sonin.mn
14-р Далай лам чухам ямар зорилгоор Монголд ирдэг,ирсэн.. Тэр үнэхээр Монголд хайртай юу эсвэл Төвдийн төлөө Монголд үдлээд байна уу. Түүнээс асуухыг хүссэн олон асуултууд хариултгүй байсаар л. Монголын хүн амын ихэнхи хувь нь Буддын шашин шүтдэг энэ нь түүнд ямар нэг тоглолт хийхэд үнэхээр ашигтайгаар санагдаж магадгүй. Төвд хэмээх орны төлөө өвөг дээдэс минь хангалттай тэмцсэн бас зовсон одоо хангалттай. Ардчилсан Монголчууд мэдлэг боловсролыг дээдэлдэг. 
 
21-р зуунд хүн төрөлхтөн техник технологи, хөгжил дэвшлийн тухай ярьж байхад Монголчууд бид шашинтайгаа зууралдсаар. Мэдлэгийн нийгэм, мэдлэгийн эдийн засаг, өндөр технологи гэсэн сэдвүүд модонд орж байхад Монголд шашин, бөө модонд орох юм. Шашин шүтэх эс шүтэх нь үндсэн хуулиар олгогдсон хувь хүний эрх чөлөөний асуудал. Гэхдээ шашны талаар баримтлах төрийн бодлого гэж нэг зүйл баймаарсан. Шашны асуудал нь тухайн улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой гүн гүнзгий асуудал байдаг. 
 
Дэлхий дээр Монголоос өөр Төвдүүдэд дээрэлхүүлдэг ард түмэн үнэндээ алга. Дуртай Төвд нь Монголын бурхан шашны тэргүүн болчихоод түүнд нь Монголын ард түмэн очиж мөргөцгөөгөөд л ямар ч утга алга. Улс орон бүхэн өөрийн дотоод асуудлаа дотооддоо шийддэг. Харин Монголын асуудлыг Төвдөд шийдээд байгаа нь Монгол улс Төвдөөс хараат гэсэн логик харагдаж байна. Юуны төлөө өвөг дээдэс минь тэмцсэнийг санацгаая. 
 
Одоо болимоор юм. Монгол Төвд хоёр эртний харилцаатай улсууд. Төвдүүд Монголын дотоод асуудалд оролцож эхэлсэнээр, тодруулбал Пагма лам анх төрийн багш болсоноос хойш Монголын төр үнэндээ өөдлөөгүй гэж хэлж болно. Дараагаар нь Манжууд Монголыг сул дорой болгох гэж бас л Төвдүүдийг ашигласан. Түвдээс болж хангалттай зовлон бэрхшээлийг амссан. Одоо харин ямар санаагаар Төвдүүд Монголыг зорих болов . Шашинаар халхавч хийсэн Төвдийн бодлогууд Монголд үргэлж сөргөөр нөлөөлсөөр ирсэн. 
 
Товчхондоо өнөөдөр Монголд шашны шинэчлэл хэрэгтэй байна. Европын улс орнууд шашиндаа шинэчлэл хийснээр хөгжсөн байдаг. Харин шашиндаа автсан харанхуйгаар шүтэгч улсууд ядуурал, өлсгөлөнд нэрвэгдээд устаж байна. Далай ламын дэлхийн улс орнуудаар хийж буй айлчлалуудыг Хятад улс үргэлж эсэргүүцдэг энэ нь Түвдийн асуудалтай холбоотой. Далай ламын айлчлалаас болж Монголд ямар асуудал үүсэхийг цаг хугацаа л харуулна байх даа. Монгол Хятад Төвдийн асуудлыг шийдээд байхаар, тэр асуудалд нь оролцоод байхаар хэмжээний улс биш. 
 
Далай лам өөрийн хойд дүрээ насан эцэслэхээсээ өмнө тодруулах гэж байна. Өмнө нь Далай ламыг амьд байх үед хойд дүрийг нь сонгож байсангүй. Уг нь нас барсных нь дараа сүнс нь дахин мэндэлдэг гэх ойлголтоор бодоод үзсэн ч ингэх нь боломжгүй зүйл. Энэ бас л шашныг ашиглах гэсэн улс төрийн сонирхол уу. Эсвэл шашин өнөөдөр ямар ч үнэ цэнэгүй болчив уу. 
 
Далай ламын хойд дүрээр сонгогдох магадлалтай есөн настай монгол хүүгийн тухай мэдээлэл гараад байна. Монголоос далай лам сонгогдоод ямар ашигтай гэж. Монгол улс хөгжих үү дэвших үү? 20 зууны эхэн үе шигээ эрчүүдийн тал хувь нь сүм хийдэд шавилан суусан эмгэнэлтэй түүх ээ давтах уу эсвэл Төвдүүд шиг гудамжиндаа гуйлга гуйн хойд насаа мөрөөдөж суух уу? 
 
Төвдүүд ч бас Монголчууд ч адилхан хүмүүс. Бүгд л сайн сайхан амьдрахыг хүсдэг, аз жаргалыг мөрөөддөг. Хоосон чанарын эрхэмлэгч буддистуудын өлгий нутаг нь Төвд. Харин хөх толбот Монголчууд хөгжихийг хүсэж байна Эрхэм Далай ламтан. 
Хүн төрөлхтөн амгалан байг. 
 
Д. Санчир