sonin.mn
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа. Тэрээр Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн бөгөөд энэ төслийн талаар болон улс төрд өрнөж буй бусад асуудлаар ийм байр суурьтай байна.
 
-Танай байнгын хо­рооноос өнгөрсөн долоо хоногт сонгуулийн санхүү­жилт, шинэчлэлийн асууд­лаар хэлэлцүүлэг хийсэн. Үүний үр дүн, шийдэл нь юу болов?
 
-Сонгуулийн тухай хуульд тусгах нэг чухал зүйл болох санхүүжилт. Нэг талаас улс төрийн нам сонгуульд оролцохын тулд санхүүжилтээ яаж бүрдүүлэх вэ, нөгөө талаас тухайн нэр дэвшигч­дийн хувьд ч гэсэн санхүүжилтээ хэрхэн босгохыг хуульд тодорхой тусгахгүй бол хууль бус зүйл болж магадгүй  том харилцааны асуудал байгаа юм. Санхүүжилтийн талаар явуулсан хэлэлцүүлэгт одоогийн нөхцөл байдлын талаар олон талаас нь дүгнэн ярилцсан.
 
Эндээс гарсан саналуудыг хуулийн төсөлд тусгах талаар ажлын хэсэг ажиллаж байна. Сонгуулийг аль болох хамгийн бага зардлаар явуулах ямар боломж байгааг ажлын хэсэг судалж байна. Улс төрийн нам бөгөөд тухайн нэр дэвшигчид сонгуульд аль болох бага зардлаар оролцохыг чухалчлах хэрэгтэй. Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулиар зөвхөн Ардчилсан нам 15-16 тэрбум төгрөг зарцуулсан байх жишээтэй.
 
-Хэлэлцүүлгийн үеэр 2012 оны сонгуулиар бүх нам, эвсэл нийт 37 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн судалгааг танилцуулж байсан. Цаашид сонгуулийн мөнгийг хэрхэн багасгах тухайд ямар санал байна вэ?
 
-Нийт тийм тоо гарсан. Гэхдээ энэ бол бүрэн бус тоо. Учир нь сонгуулийн санхүүжилтийг ил тод бүрэн мэдүүлэхгүй байгаа учраас цаана нь далд хэлбэрийн санхүүжилт байгаа. Иймд аль болох бага зардлаар сонгуульд оролцохын тулд  нэр дэвшигчдийг танилцуулсан нэг л танилцуулах хуудас байна. Түүнийг нэгдсэн журмаар сонгогчдод тараах санал гарсныг боломжийн гэж үзэж байгаа. Нэр дэвшигчдийн танилцуулгыг тодорхой стандарт тогтоож, нэг загвараар хийж, аймгийн хэмжээнд нэгдсэн журмаар хэвлэж тараавал үрэлгэн зардал гарахгүй. Нөгөө талаар нэр дэвшигчдэд тэгш боломж олгох давуу талтай юм. Нэр дэвшигчдийн бэл бэнчингээс хамаараад ялгаатай байдал үүсдэг. Нэг хэсэг нь хувийн бизнестэй баячууд байдаг бол нөгөө хэсэг нь төрийн албаар явж байгаад нэр дэвшиж буй хүн ч байдаг. Ийм байдлаас болж ил, далд хэлбэрээр мөнгө цацаж соногчдын саналыг худалдаж авах нь бодитой зүйл ч яг баригддаггүй. Энэ бүхнийг хязгаарлах боломжтой санал гэж үздэг. Мөн сонгуулийн үеэр ухуулагчид ажилладаг. Тэдэнд тодорхой хэмжээний мөнгө өгч ажиллуулдаг. Хуульд албан ёсны ухуулагч байдаг ч түүнээс гадна бизнес болчихсон далд хэлбэрийн ухуулагчид бий. Нэр дэвшигчийг мөнгө өгвөл ухуулганд нь явна, үгүй бол явахгүй гэж аль илүү мөнгө өгснийх нь төлөө сурталчилгаа хийнэ гэсэн буруу үзэгдэл байдаг. Үүнийг хэрхэх тухай бас ярилцсан.
 
-Сонгуулийн зардлын тодорхой хувийг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж ярьдаг шүү дээ. Энэ талаар хуулийн төсөлд яаж тусгасан бэ?
 
-Төрөөс тодорхой хэмжээний зардлыг юунд санхүүжүүлж болох вэ гэдгийг ярилцсан. Ажлын хэсгээс нэр дэвшигчдийн сурталчилгааны зардлын тодорхой хувийг төрөөс санхүүжүүлвэл яасан юм бэ гэсэн ерөнхий санаа гарсныг ажлын хэсгийн олонх гишүүн дэмжсэн. Үүний зэрэгцээ сонгуулийн өмнө болон дараа нь намын санхүүжилтийн зардлыг ил тод болгох нь хамгийн чухал зүйл болоод байгаа. Тэгэхгүй бол сонгуулийн өмнө ил, далд хэлбэрээр мөнгө авчихаад, түүнийгээ юунд зарцуулснаа ил тайлагнадаггүйгээс дараа нь төрийн албанд авлига болох үндэс бий болдог. Тиймээс Шилэн дансны тухай хуулийн зарчмаар сонгуулийн санхүүжилтэд хяналт тавих тухай заалт бий.
 
-Нэр дэвшигчид хувийн мөнгө, машин, хүн хүч дайчилсан бол түүнийгээ аудитын газарт ил тайлагнадаг болно гэсэн. Одоо ийм зохицуулалт байхгүй биз дээ?
 
-Сонгуулийн үеэр нэр дэвшигч үндсэндээ хоёр хэлбэрийн хөрөнгө гаргаж байна. Нэг нь бэлэн мөнгө, нөгөө нь хувийн унаа машин, байр сав гээд. Аль альныг нь тодорхой, ил болгоё гэж хуулийн төсөлд тусгаж байгаа.
 
-Сонгуулийн дараа улс төрийн намд авсан санал, суудлын тоогоор улсын төсвөөс мөнгө өгдөг ч татвар төлөгчдийн мөнгийг юунд зарцуулдаг нь нууц  байдаг. Үүнийг олон нийт яаж мэддэг болох вэ?
 
-Одоо мөрдөж байгаа хуулиар бол сонгуульд оролцоод санал авсан улс төрийн намд авсан нэг суудалд 10 сая төгрөг тооцон бодож санхүүжилт олгодог. Өнгөрсөн сонгуулиар Ардчилсан нам 35 суудал авсан учир 350 сая төгрөг авсан байх жишээтэй. Нөгөөх нь тухайн намын сонгуулиар авсан саналын тоогоор санхүүжилт олгодог. Нэг саналыг 1000 төгрөгөөр бодож санхүүжилт өгч байгаа. Аль, аль нь УИХ-д суудал бүхий намд улсын төсвөөс өгч буй санхүүжилт ч гэлээ үүнийг юунд зарцуулж буй нь ил яригддаггүй. Уг нь тухайн нам өдөр тутмынхаа ажилд зарцуулдаг. Хэдий ийм ч төрөөс өгч буй санхүүжилтийн зориулалт, зарцуулалт нь маш тодорхой, ил тод байх ёстой. Үүнд өнөөдрийг хүртэл хайнга хандаж байсан. Гишүүддээ ч ил биш байдаг.
 
-Сонгуулийн хуулийн төсөл хэзээ бэлэн болох вэ?
 
-Ер нь Сонгуулийн хуулийн нэг хувилбар ажлын хэсэг дээр бэлэн болсон байгаа. Одоо сонгуулийн тогтолцоон дээр УИХ дахь нам, эвслийн бүлгийн хороонд зөвшилцөх, ярилцах зүйл үлдсэн. Ойрын үед тохирох болов уу гэж бодож байна.
 
-Тогтолцооны хувьд “Шударга ёс” эвсэл улс бүхэлдээ нэг тойрог байх санал гаргасан гэсэн. МАН-ынхан жижиг мажоритар хувилбарыг санал болгож, харин АН одоогийн холимог хувилбарыг дэмжиж буй гэх. Эндээс ямар нэгэн дундын хувилбар гаргаж ирсэн үү?
 
-Янз бүрийн хувилбар ярьж буй. Ямар ч тохиолдолд холимог тогтолцоог улам боловсронгуй болгож хөгжүүлж явах нь зүйтэй  гэж олон гишүүн ярьж байгаа. Намуудын байр суурь харилцан адилгүй ч гэсэн холимог тогтолцоо руу явах болов уу. Одоогийн 48:28 гэсэн харьцааны нэр дэвшигчдийг сонгодог 48 нь хэвээр байх нь зүйтэй гэж миний хувьд үзэж байгаа. Харин намын жагсаалтаар сонгодог 28-ыг илүү боловсронгуй болгох нь зүйтэй гэж хувь улстөрчийн байр сууриас харж байна.
 
-28-ыг яаж боловсронгуй болгох юм бэ?
 
-Улсыг таван бүс болгоод, баруун, зүүн бүс, төвийн бүсийг урд, хойд гэж хуваагаад, Улаанбаатарыг тусад нь бүс болгоно. Ингээд 28-ыгаа тусдаа квот болгон хуваая гэсэн санал байгаа юм.  Аймгуудыг хуваасан дөрвөн бүсэд тус бүр тав, таван квот, Улаанбаатарт наймыг хуваарилаад нийт  28 болж байна. Ингээд нам болгон тухайн квотын тоотой тэнцүү хэмжээний нэр дэвшигчийг дэвшүүлнэ. Тэгээд сонгогч намд бус хүнд нь санал өгнө. Хүнд өгсөн саналыг эргээд тухайн намд өгсөн санал гэж тооцож намд нь хуваарилах маягаар хийвэл илүү зохимжтой гэж бодож байгаа. Тухайн нам хоёр суудал авах хэмжээний санал авсан бол хэн гэдэг хоёр хүнийг сонгох эсэхээ нам нь шийднэ гэсэн үг. Ингэхээр нэг талаас илүү том тойрог болж байгаа, нөгөө талаас сонгогч хүнд санал өгнө, гэхдээ түүнийг намд нь тооцно гэсэн үг.
 
-Одоогийнх шиг жагсаасан нэрсийн нэг, хоёрдугаарт бичигдсэн нь сонгогдоно гэж ойлгож болохгүй нь, тийм үү?
 
-Тийм.
 
-Танай байнгын хороогоор Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх ёстой. Энэ төсөл юу болж байгаа бол?
 
-Үндсэн хуулийн ажлын хэсэг долоо хоног бүрийн амралтын өдөр хуралдаж байгаа. Ажлын хэсэгт 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан туршлагатай парламентчид орсон учраас тэд нэлээд сайн ажиллаж байгаа. Ажлын хэсгийн ахлагчаас авсан мэдээллээр ойрын хугацаанд саналуудаа багцалж дуусаад байнгын хороонд танилцуулна гэсэн. Миний бодож бай­гаагаар том хэмжээний өөрчлөлт оруулахгүй, зайлшгүй засах ёстой зүйлээ өөрчлөх болов уу.
 
-Үндсэн хууль, Сонгуулийн хууль хоёр хамгийн том нь гэж ярьдаг ч энэ чуулганы хугацаанд хэлэлцэхгүй байх. Нэг сарын дараа хаврын чуулган завсарлана шүү дээ?
 
-Хэрэв Үндсэн хуулийг хэлэлцье гэвэл бусад хуулийн төслийн хэлэлцүүлгийг зогсоож байгаад хэлэлцэх дэг бий. Амжих эсэх нь хэдийд өргөн мэдүүлэхээс шалтгаалах болов уу.
 
-Ардын намынхан Сонгуулийн хуулиар ард түмний санал асуулга явуулъя гэсэн тогтоолын төсөл санаачилсан нь хэр оновчтой юм бол?
 
-Ард нийтийн санал асуулгыг  зохион байгуулна гэдэг сонгуулийн дайтай ажил. Үүнд хамгийн багадаа найман тэрбум төгрөг зарцуулна гэж Сонгуулийн ерөнхий хороо тооцсон байна билээ. Нэгэнт Засгийн газрыг хамтарч барьж байгаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан хоёр нам нэг, нэгэндээ итгэхгүй маягаар ард нийтэд зардал чирэгдэл болгож санал асуулга явуулах нь зохимжгүй юм. Түүнээс ч илүү том асуудлыг ярьж тохироод шийдэж ирсэн ажлын туршлага бий.
 
-Та хамтын ажиллагааны туршлага гэлээ. Гэтэл өнөөдөр улс төрд тохирохгүй зүйл олон гарч ирлээ. Тавантолгойгоос эхлээд Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдыг огцруулах санал боловсруулж байна шүү дээ?
 
-Улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байгааг хүн бүр мэдэж байна. Ийм нөхцлөөс хамаарч иргэдийн амьжиргааг бууруулахгүйн тулд ажиллах хэрэгтэй. Түүнээс өөр хоорондоо хэрэлдээд байвал асуудал шийдэгдэхгүй. Улсын эрх ашиг, хөрөнгө оруулагчдын эрх ашгийн аль алинд нийцсэн хувилбараар асуудлыг шийдэх хэрэгтэй. Ерөнхий сайдын Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдэх ажил цагаа олсон зүйл. Ямар нэгэн асуудлаар улс төр хийе гэвэл хэн ч хийж болно. Гэхдээ цаг нь биш. Ерөнхий сайдыг оцгруулах санал ч гэсэн цагаа олоогүй л юм. Гадаадын хөрөнгө оруулагчид биднийг хэл амаа ололцохгүй нь гэж ажиглаж байгаа шүү дээ. Тэгэхээр учраа ололцоод ажлаа явуулах нь зүйтэй.
 
 
М.ГАН
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин