sonin.mn
У.Хүрэлсүх Шадар сайд болсноор Онцгой байдлын албыг дахин удирдах болсон юм. Өмнө нь тэрээр Онцгой байдлын сайд байсан. Энэ байгууллагын өнөөдрийн хувцас хэрэглэл, цол хэргэм бүгдийг У.Хүрэлсүх “бүтээсэн” байдаг. Тэр утгаараа Онцгой байдлын албыг өмчлөх дуртай.
 
Гэвч тэрээр энэ удаад Шадар сайдын шатам халуун суудалд тухалсан бололтой. Учир нь сүүлийн хэдэн сард Монгол даяар түймэр тасарсангүй. Сүүлдээ Төрийн ордон шатлаа. Тэр дундаа Засгийн газрын хуралдааны танхим шатав. Ядахад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гадаадад томилолтоор яваа, мань эр “гэр сахиж” үлдээд байлаа. Бас Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдааныг У.Хүрэлсүх даргалж байсан юм.
 
У.Хүрэлсүх дүн өвлийн хүйтнээр засагт орж, Шадар сайд болсон. Харин хавар болж газар сэврэнгүүт түймэр дэгдэж, эх орны зүүн, зүүн хойд хязгаар нутаг тэр чигээрээ галд өртлөө. Түймрийн хохирлыг хамгийн их амссан Сүхбаатар аймаг бол Шадар сайдын төрсөн нутаг. Тиймдээ ч тийшээ онгоц хөлөглөж очсон биз. 35 сая төгрөгөөр нисч очин түймэр “сонирхсон” гэж баахан баалуулсан. Харин уржигдар Төрийн ордон шатахад мөн л очиж “Юу болж байна” гэж “сонирхчихоод” явсан тухай  нэгэн хэвлэлд бичжээ.
 
Ерөөсөө л У.Хүрэлсүхийн явсан газар түймэр дагадаг гэх марзан дүгнэлтийг хийх хүн ч гарч ирэв. Энэ нь ч юу юм, цаг хугацаа нь тэгж таараа байлгүй. Харин тэр төрд ажиллахаараа заавал гал түймэртэй холбогддог ажээ. Өмнө нь ч, одоо ч түймэртэй тэмцсээр яваа. Гэхдээ гал түймэр унтраах мэргэжлийн байгууллагын чадвар, бэлэн байдал, галын аюу­лаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт нь ямархуу төвшинд байна вэ гэдэгт анхаарлаа хандуулах харах цаг болсон байна.
 
Хээрийн түймэртэй гар нүцгэн шахам ноцолддог аврагч, гал сөнөөгчдийг бол шүүмжлэх аргагүй. Харин Төрийн ордны галын байцаагчид гэх хэдэн хүн энэ хооронд юу хийж байв. Төрийн ордон бол улсын онцгой объект. Дээд зэргийн харуул хамгаалалттай газар. Хамгаалалт гэдэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх  ажил орж таарна.
 
Гэтэл өчигдөр Төрийн ордны галын аюулгүй байдал алдагдсан байна. Цахилгааны богино холболтоос гал үүсчээ гэдгийг Төрийн ордны үйлчилгээний ажилтан хэлсэн байна.
 
Байдал ийм л байна. Ерөнхийлөгч, УИХ-ын 76, ордноор дүүрэн сүрэг дарга... Төрийн ордонд бүгдээрээ шатчихлаа гэхэд  гайхаад байхааргүй байдалтай байна гэсэн үг.
 
Магадгүй, Төрийн ордны галын байцаагч нар ямар нэг тайлбар хэлэх биз ээ. Гэсэн ч улсын хамгийн онцгой байгууллага ийм алдаа гаргасан нь У.Хүрэлсүхэд тавих улс төрийн хасах оноог нэгээр нэмж таарна.
 
Б.ДАМДИН-ОЧИР
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин