурс компанийг оруулж байгаа. Гэтэл энэ компани нь тонн тутамд 9,8 долларын алдагдал хүлээж байгаа. Эрдэнэс-Тавантолгой компанийг гэрээний оролцуулагчаар оруулахгүйгээр гэрээ хийх нь монголын талд алдагдалтай. Эрдэнэс-Тавантолгой одоогийн олж байгаа ашгаар, мөн бүрэн чадлаараа ажиллаад жилдээ 150 сая доллар олох боломжтой. Өнөөгийн гэрээгээр бол Эрдэнэс-Тавантолгой зөвхөн түрээсийн 2 хувийн ашиг авна. Энэ нь 25 сая доллар буюу 50 тэрбум төгрөг. Тэгэхээр бид 25 сая доллараар 150 сая доллараа сольж байна. Энержи ресурсийг санхүүгийн хямралаас гаргах гэж одоогийн гэрээг хийж болохгүй" гэв.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг