sonin.mn
“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийг урьсан юм. Уулзах мөчид эрхэм гишүүн “Нийслэлийн шилдэг татвар төлөгч”-ийн шагналаа гардаж аваад өрөөндөө яаруухан орж ирж таарав.
 
-Татвараа хугацаанд нь төлнө гэдэг нэр төрийн хэрэг. Тийм болохоор танд баяр хүргэе? 
 
-Баярлалаа. Монгол Улсын иргэн хэн ч иргэний орлогын татвараа орон нутагтаа тушаадаг. Би номын орлого олох болгондоо сар болгон НӨАТ, жил бүр орлогын албан татвараа Хан-Уул дүүрэгтээ төлдөг юм. 2008 онд анх дүүргийн шилдэг татвар төлөгч болж байлаа. “Ногоон нүдэн лам” борлуулалт сайтай, ид цоорч гарч ирж байсан үе. Түүнээс хойш таслаагүй. Энэ жил “Нийслэлийн шилдэг татвар төлөгч” шагнал хүртлээ. Нэр төрийн хэрэг гэж бодож, маш их баярлаж байна.
 
-Одоо хоёулаа гол сэдэв рүүгээ оръё, Танай намынхан Тавантолгойг эсэргүүцэж байхад, та “Харин ч ашигтай гэрээ болсон” гэсэн. Тэр гаргалгааг яаж хийв?
 
-Аливаа хоёр тал харилцан ашигтай гэрээ хийж байж урагшаа явна. Гэтэл манай хүмүүс  “Зөвхөн манай талд ашигтай байх ёстой. Бусдад  ашиггүй байг” гэдэг шаардлага тавьж болохгүй.
 
Би яагаад тэр гэрээг боломжийн гэж үзэв гэвэл, аль аль талдаа харилцан ашигтай учраас урагшаа явах юм байна. Энэ гэрээгээр явбал бизнес нь урагшилна, Монгол Улс хөгжинө, монголчууд маань ч орлоготой болох юм байна гэж харсан. Бид гэрээлэгч талаасаа, хамтарч буй түнш, аж ахуй нэгжээс илүүг шаардаж, өөрсдөө юу ч өгөхгүй тас атгачихаад  байвал бизнес явахгүй. Харин ч 50, 50 хувиар бие биедээ буулт хийж боломж олгох ёстой. Ийм байдлаар гэрээ хийгдэж чадаж байж, тэр нь ажил болно. Яагаад гэвэл, төр авах юмаа нэлээд сайн авах юм билээ, хувийн хэвшилд ч гэсэн төрөөс боломж олгохоор  байна. Төлбөр төлнө гэж гэрээнд тусгасан. Тухайлбал, Чалкогийн өрийг, Чингис бондын өрийг тус, тус төлнө. Дээр нь төмөр зам барина. Нүүрс угаах үйлдвэр байгуулна. Хэдэн мянган ханган нийлүүлэгч компани, олон зуун монгол хүнийг тэжээлцэнэ гэсэн тийм л гэрээ. Харин хөрөнгө оруулагч биднээс юу хүсч байна гэвэл, татварын тогтвортой орчин өгөөч, ашиглах талбай өгөөч л гэсэн юм байна лээ. Тэгэхээр талбай ашиглах эрхээ авахын тулд, ялангуяа Цанхийн талбайг авахын тулд түүний эзэмшигч Эрдэнэс Тавантолгой ХХК-т төлбөр төлье гэсэн байгаа юм. Тэгэхээр Эрдэнэс Тавантолгойд төлбөрөө төлнө, төрд төлбөрөө төлнө, дээр нь бүтээн байгуулалт хийнэ, бүтээгдэхүүн гаргана. Ингэхдээ одоогийн монголчуудын гаргаж байгаа ганцхан Хятад руу биш цаашид борлуулалтын компаниа давхар ажиллуулж, Монгол Улсын хэзээ ч гарч байгаагүй зах зээл рүү гаргахаар амласан.
 
-Хүмүүс “Бидэнд яг хэдийг өгөх юм бэ. 1072 хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хэдийд өгөх вэ” гэж асуугаад байгаа шүү дээ. Тэр хэзээ вэ?
 
-Хөрөнгө оруулалтаа нөхсөний дараагаас ногдол ашгийг ярьдаг. Гэхдээ ногдол ашиг болтол баялгийн хуваарилалт гэж бий. Ашгийн хуваарилалт ч бий. Тэр дотор баялгийн хуваарилалт нь сонин. Тэр нь юу вэ гэвэл, хаана мөнгө байна, хаана баялаг байна, тэр  мөнгө хаашаа орж ирэх гэж байна гэдэг асуулт. Дөрвөн тэрбум ам.доллар  Монголд орж ирнэ. Түүнийг Монгол руу оруулж ирэх гээд байгаа нь баялгийн хуваарилалт талаасаа надад таалагдаж байгаа. Дөрвөн тэрбум ам.долларыг Монголд оруулж ирж зарцуулаад ирэхээр  тэр хэмжээгээр эдийн засгийг тэлнэ, мөн тэр хэмжээгээр хүмүүс ажилтай болж, ханган нийлүүлэгч компаниуд бизнестэй болно. Ингэж бодохоор бид ногдол ашгаас илүүтэй баялаг хуваарилалт талаасаа хамаагүй эрт ашиг хүртээд эхэлнэ. Тиймээс гэрээг аль болох хурдан батлах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтыг дагуулаад бизнесүүдээ өндийлгөж, монголчуудаа ажилтай болгох хэрэгтэй.
 
-Ингэхэд таныг эдийн засагч биш байж, Тавантолгой ярьж, Энержи Ресурс компанийг хөрөнгө оруулагч гэж тодорхойллоо гэж гайхах хүн цөөнгүй байсан?
 
-Намайг эдийн засагч гэдгийг хүмүүс сайн мэдэхгүй байх. Хүний эрх ярьж, ном бичдэг гэж боддог байж магадгүй. Би коммунизмын үед төлөвлөлтийн эдийн засагчаар бакалавр хийж, 1990-ээд онд бизнесийн магистрын удирдлагаар Москвад төгсч байсан. 2004 онд олон улсын хөгжлийн эдийн засгаар диплом хамгаалж,  Стэнфордын их сургуулийг төгссөн.  Миний  сургууль төгссөн гурван орны, гурван системийн бүх шалгуураар харахад Тавантолгойн гэрээ эрүүл.  Аль ч нөхцөлд би ингэж хэлнэ.  Би гэрээний төслийг нэгд нэгэнгүй детальчилж харсан. Маш их зүйлийг бодож, тооцож, төлөвлөж хийсэн байна лээ. Тэрийг ажил хэрэг болгох үйл явц удаан байх нь ойлгомжтой. Тэр дотор дотоодын хөрөнгө оруулагч компани байгааг олж хараад би үнэхээр баярласан. Монгол Улс  хэзээ ийм хэмжээний том төсөлд дотоодын хөрөнгө оруулагчтай  гэрээ хийж байлаа. Хэзээ манайд дотоодын хөрөнгө оруулагч байлаа. Хөрөнгө оруулагч гэхээр бүгд л автоматаар гадаадын хөрөнгө оруулагч гэж боддог байсан. Гэтэл гадаадын хөрөнгийн бирж дээр хүлээн зөвшөөрөгдсөн дотоодын компани байдаг юм байна. Тэр нь энэ хэлцэлд оролцож явна гэдэг бахархалтай санагдсан. Үүнийгээ би хаана ч хэлж байгаа. Манайхан Сүммитомо, Шеньхуа гэхчлэн олон улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байгаа компаниудыг шүүмжлэхгүй. Хэнийг шүүмжлэв гэвэл, дотоодын компани руугаа л дайраад байгаа. Гэрээнд орж ирж байгаа гурвын гурван компани  байхад зөвхөн дотоодын компаниа элдвээр хэлэхээр яг тамын тогооны үлгэр нүдэнд харагдаж байна. Тамын тогооноосоо л гармаар байна.
 
-Яаж...?
 
-Эдийн  засгийн ойлголтоо нэмэгдүүлж гармаар байна. Бид юу хүсээд байгаагаа  ойлгомжтой илэрхийлмээр байна. Баялгийн хуваарилалт  ахиу байгаасай гэж хүсч байгаа бол тэр нь  хөрөнгө оруулалтаар л дамжиж орж ирнэ шүү дээ. Түүнээс биш хэн нэгэн баян нөхөр “Би илүү ашиг олчихлоо, энийг Монгол өгье” гэхгүй. Тэгж тусламж маягаар өгдөг цаг өнгөрсөн. Одоо бол шударгаар хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгөө босгоод өөрсдийнхөө бүтээн байгуулалтыг хийдэг дундаж орлоготой орны тоонд орсон шүү дээ, бид. Манайханд байсан ядуу орны зовлон дууссан. Шийдлүүд нь ч дуусчихсан. Дундаж эдийн засагтай орны завсрын үе рүү орж байна. Ийм оронд учирдаг эхний шийдэл нь хөрөнгө оруулагчтай байх. Тэднийг татах, байгаагаа хайрлах, ингэж байж хөгжинө. Тэгэхээр бид дунд ангид дэвших гээд байгаа шатандаа бага ангийхан шиг юм яриад байгаа юм. Тэр нь өргүй бай, зээлгүй байх, мөнгө олвол зээлээр л амьдаръя гэсэн байдал. Би хувьдаа тэгмээргүй байна. Грек шиг улсаа дампууруулчихмааргүй байна. Тавантолгойн гэрээг улсаа худалдсан гэрээ гэж зарим хүн хэлдэг. Тэгвэл дампуурсан улсыг л худалддаг. Бусдад худалдагдахгүйн тулд улсаа дампууруул­чих­мааргүй байна шүү дээ.
 
-Тавантолгой дээр АН-ын талцал илүү тодорч байх шиг. Өөрсдөө эрх барьж эдийн засгийг унагачихаад, өөд нь татъя гэхээр дараад байдаг...?
 
-Энэ намын асуудал биш байх л даа. МАН ч гэсэн засаг барьж байхдаа Оюутолгой дээр гэрээ батлах уу, үгүй гэдэг дээр асуудал байсан. Тэгэхээр намын асуудал биш. Харин итгэл үнэмшил, хувь улстөрч асуудлыг ямар өнцгөөс тавьж байна вэ гэдэг асуудал. Эцсийн эцэст заавал нэг гарт базаж, заавал нэг хүний амаар явж, заавал нэг хүний тушааснаар кноп дарах албагүй. Тэгэхээр кнопыг өөр, өөрсдийнхөөрөө дараг. Хамгийн гол нь монгол хүнээ ажилтай, орлоготой, бизнестэй болгох орчныг л яаралтай бий болгох шаардлагатай. Бас нэг асуудал бол Тавантолгой дээрх асуудлуудыг АН-ын зөрчил гэж өөгшүүлэх хэрэггүй. АН зөрчилтэй байна, засаглалаас болж ажил гацаж байна гэж хэт гутралд автах хэрэггүй. Ер нь бол эдийн засгийг ямар замаар яаж босгож ирэх вэ гэдэг дээр мэтгэлцээн өрнөж байна гэж хараасай. Энэ мэтгэлцээнд оролцож байгаа хүний хувьд би  бусад гишүүдийгээ Тавантолгойн төслийг хурдхан дэмжээд өгөөсэй гэж уриалж байгаа.
 
-Гэтэл Тавантолгойн гэрээг өнөөдөр хамгийн их эсэргүүцэж байгаа нь танай намынхан. Төсөл  гацвал танай нам л  ирэх сонгуульд өвдөг шороодно. Амиа хорлосон үйлдэл гаргалаа гэж хэлэх хүн ч байна?
 
-Нэг сэтгүүлч ингэж асуухаар нь би хэлсэн л дээ “Наад асуултаа  Ардчилсан намын даргаас асуу.  Манай намын дарга  юу бодож, ямар бодлого хэрэгжүүлэх  гээд байгаа нь надад ойлгомжгүй байна” гэж.
 
-Танай намын бас нэг муу мэдээ нь АН-ын  рейтинг буурч, МАН малгай өмссөн мэт аашлах боллоо. Шинэчлэлийн Засгийн газрын үед үүнээс өөр байсан санагдах юм?
 
-Шинэчлэлийн Засгийн газрын үед АН-ын нэр хүнд түүхэнд байгаагүйгээр өндөр байсан. Шинэчлэлийн Засгийн газрын нэр хүнд ч өмнөх  засгуудаас өндөр байлаа. Гэтэл  манай намынхан “ Худал байлгүй дээ, манай Засгийн газрын нэр хүнд муу байгаа. Муу ажиллаад байна”  гээд өөрсдөдөө итгүүлээд засгаа унагасан. Засгаа унагасны дараа ямар үр дүн гарсан бэ гэвэл,  АН  рейтинг Ардын намынхаас доош  ортлоо унасан. Гэтэл өнөөдөр манайхан Ардчилсан намын рейтинг унаагүй сайн байгаа гээд итгэчихсэн яваад  байна. Ингэж хууртаж болохгүй л дээ. “Сант Марал”-ын судалгаа олон жилийн давтамжтай, бүх зүйлийг  бодитоор нь гаргадаг гэж би хувьдаа үнэлдэг.Үүнийгээ ч хэвлэлд нэг бус удаа ярьсан.  Нам рейтингээ өсгөхийн тулд ажиллах хэрэгтэй. Ийм боломж бий.
 
-Гэхдээ та “Нөгөө талаас  бидэнд буруу байгаа. АН-ынхаа даргаар нэр хүндийг маань өсгөөд аваад авчих хүнийг сонгож чадаагүй байж магадгүй” гэж хэлсэн байсан?
 
- Би бодсоноо ил шулуун  хэлчихдэг хүн. Манай  З.Энхболд даргын хувьд толгой сайтай, маш ухаантай хүн. Гэхдээ хэтэрхий хатуу зангаасаа болоод намынхаа  нэр хүндийг  өсгөх хэмжээнд намаа  авч явж чадахгүй байна уу гэж харж байна. Намын дарга хүн  аливаад зөөлөн хандах ёстой. Амбицаа дотроо нуух ёстой. Хүмүүсийн учир зүйг  аль болохоор олох ёстой байдаг. Түүнээс ганцаарчилсан тоглолт хийж болдоггүй.
 
-АН эрх барьж байгаа үед хүний эрх, эрх чөлөө хөсөр хаягдаж байна. Эхлээд Энхбаярдах гэдэг үзэгдлээр нийгмийг  айлгасан, дарамталсан. Тэр нь Гансүхдэх, Батсуурьдах  болон үргэлжилж, бизнес эрхлэгчид АТГ-т няц гишгүүллээ. Үүнийг та юу гэж харж байна?
 
-Авлигын эсрэг хууль гэж аймаар юм боллоо. Уг нь авлигатай тэмцэх гэж МАН-ын засгийн үед гарсан хууль. Гэхдээ тэр хуулийг Ардчилсан  намын засгийн үед айхтар ширүүн хэрэгжүүлж таарлаа. Б.Хурц гэж газрынхаа даргаас илүү эрх мэдэлтэй дэд даргатай байх үе таарлаа. Үүнийг би намын хэлмэгдүүлэлт гэхээс илүү тэр хуулийг маш харгисаар ашиглаж чадсан тэр багийн хийсэн ажил гэж харж байгаа. Тийм ч учраас Авлигын эсрэг хуулийг  шинэчлэн найруулах цаг нь болсон. Тэр хуулийг гэгээн сайхан юм бодож боловсруулж байсан тэр цаг үед энэ хуулийг ийм баг гарч ирж ингэж буруугаар ашиглана гэж төсөөлөөгүй байж. Ийм учраас хуулиа эргэж харах хэрэгтэй. Хүний эрхийг дээдлэх учиртай. Тиймээс Хууль зүйн байнгын хорооны хамгийн идэвхтэй ажиллах цаг үе ирж байна. Удахгүй Эрүүгийн хуулийг хэлэлцэх гэж байна. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуулийг хэлэлцэнэ. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг хэлэлцэнэ. Энэ хуулиудад хүний эрхийг яаж хамгаалах вэ гэдгээ сайтар ярьж заалтуудаа оруулах хэрэгтэй. Одоогоор сайжруулах гэж ярьж байгаа зүйлүүд бий. Бас муужруулчих гээд байгаа зүйлүүд ч байна. Тиймээс байнга хүний эрхийн манаанд зогсох ёстой. Хүний эрхийг өмгөөлөгч байсны хувьд хэлэхэд, бүх Засгийн газрын үед хүний эрх олон янзаар гишгэгдэж  байсан гэдгийг мэддэг. Тэр болгоныг эсэргүүцэж байнга дуугарч ирсэн. Зарим  үед эх орныхоо эсрэг дуугарлаа гэж шүүмжлүүлж явсан. Гол нь юу хэлэх гээд байна гэвэл, аль нам эрх барьж байгаагаас үл хамааран  засаглаж байгаа, засаглал явуулж байгааг нь нам харгалзахгүй шүүмжилж, алдааг нь засч байх ёстой. Аль ч засгийн үед зөрчил гарч байсан. Манай намын засгийн үед даамжирсан, хамгийн их зөрчил даамжирсан байгууллага бол АТГ. Бусад байгууллагатай харьцуулшгүй ихээр. Дээр нь бизнесмэнүүдийн эрхийг зөрчсөн зөрчлийг хэтэрхий хавтгайруулан оруулж ирж байгаа. ЦЕГ-ын хийж буй үйлдлүүд дээр ч ийм байдал гарч ирж байгаа. Жишээ нь, дахиад хоёулаа, эдийн засаг, Тавантолгой гээд ярихад хүмүүс гэрч, хохирогч гээд талуудын талаар ярихад болоод байдаг шиг боддог. Гэтэл хүний эрх нь хангагдахгүй газарт хэн ч итгэж мөнгөө оруулж ирэхгүй, хэн ч итгэж мөнгөө хадгалуулахгүй болчихдог. Өөрөөр хэлбэл, эдийн засаг нь эргээд нурдаг. Жишээлбэл, манайд АТГ-ын байцаагч нараас гадна өчнөөн хуульд ямар нэгэн байгууллагын байцаагч нь бизнесийн аль нэг байгууллага руу очиж дуртай үедээ дансыг нь хаах, дуртай үедээ битүүмжлэх эрхтэй болчихсон байгаа. Энэ бүхэн шүүхийн ямар ч шийдвэргүйгээр хэрэгжихээр заачихсан. Ганц байцаагч нэг аж ахуйн нэгж рүү очоод дансыг нь хаахад манай валютын урсгал тасрахаар ийм байгаа. Оюутолгойн мөнгө тэгж байхгүй болсон. Тиймээс шүүхээр шийдвэрлүүлж байж шийдэж байхгүй бол төрийн албаны хувцас өмссөн байцаагч очиж бужигнуулаад байвал ам.доллар өссөн хэвээрээ, хөрөнгө оруулагчид зугтсан хэвээр, эдийн засаг нурсан хэвээр байх гээд байна. Эдийн засгаа босгож ирэхийн тулд бид нэг талаас Тавантолгойгоо, нөгөө талаас хүний эрхээ босгож ирэх хэрэгтэй.
 
Ч.ҮЛ-ОЛДОХ 
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин