sonin.mn
 
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүг сүүлийн үед юм юм руу савчаад байгаад гишүүдээс эхлээд дургүйцэх хүн олон болжээ. УИХ-д орж ирэхдээ “оймсонд хавчуулагдан” орж ирсэн гэгддэг тэрбээр Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллах болсноос хойш өөрийгөө бүхнийг мэдэгч эрх мэдэлтэн болсон мэтээр аашилж, бусад чиглэлийн байнгын хороодын дарга нар төдийгүй ангийн нөхдийнхөө дургүйцлийг ихээхэн төрүүлэх болжээ.
 
Ямар сайндаа л Тавантолгойгоор бараг толгойтой бүхэн амьсгалж байгааг далимдуулан Өргөдлийн байнгын хорооны даргын эрх мэдлээ ашиглан Засгийн газарт чиглэл өгөх тогтоол гаргачихсан тууж явах билээ. Үүнийг сонссон Эдийн засгийн болон энэ чиглэлийн байнгын хороодын дарга гишүүд “Баасанхүү биднийг ажилгүй болгочих юм байна л даа” гэж ёжлох, дургүйцэхийн хооронд хэлэлцжээ. О.Баасанхүүгийн энэ үйлдэл нь     УИХ-ын дэгийн тухай хуулийг шууд зөрчсөн хэрэг юм. “Оймсонд хавчуулагдсан хүү-гийн оролцохгүй ажил дуусаагүй байна. Тэрбээр төрийн албанд халаа сэлгээ хэтэрсэн гэх асуудлаар МАН-ын харьяалалтай хоёр ч сайдыг Өргөдлийн байнгын хороон дээр дуудаж “байцаах” гэнэ.  Уг нь халаа сэлгээний асуудлаар бүх л яам, тамгын газар асуудалтай байгаа. Яг ямар яам халаа сэлгээ их хийв  гээд ярих юм бол өөрийнх  МАХН-ын сайд Г.Шийлэгдамбын Эрүүл мэнд, спортын яам хамгийн их асуудалтай байгаа.
 
Зэрэгцээд Гадаад хэргийн яам бүр ч их асуудалтай байна. ГХЯ-ны аппаратаас халагдсан хүмүүсийн 30 гаруй нь одоогоор Төрийн албаны зөвлөлд өргөдлөө өгчихсөн байгаа аж. ЭМСЯ, ГХЯ-наас халагдсан хүмүүсээс шүүх, хуулийн байгуулллагаар явж байгаа нь ч өчнөөн аж. Хөдөлмөрийн яам, БОНХАЖЯ асуудалтай байгаа юу бас л асуудалтай байгаа. Өргөдөл, гомдол хүлээн авдаг гэх Баасанхүүд ЭМСЯ, ГХЯ-наас ч өргөдөл гомдол  иржээ. Гэтэл тэднийг хав дарчихаад МАН-ын нэг, хоёр сайдыг гоочлоод байгаа нь “но-той биш байна гэж үү. О.Баасанхүү үнэхээр л шударга юм бол өөр яамныхны өргөдлийг дарахгүй , эн тэнцүү авч үзэх байсан.
 
Тэгэхлээр нэгдүгээрт, О.Баасанхүү гишүүн улстөрийн зорилгоор МАН-ын сайдууд руу дайрч байгаа нь тодорхой байна. МАХН бол Н.Энхбаярын нам, МАН түүний дайсан гээд ойлгочихсон “оймсны хүүхэд” ийм л ойлголтоор асуудалд хандаад байх шиг байна. Ер нь бол халаа сэлгээний асуудлыг Өргөдлийн байнгын хороо биш, Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх ёстой юм шүү дээ. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн болон бусад байнгын хорооны ажлыг урдуур нь дайрч, өрвөлзөн цөрвөлзөн хийж , учраа мэдэхгүй яваа түүнд ангийн нөхөд нь сануулга өгсөөр ирсэн ч үл тоож байна. Тиймээс түүнийг Байнгын хорооны даргаас нь огцруулж байранд нь тавих асуудал ч яригдаж эхэлжээ. Төрийн ажил алба өөрийн гэсэн дэг журам, хуваарьтай.
 
Хэн нэгэн “эрхэм гишүүний” нэрээр далайлган бусад эрхэм гишүүдийнхээ эрхэнд ч бас халдааад байх нь зүй зохисгүй явдал юм.