sonin.mn
Монголын дуурийн “алтан гургалдай” нарын нэг Гавьяат жүжигчин, УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянгатай ярилцлаа. Тэрбээр Монголын тайзнаа “Увидаст лимбэ”-ийн шөнийн хатны дүрээр алдаршсан бол Москвагийн их театрт “Травиата” дуурийн Виолеттын арийг дуулж эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн юм. 
 
-Таныг багадаа дуулахаасаа илүү бүжиглэх дуртай охин байсан гэдэг. Урлагийн замд хөл тавихад тань багын сонирхол нөлөөлсөн үү? 
 
-Би багадаа бүжиглэх дуртай байсан. Дуучин, бүжигчин, хөгжимчин тэр ч байтугай уран гимнастикчид ч гэсэн надад сайхан харагдаж, тэдэн шиг тайзан дээр гардаг хүн болохыг хүсдэг байлаа. Би хүүхэд байхдаа урлагт зүрх сэтгэлээ өгсөн. Тавдугаар ангиасаа дууны уралдаанд оролцож эхэлсэн. Багш нарынхаа хэлсэн “Хөөрхөн дуулдаг, аятайхан хоолойтой” гэсэн үгэнд урамшаад дуучин болохоор шийдэж байв. Хэрвээ бүжигчин болсон бол өнөөдрийнх шиг олны хүндлэлийг хүлээх эсэхийг хэлж мэдэхгүй юм. Дуучны мэргэжил бол миний хийсэн хамгийн зөв сонголт байсан.
 
 -Дуурийн дуулаачийн ангийг сонгосон нь таны сонголт уу. Эсвэл хэн нэгний зөвлөгөө нөлөөлсөн үү?
 
 
 -Хүүхэд урлагийг олон төрөл байдаг гэж мэддэггүй шүү дээ. Би сурагч байхдаа задгай хоолойгоор ардын болон нийтийн дуу дуулдаг байсан. СУИС-д элсэлтийн шал- галт өгөхдөө Ардын жүжигчин А.Долгорыг дуурайж, дуурийн хоолойгоор дуулсан юм. Шалгалт авсан багш нар намайг дуурийн ангид хуваарилсан. Тэгж л СУИС-д элссэн.
 
 -Урлагийн хүн болох амаргүй. Оюутан байхдаа шантрах үе тохиолдож байсан уу? 
 
 
-Оюутан байхад бүхнийг болгоно гэсэн тэмүүлэлтэй байсан учраас шантарч байгаагүй.
 
 -Багшаасаа сонссон ганц үг уран бүтээлчийн хувьд нэг насны зарчим болох нь бий. Та багшийнхаа хэлсэн ямар үгийг уран бүтээлдээ мөрддөг вэ?
 
 
 -Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Банди багшийнхаа хэлсэн “Хүн болгон өөрийн гэсэн дуулах өнгө, арга барилтай. Хэн нэгэн дуучныг даган дуурайвал амжилтад хүрдэггүй” гэсэн үгийг зарчим болгодог. Би багшийнхаа бичсэн сурах бичгийг шинэчлэн хэвлүүлэхдээ энэ үгийг өмнөтгөлд нь иш татсан юм. 
 
-Босго өндөртэй театрын гэр бүлд багтана гэдэг СУИС- ийн оюутнуудын мөрөөдөл. Оюутны танхимаас дуурийн тайзнаа гарсан түүхээсээ хуваалцана уу? 
 
 
-Чадалтай, чансаатай дууч- дыг шилж ажиллуулдаг манай театрын босго өндөр бас хатуу. СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийн төгсөгчид ямар нэгэн дүрээр диплом хамгаалдаг, сонгодог зургаан бүтээлийг дуулж шалгуулдаг бас тоглолт хийдэг. Би төгсөлтийн тоглолтоо УДБЭТ-т хийсэн юм. Гэхдээ мундагтаа театрт тоглолтоо хийгээгүй. Д.Банди багш минь л хөөцөлдөж, миний тоглолтыг зохион байгуулсан. Мөн төгсөгчдийн дундаас театрын шинэ үеийг шалгаж авдаг. Энэ шалгалт яг л конкурс шиг болдог юм. Манай төгсөлтийг УДБЭТ-ын дарга асан Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат шалгаж, намайг театрт ажиллахыг урьсан. Дуурийн театр гэдэг дөнгөж төгссөн оюутны хувьд мөрөөдлийн газар. Би Г.Эрдэнэбат гавьяатын урилгыг баярлан авч, 2002 онд хүүгээ төрүүлээд 2003 онд театрт найрал дуучнаар ажилд орсон. Найрал дуунд зургаан сар дуулсан. Найрал дуунд байхдаа тайзан дээр хэрхэн биеэ авч явах гээд их зүйлийг сурсны дараа гоцлол дуучин болсон. Гоцлол дуучин байна гэдэг “Энэ дуурийг чи л авч явна шүү” гэсэн гэсэн удирдаач, хөгжимчид, найруулагч, найрал дуучдын итгэлийг хүлээсэн хариуцлагатай алба. 
 
-Энэ хариуцлагатай албыг хүлээн аваад анх ямар дүрийг бүтээв? 
 
-Ж.Пуччиний “Богема” дуурийг Монголд анх удаа тавихад Мимийн дүрийг бүтээж билээ. Энэ том дүрийг би зоригтой барьж авч, сонсогчид, театрынхандаа таалагдтал бүтээж чадсан. Мимийн дүр “Ө.Уянгад найдаж том дүр даалгаж болох юм байна” гэсэн итгэлийг найруулагчдад өгсөн юм. Мөн ард түмний итгэлийг алдахгүй явах хэрэгтэйг надад ойлгуулсан. 
 
-Та янз бүрийн цаг үед амьдарч байсан өөрийн гэсэн онцлогтой олон дүрийг бүтээсэн. Тэдгээр дүрээс аль нь таны сэтгэлд тод үлдсэн бэ? 
 
 
-Дүр бүрдээ ач холбогдол өгдөг. В.Моцартын “Увидаст лимбэ” дуурийн Памина буюу Шөнийн хатан, Ж.Пуччини “Богема” дуурийн Мими, Ж.Вердийн “Травиата” дуурийн Виолетта, “Риголетто” дуурийн Жильда гэсэн сонгодог дүрүүддээ хайртай. Сэтгэлд тод үлдсэн гэвэл сүүлд бүтээсэн Тоскагийн дүр байна. Энэ дүрийг Улаан-Үдийн театрын тайзнаа бүтээлээ. Тоскагийн дүрийг би хоёр сар сургуулилсны эцэст бүтээсэн. Тоска бол дуучны чансаа шалгадаг гранд опера. Мөн миний хоолойд биш драматик сапронд зориулсан дүр. Дуурийн дуучид нас ахиад ирэхээрээ Тоскад дуулдаг. Ардын жүжигчин Б.Жавзандулам нэг удаа “Чамайг Тоскаг дуулахыг чинь сонсохсон. Чамд зохино доо” гэж хэлсэн. Мөн Х.Уртнасан гуай “Чи яагаад Чио Чио сан, Тоскаг дуулахгүй байна” гэдэг байсан. Тэдний хүсэл надад Тоскаг дуулах итгэл өгсөн.
 
 -“Травиатта” дуурийг Өмнөд Солонгосын найруулагч шинэчилж байна. Энэ дуурийн Виолетта бүсгүйн дүрээрээ та Москвагийн их театрын тайзан дээр гарсан. Москвагийн их театрын тайзан дээр дуулна гэдэг дуурийн дуучны хувьд бахархалтай дурсамж байх?
 
 
 -Би энэ дүрийг олон жил амилуулсан. Миний хайртай дүрүүдийн нэг. Манай театртай хамтран ажилладаг Өмнөд Солонгосын дуучид, найруулагч “Травиатта” дуурийг шинэ хэв маягаар дэглэж байна. Шинэчилсэн хувилбараа энэ сарын 23, 24- нд сонсогчдодоо хоёр составаар хүргэнэ. Энэхүү тоглолтод Виолеттын дүрд Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэтуяа дуулна. Их театрын тайз, сонсогчид Монголын уран бүтээлчдийг халуун дотно хүлээн авсан. Манай уран бүтээлчид хамгийн сайн амилуулдаг шедевр арийнуудаа дуулсан. Би “Травиатта” дуурийн Виолеттын арийг сонгож дуулсан юм.
 
-Дуурийн дуучдад эрэмбэ, зэрэглэлийн бичигдээгүй тогтолцоо гэж байдаг уу? 
 
 
-Байлгүй яах вэ. Бид дээд үе болсон Ардын жүжигчин Х.Урт насан, А.Долгор, Б.Жав зандулам нарыг хүндэлдэг. Х.Уртнасан гуайд зориулж есөн эмэгтэй дуучин хүндэтгэлийн тоглолт хийсэн. Монгол Улсын Гавьяат жүжигчин А.Бүтэд багшийн 70 насны ойд хүндэтгэл үзүүлнэ.
 
 -Энэ эрэмбэ дарааг та хэрхэн дамжив?
 
 
 -Намайг Дуурийн театрт дуучнаар ороход Ардын жүжигчин Б.Жавзандулам ажиллаж байсан. Б.Жавзандулам эгч бол миний өмнөх үеийн сапрон. Энэ хүний өмнө агуу их Х.Уртнасан байна. Дуурийн дуучдад дүр өвлүүлэх гэж сайхан уламжлал байдаг. Амьдралынхаа нэг хэсэг болсон дүрдээ дуучид хүндэтгэлтэй ханддаг. Өмнөх үеийнхнийхээ амьдруулсан дүрүүдийг чадварлаг бүтээж, урмыг нь хугалахгүй байхыг хичээж явна. Би дуулах ид насан дээрээ байна. Одоо л амжуулахгүй бол дараагийн үеийнхэн маань орж ирж байна шүү дээ.
 
 -Дүрээ уламжлуулдаг сайхан заншил дуурьт л байдаг. Мөн хүссэн дүрээ бүтээгээд байдаггүй хатуу дэг ч дуурьт байх юм аа? 
 
 
-“Энэ гоё юм байна би дуулна” гэсэн яриа дуурьт байдаггүй. Дуурийг бичихдээ л хоолойны өнгийг нь төлөвлөчихсөн байдаг. Нэг дүрийг сонгохын тулд бүхэл бүтэн театрын уран сайхны зөвлөл ажиллаж байна. Мөн оногдсон дүрээ бүтээж чадахгүй бол дуучны хувьд тэр дүр эргэж хэзээ ч олддоггүй. Ер нь дуурь бол дуучны тааллаар болдог зүйл биш.
 
 -Та Италийн алдартай Перужа хотод мэргэжил дээшлүүлсэн Монгол дуучдын нэг. Таны дуулах арга барил бусдаасаа ялгардаг нь үүнтэй холбоотой юу?
 
 
 -Дуурийн дэг сургуулиас Итали, Орос, Болгар сургалт дэлхийд алдар тай. Дуурь гэдэг цогц ойлгол- тын дотор сонсогчдын анзаардаггүй, мэддэггүй олон зүйл бий. Манай багш нар Орос, Болгарт суралцаж, дэг сургуулийг нь эзэмшсэн учраас Монголын дуурийн дуучид энэ хоёр дэгийг баримталдаг. Италийн дуурийн дэг сургуулийг Белканто сургалт гэдэг. Би Белканто дэг жаягаар дуулж сурах гэж Италийг зорьсон. Дуурийн эх оронд нэг жил суралцаж, урлагийн их далайгаас нь бага ч хүртсэн нь миний дуулах арга барилд яалт ч үгүй нөлөөлсөн. Мэргэжлийнхэн дуучны аль дэгээр дуулж буйг андахгүй ялгадаг. Оросын театруудад дуулж байхад “Та Белканто дэгийг Италид сурсан уу” гэж асуудаг. Манай дуучид байгалиасаа цээл сайхан хоолойтой учраас хаана ч гологддоггүй. Мэргэжлийн хэлээр өгөгдөл сайтай гэдэг юм. Энэ хоолойг Белканто дэгээр баяжуулбал хосгүй дуучид төрөх нь гарцаагүй. Орос дэг сонгодог урлагт дээгүүрт ордог ч Белкантог дэлхийн нэг номерын сургалт гэдэг. 
 
-Дуурийн дуучныг сонсогчоос илүү үнэлдэг зүйл гэж бий юү?
 
 
 -Байна. Дуучныг төрүүлсэн шигээ үдэж чаддаг хамгийн үнэн үнэлэмж бол дуурийн тайз. Дуурийн дуучныг үзэгч биш тайз л тэтгэвэрт нь гаргадаг. Нас ахиж, үрчлээ тогтоход тайз “Уучлаарай, одоо таны явах цаг болжээ. Орон зайгаа дараагийн үедээ шилжүүл” гэж дуучинд хэлдэг. Үүнийг өмнөх үе минь амсаад, туулаад ирсэн учраас надад сөрөх эрх байхгүй. Ер нь дуурийн дуучин үргэлж гоё байх хэрэгтэй. Энэ бол урлагийн хэмжүүр бас тайзны цензур гэж ойлгодог. Дуурийн эмэгтэй дуучдад үлгэр жишээ болсон хүн бол Ардын жүжигчин А.Долгор юм. Би түүнийг үсээ янзлаагүй, хувцсаа тохируулаагүй явахыг нь нэг ч удаа хараагүй.
 
 -Урлагийн эмэгтэйчүүд дүрээс дүрийн хооронд завгүй амьдрахдаа уран бүтээлээ нэгд тавьдаг. Ер нь дуучин гэдэг алдрыг гэр бүлийн амьдралаа золиосолж байж хүртдэг юм болов уу?
 
 -Уран бүтээлчийн ид дуулах нас богинохон. Тэр насандаа амжуулж бүтээх гэж гүйсээр нэг мэдэхэд тав, арван жил өнгөрсөн байдаг. Тэгж завгүй хөдөлмөрлөсөн ч бүтээж амжаагүй дуурийн дүр үлддэг. Урлаг хүнээс заавал золиос шаардана. “Амьдралаа надад зориулж чадаж байж надаас хүртэх зүйлээ авна шүү” гэсэн зарчим урлагт үйлчилдэг. Би гэр бүл, уран бүтээлээ хослуулж, том золиос гаргалгүй амьдрахыг зорьж байна. Намайг уран бүтээлдээ анхаарлаа хандуулж, хүүгээ асрах ажлаас эцэг эх минь түр ч гэсэн чөлөөлдөг. Завгүй сургуулилт, тоглолтын үеэр хүүг минь харж ханддаг гэр бүлийнхэндээ баярлаж явдаг. “Манай гэр бүлээс төрсөн ганц алдартан, урлагийн хүн нь чи шүү” гэж ээж аав нь миний арын ажлыг бүрэн даадаг юм.
 
 -Таныг уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаа тухай сонссон. Энэхүү тоглолтынхоо талаар ярина уу?
 
 
 -Буриадын Ардын жүжигчин, их сур гуулийн ангийн найз Н.Мөнхзултай хамтарсан “Бахархал хүндэтгэл” тоглолтоо энэ сарын 29-нд хийхээр бэлтгэл ажилдаа орсон. Манай Н.Мөнхзулыг Орост мэргэжлийн төвшинд өндрөөр үнэлдэг, бахархахгүй бай хын аргагүй дуучин. Уран бүтээлийн тайлан тоглолтоо жилд нэг удаа хийе гэж боддог. Харин сонгодог урлагийн үзэгч бэлтгэх зорилгоор танил цуулах тоглолт улиралд, амжвал сар бүр зохион байгуулна. 
 
 
Эх сурвалж: