sonin.mn
Агуу хүмүүс сэдэв ярьдаг. Энгийн хүмүүс амьдрал ярьдаг. Өчүүхэн хүмүүс хүн ярьдаг гэдэг дээ. Манай томчууд сүүлийн хэдэн жилийн турш хог хаягдлын талаарх “том” сэдэв хөндлөө. Тэдний хэлж буйгаар их хотын соёлыг хог хаягдал хэмээх айхтар зүйл бусниулж байна гэнэ. Хотын дарга маань хүртэл ногоон уут тарааж, ярьсан сэдвийнхээ хүрээнд “том ажил хэрэг” өрнүүлэв. Гэвч би л хувьдаа тэднийг тэмцэж байна гэж хэлж чадахгүй. Учир нь, тэдний яриад байгаа ч хараахан арга хэмжээ авч чадахгүй байгаа айхтар “бусниулагч”-тай өдөр бүр бодитоор “тэмцдэг” хүмүүсийг би сайн танина. Бид тэднийг цэвэрлэгч гэж дууддаг.
 
Тэдний нэг болох Ц.Цэгмид нийслэлийн төв гудамж орчмыг цэвэр цэмцгэр байлгахын бүхэл бүтэн 40 жил зүтгэжээ. Чингисийн талбай, Дуурь бүжгийн эрдмийн театрын хажуугаар явдаг хэн бүхний танил энэ буурлыг харин хэн ч тэмцэгч гэж хардаггүй байх. Гэвч тэр бол тэмцэгч. Зохиолч хүний зэвсэг нь үзэг, цаас хоёр байдаг бол Цэгмид гуай дэрсэн шүүр, ган хүрзэн “зэвсэг”-тэй. 
 
Цэвүүн цаг дуусч, ард иргэд төрсөн нутгаа зорин нүүж явсан ч аюулт дайн сүүсүүдрээ хумиж амжаагүй байсан 1944 онд Ц.Цэгмид хорвоод мэндэлжээ. Ээж нь хүүгээ төрүүлснийхөө маргааш өглөө гадаа гарч ирэхэд майхныг нь тойроод өч төчнөөн хүн бурхан болчихсон хэвтэж байсан гэнэ. Хүйг нь боох утас олдоогүй учир шөрмөсөөр утас зангидан, ороох даавуу байхгүй тул Намбаа гэдэг хүний үстэй өмдний өрөөсөн шуумгийг урж, хүүгээ өлгийдсөн гэдэг.
 
Аавыгаа дайнд яваад эзгүй байхад мэндэлсэн хүү энэрэлт эхтэйгээ удаан амьдрах хувьгүй байжээ. Ангир уургаа удаан ч амталж амжилгүй, хоёрхон сартай байхдаа эхээсээ хагацаж, аавынхаа хамтаар хорвоогийн бор хоногуудыг туулах хувь заяаг бурхан түүнд оноосон байна. 
 
Бага наснаасаа амьдралын хатуу бэрхтэй тэмцсэн хүүгээ тууварчин болоход аав нь Төв аймгийн Баянжаргалан сумын дэлгүүрээс 50 төгрөгөөр зургийн аппарат авч бэлэглэжээ. Хууччуулын пеонерын аппарат гэж нэрлэдэг тэрхүү зүйлийг томчууд бол хүүхдийн тоглоом гээд огт тоодоггүй байсан гэнэ. Харин Ц.Цэгмид хүүд энэ нь “алт” шиг л зүйл байж. Тэрбээр хаана ч явсан зураг авдаг болов. 
 
Түүний амьдрал зураг хэмээх зүйлтэй зайлшгүй холбогдох хувь зохиолтой байсан бололтой. Нийслэлд орж ирээд удаагүй байсан, цагаан цэнхэр дээлтэй залуу хүүг Багшийн дээдийн автобус буудал дээр зогсож байтал нэгэн хүн танимхайран хүрч иржээ. Тэр хүн нь Багшийн их сургуулийн уран зургийн багш Батчулуун байсан бөгөөд Ц.Цэгмид ийнхүү натурт суух ажилтай болсон байна. Ардын зураач Одон гуайн шавь нарын зургийн натур болж долоо хоногтоо нэг удаа дөрвөн цагийн хугацаатай хөшөө мэт сууж, хоёр ч өвлийг бараад гэнэт энэ ажлаас залхсан гэдэг. 
 
Гэтэл Дуурь бүжгийн эрдмийн театрт цэвэрлэгчээр ажиллаж байхад нь тус театрын захирал Намхайцэрэн өрөөндөө дууджээ. Захирлын түүнд даалгасан шинэ ажил нь мөн л натурт суух байсан гэнэ. Ардын зураач Гунгаасүх, Гарваа нар болон сурагчдын өмнө эхээс төрсөн биеэрээ зогсохдоо Ц.Цэгмид багагүй ичиж, биеэ барьж байсан тухайгаа хачирхан хуучиллаа. Ийнхүү зурагчин хүү зургийн натур болсон түүхтэй.
 
Өдгөө түүний энгэрт Монгол Улсын соёлын тэргүүний ажилтны тэмдэг гялалзаж буй. Гэхдээ тэрбээр энэхүү цолыг гэрэл зургаар ч, уран зургаар ч хүртээгүй. Сонгодог урлагийн алтан санг тоос тортоггүй байлгаж, гэгээн сүмийнхээ төлөө чин сэтгэлээсээ зүтгэснийхээ төлөө энэхүү шагналыг хүртсэн юм. 
Хэнтий аймгийн гурван сум, Дархан, Шарынголоос өөр газар очиж үзээгүй. Хилийн дээс алхахын чинээ зүүдэлж ч байгаагүй тэрбээр сэтгэлээрээ бол түмэн бээрийг гатлаад, тэнгэрийн уудамд ч аялчихсан нэгэн. Өөрөөр хэлбэл, түүний бие Дуурь бүжгийн эрдмийн театр, гэр хоёрынхоо хооронд л эргэлддэг ч сэтгэл зүрх, хүсэл мөрөөдөл нь холхи алсад буй. Аливаа зүйлийг уран цэцэн үгээр егөөддөг зантай тэрбээр шүлэг зохиолоороо дамжуулан тийнхүү тэртээх алсад аялдаг. Түүгээр ч зогсохгүй, мэргэжлийн хүмүүсээр ая зохиолгож, клип хүртэл хийлгээд амжжээ. 
 
“Эрдэм соёл бадарсан гэгээн сүмийн ган тулганд Ардын жvжигчин Ц.Цэвэгмид, Н.Цэвэгмид, Ичинхорлоо гээд ахмад үеийнхний асаасан галыг залуу авьяастнууд улам бадрааж байгааг харахад үнэхээр бахархах сэтгэл төрдөг. Би энэ л гэгээн өргөөнд гуйвж дайвсан хүнийг бүү хавьтуулаасай, гутал нь тоостой хүнийг бүү оруулаасай гэж бодож явдаг юм” гэх нь утга уянгатай сонсогдож байгаа биз дээ. Мөн “Манай театрын баруун хойд буланд цементэн дээр бакалан гуталтай хүний хөлийн мөр байдаг юм. Чаддагсан бол энэ ягаан байшингаа оригоор нь, тэрхүү хөлийн мөрийг ч арилгалгүй яг л байгаа чигээр нь зуунаас зуунд дамжуулан өвлүүлэхсэн. Хэн нэгэн энэ барилгыг буулгаж, суурин дээр нь өөр байшин барина гэж битгий л зүтгээсэй билээ” гэнэ. 1976 онд Дуурь бүжгийн театрын зургийн зааланд үйлчлэгчээр орсноос хойш дөчин жилийн турш сонгодог урлагийн эрдэнэсийн санд тоос хүртээхгүй, хир хүргэхгүйн төлөө зүтгэсэн хүний л амнаас гарах үг мөн дөө. Энэ л театраас ажлын гараагаа эхэлж, эндээс л хоолоо залгуулж, олны хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид нь хүртэл энэ ягаан байшингаа Ц.Цэгмид гуайн энтэй хайрладаг болов уу. 
 
Энэ ч утгаараа тэрбээр албан байгууллагадаа хэн хүнээс илүү хэрэгтэй хүн. Түүнийг гавьяаны амралтандаа суух гэхэд нь тухайн үед театрын захирлаар ажиллаж байсан Б.Сэргэлэн санал бодлыг нь ч сонсолгүй “Та халагдах болоогүй шүү, ажлаа хий. Харин битгий л үхчихээрэй” хэмээсэн гэдэг. “Болохгүй зүйл гэж байхгүй. Чадахгүй юм л гэж бий” гэсэн амьдралын зарчимтай Ц.Цэгмид гуай ч даргынхаа даалгасан ажлыг чадахгүйгээ хүртэл хийнэ гэж амласан. 
 
Ц.Цэгмид гуай хэзээ ч улс төрчид шиг нийгмийн сэтгэхүйг цэвэрлэнэ хэмээн хийрхэж байгаагүй, тэгэх ч үгүй. Басхүү улс орноо бузар булайгаас хамгаална, аварна гэж том дуугарахгүй. Харин сонгодог урлагийн гэгээн сүмдээ хир буртаг халдаахгүй, ариун ордны эзэд болсон уран бүтээлчдээ цэвэр цэмцгэр орчинд ажиллуулахын төлөө өглөөнөөс үдшийн бүрийг хүртэл ажиллана. Болохгүй зүйл гэж байхгүй. Чадахгүйгээ хүртэл л зүтгэнэ...
 
Эх сурвалж: