sonin.mn
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдэд баримтлах байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийв.
Бүлгийн хуралдаанаар эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэхүү хуулийн төслүүдийг өргөн бариад багагүй хугацаа өнгөрсөн. Өмнөх долоо хоногийн бүлгийн хуралдаанаар  хуулийн төслүүдийг хэлэлцэж, дэмсэн. Гэвч МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Сангийн сайд болон Хууль зүйн сайдад дээрх хуулийн төслүүдтэй холбоотой асуулга хүргүүлсэн тул түр хойшлоод байна. Асуулгын хариуг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар өгөх болно хэмээн бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэллээ.
 
Тэрбээр, “Мөн хуралдаанаар Засгийн газар болон УИХ-ын бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний тухай ажлын хэсгийн санал, дүгнэлтиийг сонслоо. Ажлын хэсгээс УИХ болон Засгийн газар хот төлөвлөлт, ажилгүйдлыг бууруулах, шинэ хөдөө гэсэн чиглэлээр ажиллах ёстой гэсэн санал оруулж ирсэн. Энэхүү гурван чиглэлд хийж хэрэгжүүлэх арга хэмжээ болон нөөц бололцоог судлах дэд ажлын хэсгүүд байгуулсан” гэлээ.
 
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултадаа хариулт авлаа.
 
-УИХ-ын чуулганаар Таван толгойн төслийг хэзээ хэлэлцэх вэ?
 
-Тавантолгойтой холбоотой асуудлыг хэлэлцээгүй. Учир нь энэхүү төслийг судлах ажлын хэсгээс Засгийн газарт асуулга хүргүүлсэн. Уг асуулгын хариу ирээгүй байгаа тул санал, дүгнэлтээ нэгтгээгүй байгаа гэсэн үг. Ажлын хэсгийн санал дүгнэлтийн дараа бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргахад бэлэн байгаа.
 
-БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын зээл авах асуудал ярьж байна. Энэ талаар бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Хүндэтгэлийн чуулган дээр БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди төмөр замын салбарт зээл өгөх талаар мэдээлэл хийсэн. Ер нь төмөр зам болон эрчим хүчний салбарт хөнгөлөлттэй зээл авах нь улсын өрөнд ордоггүй гэсэн хуулийн заалттай.
 
-Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөлд цөөнхийн эрх ашгийг хамгаалах заалт орсон байна гэсэн асуудал хөндөгдөж байна?
 
-Эдийн засгийн өршөөлийн тухай хууль бол цагдаа, татвар гээд хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа аж ахуйн нэгжийг нэг удаа татвараас чөлөөлж, хэргийг хүчингүй болгох хууль юм. Энэ хуулийг батлах нь эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг