sonin.mn
“Шударга ёс” гэж жигтэйхэн сайхан нэртэй бүлэг УИХ-д бий. МАХН-МҮАН-ын эвсэл УИХ-д бүлэгтэй болж өөрсдийгөө “Шударга ёс” хэмээн өргөмжлөн нэрлэхэд нь УИХ-д дутагдсаар ирсэн шударга ёсыг эд нар л тогтоож магадгүй хэмээн олон нийт ихэд итгэл хүлээлгэсэн билээ. Тэгтэл өнөөх “Шударга ёс”-чууд маань анхнаасаа л шударга байж чадаагүй. УИХ-д бүлэг болсны хувьд засагт багтах гэж ил далд баахан бужигнуулсны хүчинд Шинэчлэлийн Засгийн газарт Шадар сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд, Эрчим хүчний сайдын суудалд заларцгаасан удаатай. Дөрвийн дөрвөн сайдын суудал салгаж дөнгөсөн ч “Шударга ёс”-чууд шударга, зарчимч ажиллаж үнэхээр чадаагүй, бараагүй. 
 
Шадар сайдаар шагнуулсан Д.Тэрбишдагва сайд л гэхэд өөрийн мэдлийн ОБЕГ, МХЕГ, Худалдан авах ажиллагааны газрын даргаар төлөөний хүмүүсээ тавьж, нөгөөдүүл нь учир зүггүй халаа солио хийж, зарим нэг тендер бужигнуулчихаад эхнээсээ АТГ-ын үүд сахиж суугаа. Монгол Улсын сангийн авдрын түлхүүрийг халаасалж явсан Ч.Улаан сайдын хувьд “Чингис”, “Самурай” бондыг гадны зах зээл дээрээс босгоод авч ирсэн ч тэдгээрт ёстой л “хоноцийн сэтгэл”-ээр хандсаны балгийг өнөөдөр Монгол Улс үүрч явна. Чухам түүнийг Сангийн сайдаар ажилласан хугацаанд Монгол Улсын гадаад өр хоёр тэрбум ам. доллараар огцом нэмэгдсэн нь маргашгүй үнэн билээ. 
 
За Н.Удвал сайдын хариуцсан Эрүүл мэндийн салбар бол аль эрт элгээрээ хэвтчихсэн байсныг дээрээс нь нэрмэсэн үү гэхээс хүний урманд өндийлгөх гэж хүчлээгүй. Улирч одсон Шинэчлэлийн сайд нар нь нэг иймэрхүү. 
 
Тэгвэл өнөөдөр хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хамгийн их гацаадаг, юм л бол “энэ асуудлаар манай бүлэг тав хоногийн завсарлага авч байна” хэмээгч нь өөр хэн ч биш өнөөх л “Шударга ёс”-чууд болчихоод байгаа юм. Ямар сайндаа УИХ-ын дарга З.Энхболд “Шударга ёсчууд хэлэлцэх асуудалтай урьдчилж танилцаад завсарлага авахаар бол эртхэн мэдэгдчихэж байвал амар байна шүү” хэмээн толгой сэгсрээд сууж байх вэ дээ. Тэдний хувьд ямар ч асуудлаар байсхийгээд л тав хоногийн завсарлага авдаг нь хэвийн үзэгдэл болж, улс орны өмнө тулгамдаад байгаа Тавантолгой зэрэг томоохон төслийг ч гацаахад тодорхой үүрэг гүйцэтгэж эхлээд байгаа. Хэд хоногийн өмнө Тавантолгойн асуудлаар сүр бадруулан ээлжит тав хоногийн завсарлага авсан “Шударга ёс”-чууд өнгөрсөн даваа гарагийн хуралдаанаараа Тавантолгойн асуудлыг “туйлын нухацтай” хэлэлцсэн бололтой.
 
Тэгээд тав хоног сунжруулсны эцэст “Тавантолгойн ордыг 100 хувь ард түмний мэдэлд үлдээгээд, эдийн засгийн эргэлтэд яаралтай оруулах ёстой” гэсэн маш “ноцтой” шийдвэрийг санал нэгтэй гаргасныг бүлгийн дарга Н.Батцэрэг “айхтар ноцтой” мэдэгддэг юм байна. Ер нь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Манай бүлэг энэ асуудлыг туйлын нухацтай хэлэлцсэний эцэст асуудлыг шийдээд явах нь зөв гэсэн зарчмын байр суурин дээр санал нэгдлээ” хэмээн “ноцтой” мэдээлэл хийдэг “хобби”-той нэгэн билээ. Н.Батцэрэг дарга айхтар мэдээлэл хийхдээ өөрсдөөс нь шалтгаалан Тавантолгойн гэрээг нягтлах ажил тав хоног хойшлогдсоныг ч мартчихаад “Шийдвэр гарахгүй, ажлын хэсэг хэрхэн ажиллаж байгаа нь мэдэгдэхгүй байх нь тийм ч сайн зүйл биш.
 
Гадны хөрөнгө оруулагчид цөөрч, эдийн засаг хүндрэлтэй байгаа цаг үед тал талын ашиг сонирхлоор Тавантолгойн ордын хувь заяаг харж байгаа бол энэ нь яав ч Монголын эрх ашиг биш. Нээлттээ хэлэлцүүлэг хийж УИХ Тавантолгойн ордын төслийг шийднэ гээд авсан л бол ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож, маш хурдан хэлэлцэх хэрэгтэй” гэсэн байгаа юм. Мөн ч сүрхий ажил хэрэгч дарга байгаа биз. Товчхондоо УИХ-д “Шударга ёс” гэгч шударга царайлж, гэмгүй дүр эсгэчихээд ар хударгаар амжуулж явдаг шударга бус бүлэг ажиллаж байна. Тэд хэлэлцэхээр тохирсон асуудлыг наад зах нь тав хоног гацааж, ар хударгаар өрөө өрөө хэсээд “туйлын ажил хэрэгч”-ээр тулга тойрсон хор найруулцгааж явна. Тэд ингэхэд “Шударга ёс”-оор ажиллаад байна уу, шударга нэрийн ард шударга бус бүхнийг найруулаад явна уу.
 
Эх сурвалж: