sonin.mn
АИХ-ын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан, төр нийгмийн зүтгэлтэн Ж.Гомбожавыг энэ удаагийн “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа.
 
-Үндсэн хуульд өөрч­лөлт оруулна гэж амтай болгон ярих боллоо. Та ямар бодолтой сууна?
 
-Би хувьдаа 1992 оны Үндсэн хууль бий болох цаг хугацаа, нөхцөл байд­лын хувьд их онц­логтой үед гарсан гэж боддог. Нэгдүгээрт, энэ хууль Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл. АИХ-ын 430 депутат цуглаад хийчихсэн юм биш. Хэлэлцүүлэгт нь 900 мянга гаруй хүн оролцож, 415428  хүн санал хэлж, 5177 санал ирүүлсэн байдаг юм.
 
Ажлын 10 хэсэг байгуулагдаж, манай улсын урдаа барьдаг  90 эрдэмтэн, судлаач  5177 саналын алийг оруулах вэ, алийг нь оруулахгүй байх вэ, алийг нь цаашид Үндсэн хуулийн салбар хуулиудад оруулах вэ гэдгийг ангилан бүртгэж зохицуулсан. Хууль хэлэлцэж байх хугацаанд Монгол орны өнцөг булан бүрээс олон арван санал ирсэн. Хоёрдугаарт, нам, залуучууд, эмэгтэйчүүд, бие даагч, депутатууд, олон нийтийн хэсгүүдийн зөвшилцлийн үндсэнд бий болсон. Би депутатын хорооны дарга байсан учраас ямар бүлэг, эвсэл, хэсгээс ямар саналууд ирж байгааг нэгбүрчлэн хэлэлцүүлж, хорооноос эцсийн шийдвэрийг гаргасан юм. Монгол Улс түүхэндээ  гаргасан баримт бичгүүдээс зөвшилцлийн дүнд гарсан бүтээгдэхүүн. Гуравдугаарт, Үндсэн хуулийг хэлэлцэж батлах явцад аль нэг том гүрний улс төр, эдийн засгийн хяналт, дарамт байгаагүй. ЗХУ задарчихсан, Монгол руу хараа хяналт тавих нь суларсан, БНХАУ манайтай соёлын хувьсгалын жилүүдэд нэлээд хөндийрчихсөн, АНУ болон бусад орны  нөлөө ороогүй байсан үе. Дөрөвдүгээрт, тухайн үед нам, эдийн засгийн нөлөө бүхий бүлэг, одоогийн хэлдгээр олигархиудын улстөр, эдийн засгийн бүлэглэлүүд бий болж нөлөөлөх хэмжээнд хүрээгүй байсан. Тавдугаарт, дэлхийн улс  гүрнүүдийн  Үндсэн хуулиас   авах гээхийн ухаанаар шийдсэн. Олон улс ирж, зөвлөж, хурал семинар хийсэн. Гэхдээ бидэнд ийм зүйлийг ав гэж тулгасан юм  байхгүй. Ийм таатай орчин бүрдсэн үед 1992 оны Үндсэн хууль бий болсон. Одоо Үндсэн хуулийг өөрчилнө гэхэд энэ таван нөхцөл сөрөг байдалтай болчихсон байна. Үүнийг 1999, 2000 онд  оруулсан хоёр удаагийн өөрчлөлт  харуулж байгаа юм. Ер нь бол богино хугацаанд морин дэл дээгүүр, ямар нэгэн улс төрийн сонирхлоор  Үндсэн  хуульд гарч хүрч болохгүй. Эсвэл тодорхой хүний дарамт шахалт, нөлөөлөл дор шийдэж  болдоггүйг энэ үйл явдал харуулсан. Тиймээс би Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болох ч,өөрчлөлтийг хийхдээ Монголын ард түмнээс асууж байж, тодорхой улс, бизнесийн бүлэглэл, улс төрийн лидерүүдийн нөлөөлөлгүйгээр хийхийн төлөө байна.
 
-Тэгээд ийм арга зам байна уу?
 
-Энэ тухай би 1997 оноос ярьсан. Саяхан Сайд нарын зөвлөлийн дарга асан Д.Содном бид  “Өдрийн сонин”-д УИХ дээд, доод танхимтай байх нь зөв, иймээс энэ чиглэлд өөрчлөлт байж болно гэсэн саналаа бичсэн. Цаашид Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэвэл, энэ мэт асуудлыг харгалзаж үзэх учиртай. 1999 он  буюу 2000 онд хийсэн өөрчлөлт бол нэг зүйл.  Тэгвэл Үндсэн хуулийн 66 зүйлийн 66.3-т Цэцийн шийдвэр эцсийнх байна гэсэн заалт бий. Нэгэнт тэр долоон өөрчлөлтийг хүчингүй гэсэн цэцийн шийдвэр гарсан тохиолдолд УИХ хэлэлцэх эрхгүй. Хэрэв өөр өөрчлөлт хийж байгаа бол асуудлыг оруулж болно. Харин хүчингүй болгосон заалтуудыг эргүүлэн хэлэлцэх эрх байхгүй. Учир нь Үндсэн хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т маргаан хянан хэлэлцэх тухай гээд заачихсан байгаа. Тухайлбал, хэрэв эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль болон бусад шийдвэрийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээвэл цэцийн аль нэг гишүүний санаачилгаар Үндсэн хуулийн цэц хяналтын журмаар хянан шийдвэрлэж болно гэж бий. Тэгэхээр өнгөрсөн 14-15 жилийн хугацаанд цэц “Манай шийдвэр эцсийнх” гээд хэлэлцсэн бол одоогийнх шиг төр, засаг гуйвж туйвахгүй. УИХ нь Засгийн газрынхаа хяналтад орчихгүй байсан. Үндсэн хуулийн цэц, УИХ хоёрын буруу ажиллагаанаас болж манай төр, засгийн үйл ажиллагаа тогтворгүй, Их хурал нь Их хурал шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг байж чадахгүй,  төрийн байгууллагуудын хоорондын зарчмын байр суурь  нийцэлгүй байна.1990 оныг хүртэл Монгол Улс нэг намын дарангуйлалд байсан бол одоо хэд хэдэн намын дарангуйлалд орчихсон. Тэр бүү хэл, намын дарга, намынхаа удирдах байгууллагын хяналтад орчихжээ. Монголын ард түмний  төр, засгийн албан  тушаалд томилсон, сонгосон хүмүүс тэр хэмжээнд ажиллаж чадахгүй байна. Бидний сонгосон УИХ, Их хурлаас байгуулагдсан байгууллагууд. Энэ юугаар батлагдаж байна гэвэл, Оюутолгой, Тавантолгойн тухай долоо, найман жил хэлэлцээд шийдвэрлэж чадахгүй байна. Манай мөнхийн хоёр хөршийн удирдлагууд манайд айлчилж таатай нөхцлүүдийг бүрдүүлсэн. Гэтэл тэдэнтэй  зохицоод, цааш зөв зүйтэй явж чадсангүй. Ер нь хоёр хөрштэйгээ ажиллаж чадахгүй байна. Жишээлбэл, нефть дамжуулах хоолой,  олон улсын зам, энэ бүгдийг байгуулах, хоёр хөршөөр дамжиж бусад оронд бүтээгдэхүүн гаргах боломж олдож байхад бодит байдал болгох талаар олигтой юм хийж чадсангүй. Тэгэхээр хоёрхон уурхай ашиглаж чадахгүй, хоёр хөрштэйгээ хамтарч ажиллаж чадахгүй байгаа юм чинь энэ төр, засгийн удирдлагуудыг сайн ажиллаж байна гэж хэлэх үндэс байхгүй. Ийм жишээ асар олныг дурдаж болно.
 
-Улстөрчид Оюутолгой, Тавантолгойд  ард түмний анхаарлыг хандуулж,  шуугиулдаг. Болж байна, болохгүй байна гээд л. Хэн нь үнэн ярьж байгааг ойлгохоо байлаа?
 
-Наадахыг чинь би  энэ хүмүүсийн өөрсдийнхөө хариуцлагагүй байдлыг хаах арга нь  гэж хардаг. Ард түмэн хоёр толгойг  бодохоос биш түүнийг буруу зөрүү хийсэн хүмүүст хариуцлага тооцох тухайд юм бодуулахгүй, сөхөө өгөхгүй байна.  7-8 жил өнгөрчихөөд байхад нэг ч хүнд хариуцлага тооцсонгүй. Гэрээ нь  муу байж. Өөрсдөө ч хүлээн зөвшөөрч, сайжруулъя гэж байгаа, тийм биз. Үр дүн өгөхгүй байгаа нь үнэн. Ямар ашиг өгөхөө эхнээсээ тооцож, тодорхой хэлж чадахгүй байгаа шүү дээ.  УИХ, Засгийн газар хариуцлагатай байсан бол  муу гэрээ хийсэн хүмүүстээ арга хэмжээ авах  байсан. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн байна уу, хэн ч байсан хариуцлагагүй ажиллажээ гэдгийг яриад арга хэмжээ авах ёстой. Гэтэл ингэхгүй байна. Үүний тулд идсэн, уусан юмаа цаг хугацааны эрхээр сааруулах, мартуулах, түрүүч нь халагдаад гадаад явах юм уу, ийм бололцоогоор өөрсдийгөө хангахын тулд зориуд Оюутолгой, Тавантолгойн тухай хэвлэлээр тархи угаах болсон.Нэг нь зөв, нөгөө нь буруу гээд. Тиймээс ард түмэн ойлгохоо байсан. Би хувьдаа Тавантолгойг ашиглах сонирхол эдэнд байхгүй юм байна гэж дүгнэж байгаа. Хэрэв ашиглая гэж байгаа бол нүүрс борлуулахгүй байгаа нэг л явцуу дамжлагаа өөрчилж төмөр зам л тавих ёстой. Төмөр замыг тавьчихвал хаашаа л бол хаашаа гаргах боломжтой. Төмөр зам тавих мөнгө энэ хугацаанд байсан уу гэвэл байсан.Жишээлбэл, Чингис бондоос гэхэд л 1.5 тэрбум ам.доллар орж ирсэн. Түүний цөөхнийг зүгээр нэг  шороон далан босгоход зориулчихаад бусдыг нь гүйцээгээгүй. Гүйцээе гэвэл одоо ч боломж бий. Өдөрт 50-100 машин явдаг  5-6 аймаг руу засмал зам тавьж байснаас тэр мөнгөөрөө төмөр зам тавьчих. Тэгвэл нөгөө зургаан аймаг руу илүү чанартай замыг хурдан тавих, эдийн засгаа босгох, өрнөөс гарах боломжтой. Гэтэл энэ  талаар анхаарсангүй. Хөрөнгийн эх үүсвэрээ гаргаж ирсэнгүй. Энэ нь тэдний сонирхолтой холбоотой.
 
-Ямар сонирхол билээ?
 
-Хямрал гэсэн нэрийн дор эдийн засгийн бүлэглэлүүдийн хэн нь их мөнгө авах вэ гэдэг  дээр л гацааж байна. Энэ рүү би оръё гэдэг, нөгөөх нь энийг оруулахгүй би орно гэдэг. Төр, засгийн удирдлагад байгаа хэдхэн хүний ашиг сонирхлоос болж гацаж байна. Тийм ч учраас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь нэг үгээр дуугарч чадахгүй талцаж байна. Боломж, бололцоогоо олж харахгүй, нэг л их хямрал яриад, төмөр зам тавина, тавихгүй, хувийнхнаар эсвэл хувьсгалынхнаар хийлгэнэ гэж байгаа нь шалтаг, шалтгаан нь биш. Хямралыг тэд өөрсдөө бий болгосон.
 
-Хэн?
 
-Одоогийн төр, засгийн удирдлагад байгаа хүмүүс. Сайд дарга хийгээгүй хүн бараг байхгүй болчихлоо шүү дээ. Ээлжээр сайд, дарга хийж, ээлжээр хөрөнгөө хувааж авч иддэг.Хэвийн байдалд хурдан оруулах сонирхол байхгүй. Одоо бүр ч байхгүй болсон. Яагаад гэвэл, 2016 оны сонгуулийг угтаж, олон түмний санаа сэтгэлийг яаж татаж болох вэ гэдэгт сурталчилгаа хийж байна.Хямралаас хурдан гаръя, мөнгө ольё гэвэл эдэнд боломж их бий. Зөвхөн хоёр толгойг ярьж, анхаарал татаж байна. Үүнээс гадна Монгол орны дотоодын нөөц бололцоо асар их бий. Ганц, хоёрхон жишээ хэлэхэд, гадаад томилолт буурах байтугай энэ онд бүр нэмэгдсэн. Улаанбаатар хотын дарга нар нэг улсаас нөгөө улсад, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь нэг улс руу хоёул, гурвуулаа хэдхэн хоногийн зайтай зочилж, ингэхдээ өдий төдий хүмүүс дагуулж  хэчнээн сая төгрөг зардаг. Орон тоо бол ямар ч хэмнэлт алга. Улаанбаатар хот биднийг төр, засагт ажиллаж байхад ганц орлогчтой байсан бол одоо зургаа болсон. Яам,тамгын газарт давхардсан агентлаг, газар, хэлтэс зөндөө. Ямар ч цомхотгол хийдэггүй. Үр ашиггүй хурал цуглаан олныг хийдэг. Хурал ажилд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ үр дүн биш. Хоёр толгойг түр тавьчихаад мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрүүд рүүгээ анхаарахад гуравхан сая хүнд хүрэх  мөнгө гарч ирнэ.  Сүүлийн жилүүдэд нэлээдгүй үйлдвэрүүд нэмэгдсэн, дээр гаднаас авч байгаа зээл, буцалтгүй тусламжийг аваад үзсэн ч Монголд хямрал орохооргүй байх бололцоотой. Гэвч үүнийг бодолцох, хэрэгжүүлэх сонирхол алга. Монголын ард түмнийг өлөн зэлмүүн байлгаж, тархийг нь угааж, сонгуульд дахиж гарах сонирхол давамгайлсан.
 
-Тэгвэл хямрал, улстөржилт, гацаанаас яаж гарах вэ?
 
-Ирэх намар гэхэд ээлжит бус сонгууль хийж, УИХ, Засгийн газрыг шинээр  байгуулах хэрэгтэй. Хэрэв ээлжит сонгууль явуулбал дахиад энэ хүмүүс гарч ирэх магадлал өндөр. Тиймээс УИХ-ыг цоо шинэ бүрэлдэхүүнээр бүрдүүлж, Засгийн газартаа  шударга хүмүүсийг томил. Тэгж байж Монгол Улс, Монголын ард түмэн аврагдана.Аж амьдрал нь дээшилнэ. Өөр гарц байхгүй. Гэхдээ сонгууль явууллаа гээд Монголын ард түмний олж авах хамгийн гол эрх нь сонгогчид өөрсдөө хүнийхээ нэрийг дэвшүүлдэг байх ёстой. Тэр эрхээ сонгууль болохоос  өмнө олж авах ёстой. Хар машинаар санал тоолдоггүй байх ёстой. Ялангуяа Улаанбаатар, Дархан,Эрдэнэтэд саналын хуудсыг гараар тоолох ёстой. Бид 1951 оноос хойш, 60, 70 жил саналын хуудсаа гараар тоолоод, болоод ирсэн туршлагатай. Тиймээс нам ч нэрээ дэвшүүлэг, иргэд ч бас  нэр дэвшүүлэг. Чөлөөт өрсөлдөөнөөр хэн гарч ирэх нь Монголын ард түмний мэдэлд байх ёстой. Тэгж байж хуулиар олгогдсон эрх нь  хангагдана. Гэтэл одоо яаж байна гэвэл, нам хэдэн хүний нэр дэвшүүлдэг, дуртай дургүй дугуйлахаас аргагүй. Сүүлдээ давраад 28 хүнийг намын жагсаалтаар хүчээр оруулж ирдэг болсон. Энэ нь Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байгаа,  зөрчлийг мэдсээр байж Цэц нь дуугарахгүй, УИХ-ын гишүүд энэ талаар тэмцдэггүй. Өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж ярьж байгаа Их хурлын гишүүд хуулиа мэдэхгүй байна.  20-оод жил болчихлоо, өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж байгаа Их хурлын гишүүнийг би Үндсэн хуулиа мэдэхгүй байна гэж хэлнэ.Дээр нь одоогийн төр, засаг яаж ажиллаж, цалин хөлс тавьж байна гэвэл ашигт малтмал, байгалийн баялгаа үнэгүй юм уу, эсвэл хамгийн бага үнээр, нэг бол урд үеийнхний бий болгосон мөч хөрөнгийг хувьчлах нэрээр зарж борлуулж, ард түмнээсээ янз бүрийн татвар, төлбөр, хураамжар мөнгө санхүү бүрдүүлэх аргаар л ажиллаж байна. Улс орны хэтийн төлвийг харсан бодлоготой ажил явуулахгүй байна. Их хурал, Засгийн газар бүр  хөгжлийн бодлого боловсруулж, хэчнээн сая төгрөг үрж байна. Эцэстээ түрүүчийн гаргасан бодлогоо баримтлахгүй, улс орны залгамж чанар байхгүй. Хүн болгон амбицтай, тэр амбицдаа хөтлөгдөн төр, засгийг удирдаж байна. Ингэж ухаангүйгээр урагшаа зүтгэж болохгүй.
 
-Эдийн засгийн агуулгаар бидний эрх ашиг зөрчигдлөө  гэж их ярьдаг. Гэтэл эрх, эрх чөлөө зөрчигдөх нь хэвийн үзэгдэл болсон. Монгол хүний эрх, үнэ цэнийн тухайд та юу хэлэх вэ?
 
-Монгол орон ядуу болохоор хүний эрх зөрчигдөнө. Дээрээс нь хуулиа дээдлэхгүй байна. Одоо Засгийн газар, УИХ, яам, агентлагууд хууль зөрчих нь хэвийн үзэгдэл болсон. Ийм нөхцөлд хүний эрх яриад ч хэрэггүй.
 
-Байсхийгээд баахан хүнийг барьж хорьдог. Өнөөдрийн сэдэв  Монгол Улсын анхны Ерөнхийлөгч  байсан хүнийг АТГ шалгаж эхэлсэн дуулдана?
 
-Авлига өндөр албан тушаалтнуудтай холбоотой. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний орлого олсон бол тэр авлига. Эмч, багш нар ууттай чихэр авсан нь авлига биш, хүндрүүлж үзвэл хээл хахууль юм. Авлига, хээл хахууль хоёр өөр ойлголт. Тэгэхээр манайд хээл хахуулиасаа илүү авлига цэцэглэсэн. Үе шаттайгаар дээрээсээ бууж явна. Өмнө нь УИХ, Засгийн газар мэдээлэлд ойр байсан хүмүүс авлига их авч байсан бол аймаг, сум, баг руу орж байна. Монгол орон даяар авлига цэцэглэж байна. Хоёр хөрш үүнтэй яаж тэмцэж байна. Тушлага авах ёстой. Ер нь авлигыг дээрээс нь эхлэх хэрэгтэй. Харин АТГ гэж байгуулсан нь зөв ч юм уу, буруу ч юм уу гэж заримдаа боддог. Уг нь гэмт хэрэгтэй тэмцэх хууль ёсны байгууллагууд нь ажиллаж байгаа шүү дээ. Цагдаа, прокурор, шүүх байна. Гэтэл тэдний хажуугаар өндөр цалинтай баахан хүн гаргаж тавьсан. Өндөр цалин шаардана гэдэг чинь бид авлигагүйгээр амьдарч чадахгүй  гэсэнтэй агаар нэг юм. Хөрөнгө орлогын мэдүүлэг гэж тайлан гарч байна. Хэдэн саяас хэчнээн тэрбумаар орлого нь нэмэгдэж байхад цааш ухаж үздэггүй. Мэдүүлэг авч байгаа хүмүүстэйгээ л АТГ цааш явах ёстой юм шүү дээ. Түүнээс биш нэг хүн юм хэлэхээр, эсвэл твиттерт  жиргэсний төлөө хянаж, шалгах хэрэггүй.
 
-Тэгвэл АТГ-ын үйл ажиллагааг юу гэж харж байна?
 
-Ямар ч асуудалд хуулиа дээдлэх хэрэгтэй, соёл гэж бас байна. Юу юуны туханд хүрэлгүй хүнийг барьж хорьдог явдал буруу. Тодорхой жишээ хэлэхэд, Н.Энхбаярыг олон зуун цагдаагийн сүр хүч үзүүлж, нийгмийн анхаарлыг сарниулж, айдас хүйдэст автуулж барих хэрэггүй байсан шүү дээ. Тэртэй тэргүй Н.Энхбаяр тухайн өдөр Төрийн ордонд хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн. Гарахад нь хоёр хүн очиж учраа хэлэхэд тэр хүн хулгайч, худалч, гэмт хэрэгтэн биш дагаад очих л байсан байх. УИХ-ын гишүүн байгаад сүүлд Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг ч гэсэн нийгэм даяар  сүр дуулиан  болгон баривчилж, хуруу хумсаа хүртэл тайрахад хүргэж байна шүү дээ. Энэ юу гэсэн үг вэ. Я.Батсуурийг ч гэсэн  хэчнээн хоног хорилоо. Заавал тэгж айдас хүйдэст автуулах хэрэг байсан уу. Энэ бол хүмүүсийн анхаарлыг өөр зүйлд татаж байгаа явдал. Жинхэнэ гэмт хэрэгтнүүд нь хүмүүсийн анхаарлыг өөрсдөөсөө холдуулах зорилго цаана нь агуулагдаж байна шүү дээ.
 
-Тэгэхээр УИХ-ын гишүүн, хүний эрхийн хуульч  Ц.Оюунгэрэл үүнийг  “Авлигатай тэмцэх хуулийг хэрэгжүүлж байгаа гэдэг нь  нэг багийн хэрэгжүүлж байгаа ажил” гэж дүгнэсэн байсан. Та юу гэж хэлэх вэ?
 
-Одоо АТГ-ын ажлыг харахад улс төрийн тодорхой хүчин юм уу, эсвэл хувь хүний хараат болчихсон нь ажиглагдаж байна. Ерөөсөө нэг улс төрийн хүчнийг дарах, эсвэл өөрийнхөө өрсөлдөгчийг дарах  юм уу, ийм зам руу ороод байгаа нь ажиглагдаад байна. Тэр  буруу. АТГ нам, улс төрийн хүчнүүдээс хараат бусаар ажиллах ёстой байгууллага. Гэхдээ манайхан хараат бус гэхээр нэг л их тэнгэрээс буугаад ирсэн амьтад, бусад нь гэмт хэрэгтнүүд юм шиг харагдаад байдаг, ингэж болохгүй. Энийг намная, тэрийг зовооё гэснээ шоронд аваачаад хийчихдэг байж таарахгүй. Ийм илрэлүүд байна гэж би боддог.
 
 
Ч.ҮЛ-ОЛДОХ
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин